Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2021/01164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ...тоот хаягт байрлах “ПК” ХХК,

                Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод оршин суух, Т.Г,

                Хамтран хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод оршин суух, Ж.А нар,

                Зээлийн гэрээний үүрэг болох 36.306.826,03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч “ПК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ПК” ХХК нь Т.Г, Ж.А нартай 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-17...91 тоот зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн.

        Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Улсын бүртгэлийн Ү-220...6 дугаартай Т.Г-ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, ...тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд гэрээг улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн.

         Мөн Ж.А-тай батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дууссан боловч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа болно.

       Иймд хариуцагч Т.Г, Ж.А-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 22.814.434,92 төгрөг, зээлийн хүү 12.196.034,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.296.356,75 төгрөг, нийт 36.306.826,03 төгрөг гаргуулж өгнө үү.

     Хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, ...тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

       Хариуцагч Т.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр Дорноговь аймгийн төв Сайншандад төрсөн ахын хамт өөрсдийн хөрөнгөөр худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьж байгаад хүйтэрч 80 хувийн гүйцэтгэлтэй орхиж, Улаанбаатар хотод ирсэн. 2019 оны эхээр найз Ж.А-аас өөрийн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар очсон. Учир нь 2017 оны 12 дугаар сард Ж.А надтай уулзахад “захирал н.Уранчимэг Япон улс руу явж Монголд үнэт чулуун эдлэлийн дэлгүүр оруулж ирэх юм. Түүний ирж, очих замын зардал хэрэгтэй байна. Чи найздаа тусал, надад итгэн итгэмжлэл хийж өгөөч, байраа зээлийн барьцаанд тавиулчих, найз нь өөрийнхөө нэр дээр зээл гаргуулна. Эргээд үйл ажиллагаа жигдрээд ирэхээр чиний барилгын ажилд хүүгүй мөнгөөр тусална” гэснээр тохиролцон итгэмжлэл хийлгүүлж авсан юм.

         Ж.А бид хоёр арван жилийн нэг ангид сурч байсан олон жил үерхэн нөхөрлөж яваа найзууд тул ярьсан хэлсэндээ байж надад 2018 оны 07 дугаар сард 5.000.000 төгрөгөөр тусалж, тухайн үеийн хамтын ажил аман тохироо амжилттай дуусаад ордер чөлөөлсөн байсан.

      Үнэт чулууны дэлгүүр нь “Ц таувер” төвийн 2 дугаар давхарт одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа. Ингээд би байрны ордероо авч Дорноговь аймагт ажил хийсэн хүмүүсийнхээ цалингийн дутууг гүйцээж өгөх гээд 5.000.000 төгрөгийн зээл авахаар очиход Ж.А “чи найздаа 20.000.000 төгрөг нэмээд аваад өгчих цагаан сарын дараа манай компанид гаднаас их хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгө орж ирнэ. Урдынх шигээ чамд тусална. Чи өөрийнхөө нэр дээр зээл авчих гэж гуйсны дагуу бид “ПК” ХХК-иас зээл авахаар болж 25.000.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр авсан. Миний бие нь 5.000.000 төгрөг, Ж.А 19.750.000 төгрөг тус тус авсан. Ингээд миний дансанд 24.750.000 төгрөг шилжин орж ирэхэд Ж.А өөрийн 50...5 тоот данс руу 19.750.000 төгрөгийг шилжүүлэн авсан.

         Зээлийн эргэн төлөх хугацаа 3 сар гэж байсан боловч гэрээд гарын үсэг зурах үед Ж.А урт хугацаатай хийчихье гэхээр нь зөвшөөрсөн. Ж.А авсан мөнгөө юунд зарцуулснаа надад хэлээгүй, асуухаар, сонирхоод хэрэггүй л гэдэг.

        Зээл төлөх хугацаа болоход мөнгө орж ирээгүй байна гээд төлөхгүй болохоор нь арга ядаад би эхний төлбөрийг хугацаа хойшлуулж, дараа нь 2.000.000 гаруй төгрөг төлсөн. Үүний дараа Ж.А нэлээд хугацаа хожимдуулж 1 удаа  төлөлт хийсэн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй 2 жил гаруй болж байна. Иймд “ПК” ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ж.Аээр хангуулах, авсан зээлийн үнийн дүнгийн хэмжээгээр төлбөрийг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. “ПК” ХХК нь шаардлага хангаагүй, санхүүгийн бололцоогүй хүнтэй батлан даалтын гэрээ хийж, хамтран зээлдэгчээр оруулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байвал гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

      Хариуцагч Ж.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие “ПК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өнгөрсөн хугацаанд төлбөрүүдийг төлж байсан ба нэхэмжлэл гаргахдаа талуудын тооцоо нийлээгүй гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “ПК” ХХК нь хариуцагч Т.Г, Ж.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 36.306.826 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргажээ.

      Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Т.Г, Ж.А нарын хүсэлтийн дагуу 25.000.000 төгрөгийн зээл олгосон. Тэд хамтран зээлдэгч тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Т.Г, Ж.А нар зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон...” гэж,

      Хариуцагч Т.Г  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...Ж.А бид хоёр 10 жилийн найзууд, би 5.000.000 төгрөгийн зээл авахаар очиход, Ж.А 20.000.000 төгрөг нэмээд аваад өгчих цагаан сарын дараа манай компанид гаднаас их хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгө орж ирнэ. Урдынх шигээ чамд тусална. Чи өөрийнхөө нэр дээр зээл авчих гэж гуйсны дагуу бид “ПК” ХХК-иас зээл авахаар болж 25.000.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр авсан. Миний бие нь 5.000.000 төгрөг, Ж.А 19.750.000 төгрөг тус тус авсан. Ингээд миний дансанд 24.750.000 төгрөг шилжин орж ирэхэд Ж.А өөрийн 50...5 тоот данс руу 19.750.000 төгрөгийг шилжүүлэн авсан. “ПК” ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ж.Аээр хангуулах, авсан зээлийн үнийн дүнгийн хэмжээгээр төлбөрийг барагдуулна” гэх,

    Хариуцагч Ж.А нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ”...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, өнгөрсөн хугацаанд төлбөрүүдийг төлж байсан, нэхэмжлэл гаргахдаа талуудын тооцоо нийлээгүй” гэх, тайлбар тус тус гарган мэтгэлцэж байна.

       Шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

      Нэхэмжлэгч “ПК” ХХК нь Т.Г нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Т.Г, Ж.А нар нь 25.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 14-20 тал/

       Нэхэмжлэгч “ПК “ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний зүйл 25.000.000 төгрөгийг хариуцагч Т.Г-ын Хаан банк дахь 5376174858 тоот дансанд шилжүүлсэн байх бөгөөд Т.Г  2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ж.А-ын Хаан банк дахь 50...5 тоот дансанд 19.750.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, депозит дансны хуулга, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

      Зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нараас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

      Дээрх гэрээгээр хариуцагч нар 25.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн байх ба гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдөр дуусахаар тохиролцжээ.

     Хариуцагч Ж.А, Т.Г нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч Т.Г Эрхийн улсын бүртгэлийн Ү-220...6 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, ...тоотод байрлах, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр барьцааны гэрээ, Ж.А 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлан даалтын гэрээ тус тус байгуулж, үүргийн гүйцэтгэлийг  хангуулах аргуудыг хэрэглэсэн байна.

       Талууд үндсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлснээр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

     Талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал болон зээлийн эргэн төлөлтийн үнийн дүн болон төлөгдөөгүй гэх зээлийн үнийн дүнгийн хэмжээний талаар маргахгүй байгаа болно.

      Хариуцагч Ж.А нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байгаа боловч тухайн гэрээний зээлдэгч тал болж, Т.Г-ын хамт оролцсон, гэрээний дагуу “ПК“ ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн 25.000.000 төгрөгөөс 19.750.000 төгрөгийг хүлээн авсан байхын зэрэгцээ Т.Г, Ж.А нар харилцан тохиролцож, “ПК” ХХК-иас зээл авсан нь тэдний хүсэл зоригоос гадуур хэлцэл хийгдсэн гэж үзэх нөхцөл байдал зохигчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул тэднийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхээр байна.

       Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

       Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 3.1.4-т зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /х.х-ийн 14 тал/

      Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 24-ний  өдөр дууссан  боловч, хариуцагч нар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн үлдэх хэсэг, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй.

       Хариуцагч Т.Г, Ж.А нар зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрт 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 4.225.750 төгрөг төлсөнд зохигч маргаагүй, хариуцагч нар 2019 оны 05 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргажээ.

     Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй, зөрчигдөж зээлийн төлбөрт зээлийн үлдэгдэл 22.814.734,92 төгрөг, зээлийн хүү 12.196.034,36, нэмэгдүүлсэн хүү 1.296.356,75 төгрөг, нийт 36.306.826,03 төгрөг төлөгдөөгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, зээлийн тооцоолол, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан талаарх нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. /х.х-ийн 23, 41-45 тал/

         Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцооллын баримтыг хариуцагч нар ямар нэгэн баримтаар үгүйсгээгүй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна”, 42 дугаар зүйлийн 42.2-т “зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж тус тус зохицуулсан байх тул хариуцагч өөрийн татгалзлаа нотлох холбогдох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй  гэж үзнэ.

       Хариуцагч Т.Г, Ж.А нар зээлийн үүргийг хариуцахаар нэхэмжлэгч “ПК” ХХК-ийн өмнө үүрэг хүлээсэн хамтран хариуцагч болох ба зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй тул тэднийг зээлийн үүргийг бүхэлд нь хариуцах үндэслэлтэй гэж үзнэ.

       Иймд хариуцагч Т.Г, Ж.А нараас зээлийн үүрэгт 36.306.826 төгрөгийг гаргуулж,нэхэмжлэгч “ПК” ХХК-д олгож, хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар зээлийн барьцаа хөрөнгө Эрхийн улсын бүртгэлийн Ү-220...6 дугаарт бүртгэгдсэн Т.Г-ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, ...тоотод байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

       Шүүх хариуцагч Т.Г, Ж.А болон түүний өмгөөлөгч Г.Т нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, гарын үсэг зуруулсан, өмгөөлөгч Г.Т-д шүүгчийн туслах Г.З 2021 оны 05 дугаар сарын 21, 27-ны өдрүүдэд утсаар холбогдож, энэ тухай тэмдэглэл үйлдсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

      Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ын “хариуцагч болон өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт”-ийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

       Хариуцагч Ж.А нь товлогдсон шүүх хуралдаанд ковидын улмаас хүрэлцэн ирэх боломжгүй тухайгаа мэдэгдэж, өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн байх боловч шүүх урьд өмнө түүний хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан байх ба энэ удаад хүсэлтэд дурдсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж, шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна. /х.х-ийн 115-117 тал/

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.Г, Ж.А нараас  36.306.826 /гучин зургаан сая гурван зуун зургаан мянга найман зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ПК” ХХК-д олгосугай.

         2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү-220...6 дугаарт бүртгэгдсэн Т.Г-ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, ...тоотод байрлах 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

       3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “ПК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339.490 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Г, Ж.А нараас 339.490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ПК” ХХК-д олгосугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                            Ж.ЦЭНГЭЛ