Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01143

 

Н.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/00652 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Өийн хариуцагч “ССМ” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагад 2011 онд үйлчилгээний ажилтнаар ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллахдаа сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “ССМ” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Манай байгууллага ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг байнга зөрчдөгөөс болоод хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон цахим орчноос нэр нь салдаггүй. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга тэргүүлэгч нар ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалахаар байгууллагынхаа удирдлагад шаардлага тавихаар хууль бус шийдвэр гарган ажилчдыг өдөөн турхирсан, хуурамч мэдээлэл цацсан, байгууллагын нууцад халдсан гэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдаж сахилгын шийтгэл ногдуулан намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох “ССМ” ХХК-ийн үйлчилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халагдсан өдөр болох 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш анхан шатны шүүх хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ө нь “ССМ” ХХК-д хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны гэрээтэйгээр Үйлчилгээний ажилтан ажлын байранд ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн. Н.Ө нь сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байсан. Тухайлбал, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажлын байрны үзлэг хийж явах үед Н.Ө ажлын байранд ор тавьсан байсныг олж илрүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 23-нд компанийн өмчлөлд хамаарах мэдээлэл буюу албан бичгийг нийт ажилтнуудын дунд уншиж, бичиг дээрх мэдээллийг мушгиж, гуйвуулан тайлбарласан нь ажилтнуудыг ажилдаа гарахаас өмнөх сэтгэл санааг үймүүлж, аюулгүй байдалд болзошгүй эрсдэлийг үүсгэх зөрчил гаргасан. Гаргасан зөрчилтэй нь холбогдуулан Н.Өт зөрчлийн хор уршгийг тайлбарлах, зөвлөх үүднээс хэлтсийн удирдлагатай уулзахыг үндэслэлгүй татгалзсаны уулзсан байдаг. Энэхүү уулзалтаар гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байхаас гадна уулзалтын дараа зүй ёсны шаардлага тавьсан удирдах ажилтнаа үндэслэлгүйгээр гүтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөндлөнгийн хүмүүст компанийн дотоод асуудалтай холбоотой буруу ташаа, бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг тарааж, компанийн төдийгүй, хүний нэр төрд халдсан үйлдлийг нэмж гаргасан. Иймд Н.Өийн гаргасан үйлдлүүд дээр аман сануулга удаа дараа өгсөн байсан боловч үйлдлээ ухамсарлахгүй давтан ёс зүйгүй үйлдлүүдийг гаргасан тул 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан зөрчлийг танилцуулж, бичгээр анхааруулсан. 2019 оны 3 дугаар сарын 23-нд аюулгүй ажиллагааны хурал хийгдэж байх үед хурлыг үймүүлсэн зөрчлийг дахин гаргаж, эмх замбараагүй байдлыг ажилтнуудын дунд үүсгэсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олон нийтийн сүлжээний хэрэгслийг ашиглан байгууллагын үйл ажиллагааны талаар үндэслэл, нотолгоо баримтгүй буруу ташаа, бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг орон даяар мэдээлсэн зөрчлийг гаргасан. мөн оны 11 дүгээр сарын 30-нд хурлыг үймүүлж, ажилтнуудад компанийн гаргасан шийдвэрийн талаар буруу ташаа, гуйвуулсан мэдээлэл тараасан зөрчлийг гаргасан. Н.Өийн зөрчлүүдийг “Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлын Аюулгүй ажиллагааны зөрчлийн тухай журмын 6.1, 6.2, 6.5.2, 7.1 дэх заалт, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталсан Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 3.1, 10.2.4, 10.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1, 11.3, 11.5, 11.6 дах заалтуудыг тус тус мөрдлөг болгон зөрчлийг илрүүлж, ажилтанд танилцуулж, зөвлөмж, зөвлөгөө, анхааруулгыг хууль журмын дагуу хэрэгжүүлэн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар тухай бүр авсан байдаг. Иймд Н.Өийн зөрчлүүд нь ажилтнуудыг ажлын байран дээрх аюулгүй байдлын зааварчилгаа авах, компани цагтаа ажлаа эхлүүлэхэд саад болж хэвийн үйл ажиллагааг алдагдуулах улмаар ажилтнуудад сэтгэл зүйд удаа дараа нөлөөлж, амь нас, эрүүл мэндэд нь болзошгүй эрсдэл учруулах үйлдлүүд тул тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан бичгээр сануулга өгсөн. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 07, 22, 30-ны өдрүүдэд гаргасан зөрчлүүд нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.7, 5.1.10, 5.1.16 ба 5.1.18-д заасан ноцтой зөрчил байсан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан. Иймд Н.Өийн гаргасан нэхэмжлэхийг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ССМ ХХК-иас 3 585 624 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Өт олгож, олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ССМ ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох ССМ ХХК-ийн үйлчилгээний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Ө нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72 320 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Өийн хувьд 2011 оноос эхлэн хариуцагч “ССМ” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үйлчилгээний ажилтнаар байнгын ажлын байранд тасралтгүй ажилласаар ирсэн. Тус хариуцагч компани нь “Оюу толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компани тул “Оюу толгой” ХХК-тай Хамтран ажиллах гэрээний хугацаанд ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ жил бүр сунгаж явдаг бөгөөд Н.Өийн ажиллаж байсан ажлын байр өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байгаа юм. Гэтэл шүүхээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилохгүй орхигдуулан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан. Иймд шүүхээс нэгэнт тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг тогтоосон тул дээрх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь тооцож цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй юм. Гэтэл шүүхээс хөдөлмөрийн гэрээний хугацааг автоматаар цуцлагдах ёстой байсан мэтээр тооцон үзэж ажилгүй байсан хугацааны олговрыг хөдөлмөрийн гэрээний дуусах хугацаагаар тооцон дутуу олгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш хуульд заасан хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч талаас үл хамаарах шалтгаанаар шүүх хуралдаан зарлагдахгүй, удааширч байсан бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчийн хувьд ажил хөдөлмөргүй, цалин хөлсгүй маш удаан хугацаанд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөөр ирсэн тул зөрчигдсөн эрхийг нь бүрэн тогтоож ажилгүй байсан бүх хугацаанд цалин хөлсийг олгох нь зүйтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан “ССМ” ХХК-ийн үйлчилгээний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулахаар зааж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Н.Ө нь ССМ ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч Н.Ө нь ССМ ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, үйлчилгээний хэлтэст үйлчилгээний ажилтан албан тушаалд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай ажиллахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 5-8 дугаар тал/

            Хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн HR2-1181 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.7.9, 11.7.18. 11.7.22, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.10, 5.1.16 5.1.18 дах заалтыг үндэслэн дээрх хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хэргийн 2 дугаар тал/

            Нэхэмжлэгч Н.Ө нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан байна. /хэргийн 1 хуудас/

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан тул ажилд эгүүлэн томилохгүй, нэхэмжлэгчээс удаа дараа ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан” гэх агуулгаар тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч Н.Ө нь дээрх хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Тодруулбал, нэхэмжлэгч Н.Ө нь ажлын байранд ор тавьсан, нэр бүхий удирдах ажилтны нэрийг барьж худал хэлсэн, 2019 оны 1 дүгээр сарын 23-нд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх хурлын үеэр ажилтнуудыг ажилдаа гарахаас өмнөх сэтгэл санааг үймүүлж, аюулгүй байдалд болзошгүй эрсдэлийг үүсгэх зөрчил гаргасан, 2019 оны 3 дугаар сарын 23-нд зөрчлийг дахин гаргасан, 2019 оны 10 дугаар сарын 31-нд олон нийтийн сүлжээний хэрэгслийг ашиглан байгууллагын үйл ажиллагааны талаар үндэслэл, нотолгоо баримтгүй буруу ташаа, бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг орон даяар мэдээлсэн зөрчлийг гаргасан, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажилтнуудад компанийн гаргасан шийдвэрийн талаар буруу ташаа, гуйвуулсан мэдээлэл тараасан зөрчлийг гаргасан гэх боловч уг үйлдэл нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон ноцтой зөрчил болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтан хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсний хэмжээтэй холбоотойгоор ажил олгогчид байгууллагын хуралдааны үеэр мэдэгдэж өөрийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж, энэ талаар цахим мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгснийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцох үндэслэлгүй.

            Түүнчлэн, хариуцагч өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

            Харин талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан боловч хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах эсэх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна. Учир нь уг гэрээг цаашид сунгахгүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба уг тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөнөөс хойш буюу талуудын хооронд үүсээгүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

             Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Н.Өт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг түүний нэхэмжилсэн хугацааны буюу 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 15 сар 15 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нь зүйтэй.

            Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно.” гэж заасны дагуу Н.Өийн ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 939 112 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 42 686 төгрөг болох нь хэрэгт авагдсан Н.Өийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч 15 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны олговорт 14 726 970 төгрөгийг гаргуулах эрхтэй байх боловч нэхэмжлэгчээс 12 795 510 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар талуудын зарчмын дагуу хариуцагчаас 12 795 510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоор нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар хийлгүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангав.               

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/00652 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Өийг “ССМ” ХХК-ийн үйлчилгээний хэлтсийн Үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “ССМ” ХХК-аас 12 795 510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Өт олгосугай.” гэж, 2 дах заалтыг нэмж “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “ССМ” ХХК-д даалгасугай.” гэж, 2 дах заалтыг 3 гэж, 3 дах заалтыг 4 гэж дугаарлан, мөн заалтын “72 320” гэснийг “219 678” гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ДАВААДОРЖ
 

        ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР


                                                  С.ЭНХТӨР