Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ХШТ/56

 

 

Ц.Г- од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн, Ж.Энхжаргал /цахим/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г-/цахим/, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг /цахим/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27ы өдрийн 277 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар магадлалтай, Ц.Г- од холбогдох 2336000000285 дугаартай хэргийг Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г-, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 27ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, … онд төрсөн, … настай, эрэгтэй, суурь боловсролтой, ял шийтгэлгүй,  овогтой Г.

 

Шүүгдэгч Ц.Г-  нь … аймгийн … сумын … гол багийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед … ХОА улсын дугаартай портер загварын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх, 10.2-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчиж насанд хүрээгүй хохирогч Г.Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г- ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар … аймгийн … сумын … дугаар // багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

шүүгдэгч Ц.Г-  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

шүүгдэгч Ц.Г- од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

шүүгдэгч Ц.Г- оос насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 33.000.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г-д олгож, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж” шийдвэрлэсэн байна.

 

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч Ц.Г- од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг гаргасан эсэргүүцэлдээ “... давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтаар портер загварын тээврийн хэрэгслийн жолооч Ц.Г-  нь анх хөдөлгөөн эхлүүлсэн цэгт хүүхдийг мөргөөгүй бөгөөд энэ үед жолоочийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэх заалтыг зөрчсөн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г-гийн мэдүүлэг болон гэрч Ц.Б-гийн “... гэр буулгаад дуусаж байхад тээврийн хэрэгслийн хөлсийг нь өгье гэж бодоод гэрээсээ 15 мянган төгрөг аваад гараад ирэхэд тээврийн хэрэгсэл хөдлөөд явах гэж байхад нь очиж мөнгийг нь өгсөн” гэх мэдүүлгээр жолооч Ц.Г-  нь анх зогсож байсан газраасаа хөдөлж амжаагүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлээгүй байсан болох нь тогтоогддог. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэж заасан. Шүүгдэгч Ц.Г-  нь дээрх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Г-  нь “... дахин хөдлөх үед 2 настай Г.Г-тээврийн хэрэгслийн баруун урд дугуйд мөргүүлж хүнд гэмтэл авсан” үйл баримтад жолооч гэм буруугүй байна гэж дүгнэн Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нөгөөтээгүүр хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг өөр хооронд нь уялдуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүхээс түр зогсоод дахин хөдлөх үед зүүн талдаа жолооны хүрдтэй портер загварын тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуйн урд хэсэгт ирж зогссон 2 настай хүүхэд жолоочид урд салхины шилээр жолоочид харагдах боломжгүй бөгөөд мөн тээврийн хэрэгслийн толинд харагдах ямар ч боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл 2 настай хүүхдийн ирж зогссон хэсэг нь портер загварын тээврийн хэрэгслийн хувьд сохор бүс гэж нэрлэдэг хэсэгт хамаарахаар байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Учир нь Эрүүгийн хууль болон Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн сохор бүсэд тээврийн хэрэгслийн аль хэсгүүд хамаарах талаар тусгаагүйгээс гадна хууль, болон дүрэмд тухайн сохор бүс гэх нэр томьёог хуульчлаагүй болно.

Мөн давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Ерөнхий боловсролын сургуулийн хашаан дотор болсон байх тул зам гэж үзэх, мөн 2 настай Г- замаар явж байсан явган зорчигч гэж үзэх боломжгүй хэмээн хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.15. “зам” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т заасан болон хөдөлгөөнд нээлттэй хучилттай буюу шороон зурвас газрыг хэлэхээр хуульчилсан.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нээлттэй байгаа, тээврийн хэрэгсэл явж байгаа тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль үйлчлэх ёстой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.Г- ын үйлдэлд “хайхрамжгүй хандсан” гэм буруугийн үйлдэл байгаа эсэх талаар дүгнэвэл. Хайхрамжгүй хандсан гэдэг нь “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг хэлдэг.

Шүүгдэгч Ц.Г-  нь тухайн айлын хашаанаас хөдлөхдөө тухайн газар хүн болон ямар нэгэн эд зүйл байгаа эсэх, тухайн айлд 2 настай бага насны хүүхэд байсан талаар мэдэж байсан ба хүүхэд замд байгаа эсэхийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр хөдөлсний улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Г-г мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 277 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Мөн шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдолдоо “... гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Г-биед дэлүүний няцрал, задрал, хэвлийн хөндийн цус алдалт, зүүн уушгины дээд талбай, баруун уушгины орой хэсгээс суурь хэсэг хүртэлх гадна бүсийн уушгины няцрал, духны зүүн хэсгийн зулгаралтууд хоёр нүдний алимны салстын цус хуралт, хоёр нүдний дээд доод зовхины цус хуралт, хоёр хацар хэсгийн зулгаралтууд, баруун чихний урд хэсгийн зулгаралт, баруун мөрний хэсгийн зулгаралтууд, баруун шууны гадна дунд хэсгийн зулгаралт, цээжний баруун хажуугийн доод хэсгийн зулгаралт, зүүн хөлийн өсгий болон тавхай хэсгийн зулгаралтууд гэмтлүүд гарч насанд хүрээгүй хохирогчид хүнд хохирол учирсан.

Хүнд гэмтлийн улмаас хохирогчийн дэлүүг мэс заслын аргаар авч эд эрхтнээсээ хагацаж байнгын цус багадалттай болж, эрүүл мэндэд нь нөхөгдөхгүй хүнд хохирол учирсан.

Уг гэмтлийн улмаас хохирогч удаан хугацаагаар ухаангүй хиймэл амьсгалтай байсны улмаас дууны хөвч нь гэмтэж, амьсгалын зам нь нарийсаж, хохирогч одоог хүртэл амьсгалын аппараттай эмчийн байнгын хяналтанд эмчлүүлж байна

“... Түр зогсоод дахин хөдлөх үед зүүн талдаа жолооны хүрдтэй портер загварын тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуйн урд хэсэгт ирж зогссон 2 настай хүүхэд жолоочид урд салхины шилээр жолоочид харагдах боломжгүй бөгөөд мөн тээврийн хэрэгслийн толинд харагдах боломжгүй байжээ.

Өөрөөр хэлбэл 2 настай хүүхдийн ирж зогссон хэсэг нь портер загварын тээврийн хэрэгслийн хувьд сохор бүс гэж нэрлэдэг хэсэгт хамаарахаар байна.” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд байхгүй зүйлийг зааж дүгнэлт хийж хууль, дүрмийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Монгол улсын Эрүүгийн хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн сохор бүсэд тээврийн хэрэгслийн аль хэсгүүд хамаарах талаар тусгаагүй ба хууль, дүрэмд тээврийн хэрэгслийн сохор бүс гэх нэр томьёог хуульчлаагүй байна.

Шүүгдэгч Ц.Г- ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө.” гэх дүрмийн заалтыг зөрчсөн гэм буруутай гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт ойлгомжгүй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулагдсан зурвас газрыг, Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж, 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно гэж тус тус заасан байна.

Гэтэл хэрэг учрал гарсан газар Ерөнхий боловсролын сургуулийн хашаан дотор байх тул “зам" гэж үзэх, мөн 2 настай Г.Г-замаар явж байсан “явган зорчигч" гэж дүгнэх боломжгүй байна гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шүүх хууль дүрмийг буруу тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, замын хөдөлгөөний дүрэмд хашаан дотор, замгүй газраар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд гэмт гэрэг гэж үзэхгүй, гэм буруугүйд тооцно гэж хуульчлаагүй.

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд Ц.Г- од холбогдох Эрүүгийн 2336000000285 дугаартай хэргийг хянан үзэж Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/12 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

 

Мөн шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Г- од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх Ц.Г- ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Гэмт хэргийн шинжгүй үндэслэлийг “... портер загварын тээврийн хэрэгслийн жолооч Ц.Г-  нь анх хөдөлгөөн эхлүүлсэн цэгт хүүхдийг мөргөөгүй бөгөөд энэ үед жолоочийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэх заалтыг зөрчсөн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.” гэж тайлбарласан. Гэтэл тухайн өдөр Ц.Г-  сургуулийн хашаан дотор гэр буулгаж дуусаад тээврийн хэрэгсэл анх зогсож байсан газраасаа хөдөлж Ж.Баасанхүүтэй уулзаад дахин хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үед хүүхэд машины дугуйн доогуур орсон нөхцөл байдал байдаг. Прокуророос Ц.Г- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Ц.Г-  Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болох нь нотлогдон тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас бага насны хохирогч Г.Г-биед дэлүүний няцрал, задрал, хэвлийн хөндийн цус алдалт, зүүн уушгины дээд талбай, баруун уушгины орой хэсгээс суурь хэсэг хүртэлх гадна бүсийн уушгины няцрал, духны зүүн хэсгийн зулгаралтууд, хоёр нүдний алимны салстын цус хуралт, хоёр нүдний дээд доод зовхины цус хуралт, хоёр хацар хэсгийн зулгаралтууд зэрэг хүнд гэмтэл учирсан ба дэлүүгээ авхуулсан. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргэгдэхгүй, эрхтнээс нь хагацуулсан буюу хүнд хор уршиг учруулсан. Хүүхэд удаан хугацаагаар эмнэлэгт ухаангүй, хиймэл амьсгалтай байх хугацаанд цагаан мөгөөрсөн хоолойд нь гэмтэл учирсан үргэлж аппаратаар амьсгалж байгаа. Нэг удаа Бээжин хотод эмчлүүлсэн хэдий ч цагаан мөгөөрсөн хоолой нарийсаж хатсан учир дахин дахин эмчилгээ шаардлагатай байгаа. Мөн давж заалдах шатны шүүхээс “... түр зогсоод дахин хөдлөх үед зүүн талдаа жолооны хүрдтэй портер загварын тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуйн урд хэсэгт ирж зогссон 2 настай хүүхэд жолоочид урд салхины шилээр жолоочид харагдах боломжгүй бөгөөд мөн тээврийн хэрэгслийн толинд харагдах ямар ч боломжгүй байжээ” гэсэн дүгнэлт хийсэн. Тэгэхээр давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд байхгүй “сохор бүс” гэх зүйлийг гарган ирж шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Харин Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гаргасан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Г-  Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн гэдэг нь тогтоогддоггүй. Анхан болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож прокурорын зүгээс Ц.Г-  Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн талаар тайлбарлаж чадахгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүгчийн асуултад хариулж чадаагүй. Нөгөө талаар Замын хөдөлгөөний 1.2-т зааснаар зам гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан хучилттай буюу шороон зурвас газрыг ойлгоно. Прокурор эсэргүүцэлдээ дээрх заалтын талаар огт дурдаж бичээгүй. Уг осол болсон гэх газар ямар нэгэн таних тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, автомашин байнга зорчдоггүй. Түүнчлэн хүүхдийн асран хамгаалагч хажууд нь байсан ба эхний удаа машин хөдлөх үед хүүхдээ холдуулсан байдаг. Дараа нь 15,000 төгрөгөө авахаар зогсох үедээ хүүхдийг байхгүй гэж ойлгоод хөдөлгөөнд оролцсон байдаг. Хүүхэд тээврийн хэрэгслийн толинд харагдах ямар ч боломжгүй байсан ба давж заалдах шатны шүүх сохор бүс гэдгийг зөв тайлбарласан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г- оос насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 33,000,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г-д олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь асран хамгаалагч 2 настай хүүхдээ үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал харагддаг. Ц.Г-  нь 4-5 жил сэтгэл зүйн болон өрийн дарамтад орсон учир дээрх төлбөрийг төлөх боломжгүй. Дээрээс нь зээлтэй, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд үлдэх 700,000 төгрөгийг 4-5 жил төлөх хувийн байдалд нь тохироогүй шийдвэр гаргасан. Түүнчлэн сэтгэцэд учирсан хохирлын талаар ямар нэгэн шинжээчийн дүгнэлт гараагүй байхад 33,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байдаг” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... магадлалыг хэвээр үлдээхийг дэмжиж байна. Прокурорын яллах дүгнэлт, эсэргүүцэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох урьдчилсан нөхцөл болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн гэдгээр буруутгадаг. Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс хөдөлгөөн эхэлсэн байсан эсэх нь маш тодорхой харагддаг. Мөн сагсны талбайд буюу 40-50 метр зайтай газар гэрийг буулгаад хөдөлгөөнд оролцож явахад нь гэрч Ж.Б зогсоосон байдаг. Харин прокурорын эсэргүүцэлд анх зогсож газраасаа хөдөлж амжаагүй байсан мэтээр хийсвэр зүйл дурддаг. Гэтэл бодит байдалд “... хөдлөөд явах гэж байхад” гэдэг нь үйл хөдлөлийг бус цаг хугацааг тодорхойлсон мэдүүлэг юм. Харин гэрэл зураг болон бусад гэрчийн мэдүүлгээр тээврийн хэрэгсэл гэр буулгасан газраасаа хөдлөөд явж байсан нь тогтоогддог. Ц.Г-  анх Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнөө эхлүүлсэн ба түр зогсолт хийгээд хөдлөх явцад уг үйл явдал болсон нь тогтоогддог. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд зам гэж юуг ойлгохыг тодорхой хуульчилсан. Прокурор тэгш гадаргуу л бол зам гэж ойлгох мэтээр тайлбарлаж байна. Хууль тогтоогчийн үзэл санаа нь замаас өөр газарт ямар нэг асуудал үүсвэл өөр зүйл ангиар шалгахаар хуульчилсан байна. Тэгэхээр прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан үндэслэлүүд хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү “ гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... прокуророос анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ бол 2 настай хүүхдийг тээврийн хэрэгслээр дайрч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг. Зам тээврийг осол ерөнхий боловсролын сургуулийн хашаан доторх гэрийн хажууд гарсан байдаг. Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгахдаа хохирогчийг явган зорчигч гэж, хашаан доторх зам гэж үзэх боломжгүй гэсэн агуулгыг дурддаг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасан. Дээрх заалтыг зөвхөн зам дээр хөдөлгөөн эхлүүлэх үед мөрдөх заалт мэтээр тайлбарласан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замтай, замгүй, ямар ч орчинд эхэлж болно. Тэгэхээр тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө хаана байгаагаас үл хамааран Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т замын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг ойлгохоор, Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөхөөр заасан. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн хашааг замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамааруулж үзэх боломжтой бөгөөд энэ хашаан дотор болсон үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэмт хэрэгт хамаарна гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч “... Ц.Г- ыг хөдөлгөөн хийх үедээ хүүхэд байсан эсэхийг харах боломжгүй байсан, гэрийн гаднаас хөдөлгөөн эхлэх үед аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авсан, түр зогсоод буцаж хөдлөхдөө дахин аюулгүй байдлыг хангах шаардлагагүй, тухайн үед хүүхдийг аав нь аваад явсан буюу насанд хүрсэн хүний асран хамгаалалтад байгаа гэсэн сэтэхүй үүссэн байсан” гэх хийсвэр дүгнэлт хийсэн. Хөдөлгөөн эхэлсэн, эхлээгүй, түр зогсоод хөдөлсөн зэргээс үл хамаарч тухайн жолооч орчиндоо дүгнэлт хийх ёстой. Жолооч 2 настай хүүхэд тэвшин дээр гарсан байсан үйл баримтыг ухамсарлаж, хүүхэд хаана байгааг шалгах боломжтой байсан. Харин энэ үйлдлээ хэрэгжүүлэхгүй хайхрамжгүй хандсанаар бага насны хүүхдийн эрүүл мэнд хүнд хохирол учруулсан. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэргийн бодит байдалт нийцээгүй хийсвэр дүгнэлт хийсэн учир магадлалыг хүчингүй болгож, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хууль хэрэглээний зөрүүг арилгах зорилгоор Ц.Г- од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Жолооч Ц.Г-  нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 9 цагийн үед ХОА дугаартай “Хьюндэй портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлэхдээ орчны байдлыг биеэр шалгаж, аюул осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж чадаагүйн улмаас 2 настай Г.Г-дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж хуульд заасан төрөл, хэмжээний ялыг шүүгдэгчид оногдуулснаас гадна 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Гэтэл давж заалдах шатны шүүх хууль тогтоомж болон Замын хөдөлгөөний дүрмээр тодорхойлогдсон жолоочийн үүргийг хэт явцууруулан жолооч Ц.Г- ыг “гэм буруугүйгээр хор уршиг учруулсан” хэмээн дүгнэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн дээр энэхүү дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Тухайлбал, Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдах харилцаанд “жолоочийн сохор бүс” гэх ойлголт байхгүйн зэрэгцээ “түр зогсолт” хийсэн жолооч хөдөлгөөнийг үргэлжлүүлэхдээ “зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэхдээ аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах” үүргээс чөлөөлөгдөх учиргүй болно.

 

Тээврийн хэрэгслийн төрөл, овор хэмжээ, онцлог зэргээс шалтгаалж жолоочийн үзэгдэх орчин харилцан адилгүй байдаг ч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг ямагт сахин хангаж явахыг холбогдох эрх зүйн актаар жолоочид үүрэгжүүлсэн байтал давж заалдах шатны шүүх “ ... тээврийн хэрэгслээ унтраахгүй түр зогсоод дахин хөдлөх үедээ автомашинаасаа бууж тойрч харах, аюулгүй байдлаа дахин шалгах, дуут дохио өгөх шаардлага байгаагүй” гэж хууль, дүрмийг жинхэнэ агуулгаас илт зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

 

Түүнээс гадна “... хэрэг учрал ерөнхий боловсролын сургуулийн хашаан дотор болсон тул “зам” гэж үзэхгүй”, “... 2 настай Г.Г-замаар явж байсан “явган зорчигч” гэж дүгнэх боломжгүй” гээд бага насны хүүхдийг тээврийн хэрэгслээр дайрч хүнд хохирол учруулсан зам тээврийн ослыг “золгүй тохиолдол” гэж үзсэн нь хууль зүйн илт үндэслэлгүй буруу дүгнэлт болно.

 

Харин бага насны хүүхдийг харж хандах үүрэгтээ хайнга, хайхрамжгүй хандсан хүүхдийн эцэг болон хамт байсан насанд хүрсэн хүмүүсийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ц.Г- ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэм буруутайг тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан ялыг оногдуулахдаа тухайн зүйл, хэсэгт тусгагдаагүй зохицуулалтыг хуулийн ерөнхий ангийн тохирох зүйл, хэсгийг журамлаж хэрэглэх нь хууль хэрэглээний тогтсон жишиг болно.

 

Тухайлбал, хилийн чандад үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд, хуулийг буцаан хэрэглэх тохиолдолд, гэмт хэрэг үйлдэхээр завдсан, бэлтгэсэн үйлдэлд ял оногдуулахад, эсхүл гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдэд ялыг ялгамжтай оногдуулах зорилгоор ерөнхий ангийн тохирох зүйлийг иш татан журамлаж хэрэглэдэг билээ.

 

Гэтэл анхан шатны шүүх Ц.Г- од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан ялыг оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу оногдуулах ялын төрлийг журамласан явдал нь хуулийн буруу хэрэглээ тул үүнийг зөвтгөж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

             1. Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

2. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27ы өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэсэн хэсгийг хасч, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ                                                     Ч.ХОСБАЯР

 

                                     ШҮҮГЧ                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                                         С.БАТДЭЛГЭР

 

                                                                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                  Б.ЦОГТ