Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 215

 

“М н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сангийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн

технологийн газарт тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,   

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                     Б.Мөнхтуяа,

                                                     Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 албан тоотыг хүчингүй болгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хязгаарлагдмал тендерт нэхэмжлэгч хуулийн этгээд шалгарсан болохыг тогтоолгох, гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулахыг даалгах, дахин тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0198 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0244 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч Т.С, А.М, Р.Б, хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Ш.С нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0198 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.4, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “М н” ХХК-ийн Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 албан тоотыг хүчингүй болгуулах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарласан ХХМТГ/201804020 тоот хязгаарлагдмал тендерт нэхэмжлэгч “М н” ХХК шалгарсан болох, тендерт шалгарсан нэхэмжлэгч “М н” ХХК-тай гэрээ байгуулахгүй, тендерээс татгалзсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын эс үйлдэхүйг тогтоолгох, тендерт шалгарсан нэхэмжлэгч “М н” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт даалгах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Сансрын холбооны кэй юү (ку) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ХХМТГ/201911001 дугаартай тендерийн урилга хэлбэрээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0244 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Үнэлгээний хорооны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зөвлөмж, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/1076 тоот “Мэдэгдэл” зэргийг Монгол Улсын Сангийн яам үндэслэлгүй шийдвэр байна гэж үзэж эцсийн шийдвэрээ гаргасан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар захиалагчийн шийдвэрийг хуульд нийцээгүй болохыг тогтоосон акт юм.

4. Эцсийн шийдвэр гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж зааснаар ойлгох ба манай зүгээс үнэлгээний хорооны зөвлөмж, мэдэгдэл зэрэгтэй маргаагүй. Эцсийн шийдвэр гаргадаг Сангийн яам зөрчилгүй тендер гэдгийг шалгаад нотолсон.

5. Сангийн яамны дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн шийдвэрийг бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж зааснаар ойлгож байгаа.

6. Сангийн яам буюу эцсийн шийдвэр гаргадаг байгууллага нь зөрчилгүй тендер болохыг тогтоосон байхад захиалагч дахин үнэлгээ хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т “Зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж заасан байхад шүүх хуулийг буруу тайлбарласан. 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар талд байгаа нотлох баримтаар захиалагчийн зөрчил гэж үзсэн 3 үндэслэлийг зөрчил биш гэж Сангийн яам эцсийн шийдвэрээ гаргасан. Зөрчилгүй тендерийг ямар хуулийн заалтаар дахин үнэлээд байгаагаа хариуцагч тодорхой тайлбарлаагүй.

7. Тендерийн хүчинтэй байх хугацаанд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан. Энэ нь тендерт оролцогч манай компаниас үл шалтгаалсан хугацаа юм. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан ба Захиргааны ерөнхий хуульд энэ тухай тодорхой нарийвчлан заагаагүй. Иймд хуулийг төсөөтэй хэрэглэн тендерийн хүчинтэй байх 30 хоногийн хугацаа тасалдах үндэслэлтэй гэж үзэж байна.

8. Манай компанийн тендерийг Сангийн яам зөрчилгүй тендер гэж шийдвэрлэсэн байхад захиалагч тендерт дахин үнэлгээ хийж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгийн их зөрчиж байгаа үйлдэл юм. Зүй нь захиалагч байгууллага Сангийн яамны шийдвэрийг үндэслэн манай компанитай гэрээ байгуулах ёстой байсан.

9. Гэтэл зөрчилгүй гэж үзсэн манай тендерийг заавал тэнцүүлэхгүй гэдэг үүднээс дахин дахин үнэлгээ хийж байгаа нь захиалагчийн хууль бус үйлдэл юм. Хязгаарлагдмал тендерт хоёр л компани оролцох эрхтэй байгаа. Нэг компанийн тендер нь шаардлага хангахгүй гээд эхний шатанд тэнцээгүй. Тэгвэл 2 дахь компанийн тендерийг дээд шатны байгууллага зөрчилгүй тендер байна гэж шийдвэрлэсэн байхад дахин хууль бус үнэлгээ хийж тендерийн шаардлагад нийцүүлэхгүй болгож байгаа нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

10.  Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

12.  Нэхэмжлэгч “М н” ХХК нь Монгол Улсын Сангийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хязгаарлагдмал тендерт нэхэмжлэгч хуулийн этгээд шалгарсан болохыг тогтоолгох, гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулахыг даалгах, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “манай компанийн тендерийн баримт бичиг шаардлагад нийцсэн байхад үндэслэлгүйгээр, ялихгүй зүйлээр татгалзсан” гэж тодорхойлжээ.

13.  Сансарын холбооны Кэй юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарлаж, 12 дугаар сарын 03-ны өдөр тендерийг нээсэн, уг хязгаарлагдмал тендерт “М н” ХХК, “Ддэш ТВ” ХХК оролцсон боловч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас тендерийн баримт бичгийг хянан үзэх үе шатанд “шаардлагад нийцсэн тендер ирээгүй” гэж, бүх тендерээс татгалзсан байна. Үүнийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлоор Сангийн яам тендерийг хянан үзэж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/8165 дугаар албан бичгээр “нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс үндэслэлгүй татгалзсан болохыг тогтоож, хууль журмын дагуу үнэлгээг дахин хийх”-ийг захиалагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт даалгажээ.

14.  Энэ дагуу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг хянан үзэж, дахин бүх тендерээс татгалзсан байна. Нэхэмжлэгчээс “тендерийг хянаж, эцсийн шийдвэр гаргах эрхтэй Сангийн яамнаас манай тендерээс татгалзах үндэслэлгүй байсан болохыг тогтоосон байхад дахин үнэлгээ хийж, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн, Сангийн яамны шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах ёстой байсан” гэж маргаж байна.

15.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт зааснаар Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тендерт оролцогчийн гомдлыг авч хэлэлцээд, “захиалагч энэ хуулийг зөрчсөн” гэж үзвэл захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг шаардах эрхтэй, энэ тохиолдолд Сангийн яамнаас “...татгалзсан нь үндэслэлгүй байна, дээрх зөрчлийг арилгаж, дахин үнэлгээ хийхийг” даалгасан, захиалагч уг шийдвэрийг биелүүлж, тендерийн баримт бичгийг дахин хянан үзсэн нь хуулийн зөрчилгүй юм.

16.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын тухай 46, 52 дугаар зүйлд захиалагч болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тус тусад нь зааглаж зохицуулсан, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах нь захиалагчид олгогдсон эрх тул нэхэмжлэгчийн “Сангийн яамны албан бичгийг үндэслэн гэрээ байгуулах байсан” тухай гомдол үндэслэлгүй.

17.  Нэхэмжлэгч нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дахин үнэлгээтэй холбогдуулан маргаагүй буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрт гомдол гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй байна.

18.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэж байх учиртай. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Үнэлгээний хорооны “нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь шаардлага хангаагүй” гэх үйл баримттай маргаагүй атлаа захиргааны байгууллагаас гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь утга агуулгын зөрчилтэй, маргаан бүхий 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/468 дугаар албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг уг тендерт “шалгарсан” гэж үзэх үйл баримт үүсэхгүй байна.

19.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасан, тухайн тендер шалгаруулалтын хувьд ерөнхий нөхцлийг магадлах, санхүүгийн чадавхийг үнэлэх, техникийн чадавхийг үнэлэх үе шатанд “бүх тендерээс татгалзсан” тул дараагийн үе шат буюу шаардлагад нийцсэн тендерт үнэлгээ хийх, гэрээ байгуулах үйл баримт нь энэ хэрэгт хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргах боломжгүй, зөвхөн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн хүрээнд маргааны үйл баримт хязгаарлагдана.

20.  Хариуцагчаас өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн тендерийг “баримт бичгийн хувьд шаардлагад нийцээгүй” гэж үзсэн учир нэхэмжлэгчийн тендерийг “шаардлагад нийцсэн” гэж тогтоох боломжгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн шаардлага хангасан тендерийг үнэлж, шалгарсан болохыг тогтоож хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн оролцогчтой гэрээ байгуулах нөхцөл үүсэх байна.

21.  Хариуцагчаас “тендерийн хугацаа дууссан” гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн шийдвэрт нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд гомдол гаргасан, уг гомдлыг хянан хэлэлцэх явцад тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон нь нэхэмжлэгчийн эрхийг дордуулах үндэслэл болохгүй, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт зааснаар захиалагч төрийн захиргааны төв байгууллагад хандан хүсэлт гаргаж, 30 хоногоор сунгах боломжтой байсан. Гэвч захиргааны энэхүү алдааг зөвтгөж, хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй, гэрээ байгуулах үр дагавар үүсэхгүй юм.

22.  Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0198 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0244 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

         ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ