Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01161

 

Б.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/01169 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Тын хариуцагч ЧДЗДТГхолбогдуулан гаргасан 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын ээлжийн амралтын олговор 1 453 261 төгрөг, 2020 оны 3, 4, 5 дугаар саруудын цалин 1 122 398 төгрөг, нийт 2 575 659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн “Гэгээлэн төв”-д галч, сахиулаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажилласан. Ажилд томилох тушаалын дагуу тус ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахдаа ямар нэг ажлын алдаа дутагдал гаргалгүй, үнэнч шударга ажиллаж байсан. Нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажлаа хийсэн бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халсан талаар мэдэгдэж, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халсан тушаал нэхэмжлэгчид өгсөн боловч тус тушаал нь бүр 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөр огноолсон байсан. Иймд 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын ээлжийн амралтын олговор 1 453 261 төгрөг, 2020 оны 3, 4, 5 дугаар саруудын цалин 1 122 398 төгрөг, нийт 2 575 659 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэгээлэн төв нь түүхий нүүрсээр галлагаа хийдэг байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч түүхий нүүрсийг түлэх боломжгүй болсон тул 2020 оны 02 дугаар сараас нэхэмжлэгч Б.Тыг ажиллуулах боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Б.Т 2016, 2017, 2018, 2019, 2020 оны ээлжийн амралтын мөнгө буюу 1 453 261 төгрөгийг Тамгын газраас нэхэмжилсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт ээлжийн амралтын талаар зохицуулсан боловч ээлжийн амралтын мөнгийг нөхөж олгох хуулийн зохицуулалт байхгүй. Б.Тыг ажлаас чөлөөлсөн тушаал дээр ээлжийн амралтын болон санхүүгийн холбогдох тооцоо хийж дуусгахыг Засаг даргын Тамгын газрын ахлах нягтлан бодогч Н.Амаржаргалд даалгасан бөгөөд тушаалын дагуу холбогдох тооцоог хийж дуусгасан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,128 дүгээр зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын ээлжийн амралтын олговор 1 453 261 төгрөг, 2020 оны 3, 4, 5 дугаар саруудын цалин 1 122 398 төгрөг, нийт 2 575 659 төгрөг төгрөг гаргуулахыг хүссэн Б.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг буруу тооцсон байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2020 оны 02 дугаар сараас хойш цалин олгоогүй боловч мөн оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан, мөн оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн болохыг мэдэж, ажлаа хүлээлгэн өгсөн” талаар тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тын ажлаа хүлээлгэн өгсөн, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс гомдол гаргах хугацааг тоолох ёстой байсан. Нэхэмжлэгч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулантай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ зөрчсөн өмгөөлөгч Т.Султанбекэд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор хариуцлага хүлээлгэж, түүнийг үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалахгүй хохироосон болохыг тогтоосон. Өмгөөлөгч Т.Султанбекийн гэрээний үүргээ зөрчсөн, холбогдох баримтыг авч яваад өгөөгүй зэрэг үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол бичгийн хэлбэрээр албажиж гараагүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт заасныг зөрчиж, холбогдох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу юм. Мөн шүүх нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд тасралтгүй цалин хөлс авсан” гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Цалин хөлс авсан эсэхээс үл шалтгаалан ажилтанд ээлжийн амралт олгох, ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгох үүрэг ажил олгогчид байх бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хууль, Ээлжийн амралт олгох заавар, Ээлжийн амралтын олговор олгох журмын 2-т заасантай нийцэхгүй. Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч ЧДЗДТГхолбогдуулан 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын ээлжийн амралтын олговор              1 453 261 төгрөг, 2020 оны 3, 4, 5 дугаар саруудад цалин 1 122 398 төгрөг, нийт 2 575 659 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Б.Т нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн Гэгээлэн төвийн сахиул, галчаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/06 дугаар тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын гэрээт ажилтан албан хаагчдын 2020 оны 1-6 дугаар сарын цагийн бүртгэл, гэрч Ч.Мөнхбаатарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 6-10,11, 131-133, 140-151 дүгээр тал/

            Нэхэмжлэгчээс 2020 оны 3, 4, 5 дугаар саруудад хариуцагч байгууллагад ажилласан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Түүнчлэн, уг хугацаанд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын төлөлтийг Мөнх үйлстэн ББН-өөс төлсөн болох нь Б.Тын нийгмийн даатгалыг дэвтрээр тогтоогджээ.

            Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын ээлжийн амралтын олговор 1 453 261 төгрөг, 2020 оны 3,4,5 дугаар саруудын цалин 1 122 398 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

            Тодруулбал, нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд анх 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан болох нь тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2020/07183 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл, ажлаас чөлөөлсөн тушаалын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул түүнд хэзээ тушаал гардуулсан эсэх нь хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нөлөөлөхгүй юм.  Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Цалин хөлс олгогдоогүй байгааг ажилтан өөрөө мэдэх боломжтой.

            Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/01169 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 170 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

                   

                                                                                                 С.ЭНХТӨР