Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батжаргал, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Улсын яллагч Т.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Иргэдийн төлөөлөгч Д.Дагвадорж,

            Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон Н овогт Б.Ахолбогдох 1711013900034 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Дарви сумын 3 дугаар баг, Мөрөнд оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 679 б тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Наран овогт Баасандоржийн Алтангэрэл (РД:ПД74042314),

нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-597б тоотод оршин суух иргэн П.Батчулууны гэрт түүнтэй хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаж, түүний зүүн гарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянхошуунд айлд байшин барих ажилд тусалж байтал тэнд найр болоод надад 1 шил архи өгсөн. Тэрийгээ аваад гэртээ ирээд би унтаад өгсөн. Намайг унтаж байх хооронд Ганбат, Батчулуун хоёр миний архийг хувааж уусан байсан. Өглөө сэрээд байж байтал Ганболд орж ирэхээр нь би энд байсан архи харсан уу гэж асуухад Ганболд, Батчулуун бид хоёр хувааж уусан гэж хэлсэн. Тэгээд би эгчийндээ ороод байж байхад Ганболд, Батчулуун хоёр 1 шил Стандарт нэртэй архи аваад ирсэн. Би Батчулуунаас та 2 миний архийг уусан байна гэж хэлэхэд Батчулуун бид хоёр уугаагүй гэж хэлсэн. Тэгээд бид гурав авсан архиа хувааж уугаад дараа нь дахиад 1 шил Стандарт уугаад Ганбатын гэрт нь очиж гэрийг нь буулгаж байтал Ганбатын эхнэр орж ирсэн, тэгээд эхнэр нь уурлаад гэрээс нь гараад Батчулууны гэрт нь очтол Батчулуун Энхбат хоёр 1 жил архи хувааж ууж байсан. Тэгээд бид 3 тэр архийг хувааж ууж байгаад маргалдаад нэг мэдэхэд тийм зүйл болсон байсан. Надаас эмчилгээний зардал нэхэмжилсэн, би түүнд 1.500.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

            Хохирогч П.Батчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Алтангэрэлийн гэрт орсон чинь Алтантүрүү нэртэй 0,75 литр архи 1 шилийг тавьчихсан байсан. Уг архиных нь тал шилийг хувааж уугаад салцгаасан юм. Тэгээд би гэртээ харьж амарсан. Маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө би 06 цаг болж байхад Хүчит шонхор зах руу гарч ажлаа хийсэн. Тэгээд 11 цаг болж байхад гэртээ ирсэн чинь Алтангэрэл манай хажуу талын Саранчимэг гэж хүний гэрт ирчихсэн байсан. Алтангэрэл өчигдөр чи миний архийг уусан. Тийм учраас өнөөдөр надад архи авч өг гэж надад хэлсэн. Тэгээд Алтангэрэлд Стандарт нэртэй 0,75 литрийн архи 1 шил, Их монгол нэртэй 0,75 литрийн архи 1 шил, нийт 2 шил архи авч өгсөн. Тэгээд би гэртээ ирээд дахиж 1 шил архи аваад гудамжинд Хонгороотой таараад гэртээ цуг ороод хамт ууж эхэлж байхад Алтангэрэл манай гэрт орж ирсэн. Тэгээд Алтангэрэл миний үгийг сөрөөд байсан. Та хоёр булагнаж архи уулаа гээд байсан. Би гэрийн хоймор хэсэгт сууж байсан. Алтангэрэл миний зүүн талд сууж байсан. Тэгээд би Алтангэрэлд архи авч өгсөн дахиад хүнээс архи битгий нэхээд давраад бай гэж хэрэлдсэн. Тэгээд нэг мэдсэн чинь миний зүүн гарын бугалганы хэсэгт хутгалсан. ....Тэгээд эхнэрийн дүү Батдэлгэрийн гэрийн үүдэнд очоод ахыг чинь Алтангэрэл хутгалчихлаа гэж хэлээд би ухаан алдаад унасан байсан..., манай гэрт Хонгороо гэж дууддаг залуу байсан. Хонгороогийн бүтэн нэрийг Энхбат гэдэг юм. Хонгороо болсон асуудлын талаар мэдэж байгаа. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалд гарсан 2.770.700 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

            Гэрч Т.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 17 цаг болох гэж байхад тамхи авах гээд гэрээсээ гарсан юм. Тэгээд явж байгаад Батчулуунтай таарсан. Батчулуун тухайн үед 1 шил архи авчихсан явж байсан. Тэгээд Батчулууны гэрт очсон. 18 цаг өнгөрч байхад Батчулууны гэрт Алтангэрэл ороод ирсэн. Батчулуун Алтангэрэлд ууж байсан архиа хийгээд өгсөн. Хэсэг байж байгаад Батчулуун Алтангэрэлийг өдөөд байсан. Мах идэж байхад махан дээр байсан хутгыг Алтангэрэл шүүрч аваад Батчулууны зүүн гарын хэсэгт хатгасан. Батчулуун Алтангэрэлийг хутгаар хатгачихлаа гээд гэрээсээ гараад гүйсэн. Батчулууны зүүн гараас цус нилээн гарсан. Тэгэхээр нь би гараад яваад өгсөн. Би согтуу байсан болохоор маргалдаж байгаа асуудлыг нь сайн ойлгоогүй” гэжээ.

            Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.10-ны өдрийн ¹12392 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.П.Батчулууны биед зүүн бугалганы артерийн доод 1/3-г тасалж гэмтээсэн тохойн шарх, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Б.А нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-597б тоотод оршин суух иргэн П.Батчулууны гэрт Г.Энхбат нартай архи ууж байх үедээ П.Батчулуунтай маргалдаж, улмаар мах идэж байсан хутгаар түүний зүүн гарт хутгалснаас хохирогчийн биед зүүн бугалганы артерийн доод 1/3-г тасалж гэмтээсэн тохойн шарх, зүүн шуунд шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Батчулууны “...гэртээ ирсэн чинь Алтангэрэл манай хажуу талын Саранчимэг гэж хүний гэрт ирчихсэн байсан. Алтангэрэл өчигдөр чи миний архийг уусан. Тийм учраас өнөөдөр надад архи авч өг гэж надад хэлсэн. Тэгээд Алтангэрэлд Стандарт нэртэй 0,75 литррийн архи 1 шил, Их монгол нэртэй 0,75 литрийн архи 1 шил, нийт 2 шил архи авч өгсөн. Тэгээд би гэртээ ирээд дахиж 1 шил архи аваад гудамжинд Хонгороотой таараад гэртээ цуг ороод хамт ууж эхэлж байхад Алтангэрэл манай гэрт орж ирсэн. Тэгээд Алтангэрэл миний үгийг сөрөөд байсан. Та хоёр булагнаж архи уулаа гээд байсан. Би гэрийн хоймор хэсэгт сууж байсан. Алтангэрэл миний зүүн талд сууж байсан. Тэгээд би Алтангэрэлд архи авч өгсөн дахиад хүнээс архи битгий нэхээд давраад бай гэж хэрэлдсэн. Тэгээд нэг мэдсэн чинь миний зүүн гарын бугалганы хэсэгт хутгалсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Энхбатын “Батчулууны гэрт Алтангэрэл ороод ирсэн. Хэсэг байж байгаад Батчулуун Алтангэрэлийг өдөөд байсан. Мах идэж байхад махан дээр байсан хутгыг Алтангэрэл шүүрч аваад Батчулууны зүүн гарын хэсэгт хатгасан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.10-ны өдрийн ¹12392 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эмчилгээний зардлын баримтууд, хохирогч П.Батчулууны шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Наран овогт Баасандоржийн Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн эмчилгээний зардалд гарсан зардалд 1.500.000 төгрөг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Хохирогчоос эмчилгээний зардалд 2.770.700 төгрөг нэхэмжилсэн бөгөөд  шүүгдэгчээс хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх бичгийн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн тогтоолоор шүүгдэгч Б.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул түүний цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Н овогт Б.А Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Аийг 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  

5.Шүүгдэгч Б.Аээс бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

 

ШҮҮГЧИД                                                            С.БАТЖАРГАЛ

 

                                                                           Б.ХАЛИУН