Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 536

 

Б.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батжаргал, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1711013900034 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Наран овогт Б.А-, 1974 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

Б.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-597Б тоотод оршин суух иргэн П.Батчулууны гэрт түүнтэй хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаж, түүний зүүн гарын шуунд хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие гэм буруугаа хүлээн, үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад хохирогчийн нотлох баримттайгаар нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч нь цаашид гомдол, саналгүй болсон тухайгаа шүүхийн шатанд бичгээр илэрхийлсэн болно. Эдгээрийг болон миний анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэн надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Мянган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, шүүгдэгч Б.А- нь эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Б.А- нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-597Б тоотод оршин суух иргэн П.Батчулууны гэрт түүнтэй хамт архи ууж байхдаа “Надаас нууж архи уусан” гэх асуудлаар маргалдан, улмаар зүүн гарт нь хутгалж түүний эрүүл мэндэд “зүүн бугалганы артерийн доод 1/3-г тасалж гэмтээсэн” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;

- хохирогч П.Батчулуун /хх-ийн 28-29/, гэрч Г.Энхбат /хх-ийн 38-39/, шүүгдэгч Б.А- /хх-ийн 143/ нарын гэмт хэрэг гарсан байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

-  хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-26/,

- хохирогч П.Батчулууны биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12392 дугаартай дүгнэлт /хх-ийн 48/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож зохих ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д тухайн зүйлд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулсан байх бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх байгууллагын дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.А-ээс хохирогч П.Батчулууны эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг төлсөн гэх бөгөөд хохирогч нь “...нэхэмжилж буй мөнгөнийхөө ихэнх хэсгийг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн утга агуулга бүхий хүсэлтийг шүүхэд бичгээр илэрхийлсэн тул гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол арилсан гэж дүгнэлээ.

Иймээс шүүгдэгч Б.А-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 4 жилийн хорих ялыг оногдуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Б.А-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.А-ийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.А-ийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                     Н.БАТСАЙХАН