Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01160

 

 

“П КББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/01164 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “П КББСБ” ХХК-ийн хариуцагч Т.Г, Ж.Г нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 36 306 826.03 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ж.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П КББСБ” ХХК нь Т.Г, Ж.Г нартай 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-1790000391 тоот зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Улсын бүртгэлийн Ү-2202003936 дугаартай Т.Гантулгын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 30 дугаар байр, 17 тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд гэрээг улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн. Мөн Ж.Гтэй батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дууссан боловч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа болно. Иймд хариуцагч Т.Г, Ж.Гээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 22 814 434,92 төгрөг, зээлийн хүү 12 196 034,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 296 356,75 төгрөг, нийт 36 306 826,03 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 30 дугаар байр, 17 тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Т.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие                 5 000 000 төгрөгийн зээл авахаар нэхэмжлэгч байгууллагад хандах гэж байхад Ж.Гээс 20 000 000 төгрөгийг нэмээд зээлээд өг, манай компанид удахгүй их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн. Иймд “П КББСБ” ХХК-иас зээл авахаар болж 25 000 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр авсан. Миний бие нь 5 000 000 төгрөг, Ж.Г 19 750 000 төгрөг тус тус авсан. Ингээд миний дансанд 24 750 000 төгрөг шилжин орж ирэхэд Ж.Г өөрийн 5015269595 тоот данс руу 19 750 000 төгрөгийг шилжүүлэн авсан. Иймд “П КББСБ” ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ж.Гээр хангуулах, авсан зээлийн үнийн дүнгийн хэмжээгээр төлбөрийг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. “П КББСБ” ХХК нь шаардлага хангаагүй, санхүүгийн бололцоогүй хүнтэй батлан даалтын гэрээ хийж, хамтран зээлдэгчээр оруулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байвал гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие “П КББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өнгөрсөн хугацаанд төлбөрүүдийг төлж байсан ба нэхэмжлэл гаргахдаа талуудын тооцоо нийлээгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Г, Ж.Г нараас 36 306 826 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П КББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003936 дугаарт бүртгэгдсэн Т.Гантулгын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 30 дугаар байр, 17 тоотод байрлах 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “П КББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 490 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Г, Ж.Г нараас 339 490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П КББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие тус иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд тус хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдож хийгдэхээс өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай гэр бүл короновирусын халдвартай болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Д.Нэргүй гэж хүний нэгдүгээр хавьтал болж гэрийн хорионд орсон. Үүнийгээ нотолсон баримт болох Чингэлтэй дүүргийн 6-р хорооны засаг даргын тодорхойлолтыг шүүхийн цахим хаягаар илгээсэн. Миний бие цар тахлын журмын дагуу гэрийн хорионд байсан шалтгааны улмаас шүүх хуралд биечлэн оролцож өөрийн эрх ашгийг хамгаалж чадсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шүүх хуралдаанд биечлэн оролцож өөрийн эрх ашгийг хамгаалах боломжийг олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Паблик кредит” ББСБ ХХК нь хариуцагч Т.Г, Ж.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 36 306 826 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ж.Гээс коронавирусын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болж, тусгаарлагдсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтын хамт шүүхийн цахим хаягаар 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчжээ. /хэргийн 115,116 дугаар тал/

Нөгөөтэйгүүр, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад анхан шатны шүүхээс хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Зохигчдын шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар өгөх, нотлох баримт гаргах, тэдгээрийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцож мэтгэлцэх эрхийг шүүхээс хангах үүрэгтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч “П КББСБ” ХХК болон хариуцагч Т.Г нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ, “П КББСБ” ХХК болон хариуцагч Т.Г, Ж.Г нарын хооронд мөн өдөр батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан байна. /хэргийн 14,15, 19,20 дугаар тал/ Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ батлан даалтын гэрээний агуулга, шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлолгүйгээр зөвхөн зээлийн гэрээний харилцааны хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүх хуралдааны тэмдэглэл 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, шийдвэр 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэж зөрүүтэй байдлаар огноолсон байна.

            Давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг арилгах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/01164 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч Ж.Гийн 339 484 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                      ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

                                                                                                С.ЭНХТӨР