Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 12

 

 

2024      01         30                                             2024/ДШМ/12

 

*******од холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч *******/цахимаар/ түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал/цахимаар/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ганхүү/цахимаар/ түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга, Л.Мөнхцоож нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг үндэслэн *******од холбогдох эрүүгийн 2336000000285 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн Ганболд, 1964 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилтэй, Ховд аймгийн Манхан сумын ажилтай, ам бүл хоёр, эхнэрийн хамт Ховд аймгийн******* *******т оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол *******ийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед ******* ******* улсын дугаартай портер загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэх, 10.2-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчиж насанд хүрээгүй хохирогч ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 08 (найман) сарын хугацаагаар Ховд аймгийн******* *******ийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

4. 3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

4.4 Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

4.5 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.6 Шүүгдэгч *******оос насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 33'000'000 (гучин гурван сая) төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ганхүүд олгож, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,

4.7 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

4.8 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1  Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2, 511.3-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирол дээр өмгөөлөгч нар маргаан дагуулж байгаа. Учир нь шүүх болгон өөр өөрөөр хэрэглэж байгаа. Миний хувьд сэтгэцэд учирсан хохирол гаргуулсан анхны хурал юм. Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоол гарсан. Шүүх зэрэглэл тогтооно гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл хохирогчид аль ашигтайгаар тогтооно гэсэн байдаг. ******* эхнэрийн хамт амьдардаг.

700,000 төгрөгийн цалинтай, 5 жил цалингүй амьдрах хэмжээний 33,000,000 төгрөгийн хохирол гаргасан гээд гомдол гаргасан. Нөгөө талаасаа 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан. Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээгүй. *******ын хувьд нэг хөдөлгөөн хийсэн өөр ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Хүн мөнгө ав гэхээр нь мөнгө авчхаад эргээд хөдлөхдөө хүүхэд дугуйны доор байгааг анзаараагүй нь миний буруу байна гээд нөгөө талаасаа асран хамгаалагч нарын зүгээс 2 настай хүүхдийн анхаарах ёстой.

Миний зүгээс гэм хорын хохирлыг *******асгах саналыг гаргаж байна гэв.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ганхүү түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1 Миний хүү 2 нас 5 сартай осолд орсноос хойш хоолойны ларангет өвчтэй болсон. Тэгээд Хятад улсад очиж эмчлүүлсэн боловч бүрэн эмчлэгдээгүй. Өмнө нь аав, ээж гээд дууддаг байсан бол одоо байнга дохиогоор харилцаж байгаа. Бидний хувьд залуу хүмүүс хүүхдээ эмчлүүлэхийн тулд гэр орон бүх зүйлээ зараад Улаанбаатар хотод ирсэн. Одоо түрээсийн байранд хүүхдээ эмчлүүлээд эмчийн хяналтад байгаа. Байрны сарын түрээс 900,000 төгрөг төлж байгаа. Хүүхдэд минь хүнд гэмтэл учруулсанд би гомдолтой байна.

6.2 Шүүгдэгч анх шүүхэд орж ирэхдээ гэм буруугийн асуудал дээрээ маргаагүй учраас гэм буруугийн асуудлыг хөнгөрүүлж оногдуулсан. Гэтэл давж заалдсан гомдлын утга нь гэм буруу дээрээ маргаж байгаа юм шиг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлттэй уялдуулан Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар хүний сэтгэцэд учирсан хохиролтой холбогдуулан тогтоол гарсан. Уг тогтоолд сэтгэцэд учирсан хохирлыг 5 зэрэглэлд ангилсан.

Хохирогчийн хувьд энэ зэрэглэлийн 5 дугаар зэрэглэлд орж байгаа бөгөөд хохирогчийн биед үлдсэн хор уршиг бүхий гэмтэл нь хүнд гэмтэл учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх гэм хохирлыг гаргана гэсний дагуу шүүх 50 хувьд нь ч тохируулан хохирлын хэмжээг тогтоогоогүй. Энэ нөхцөл байдлын хувьд 33,000,000 төгрөг их хэмжээний мөнгө биш учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: ******* болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

1. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол *******ийн нутаг дэвсгэрт 2023 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 9 цагийн үед 07-59 ******* улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэх, 10.2-т “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө.” гэх заалтуудыг зөрчиж насанд хүрээгүй хохирогч ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь гэмт хэрэгт холбогджээ.

            Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            2. Анхан шатны шүүх “шүүгдэгч ******* нь 07-59 ******* улсын дугаартай портер загварын авто машиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ насанд хүрээгүй хохирогч ийг баруун урд талын дугуйгаараа дайрч зам тээврийн осол гаргасан нь нотлогдсон” гэх агуулгатай дүгнэлт хийж, түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар Ховд аймгийн Манхан сумын (Төгрөг гол) *******ийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

            3. Шүүгдэгч ******* нь “хэргийг бүхэлд нь хянаж, болсон үйл явдалд бодитой дүгнэлт өгч, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг 33,000,000 төгрөгийг бууруулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргажээ.

            3.1 Хэргийн үйл баримтын талаар

            3.1.1 Прокуророос жолооч *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэх заалтыг зөрчсөн гэм буруутай гэж үзжээ.

            Гэтэл хэргийн нөхцөл байдлаас харахад гэр буулгаж байх үед жолооч *******ын тээврийн хэрэгсэл дээр тоглож байсан ийг (2 настай хүүхдийг) авто машин хөдлөхөөс өмнө эцэг тэврээд аваад явсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл портер загварын тээврийн хэрэгслийн жолооч ******* нь анх хөдөлгөөн эхлүүлсэн цэгт хүүхдийг мөргөөгүй бөгөөд энэ үед жолоочийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэх заалтыг зөрчсөн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.

            Харин гэр буулгаж дуусаад тээврийн хэрэгсэл анх зогсож байсан газраасаа хөдлөөд баруун буцаж эргээд явж байсан жолооч *******ыг гэрч Ж.Баасанхүү зогсоогоод тээврийн хэрэгслийн урд талаар тойрч зүүн урд талаар буюу жолооч талаар ирж уулзаад түүнд баярлалаа гээд 15,000 төгрөг өгснийг нь аваад дахин хөдлөх үед 2 настай тээврийн хэрэгслийн баруун урд дугуйд мөргүүлж хүнд гэмтэл авсан үйл баримтад жолооч гэм буруугүй байна. Тухайлбал

Нэгдүгээрт буцаж эргээд явж байсан авто машиныг гэрч Ж.Баасанхүү зогсоогоод урд талаар нь тойрч зүүн урд талаар ирж уулзаад баярлалаа гэж хэлээд 15,000 төгрөг өгөх үед жолооч ******* нь “2 настай хүүхдийг хүүхдийн эцэг тэврээд аваад явсан” гэх ойлголттой байсан байна. Иймээс жолооч тээврийн хэрэгслээ унтраахгүй түр зогсоод  (гэрч Ж.Баасанхүүгээс 15,000 төгрөг аваад) дахин хөдлөх үедээ автомашинаасаа бууж тойрч харах, аюулгүй байдлаа дахин шалгах, дуут дохио өгөх шаардлага байгаагүй байна.

Хоёрдугаарт түр зогсоод дахин хөдлөх үед зүүн талдаа жолооны хүрдтэй портер загварын тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуйн урд хэсэгт ирж зогссон 2 настай хүүхэд жолоочид урд салхины шилээр жолоочид харагдах боломжгүй бөгөөд мөн тээврийн хэрэгслийн толинд харагдах ямар ч боломжгүй байжээ.

Өөрөөр хэлбэл 2 настай хүүхдийн ирж зогссон хэсэг нь портер загварын тээврийн хэрэгслийн хувьд сохор бүс гэж нэрлэдэг хэсэгт хамаарахаар байна.

Гуравдугаарт 2 настай хүүхдийг түүний тоглож байсан тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс авсан насанд хүрсэн хүн буюу харгалзан дэмжигчийн хараа хяналт тэрхэн зуур суларсан нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. Өөрөөр хэлбэл гэр буулгаад авто машин хөдлөөд буцаж эргэн явж байгаад гэрч Ж.Баасанхүүтэй уулзаад (түр зогсоод) хөдлөх үед тээврийн хэрэгслийн жолоочоос гадна хүүхдийг харж хандах боломжтой, харж хандах ёстой насанд хүрсэн гурван том хүн байсан байна.

3.1.2 Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө.” гэх дүрмийн заалтын зөрчсөн гэм буруутай гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт ойлгомжгүй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж, 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно гэж тус тус заасан байна.

Гэтэл хэрэг учрал гарсан газар нь Ерөнхий боловсролын сургуулийн хашаан дотор байх тул “зам” гэж үзэх, мөн 2 настай ийг замаар явж байсан “явган зорчигч” гэж дүгнэх боломжгүй байна.

3.2 Хууль зүйн дүгнэлт

3.2.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэжээ.

Харин портер загварын тээврийн хэрэгслийн жолооч *******ын дээр дурдсан үйлдэлд гэм буруу байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуульд зааснаар гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Харин шүүгдэгч *******ын үйлдэлд санаатай гэм буруу байхгүй байх бөгөөд болгоомжгүй гэм буруу байгаа эсэх талаар дүгнэвэл.

Болгоомжгүй гэм бурууг онолын хувьд хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэж 2 ангилдаг ба Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан” бол гэж хөнгөмсгөөр найдсан гэм бурууг, “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” бол гэж хайхрамжгүй хандсан гэм бурууг хамтад нь болгоомжгүй гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Тэгвэл шүүгдэгч *******ын үйлдэлд “хөнгөмсгөөр найдсан” гэм буруу байхгүй байна.

Харин шүүгдэгч *******ын үйлдэлд “хайхрамжгүй хандсан” гэм буруу байгаа эсэх талаар дүгнэвэл. Хайхрамжгүй хандсан гэдэг нь  “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг хэлдэг.

Гэтэл портер загварын тээврийн хэрэгслийн жолооч ******* нь тухайн үед “тээврийн хэрэгсэл анх хөдлөх үед 2 настай хүүхдийг харгалзан дэмжигч буюу хүүхдийн эцэг аваад явчихсан, тухайн хүүхэд насанд хүрсэн хүний хараа хяналтанд байгаа” гэсэн ойлголттой байсан байна.   

Иймээс түүнийг түр зогсоод хөдлөх үедээ “2 настай хүүхэд ийг баруун урд талын дугуй хэсэгт (сохор бүсэд) ирээд зогсчихсон байх боломжтой” гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэм буруутай” гэж дүгнэх боломжгүй байна.

3.2.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд “гэм буруугийн зарчим”-ийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан байна.

Гэтэл дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч *******ын гэм буруутай болох нь давж заалдах шатны шүүхээр тогтоогдсонгүй.

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.” гэж, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.” гэжээ.

Хэдийгээр гадаад илрэлийн хувьд буюу хүний нүдэнд харагдах байдлаараа “шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас 2 настай ийн биед хүнд гэмтэл учирсан, үйлдэл хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа” мэт харагдаж байгаа боловч жолооч ******* нь тухайн үед өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг  ухамсарлаагүй,  хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан буюу учирч болох нийгэмд аюултай хор уршгийг  урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байжээ. Иймээс түүнийг үйлдлийг “гэм буруугүйгээр хор уршиг учруулсан байна” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            4. Дээр дурдсан үндэслэлээр “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна” гэж дүгнэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгчид холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож”, түүнийг цагаатгаж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27ы өдрийн 2023/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

 

                                               ШҮҮГЧ                                              Д.КӨБЕШ

 

                                                ШҮҮГЧ                                              М.НЯМБАЯР