Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2016/0907/З |
Дугаар | 221/МА2017/0172 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2017/0172
2017 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 221/МА2017/0172 | Улаанбаатар хот |
М-ийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч Б.Е-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, К.Ж, хариуцагч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1028 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Ганзоригт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1028 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7, 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасныг үндэслэн Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Г-т холбогдуулан гаргасан ... Гаалийн улсын байцаагчийн гаргасан 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0003605 дугаар Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е-с гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Бүгд найрамдах Турк улсын иргэн М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Г-т холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1028 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж би эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаалийн улсын байцаагч Г.Г-т холбогдуулан гаргасан Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0003605 дугаар Бараа, тээврийн хэрэгслийг хураан авах хуудас-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэх гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М А нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 28.620 еврог гаалийн мэдүүлэгт мэдүүлэлгүйгээр Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн зөрчлийг Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Г шалган, зөрчилд холбогдуулан торгох захиргааны шийтгэл ногдуулан, тухайн зөрчилд холбогдох барааг хураан, улсын төсөвт төвлөрүүлсэн нь хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд албан үүргээ хэрэгжүүлсэн байна гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-т барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих ..., аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол ... торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах гэж заасныг хэрэгсэх ёсгүй байсан гэж үзэж байна.
Дараах үндэслэлээр Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх заалтыг уг маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх ёсгүй болно. Үүнд:
1.Хэрэгт авагдсан 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 00000 дугаар бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас болон 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 00000 дугаар зөрчлийн тухай тэмдэглэлд тус тус валютыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэж зөрчлийн үйлдлийг тэмдэглэж, уг үйлдэлд холбогдуулан бараа хураах захиргааны шийтгэл ногдуулсан байдаг. Гэтэл Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-т хууль бусаар нэвтрүүлсэн бол ... торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах гэж заасан бөгөөд завдсан үйлдэлд захиргааны шийтгэл ногдуулах, бараа хураах эрх гаалийн улсын байцаагчид хуулиар олгогдоогүй байхад мөн хуулийн 290.2.1 дэх заалтыг хэрэглэх ёсгүй.
2.Нэхэмжлэгч М А нь 28.620 еврог гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй боловч гаалийн хилээр нэвтрүүлээгүй бөгөөд зөвхөн болгоомжгүйгээр нэвтрүүлэхийг завдсан боловч анхан шатны шүүх Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1.2 дахь заалтыг завдсан үйлдэлд хэрэглэж, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0003605 дугаар бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн үйлдэл нь завдсан үйлдэл боловч нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е-с гаалийн улсын байцаагч Г.Г-ийн 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас №0003605 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .... Hasene-ийн хүмүүнлэгийн байгууллагын мөнгийг тарааж өгөхөөр авч явсан, Герман улсын хил гаалиар авч гарсан зөвшөөрөл байгаа тул Монгол улсын гаалийн деклараци бичих журмыг мэдээгүй, гаалийн улсын байцаагчтай хэл ойлголцоогүй, хариуцагч гаалийн улсын байцаагч Захиргааны ерөнхий хуульд заагдсан сонсох ажиллагаа хийгээгүй хэмээн тайлбарлан маргажээ.
Хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Г- Истанбулаас Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Турк улсын иргэн М А 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрэхдээ 28620 /хорин найман мянга зургаан зуун хорин/ еврог гаалийн мэдүүлэгт бичээгүй зөрчил гаргасан гэж үзэж 0003975 дугаартай шийтгэврийн хуудсаар 20000 төгрөгийн торгууль ногдуулж, 0003605 дугаартай Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.3, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-т заасныг үндэслэн 28620 еврог хураан авчээ.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг; 3.1.7-д гаалийн мэдүүлэг гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг; 3.1.8-д мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг; 3.1.9-д гаалийн хилээр нэвтрүүлэх гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг тус тус ойлгохоор, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ, 55.2-т Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараахь хэлбэрээр мэдүүлж болно, 55.2.4-т зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр, 55.6-д Гаалийн мэдүүлгийн маягт олон улсын стандарт бүхий загварт нийцсэн байна гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч М А нь биедээ авч яваа валютыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаальд мэдүүлэх үүрэгтэй, гаалийн хилээр нэвтрүүлэх барааг хэрхэн мэдүүлэх хэлбэрийг олон улсын стандартын дагуу гадаад дотоодын зорчигч хэн алинд ойлгомжтой байдлаар илэрхийлсэн улаан ногоон гарцыг сонгох боломж байсан байхад ...хил гаалиар нэвтрэх үед орчуулагчгүй байснаас гаалийн байцаагчтай хэл нэвтрэлцээгүй, гаалийн мэдүүлэг бичих журмыг мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд энэ нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч М А Герман улсын хилээр нэвтрэхдээ авч явсан валютаа гаальд мэдүүлсэн баримт хэрэгт авагдсан зэргээс үзэхэд гаальд мэдүүлэх эсэхийг мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ, 4.3-т Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ, 4.4-т Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гадаад паспорт дээрээ штамб даруулан гаалийн хяналтын бүсэд нэвтэрснийг гаалийн хил нэвтрээгүй, болгоомжгүйгээр гаалийн хил нэвтрүүлэхийг завдсан, завдсан үйлдэлд захиргааны шийтгэл ногдуулах, бараа хураах эрх гаалийн улсын байцаагчид хуулиар олгогдоогүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан барааг хууль бусаар нэвтрүүлэх аргын аль нэгийнх нь шинж хангагдсан тохиолдолд заавал бусад аргыг давхар хэрэглэсэн байхыг шаардахгүйгээр зөрчлийн бүрэлдэхүүн хангагдсан гэж үзэх тул Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7-д гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ, 290 дүгээр зүйлийн 290.2-т Гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна, 290.2.1-т барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ гэж заасны дагуу гаалийн улсын байцаагч Г.Ганзоригоос нэхэмжлэгч М-ийн 28620 еврог гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй зөрчлийг шалган тогтоож, зөрчилд холбогдуулан торгох захиргааны шийтгэл ногдуулж, холбогдох барааг хураан, улсын төсөвт төвлөрүүлсэн нь хуульд нийцсэн байна.
Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан сонсох ажиллагаа явуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг, шийтгэврийн болон бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсыг Махмут Ахи зөвшөөрч гарын үсэг зурсан зэргээр тогтоогдож байх тул маргаан бүхий актыг хуульд заасан журмыг зөрчиж гаргасан гэж үзэх боломжгүй.
Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... нэхэмжлэгч М А нь 28620 еврог гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй боловч гаалийн хилээр нэвтрүүлээгүй, зөвхөн болгоомжгүйгээр нэвтрүүлэхийг завдсан ... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ