Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/01

 

     2024          01           05                                         2024/ДШМ/01      

 

 

М.Х, Б.С- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолтой, 

 

шүүгдэгч  М.Х-, цагаатгагдсан этгээд Б.С нарт  холбогдох эрүүгийн 2313000950161 дугаартай, 4 хавтастай хэргийг шүүгдэгч М.Х-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Парида,  шүүгдэгч М.Х-, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ****боловсролтой, **** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл *** хүнтэй, **** хамт ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт М.Х. /РД:**********/,  

 

 2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ***настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл *** хүнтэй, *** хамт **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б.С. /РД: **********/

 

3. Шүүгдэгч М.Х- нь Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ өөрийн нэр дээр 2018, 2019 онуудад 445 хонь илүү бичиж 664.300 төгрөг, эхнэр Ү.М-ийн нэр дээр 2018, 2019 онуудад 413 толгой хонийг зохиомлоор илүү бичиж 673,200 төгрөг, хүү Н.Хы нэр дээр 2018, 2019 онуудад 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг, төрсөн ахынхаа хүү А.Ты нэр дээр 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож нийт 1928 толгой хонийг зохиомлоор худал нэмж бичиж Мал хамгаалах сангийн дансанд нийт 3.002.500 төгрөгийн хохирол учруулсан,

Цагаатгагдсан этгээд Б.С нь Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ 2020 онд Ү.М-ийн нэр дээр 256 толгой хонийг зохиомлоор бичиж 499,500 төгрөг, Н.Хы нэр дээр 335 толгой хонийг зохиомлоор бичиж 654,750 төгрөг, А.Ты нэр дээр 386 толгой хонийг зохиомлоор бичиж 753,000 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал бий болгож, нийт 997 толгой хонийг зохиомлоор худал бичиж Мал хамгаалах сангийн дансанд нийт 1,907,200 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

4. Прокурорын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар яллах дүгнэлтээр М.Х, Б.С- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн  2023/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолоор: 

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х, Б.С нарт холбогдох 2313000950161 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд Б.Сд холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

3. Шүүгдэгч Б ургийн овгийн М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хын нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 (есөн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ыд оногдуулсан 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.Х-ыд сануулж,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ыд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

8. Цагаатгагдсан этгээд Б.С, шүүгдэгч М.Х- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, цагаатгагдсан этгээдэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Х-аас 664,300 (зургаан зуун жаран дөрвөн мянга гурван зуу) төгрөг, иргэний хариуцагч Ү.М-ээс 673,200 (зургаан зуун далан гурван мянга хоёр зуу) төгрөг, иргэний хариуцагч Н.Х-аас 832,500 (найман зуун гучин хоёр мянга таван зуу) төгрөг, иргэний хариуцагч А.Т-аас 832,500 (найман зуун гучин хоёр мянга таван зуу) төгрөгийг тус тус гаргуулж Мал хамгаалах санд (Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам) олгож,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 1.907.200 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч М.Х-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлын агуулга:   

6.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэх М.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа явдлыг эс зөвшөөрч байна.

6.2. М.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан “Хайнга хандах” гэмт хэрэг үзэж байна. Уг зүйл ангид албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол гэсэн шинжийг дурдсан байгаа.

6.3. Шүүгдэгч М.Х- нь Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Тамгын  газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байх хугацаанд бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ өөрийн нэр дээр 2018, 2019 онуудад 445 хонь илүү бичиж, 664,300 төгрөг, эхнэр Ү.М-ийн нэр дээр 2018, 2019 онуудад 413 толгой хонийг зохиомлоор бичиж 673,300 төгрөг, хүү Н.Хы 2018, 2019 онуудад 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг, төрсөн ахынхаа хүү А.Ты нэр дээр 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, нийт 1928 толгой хонийг зохиомлоор худал бичиж, нийт 3,002,500 төгрөгийн хохирол учирсан гэж гэм буруутайд тооцсон байна. Гэтэл эрүүгийн хэрэгт М.Х-, Ү.М-, Н.Х, А.Т нарын 2018, 2019 онуудад зохиомлоор бичсэн гэх хонины тооны жагсаалтуудыг “К” ХХК-аас падаан бичсэн нь тогтоогдсон, уг жагсаалтыг “К” ХХК-ны менежер М.Еы үйлдэж файлаар М.Х-ад явуулсан байна. Уг жагсаалтыг М.Х- сайтар хянан үзээгүй буюу хайнга хандаж шууд аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний газарт цахимаар илгээсэн байна. Ингэхээр М.Х- нь “К” ХХК-аас ирүүлсэн жагсаалтыг хянан үзээгүй ажилдаа хайнга хандсан, хонины ноос тушаасан гэх падааныг өөрөө бичээгүй, өөртөө болон хамаарал бүхий этгээдэд хонины ноосны урамшуулал авахаар падаан бичиж өгөхийг “К” ХХК-нд нөлөөлсөн тухай нотолгоо хэрэгт аваагдаагүй нь М.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна.

6.4. М.Х-ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөгчөөс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 231300095 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол”-ыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 48 минутад Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина баталсан байна. Бүртгэлийн 173 дугаартай тогтоолын олсон, үндэслэх, тогтоох хэсэгт “...Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан ашиглах тухай дурджээ. /1-р х.х-ийн 1-р талд авагдсан/

6.5. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 340 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолыг /2-р х.х-ийн 175-р талд авагдсан/ Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор хүчингүй болгожээ. Гэтэл аймгийн Прокурорын газрын 2023.01.23-ны өдрийн 05 дугаартай тогтоолын үндэслэх, тогтоох хэсэг эрүүгийн хэрэгт авагдаагүй байна. /2-р х.х-ийн 194-р талд авагдсан/ Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт ”...3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй... тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов” гэжээ.

Энэ нь М.Х-ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа мөрдөгч, хяналтын прокурор, аймгийн ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг нотолж байна. Иймд уг шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна.

6.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон М.Х-ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсье.

           

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

7.1. Шүүгдэгч М.Х- болон өмгөөлөгч Я.Сьездээс гаргасан гомдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчсөн талаар дурдсан. Энэ нь хэрэг бүртгэлтийн явцад шүүгдэгч М.Х-ын албан тушаалыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга гэж бичсэн байна. Үүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд зөвтгөөд явсан. Тухайн ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвтгөсөн учраас нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлага байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан бүх ажиллагаанууд хийгдэж бүрэн шалгагдсан. Тийм учраас нэмэлт ажиллагаанд буцаах шаардлага байхгүй гэсэн саналтай байна.

7.2. Шүүгдэгч М.Х- нь  Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасгийн даргаар ажиллаж байх 2018-2019 онуудад өөрийнхөө эхнэр Ү.М-, хүү Х.Н, төрсөн ахынх нь хүү болох А.Т нарын нэр дээр мал шивж оруулж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. 2018-2019 онд М.Х- Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивдэг байсан. Тухайн үед би шивсэн гэдгийг өөрөө анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлж байгаа. Тухайн үед М.Х- нь илгээсэн мэдээг нэгтгэж шивэхдээ өөрийнхөө төрсөн хүү М.Н, эхнэр Ү.М-, төрсөн ахынхаа хүү А.Т нарын нэр дээр мал байхгүй гэдгийг мэдэж байсан атлаа санаатайгаар мэдээг шивж оруулсан нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг нотолж байна.

7.3. Мөн Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.С нь тухайн үед өөрийнхөө даргын эхнэр Ү.М-, Н.Х, А.Ты нэр дээр мал тоолуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Тухайн үед шүүгдэгч Б.С өөрийнхөө үйлдлийг сайн мэдэж байсан, санаатай үйлдсэн нь нотлогдсон учраас Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн  2023/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөх саналтай байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Х-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад өөрчлөлт оруулав.

 

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

10. Шүүгдэгч М.Х- нь Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан  ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ өөрийн нэр дээр 2018, 2019 онуудад 445 хонь илүү бичиж 664.300 төгрөг, эхнэр Ү.М-ийн нэр дээр 2018, 2019 онуудад 413 толгой хонийг зохиомлоор бичиж 673,200 төгрөг, хүү Н.Хы нэр дээр 2018, 2019 онуудад 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг, ахынхаа хүү А.Ты нэр дээр 328 толгой хонийг зохиомлоор бичиж 832,500 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгож 1928 толгой хонийг зохиомлоор худал бичиж нийт 3.002.500 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "... Малчин мал бүхий этгээд нь тухайн сумынхаа хөдөө аж ахуйн мэргэжилтэнд ноос тушаасан төлбөрийн баримтаа өгдөг. Баримтыг хүлээн авсан мэргэжилтэн аймаг дээрээ очиж ноос тушаасан малчдын нэгтгэл мэдээллийг ноосны урамшууллын программд шивж оруулдаг....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21-23 дахь тал),

- Гэрч Б.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баян-Өлгий аймгийн хэмжээнд бол Керей үүлдрийн буюу ууцан сүүлт мах өөхний чиглэлийн хонь байгаа юм. Ер нь бол Керей үүлдрийн хонийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цөм сүргийг үржүүлдэг. ...Керей үүлдрийн хониноос бүдүүн хуц-1,8 кг, төлгөн хуц-1,6 кг, эм хонь-1,3 кг, охин төлөг-1,1 кг ноос гарна гэж тооцдог. Үүнийг тооцсон журам гэж байхгүй. Үүнийг бол үүлдэр батлахдаа тухайн хонийг нэг бүрчлэн судалж үүлдэр угсааг бүртгэдэг бөгөөд ийнхүү үүлдэр бүртгэхдээ л ноосны гарцыг дээрх байдлаар тодорхойлсон байдаг. 1 хонийг 1,3 кг ноосоор тооцож, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 343 дугаар тогтоолын  1.2.2-т заасны дагуу 1500 төгрөгөөр тооцдог. Тус тогтоолд бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон бүдүүн ноост хонины нэгдүгээр зэргийн ноосонд гэхээр л манайх орчхоод байгаа юм. Ингээд бодохоор Баян-Өлгий аймгийн Керей үүлдрийн 1 хониноос 1,3кг х1500=1950 төгрөгөөр тооцдог. Ер нь бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Баян-Өлгий аймгийн малчдад ноосны урамшуулал олгохдоо 1,3 кг-аар тооцож урамшуулал олгодог.

...Тийм болохоор одоо яг хэдэн хониноос хэдэн кг тушаасан бэ гэдгийг тооцох хамгийн зөв арга бол малын А данстай нь тулгаж буюу нөгөө сумын Мал үржлийн тасгаас малын тоо толгойг бичиж явуулсан баримтыг л үндэслэж яам урамшуулал олгодог. Тэгэхээр дээрх тоог бодохдоо бол мөнгөн дүнг нь 1500 төгрөгт хуваахаар хэдэн толгой малтай байсан нь гарна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-34, 59-61 дэх тал),

- Гэрч Д.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... М.Х- бол малчин өрх биш мал бүхий иргэн гэж явдаг. М.Х- нь 2022 онд 100 толгой хонь тоолуулж байсан. Ү.М-, Н.Х нар нь 2022 онд мал тоолуулаагүй. ...2019 онд М.Х- нь 110 хонь тоолуулсан. 2020 онд 100 хонь тус тус тоолуулсан байсан. Харин М, Н нарт мал тоолсон баримт байхгүй байсан. Тэгэхээр мал тоолуулаагүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал),

- Гэрч Х.Ханатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай “К” ХХК нь 2011 оноос хойш иргэдээс ноос авч эсгий үйлдвэрлэж байгаа. Ер нь бол Т сумын ноосыг голдуу авдаг юм. Ингээд ноос авч ирсэн иргэдийн ноосны жинг үзээд тухайн хүнд падаан бичиж өгөөд явуулдаг. Тухайн иргэн нь падаанаа аваад сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн дээр очоод үзүүлдэг. Падааныг мэргэжилтэн нь үзээд Малын А данс бүхий мал тооллогын баримттай тулгаж шалгаж мал тоолуулсан байвал бүртгэж аваад аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт илгээж аймгаас Хүнс, хөдөө аж ахуйн яам руу явуулж, улмаар яамнаас тухайн иргэнд ноосны урамшууллыг олгодог. Падааныг үндэслэж ноосны урамшуулал олгоно гэж хэзээ ч байхгүй. Ийм юм байдаггүй юм. Магадгүй та надад 1000 кг ноос авч ирээд өглөө гэхэд би падаан бичиж өгнө. Гэтэл тэр хүн хөдөө аж ахуйн мэргэжилтэн дээр очиж бүртгүүлэх ёстой. Мэргэжилтэн нь түүнийг А данстай тулгаад аймаг руу, аймаг яам руу л илгээх ёстой. Урамшуулал олгох эсэх асуудлыг бол сумын мэргэжилтэн анхан шатанд бүртгээд аймаг руу илгээдэг болохоор манай компанийн падаанаар ноосны урамшуулал авна гэж хэзээ ч байхгүй....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-49 дэх тал),

- Гэрч М.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... “К” ХХК нь ноос авдаг бөгөөд ноос тушаасан иргэдэд падаан бичээд өгдөг. Иргэд түүнийгээ сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэнд очиж бүртгүүлдэг. Тус мэргэжилтэн нь мал тооллогын баримттай тулгаад хэрэв малтай бол түүний судалгааг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар руу явуулж аймаг нь бүх сумдыг нэгтгээд Хүнс, хөдөө аж ахуйн яам руу илгээж улмаар яамнаас малтай болон мал бүхий иргэдэд л ноосны урамшуулал олгодог. Малгүй хүнд ноосны урамшуулал олгодоггүй байх гэж би ойлгодог. Манай компани падаан бичдэг компани болохоос урамшуулал олгодог урамшуулалд нөлөөлдөг компани биш. Манайд иргэд ноосоо авч ирж тушаасны үндсэн дээр тэдэнд падаан бичиж л өгдөг. Бид нар хэн нь малтай хэн нь мал бүхий иргэд бэ гэдгийг мэдэхгүй. Манайх ноос авч ирж өгсөн иргэдийн бүртгэл л хөтөлдөг өөр зүйл хөтөлдөггүй...

... Харин үүнийг сумын мал үржлийн тасгийн мэргэжилтэн рүү явуулаад тэр хүн малын тоо толгойтой нь тулгалт хийж шивэлт хийх үүрэгтэй. Би Х, М, Н, Т нарыг танина. Нэг сумын хүмүүс гэдгээр танина. Ямар нэгэн садан, төрлийн холбоо хамаарал байхгүй....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-52 дахь тал),

- “К” ХХК-д ноос тушаасан гэх иргэдийн судалгаа (1 дэх хавтаст хэргийн 54-58 дахь тал),

-Иргэн М.Х-ын ХААН банкны **** дугаартай, Ү.М-ийн ХААН банкны **** дугаартай, Н.Хы ХААН банкны **** дугаартай, А.Ты  ХААН банкны **** дугаартай депозит  дансны дэлгэрэнгүй хуулганууд (1 дэх хавтаст хэргийн 79-97, 98-116,117-119, 122-128, 148-156,162-169, 171-175, 180-187 дэх тал),

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн М.Х-, Ү.М-, Н.Х, А.Т нарын 2018-2022 онуудад тоолуулсан малын тооллогын дэлгэрэнгүй лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 189-192 дахь тал),

- Иргэн М.Х-ын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019, 2020, 2021, 2022 онуудын тооллогын маягт (1 дэх хавтаст хэргийн 194-211 дэх тал),

- Яллагдагч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би ноосны падааны жагсаалтыг үндэслээд шивдэг байсан.  Би эхнэр, хүү, ахын хүү ноос авч байсан ба падаан бичигдээд  ирэхээр нь шивээд явуулчихсан....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 193-195 дахь тал),

- Цагаатгагдсан этгээд Б.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний хувьд падааныг үндэслээд шивсэн маань одоо алдаа болж байна. Би үнэнээ хэлэхэд мал тооллогын А данстай тулгаагүй. Тулгасан бол одоо ийм зүйл болохгүй байсан. Тухайн үед программ хаагдах хугацаа тулчихсан байсан бөгөөд А данстай тулгаж байхаар падааныг үндэслээд шивчихье гээд шивсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 205-207 дахь тал),

- А.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өөрийнхөө нэр дээр мал тоолуулж байгаагүй, манай аавын нэр дээр мал байсан тухайн малыг 2021 онд бүгдийг нь зараад Т сумаас Өлгий сум руу нүүж ирсэн. Одоогоор Өлгий суманд амьдарч байна. ... Би энэ талаар мэдэхгүй. Миний данс руу мөнгө ороход бол ноос авах үеэр ажил хийсэн тэр мөнгө байх гэж ойлгосон. ... Би ноос цуглуулдаг л байсан гэхдээ 3 жил яг тухайн ноосны үйлдвэрт ажиллаагүй. ...Би төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 219-220 дахь тал),

- Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/1655 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2018-2020 онд ноосны урамшуулалд хамрагдсан зарим иргэдийн мэдээлэл (3 дахь хавтаст хэргийн 78-79 дэх тал),

- Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А-336 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А-186 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А-126 дугаартай 2018, 2019, 2020 онуудад хонь тэмээний ноос бэлтгэж тушаасан  малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай тушаалууд,  тушаалын хавсралтууд (3 дахь хавтаст хэргийн 80-93 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

11. Шүүгдэгч М.Х-ын дээрх хууль бус үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилсэн нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг хангасан бөгөөд тэрээр Мал хамгаалах сангаас хонины ноосны урамшуулал авах гэсэн шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр тухайн үед эрхэлж байсан Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалын эрх нөлөөг өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгохоор буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж, удаа дараагийн үйлдлээр өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр хонины тоо, толгойг зохиомлоор болон илүү нэмж бичиж гэмт хэрэг үйлдэх замаар Мал хамгаалах сангаас 3.002.500 төгрөгийн урамшуулал авсан нь тогтоогдсон байна.

Харин М.Х-ын Т сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалыг хашиж байсан албан тушаалтны хувьд хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу чиг үүрэгтээ цалгар, нямбай бус, хайхрамжгүй хандсан /падааныг А данстай тулгаж, нягтлаагүй/ илт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Мал хамгаалах санд хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

 

12. Иймд шүүгдэгч М.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор торгох шийтгэл оногдуулсан анхан шатын шүүхийн шийдвэр гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ тохиолдолд мөрдөгч тогтоол гаргана.

Шүүгдэгч М.Х- нь 2018, 2019 онуудад Т сумын малчин, мал бүхий иргэдийн бэлтгэж тушаасан ноосны падааныг нэгтгэж, мэдээллийг цахим санд оруулахдаа эхнэр Ү.М-, хүү Н.Х, ахынхаа хүүхэд А.Т нарын нэр дээр нийт 1928 толгой хонийг зохиомлоор бичиж, гэмт хэрэг үйлдэх замаар 3,002,500 төгрөгийн ноосны урамшуулал авсан нь тогтоогдсон байхад шүүгдэгч Ү.М-, Н.Х, А.Т нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд нийцээгүй, хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангаагүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн” гэдэгт гэм буруутай этгээдийн учруулсан хохирлыг хуульд зааснаар хариуцвал зохих этгээд, тухайлбал Иргэний хуулийн 503 дугаар зүйлд заасан этгээдийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагчийг болон хуульд заасан тохиолдолд бусад этгээд зэргийг хамааруулан ойлговол зохино.

Иймд шүүгдэгч М.Х-ын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгийг хуульд зааснаар түүний эхнэр Ү.М-, хүү Н.Х, М.Х-ын ахын хүүхэд А.Т нарт хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй, Ү.М-, Н.Х, А.Т нар шүүгдэгч М.Х-ын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгийг хууль ёсоор хариуцвал зохих хүмүүс биш учраас уг мөнгөн хөрөнгийг гэм буруутай этгээдээс албадан гаргуулж, Мал хамгаалах санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах нь хууль ёсны хийгээд шударга ёсны зарчимд нийцэх юм.

 

14. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршиг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагавартай шалтгаант холбоотой буюу тухайн үйлдэл, эс үйлдэхүйн шууд үйлчлэлийн үр дүн байдаг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн /үүнд мөнгөн хөрөнгө ч хамаарна/, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого зэргийг ойлгохоор хуульчилсан. Иймээс шүүгдэгч М.Х-ын албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр хонины тоо, толгойг зохиомлоор болон илүү нэмж бичиж Мал хамгаалах сангаас хууль бусаар авсан 3.002.500 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгөд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

15. Анхан шатны шүүхээс М.Х-ын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгийг холбогдох санд оруулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон бөгөөд шүүгдэгч М.Х-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар авсан ноосны урамшуулал 3,002,500 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөд тооцон //, тухайн үйл баримтад илүү нарийвчилсан зохицуулалттай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг хэрэглэж, гэм буруутай этгээд М.Х-аас албадан гаргуулж, Мал хамгаалах санд оруулах нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

16. Прокуророос цагаатгагдсан этгээд Б.Сыг Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасагт хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ 2020 онд Ү.М-ийн нэр дээр 256 толгой хонийг зохиомлоор бичиж 499.500 төгрөг, Н.Хы нэр дээр 335 толгой хонийг зохиомлоор бичиж 654.750 төгрөг, А.Ты нэр дээр 386 толгой хонийг зохиомлоор бичиж 753.000 төгрөг тус тус олгох нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал бий болгож нийт 997 толгой хонийг зохиомлоор худал бичиж 1.907.200 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх Б.Сы дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

   

17. Цагаатгагдсан этгээд Б.С нь Баян-Өлгий аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасагт хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа, Мал хамгаалах сангаас олгодог хонины ноосны урамшуулал авахад илгээх мэдээг цахим санд нэгтгэн шивэхдээ малчин болон мал бүхий өрхийн малын тоо, тушаасан ноосны хэмжээ зэргийг магадлан хянахгүйгээр 2020 онд Ү.М-ийн нэр дээр 256 толгой хонь бичиж 499,500 төгрөг, Н.Хы нэр дээр 335 толгой хонь бүртгэж 654,750 төгрөг, А.Ты нэр дээр 386 толгой хонь бичиж 753,000 төгрөгийг Мал хамгаалах сангаас тус тус олгох нөхцөлийг бүрдүүлж, 1,907,200 төгрөгийн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

18. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 343 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.10, 2.16, 2.17 дахь заалтад төлөөлөгч нь малчнаас ноос худалдаж авахдаа баримтыг засваргүйгээр 3 хувь үнэн зөв үйлдэж, 2 хувийг малчинд өгснөөр тухайн баримтыг малчин мал сүргийн эрүүл болохыг баталгаажуулсан мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тодорхойлолтын хамт сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх ба Хөдөө аж ахуйн тасаг нь баримт, тодорхойлолтыг хүлээн авч малчны овог нэр, хаяг, малын тоо, тушаасан ноосны хэмжээ зэргийг магадлан хянаж, жагсаалт үйлдэн сум, дүүргийн Засаг даргаар баталгаажуулан мэдээллийг 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор урамшууллын цахим системд үнэн зөв оруулан, анхан шатны баримт, тайлан, нэгдсэн жагсаалтын хамт аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлэхээр заажээ.   

 

19. Цагаатгагдсан этгээд Б.С нь дээрх журмын дагуу малчин, мал бүхий иргэдийн бүрдүүлсэн баримт бичгийг магадлан хянаж, жилийн эцсийн мал тооллогын А данстай тулгаж, цахим системд үнэн зөв оруулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийн обьектив талыг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул Б.Сы үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Түүнчлэн шүүх Б.Сы үйлдэлд хандсан сэдэлт, зорилгын талаар “Б.С нь бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, ноосны урамшууллыг олгуулахын тулд зориуд падаан дахь мэдээллийг А данстай тулгахгүйгээр цахим санд оруулсан, эсхүл шүүгдэгч М.Х-ын захиас, даалгавраар Ү.М-, Н.Х, А.Т нарын тушаасан гэх ноосны падаан дахь мэдээлэл буруу гэдгийг мэдсээр байж мэдээллийн санд шивж оруулсан, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгохын тулд падаан дахь мэдээллийг зориуд магадлан хянах үүргээ биелүүлээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн агуулгаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

20. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч М.Х- болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн  2023/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  9 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч М.Х-аас 3.002.500 (гурван сая хоёр мянга таван зуу) төгрөгийг түүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, Мал хамгаалах санд /Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/ олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Х-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК