Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01123

 

 

 

 

 

 

 

 

 

К- ХХК дахь Банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/01163 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К- ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Б- ХХК, Н.Ш-, Б.Я-, Ш.Д-, Ш.Д- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 228 084 306.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б- ХХК, хамтран зээлдэгч Б.Я- нар нь К-тай 600 000 000 төгрөгийг, сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, барилгын материалын үйлдвэр төсөл зориулалтаар 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдэхээр 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 625 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Банк зээлийн гэрээний 3.9-д заасан зээлдэгчийн К-ны 2000023087 тоот харилцах дансанд 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 401 500 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 30 000 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 168 500 000 төгрөгийг тус тус шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч Б- ХХК, иргэн Б.Я- Ш.Д-, Ш.Д- нар нь К-тай 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдер 625 дугаар барьцааны гэрээг байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар дараах зүйлсийг барьцаалуулсан. Улсын бүртгэлийн Ү-2204042753 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, Денверийн гудамж 102 дугаар байрны 602 тоот хаягт байршилтай 185.35 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц /Б.Я-гийн дангаар өмчлөлийн/, улсын бүртгэлийн Ү-2205020347 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 70 дугаар байрны 37 тоот тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц. /Н.Ш-, Ш.Д-, Ш.Д-, Б.Я- нарын хамтран өмчлөлийн/ орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан. Барьцааны гэрээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 384 959 308.28 төгрөг, зээлийн хүүд 210 662 643.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 245 562.11 төгрөг, нийт 595 867 513.76 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний 8.3-т дараах нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр хураамж, хохирлыг шаардана. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /Хавсралт 1/-ийн дагуу төлөөгүй бол, зээлдэгч гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн зөрчлийг гаргасан. Зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үндсэн хүүд 1 766 187.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 233 812.04 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш нэг ч төлөлт хийгдээгүй байгаа. 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн нийт зөрчил 93 374 732.06 төгрөг байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 215 040 691.72 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 12 839 649.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 183 465.03 төгрөг нийт үлдэгдэл 228 063 806.17 төгрөг болсон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 20 500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлдэгч Б- ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 625 дугаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Б- ХХК-иас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 228 084 306.17 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б- ХХК нь 600 000 000 төгрөгийг К-наас зээлсэн байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл үндсэн зээл 384 000 000 төгрөг, үндсэн хүү 210 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 245 000 төгрөгийг тус тус төлсөн. Хамгийн сүүлд 2020 оны 10 сард хүүгийн төлөлт хийсэн. Уг төлөлтийг хийснээс хойш 2 сарын дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарт гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй. Зээлийн төлөлт хийснээс хойш 2 сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч нар өмнө нь 500 000 000 гаруй төгрөгийн төлбөрийг төлсөн. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 215 000 000 төгрөг, үндсэн хүү 12 000 000 төгрөг, сарын нэмэгдүүлсэн хүү 183 000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж ойлгож байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөлүүдийг заасан. Мөн зүйлийн 225.4.1 -т үүргийг ялимгүй зөрчсөн байхад нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б- ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 228 063 806 төгрөг 17 мөнгө гаргуулан нэхэмжлэгч К- ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс 20 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран хариуцагч Н.Ш-, Ш.Д-, Ш.Д-, Б.Я- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205020347 дугаар бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол, төмөр замын 70 байрны 37 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбай бүхий, үл хөдлөх хөрөнгө, хамтран хариуцагч Б.Я-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204042753 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, Голден вилл хотхон /13380/ Денверийн гудамж, 102 байр, 602 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 185.35 м.кв талбай бүхий, 5 өрөө /98 хувийн гүйцэтгэлтэй/ үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 1 368 469 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 2020 оны 10 дугаар сард хамгийн сүүлд зээлийн төлөлт хийгдсэн бөгөөд үүнээс хойш 2 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үүргийг ялимгүй зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоож өгөх боломжтой байсан боловч хугацаа тогтоож өгөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байгаа. Иргэний хуулийн 225 дугаар зүйл нь үндсэндээ бүхий л төрлийн хоёр талын гэрээнүүдэд үйлчилнэ. Нэгэнт байгуулсан зээлийн гэрээ удаан хугацааны гэрээний харилцаанд татгалзах эрхийн оронд цуцлах асуудал яригддаг. Учир нь гэрээний үүргийн нэг хэсэг нь ихэнхдээ зохих ёсоор хийгдсэн байдаг тул талууд гэрээний биелэлтийг бүхэлд нь буцаах сонирхолгүй байдаг. Харин гэрээний үүргээ буюу зээлээ төлөөгүй ялимгүй зөрчсөн бол иргэний хуулийн 225 дугаар зүйлийг бүрэн хэрэглэх боломжтой байтал шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй. Мөн үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнэзс татгалзах үндэслэл болох ёстой. Өөрөөр хэлбэл гэрээний талууд харилцан хамаарал бүхий үүрэг хүлээсэн байхыг шаарддаг. К- ХХК-иас Б- ХХК нь 600 000 000 төгрөгийн зээл авч 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл үндсэн зээлд 384 000 000 төгрөг, үндсэн хүүд 210 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 245 000 төгрөгийг, нийт 594 245 000 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сард зээлийн төлөлт хийсний дараа шүүхэд нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт ... Талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гзрээнээс татгалзах эрхтэй... гэж хууль тогтоогч тогтоосон. Үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т ... үүргийг ялимгүй зөрчсөн ... байхад үүрэг гүйцэтгүүлэгчээс нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Үүрэг гүйцэтгүүлэгч нь төлбөр төлөгч нарын саналыг харгалзаагүй, нэмэлт хугацаа тогтоосон баримт хэрзгт авагдаагүй. Мөн гэрээнд Гэрээний үүргийн биелэлтийн явцад маргаан гарвал талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрхэмлэнэ гэж заасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь заалтад заасан маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ ... гэсэн хуулийн заалтын дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хугацаа тогтоож болох байсан. Шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч К- ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б- ХХК, Н.Ш-, Б.Я-, Ш.Д-, Ш.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 228 084 306.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчсөн гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч үүргийг ялимгүй зөрчсөн гэсэн үндэслэл заан татгалзсан байна.

 

К- ХХК нь Б- ХХК, Б.Я- нартай 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 600 000 000 төгрөгийг, барилгын материалын үйлдвэр төсөл зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд зээлдүүлэгч нь гэрээний үүргийг биелүүлж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 600 000 000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 14-16, 33-р тал/

 

Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж хариуцагч Н.Ш-, Ш.Д-, Ш.Д-, Б.Я- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205020347 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, Төмөр замын 70-р байрны 37 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Б.Я-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042753 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Голден вилл хотхон /13380/, Денверийн гудамж, 102-р байр, 602 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 185.35 м.кв талбай бүхий, 5 өрөө /98 хувийн гүйцэтгэлтэй/ үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан байна. /хх-ийн 19-24-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.3, 3.2-т хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул зээлдэгч нар нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй..

нар гэрээний дагуу сөн, мөн ямар тохиолдолд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгохыг зээлийн гэрээний 8.3.1-8.3.3-д харилцан тохиролцсон байх тул К- дахь Банкны эрх хүлээн авагч 225 225.1 , үүргийг .

Тодруулбал, зээлийн гэрээний 8.3.3-т Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/ банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардана гэж заасан байна. Хариуцагч Б- ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 595 867 513.76 төгрөг төлсөн, 2020 оны 3 сараас эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээл, хүүгийн тооцоолол зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 27-32, 79-р тал/

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн 2020 оны 10 сараас л зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн гэж тайлбарлаж байх боловч зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваариар зээлдэгч нь жишээлбэл: 2019 оны 9 сард 6 777 777.78 төгрөг төлөхөөс 1 642 000 төгрөг, 2020 оны 3 сард 7 411 333.33 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөг, 2020 оны 10 сард нийт 7 180 000 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөг тус тус төлжээ. /хх-ийн 17-18, 27-32-р тал/. Иймд хариуцагчийг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөгүй гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн, хариуцагч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо үүргийг ялимгүй зөрчсөн байхад нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй гэх боловч үүргийг ялимгүй зөрчсөн, эсхүл үлэмж хэмжээгээр зөрчсөн эсэхийг шалгахдаа талуудын тохиролцоо, тэдгээрийн ашиг сонирхол, үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн хэр хэмжээг харгалзан үзэх учиртай. Нэхэмжлэгч К- ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөнөөс 10 сарын дараа буюу 2021 оны 01 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ хугацаанд зээлдэгч нар нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн банкны санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгох нөхцөлийг гэрээгээр нарийвчлан тохиролцсон байх тул дээрх гомдол, татгалзлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй.

 

Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 228 063 806.17 төгрөгийг хариуцагч Б- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч К- ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Б.Я-д хариуцуулаагүй, мөн нотариатын зардал гэх 20 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байна. Мөн анхан шатны шүүх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон нотариатын зардлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байх боловч энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөх ноцтой алдаа биш байх тул энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/01163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 368 469.03 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ