Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 0019

 

       Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын иргэн Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох

       “Д.Ганчимэг намайг томилуулахаар хүргүүлсэн Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн шийдвэрийг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахгүй байгаа Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын буруутай үйл ажиллагааг тогтоож, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ганчимэг, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганчимэг миний бие нь Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоон дээр томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбараас нийтэд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  Булганы мэдээ сонин болон төрийн албаны зөвлөлийн цахим санд тавигдсаны дагуу тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг ханган бүртгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалтанд орж нэгээр гарсан.

      Энэ сонгон шалгаруулалтыг Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 27 тоот тогтоолоороо баталгаажуулж, миний нэрийг  Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албанд тушаалд нэр дэвшүүлсэн боловч тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Халтар нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүй,  орон нутгийн нөөцөөс хүн авч ажиллуулна гэх мэтээр тайлбар өгч, томилохоос татгалзсан учраас би 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Хэргийг хянан шийдвэрлэх явц дуусаж,  шүүх хурал 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагт товлогдсон бөгөөд шүүх хурал эхлэхээс өмнө хариуцагч тал шүүгчээс өмгөөлөгч авахаар хүсэлт гарган, тухай өдрийн шүүх хурлыг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт хийхээр хойшлуулсны дараа Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцох тухай” 05 тоот тогтоолыг гаргуулсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхээс утасдахад  наад сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тогтоол гарсан байх,  наад хуралд чинь би очих шаардлагагүй болсон гэж утсаар яриад  шүүх хуралд ирээгүй тул би  нэхэмжлэлээ арга буюу татаж, дээд шатны нь байгууллага Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хандсан боловч Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь журамд заасны дагуу миний өргөдлийг хянан шийдвэрлээгүй тул Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлсэн тухай” 27 тоот тогтоолыг хүчинтэйд тооцуулах, Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахыг Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргаж,

        Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох шаардлагыг нь хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 17 тоот “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гаргасан.

      Иймд Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд Д.Ганчимэг намайг томилуулахаар хүргүүлсэн Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн шийдвэрийг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахгүй байгаа Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын буруутай үйл ажиллагааг тогтоож, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг даалгах”-аар болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, энэ шаардлагаа дэмжиж байна.”

  ...Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Халтарын  2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн  1/17 тоотоор ирүүлсэн албан бичигтэй танилцахад  

     1.Албан бичигт дурдснаар “Д.Ганчимэгийг таньж мэдэхгүй учраас” гэдэгт Монгол улсын иргэн бүр  аливаа асуудалд тэгш эрхтэйгээр оролцох эрхтэй учраас би нийтэд зарласан сонгон шалгаруулалтанд оролцсон бөгөөд төрийн албанд  “Таньдаг хүнээ ажилд томилно .”  гэсэн асуудал  байхгүй. Төрийн албанд таньж мэдэхгүй хүн томилохгүй гэж хууль журамд заагаагүй.

      2.Төрийн албаны тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.2 –т заасан “Төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно:” гэсэн заалтуудыг зөрчсөн үндэслэл байхгүй.

        3.2016 оны 06 сард Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн  2015  оны 06 дугаар сарын 12-ны өдрийн албан тоот нь  анх аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн 2015  оны 06 дугаар сарын 12-ны өдрийн албан тоотоос  үг үсэг бичвэр нь зөрүүтэй,  хавсралтыг шинээр нэмж үйлдэж явуулсан зэрэг зөрчил байна.

       Би 1995-2001 он хүртэл Гурванбулаг сумын мал аж ахуйн салбарт ажиллаж байсан, 2002 оноос эхлэн Хишиг-Өндөр суманд ирж хувийн салбарт ажиллаж байгаад 2006 оноос эхлэн Хишиг-Өндөр сумын  Засаг даргын Тамгын газрын дэргэд Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн орон нутгийн ажилтнаар ажиллаж байгаад  2009 оны 12 сард  тус хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дууссан бөгөөд 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр чөлөөлөгдсөн.

      Тухайн хугацаанд ажил үүргээ сайн хийж гүйцэтгэж байсан 2009 оны ажлаараа Хишиг-Өндөр сум тэргүүн байр эзэлсэн. 2010 оны 2 дугаар сараас Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт олон нийтийн байцаагчаар томилогдон ажилласан.  Тамгын газарт ажиллах хугацаандаа тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн байгууллагын удирдлаган дор хамтран  ажиллаж байсан бөгөөд  ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно.

       Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хууль хяналтын байгууллагуудаас зохион байгуулж байсан ажлуудыг сумандаа сайн зохион байгуулж байсан.  Өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх, дэвшин ажиллах тал дээр сайн анхаарч ажиллаж байсан бөгөөд хариуцсан ажлаа сайн гүйцэтгэж ажиллаж байсанг хамтран ажиллаж байсан хамт олон маань хэлж дүгнэж чадна.

        Төрийн үйлчилгээний албанд  2 жил 7 сар, төрийн жинхэнэ захиргааны албан тушаалд томилогдоод 3 жил  2 сар  гаруй ажилласан бөгөөд нийт төрийн албанд 5 жил  9 сар ажилласан. Сонгон шалгаруулалт зарлагдах үед 4 жил 11 сар төрийн албанд ажилласан жилтэй байсан иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Халтар Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 27 тоот тогтоолоор Д.Ганчимэгийг Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлж томилох эрх бүхий этгээд Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхэд иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Халтар нь “орон нутгийн нөөцөөсөө хүн томилон ажилуулна... “гэсэн хариу өгсөн байдаг. Нөөцөөс хүн авч ажиллуулах бол Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар авах байсан, гэтэл тэгээгүй 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01/22 дугаарын албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлуулсан хирнээ сонгон шалгаруулалтын дараа нөөцөөс хүн томилно гэж байгаа нь хууль бус байна. Мөн тухайн үед Хишиг-Өндөр, Бүрэгхангай сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдсан байдаг. Төрийн албаны салбар зөвлөлөөс уг ажлын байруудад сонгон шалгаруулалт зарлахдаа ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны хуулийн шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмын үндсэн дээр адил албан тушаал, ажлын байранд адил шалгуур тавих шаардлагын дагуу Могод сумын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж бусадтай нь адил шалгууртай болгон өөрчилж 2015 оны 9 дүгээр сарын 21-ний Булганы мэдээ сонин болон төрийн албаны зөвлөлийн цахим сангаар зарласан байдаг.  Тэгээд сонгон шалгаруулалт 10 дугаар сарын 12-ны болж, төрийн албаны зөвлөлийн тогтоол 10 дугаар сарын 21-ний өдөр гарсан бөгөөд хариуцагч нь 2016 оны 2 дугаар сар хүртэл ажлын байрны тодорхойлолтод заагдсан шалгуурыг өөрчилсөн талаар ямар нэг маргаан гаргаагүй байдаг. Таньж мэдэхгүй хүн томилохгүй гэдэг хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хориглох шалтгаан байхгүй л бол томилох үүрэгтэй нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д хуульчлагдсан байгаа.  Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.  

         Хариуцагч Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг төлөөлж дарга Н.Халтар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 27 тоот тогтоолоор Д.Ганчимэгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд дараахь шалтгаанаар оруулж хэлэлцүүлээгүй болно.

           1 .Д Ганчимэгийг таньж мэдэхгүй учраас:

а/ Төрийн   албаны тухай хуулийн   16.2 дах заалт Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журам

б/ Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралт, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг үндэслэн нягтлан үнэлэлт дүгнэлт гаргаж хуралдаанд оруулах нь зүйтэй гэж томилох эрх бүхий этгээдийн хувьд үзсэн болно.

      Нягтлах үнэлэлт, дүгнэлт цуглуулах явцад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам, УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолын 12,13 заалтуудыг зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан байсан. Зөрчлөө арилгахыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус журмын 44 дэх заалтын дагуу хүсэлт гаргасан. Төрийн албаны салбар зөвлөл нь зөрчлөө арилгаж, гаргасан шийдвэрээ цуцалж тогтоолоо цуцалж, миний хүсэлтийг хангасан тул би дараагийн шатанд хандах, шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй болсон.

     Сонгон шалгаруулах журмын дагуу томилох эрх бүхий этгээд миний бие төрөөс тавьж байгаа шаардлагын дагуу төрийн албыг чадавхижуулах зорилгоор дараахь чухал шаардлагыг тавьсан ажлын туршлага Төрийн албанд 3 жил, мэргэшил Удирдлагын академид суралцсан, ур чадвар НҮБ-ын албан ёсны аль нэг зохих хэлний мэдлэгтэй байх шаардлагыг тавьсан. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ажлын туршлага 1 жил, мэргэшилийг хассан, ур чадвар, гадаад хэлний зохих мэдлэгтэй болгож өөрчилж сонгон шалгаруулалт хийсэн.” гэжээ.

              Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тал, хариуцагч талын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Булган сумын иргэн Д.Ганчимэгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн шийдвэрийг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхгүй байгаа Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын буруутай үйл ажиллагааг тогтоож, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

          Хариуцагч Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Халтарт шүүх хуралдааны товыг утсаар[1], болон шүүхийн мэдэгдэх хуудсаар[2] мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох эсэх болон шүүх хуралдаан хойшлуулах талаар ямар нэг тайлбар нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой тухай хүсэлт[3] гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”

91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааныг баримтлан шүүх хуралдааныг хариуцагчийн оролцоогүйгээр явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

       Нэхэмжлэгч нь Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Булганы мэдээ” сонин[4] болон цахимаар зарласан “Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт”-ын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр явагдсан шалгалтанд орж тэнцэн Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдэж, уг шалгалтанд хамгийн өндөр оноогоор тэнцсэн Д.Ганчимэгийн нэрийг томилох эрх бүхий этгээд болох Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн болох нь Булганы мэдээ сонины зар, Төрийн албаны салбар зөвлөлийн 27 дугаар тогтоол[5], нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар нотлогдсон байна.

      Хариуцагч Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг төлөөлж Хурлын дарга Н.Халтар Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 27 дугаар тогтоолыг хүлээн аваад “Суманд байгаа хүний нөөцөөс зохицуулалт хийж томилох тул танай 27 тоот тогтоолыг хүлээн авч хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн хариуг[6] Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд “Д.Ганчимэгийг таньж мэдэхгүй учраас Төрийн   албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалт Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журам, ёс зүйн дүрэм зэргийг үндэслэн нягтлан үнэлэлт, дүгнэлт гаргаж хуралдаанд оруулах нь зүйтэй гэж томилох эрх бүхий этгээдийн хувьд үзсэн болно.” гэсэн тайлбарыг[7],  шүүхэд ирүүлсэн нь түүний 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/33 дугаарын албан бичиг, тайлбар зэргээр тогтоогдож байна.

      Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал” төрийн захиргааны албан тушаалд хамаарна,

11 дүгээр зүйлийн 11.4-т  “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”,

4 дүгээр зүйлийн 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх;”  гэж тус тус заасны дагуу Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал нь Төрийн захиргааны албан тушаалд хамаарч уг албан тушаалтны сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлэх асуудал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаж Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгын дагуу нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтыг явуулан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа Д.Ганчимэгийг томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, томилох эрх бүхий этгээд Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд санал болгосон нь  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүлийн 17.3-д  “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”, 35.1.6-д “төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх” гэсэнд нийцсэн байна.  

     Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно.” 20.4-д “Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна.” гээд Хурлын Тэргүүлэгчид мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д зааснаар “иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу  судлан шийдвэрлэх” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчлагдсан,

мөн хуулийн Хурлын даргын бүрэн эрх гэсэн 22 дугаар зүйлийн 22.1.4-д “эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;”,

22.1.6-д  “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;”,

     Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “ Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна.” гэсэн зэргээс Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Тэргүүлэгчид хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэхээр хуульд заасан байхад Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Халтар нь дээрх хуулийн заалтуудыг зөрчин Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 27 дугаар тогтоолыг хүлээн аваад нэр дэвшигч Д.Ганчимэгийг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилуулах саналыг Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг зохион байгуулаагүй, хэлэлцүүлж, шийдвэрлүүлээгүй, “томилох эрх бүхий этгээд”[8] гэж өөрийгөө нэрлэн ганцаараа Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, “нөөцөөс зохицуулалт хийж томилно, Ганчимэгийг таньж мэдэхгүй, судлах шаардлагатай учир Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй” гэх тайлбарууд гаргаж байгаа нь хууль бус байна.

     Иймд нэхэмжэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 27 дугаар тогтоолоор Д.Ганчимэгийг Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн материалыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхгүй байгаа Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Халтарын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Ганчимэгийг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг даалгах нь зүйтэй байна.  

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106,2, 106.3.4, 107  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.11, 11 дүгээр зүйлийн 11.4, 17.3, 17.6, Монгол улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 20.1.4, 20.3, 22.1.4, 22.1.6-д заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь Салбар зөвлөлийн 27 дугаар тогтоолоор Д.Ганчимэгийг Могод сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн материалыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэхэлцүүлэхгүй байгаа Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Халтарын үйл ажиллагааг хууль бус болохыг  тогтоож, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Ганчимэгийг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Халтарт даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан 158/2016/0018/3 дугаарын хэрэг нь 158/2016/0016/3 дугаарын хэргээс шүүгчийн захирамжаар тусгаарлагдан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүйг дурдаж, хариуцагч Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж орон нутгийн Төрийн сангийн 041400941 тоот дансанд оруулсугай.
  3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т заасныг баримтлан  шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНТУЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 89, 91-93-р хуудаст хурлын тов мэдэгдсэн баримтууд

[2] Хэргийн материалын 90,93-р хуудаст байгаа баримтууд

[3] Хуралдааны тэмдэглэлд хх-99 хуудас

[4] Хх-11-р хуудас

[5] Хэргийн материалын 8-р хуудас

[6] Хх-5-р хуудас

[7] Хх- 39-р хуудас

[8] Хэргийн материалын 39-р хуудас