Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 0020

 

 

 

 

 

 

 

        Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бүрнээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /улсын бүртгэлийн дугаар 470001129/, хаяг: Булган хот, Шинэ хороо 1-р баг, задгай-1/-ны нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Булган аймгийн Булган сумын Засаг дарга /Ө.Хүрэлбаатар/-д холбогдох

        Гуравдагч этгээд: Г.Баасандорж /хаяг: Булган сум, Орхон 2-р багт Халиун/

      Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/141 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Булган сумын 1 дүгээр багийн Майдар голд байршилтай албаны контор хорих ангийн зориулалттай 30621 м.кв, албаны аж ахуйн зориулалттай 3280 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Төгсбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатар, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гуйцэтгэх алба нь Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар захирамжаар Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Майдар голд байршилтай 30621 м2 газрыг албаны контор хорих ангийн зориулалттай, мөн 3280 м газрыг аж ахуйн

C:\\2016 on\Shiidver\Shiidver guitsetgel.n alba.2016.09.09.docx

зориулалттай эзэмших болж төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Гэтэл Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эзэмшлийн газрыг иргэн Г.Баасандоржийн эзэмшилд шилжүүлсэн байна.

       Булган сумын Засаг даргын энэ шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн оролцоотой... урьдчилан зөвшилцөж, …байхыг  аймаг  нийслэлийн   Засаг  дарга   нарт  үүрэг  болгосугай”   гэж заасныг мөн Төрийн өмчийн хорооны 2012 оны “Эд хөрөнгийн харилцааг зохицуулах тухай” 44 дүгээр тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 564 дүгээр тогтоолын 3 дугаар заалтын Зв-д заасныг тус тус зөрчиж төрийн байгууллагын эзэмшлийн газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн үйлдэл гэж дүгнэж Булган сумын Засаг дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хооронд үүссэн газрын маргаанаа шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргад хандсан боловч 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08/363 дугаар албан бичгээр тухайн газрыг танай байгууллагад дахин эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.

     Аймгийн Засаг даргын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д зааснаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа : “...ШШГЕГ-аас хорих ангийн албад, хэлтэсүүдэд өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан, өөрийгөө санхүүжүүлэх, санхүүгийн хямралаас гарах, хоригдогч, ялтанг хооллох, өөрийн дотоод аж ахуй эрхлэх бодлого боловсруулж ажиллаж байгаа. Энэ бодлоготой холбоотойгоор Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эсгийний үйлдвэр байгуулахаар төлөвлөгөө гарч тендер зарлагдсан байгаа билээ. Тийм учраас урдах маргаан бүхий газар дээр түшиглэж уг эсгийний үйлдвэр баригдахаар болсон. Тендерийн материалыг шаардлагатай бол өгч болно. Иймээс бидний маргаад байгаа газар бол төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байна.

 ...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл бол газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай заалт байдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн  хэлбэрээр бусдад  шилжүүлж, барьцаальж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах  үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, ААНБ-ын хооронд явагдана” гэж заасан байна. Булган сумын Засаг дарга, газрын даамал нь манай байгууллагыг аж ахуйн нэгж гэж үзсэн байна. Аж ахуйн нэгж, байгууллага гээд судлаад үзэхээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани,нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг” хэлэхээр заасан байна.

       Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газар”  гэж ангилсан байна. Хуулийн  38 дугаар зүйл бол аж ахуйн нэгж, байгууллагын хоорондох газар эзэмших эрх шилжүүлэх заалт байсан байна гэж үзэж байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна: 28.1.2-т “төрийн байгууллагын”, 28.1.3-т “аж ахуйн нэгж, байгууллагын” гэсэн 2 өөр субъект заасан байгаа учраас төрийн өмчийн газрыг дур мэдэн бусдад шилжүүлэх, эзэмшүүлэх эрхгүй юм. Тэгэхээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг баримталж шийдвэрлэсэн нь буруу, хуульд нийцээгүй байна.

       Мөн Төрийн өмчийн хорооны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 44 тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 1.3-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн дарга, захирал нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, бүрэн бүтэн байдлыг хангах талаар тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээж Төрийн өмчийн хороотой байгуулсан “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу зохицуулна”, 1.4-т “Төрийн өмчит хуулийн этгээд нь төрийн өмчийн эд хөрөнгийг бусад байгууллага иргэдэд ашиглуулах, түрээслэхдээ Төрийн өмчийн хорооноос баталсан холбогдох журам зааврыг баримтална” гэж заасан байна. Тэгэхээр төрийн өмчит хуулийн этгээдийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бол төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн өмчит хуулийн этгээд тул дээрхи эрх, үүргүүд л байгууллагын даргад оногдсоноос бус газраа иргэнд шилжүүлэх, газраа захиран зарцуулах эрх байгууллагын даргад оногдоогүй. Энэ эрх нь журмын 5.5-д “Төрийн өмчийн хороо нь үндсэн хөрөнгийг хасахдаа дараах хэлбэрээр шийдвэрлэнэ: д/-д “өөрийн эзэмшилд байгаа газраа цаашид ямар зориулалтаар ашиглах талаар эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.” гэж заасан байна. Тэгэхээр төрийн мэдлийн эзэмшлийн газрыг байгууллагын дарга шийдээд байх эрх анхнаасаа байхгүй юм” гэв.

      Хариуцагч Булган сумын Засаг дарга /Ө.Хүрэлбаатар/-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Майдар хэсэгт Аймгийн Шүүхийн шийдвэрийн албаны эзэмшилд байсан 6308003487, 6308003486 нэгж талбарын газрын эзэмшлийг Булган аймгийн Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/931 тоот албан бичиг, 2015 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 01/256 тоот албан бичиг, Булган аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/59 тоот тушаал, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл” зэрэг баримт бичгүүдийг тухайн байгууллагаас манайд ирүүлсний дагуу судлан үзэж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалт, Төрийн өмчийн хорооны 2014 оны 564 тоот тогтоолыг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 27-ны А/41 тоот захирамжийн дагуу Дугаар -000557970, 000557971 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг Булган аймгийн Орхон сумын иргэн Галсанжамц овогтой Баасандорж /ДА64062612/-д бичиж гэрээг байгуулсан” гэжээ.

     Гуравдагч этгээд /Г.Баасандорж/ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатар тайлбарлахдаа: Иргэн Г.Баасандорж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлээр захиргааны хэрэгт шүүхээс хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдээр татан оролцож байгааг ойлголоо.

        Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үндсэн хөрөнгийг актлах, худалдах зөвшөөрөл олгосон Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 564 дүгээр тогтоолын дагуу Булган сумын Майдар талд байршилтай газар дээрх хөрөнгийг худалдан авч эзэмшиж байгаа билээ. Энэхүү газрыг Булган сумын Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн.

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай туслах аж ахуй хамтран эрхлэх гэрээ байгуулан ашиглаж эхэлсэн. Зарим объектыг засварласан, мөн хүлэмж байсан чулуун байрыг засварлан 20 үнээний фермерийн аж ахуй эрхлэхээр засварлаж мөн худаг, гэрэл цахилгааныг янзалж, эд хөрөнгийн үлдэгдэл үнэ 1829260 төгрөгийг төлсөн. Энэхүү газрыг иргэнд эзэмшүүлсэн нь зөв шийдвэр болсон гэдгийг аймаг, сумаас тодорхой хариу өгсөн байгаа. Иргэнд эзэмшүүлсэн шийдвэр гарсаар байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга дахин хорих анги байгуулахаар заргалдаж байгаа нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/205 тоот тушаалаар батлагдсан “Хорих анги хамгааллын болон ялтанд хяналт тавих журам”-ыг зөрчиж байна. Жирийн дэглэмтэй хорих анги айл өрхөөс 1000-1500 м зайтай байх ёстой.

        Өмнө мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа 200 хоногоор хэтэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Г.Баасандоржоос аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай туслах аж ахуй эрхлэх гэрээ байгаа, мөн зарим объектыг засварлаж, янзалсан холбоотой нотлох баримт байгаа, гэвч одоогоор байхгүй байна” гэв.

      Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн 1 дүгээр шаардлага болох Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах хууль эрх зүйн үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийж ярих нь зүйтэй гэж үзлээ.

       Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар, хэрэгт цугларсан баримтаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь 2015 оны 6 дугаар сард томилогдож ирсэн. Тухайн байгууллагын газар эзэмших эрх зөрчигдсөн гэдгээ Булган сумын Засаг даргад хүргүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/658 тоот албан бичгээс тодорхой харагдаж байна. Иймээс тухайн байгууллага өөрийнхөө эрх зөрчигдсөн гэдгээ энэ үед мэджээ. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага бидний газрын асуудлыг шийдвэрлэж өгөөгүй, удаа дараа ярилцаж байна. Тиймээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “шууд харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй” бол мөн хуулийн 6.1-д заасан хугацаанд нэхэмжлэл гаргахаар заасан байна. Шаардлагатай гэж үзэх юм бол тэр хугацааг 30 хоногоор сунгаж болно гэсний дагуу 2015 оны 09 дүгээр сарын 10-ны үед дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргад эсхүл шүүхэд хандах эрх нь нэхэмжлэгчид байсан байна.

       Энэ хугацаагаа хэтрүүлж 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Булган сумын Засаг даргад дахин хандсан байх ба өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаагаа хэтэрсэн хойно нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хөөн хэлэлцэх хэтэрсэн гэсэн асуудлаар шийдвэрлэхдээ  хөөн хэлэлцэх хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс тооцсон нь өөрөө буруу байна. Харин 2015 оны 09 дүгээр сарын 10-наас хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх тасарсан хугацаанаас тооцсон нь үндэслэлгүй байна.

     Төрийн өмчийн хорооны 2015 оны 564 дүгээр тогтоолоор Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхой төрлийн эд хөрөнгийг акталсан. Энэ акталсан эд хөрөнгүүд нь үл хөдлөх хөрөнгө байсан. Иргэний хуулийн 85 дугаар зүйлд “Эд юмсын бүрдэл хэсэг” гэж тодорхойлсон. 85 дугаар зүйлийн 85.1-д “Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно”, 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заажээ. Тэгэхээр энэ үл хөдлөх хөрөнгө актлагдсан юм бол түүний доорхи газар бас хэнд шилжих үү гэхээр тухайн иргэнд шилжиж очих бүрэн үндэслэлтэй байна. Төрийн өмчийн хорооны тогтоолд хорих ангийн зориулалтаас бусад тохиолдолд ашиглаж болохгүй гэж заасан боловч Иргэний хуулийн дээрхи заалттай зөрчилдсөн тогтоол болсон байна. Дараагийн нэг асуудал бол аймгийн Засаг даргын Тамгын газар болон газрын харилцааны албанаас орон нутгийн бодлого төлөвлөлтөнд дахин хорих ангийн барилга барих ойрын болон хэтийн зорилт манай аймагт байхгүй гэсэн байгаа нь үндсэн хөрөнгөтэй хамт газрын асуудлыг шийдвэрлэсэн нь буруугүй гэх үндэслэл байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /цаашид “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба” гэх” нь “Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/141 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Булган сумын 1 дүгээр багийн Майдар голд байршилтай албаны контор хорих ангийн зориулалттай 30621 м.кв, албаны аж ахуйн зориулалттай 3280 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгчээс “...Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамж нь хууль бус, төрийн байгууллагын газар эзэмших эрхийг цуцалж Төрийн өмчийн хорооны 2014 оны 564 дүгээр тогтоолыг үндэслэж  иргэнд газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “Төрийн өмчийн хорооны 2014 оны 564 дүгээр тогтоол, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/59 дүгээр тушаал болон холбогдох баримтыг үндэслэн тус байгууллагын газар эзэмших эрхийг цуцалж, иргэнд газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй” гэж, гуравдагч этгээдээс “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, түүнчлэн маргаан бүхий Булган сумын Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамж нь хуульд үндэслэж гарсан, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

      1. Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар захирамжаар[1] маргаж буй 4 га газрыг [2] Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, албан контор, аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг [3] шинэчлэн байгуулж гэрчилгээ [4] олгосон байх ба Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар [5] газар эзэмших эрхийг цуцалж,  иргэн Г.Баасандоржид шилжүүлэн эзэмшүүлжээ.

       Маргаан бүхий захиргааны акт буюу Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалт, Төрийн өмчийн хорооны 2014 оны 564 дүгээр тогтоолыг [6] үндэслэл болгосон байх бөгөөд хариуцагчаас Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг төлөөлж (дарга асан) Д.Отгонбаатар, иргэн Г.Баасандорж нарын хооронд байгуулсан нотариатаар гэрчлүүлсэн газрын эрх шилжүүлэх гэрээ[7], Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/59 дүгээр “Үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасах тухай” тушаал [8], байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл[9] болон бусад албан тоот, баримтыг үндэслэж уг захирамжийг гаргасан хэмээн тайлбарлаж байна.

        Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болох бөгөөд эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, мөн зүйлийн 38.3-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна: 38.3.1-т “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”-ийг тодруулсны үндсэн дээр зохих шийдвэрийг гаргахаар хуульчилсан байдаг.

       Түүнчлэн мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна: 28.1.2-т “төрийн байгууллагын”, 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно”, 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж тус тус заасан бөгөөд газар эзэмшигч нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасанчлан газрыг түүний зориулалт, нөхцөл, болзлын дагуу зөвхөн хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэхэд хуулийн 35.1.4, 35.1.6, 38.2-т заасан шаардлага хамаарахгүй бөгөөд сумын Засаг дарга нь 2015 оны А/41 дүгээр захирамжаараа албаны конторын зориулалт бүхий 30621 м.кв, аж ахуйн зориулалт бүхий 3280 м.кв газрыг иргэн Г.Баасандоржид шилжүүлэн эзэмшүүлэхдээ хуульд заасан нөхцөл, болзлын дагуу эзэмшүүлээгүй, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, ашгийг зөрчсөн шийдвэр болсон байна.

       Хариуцагчаас үндэслэл болгосон Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 564 дүгээр “Үндсэн хөрөнгө актлах, худалдах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын 1-т “ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 333 773 782 /гурван зуун гучин гурван сая долоон зуун далан гурван мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийн балансын үнэ бүхий нэгдүгээр хавсралтад заасан 101 /нэг зуун нэг/ нэр төрлийн үндсэн хөрөнгийг актлахыг зөвшөөрсүгэй”, 3-ын а/-д “нэгдүгээр хавсралтад заасан үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах ажлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу байгууллагынхаа Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хяналтын дор зохион байгуулах; б/-д “акталж, данснаас хасах хөрөнгөнөөс ашиглаж болох эд зүйлийг ялган тоолж, үнэ тогтоон эргэлтийн хөрөнгийн бүртгэлд тусган ашиглах, тогтоосон журмын дагуу худалдан борлуулах; в/-д “нэгдүгээр хавсралтад заасан актлах үл хөдлөх хөрөнгийн чөлөөлөгдөх талбайг хорих ангийн зориулалттай барилга барихаас өөр зориулалтаар ашиглахгүй байх”-аар тусгасан байх ба Нэгдүгээр хавсралтад[10] Булган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны “гараж сахиулын барилга 1 829 260 /нэг сая найман зуун хорин есөн мянга хоёр зуун жар/, цагдан хорих байр 14 398 556.12 /арван дөрвөн сая гурван зуун ерэн найман мянга таван зуун тавин зургаа/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны конторын байр 5 032 159.3 /таван сая гучин хоёр мянга нэг зуун тавин ес/ төгрөгөөр зарагдах, бусад конторын барилга (1974), машины гараж, ногооны зоорь бүүдрэвч, хүлэмж, худаг (зарагдах үнэ тавигдаагүй) зэрэг 9 нэр төрлийн объектыг акталжээ.

       Гэтэл Төрийн өмчийн хорооны тогтоолыг үндэслэж Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/59 дүгээр “Үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасах тухай” тушаал гаргаж, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хуралдаанаар газрын асуудлыг шийдвэрлэсэн гэх боловч өмч хамгаалах байнгын зөвлөлийн хуралдаан болоогүй, дүгнэлт гараагүй болох нь гэрч О.Дашпүрэв, В.Даваажаргал нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгээр[11], түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/59 дүгээр тушаал, сумын Засаг даргад хүргүүлсэн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/931[12] тоот, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/256 тоот албан бичгүүд[13] нь Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баримтад авагдаагүй, тушаал болон албан тоотын оронд өөр тушаал, албан бичиг[14] авагдсан болох нь шүүхээс бичиг баримтад хийсэн үзлэг[15] зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч Булган сумын Засаг даргаас Төрийн өмчийн хорооны 564 дүгээр тогтоол болон дээрх хууль бус бичиг баримтыг үндэслэж, төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн буруутай болох нь тогтоогдож байна. 

      2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд” төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн өмчөөр дангаар байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээдэд хамруулсан” байх бөгөөд уг хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, ...гэнэ”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гэж заажээ. Иймээс төрийн нэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, төрөөс санхүүжигдэж үйл ажиллагаа явуулж байгаа Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх шаардлагад бүрэн хамаарагдана.

      Нэхэмжлэгч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Булган сумын 5 дугаар багт[16] Булган аймгийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/62 дугаар захирамжаар[17] конторын барилга барих зориулалтаар 1400 м.кв газар, 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/395 дүгээр захирамжаар [18] цагдан хорих байрны зориулалтаар 1400 м.кв газрыг тус тус эзэмшүүлж, гэрээ[19] байгуулан гэрчилгээ олгосон байх ба уг газар дээрээ 2 давхар албаны конторын барилга мөн цагдан хорих барилга баригдсан байна.

      Ийнхүү аймгийн Засаг даргаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд конторын барилга, цагдан хорих байрны газрын асуудлыг дахин шийдвэрлэсэн хэдий боловч сумын Засаг дарга  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өмнөх эзэмшлийн (маргаж буй газрын) газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлага зүй ёсоор тавигдана.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид ЗЗНДНТУтХ-ийн гэх/ 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын а/-д “төрийн болон орон нутгийн өмчийн талаарх ...тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангаж ажлыг зохион байгуулах”, б/-д “тухайн орон нутгийн өмчийн хөрөнгийг…бусдад шилжүүлэх, шинээр олж авах ....санал боловсруулж, Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, д/-д “орон нутгийн өмчийн хөрөнгийн тооллого явуулж, дүнг Хуралд танилцуулах шаардлагатай бол зохих шийдвэр гаргуулах...”, 31 дүгээр зүйлийн 31.1.3-т “..., аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасныг дагуу шийдвэрлэх” эрхийг сумын Засаг даргад олгожээ

        Иргэдийн Төлөөлөгчдийн хурал мөн хуулийн 18 дугаар зүйлийн[20] 18.1.3-ын д/-д зааснаар “орон нутгийн өмчийн эд хөрөнгийг нийтийн зориулалттай өмчид, эсхүл өөр өмчид шилжүүлэх журмыг тогтоох”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2.3-т “орон нутгийн өмчийн үндсэн эд хөрөнгийг хувьчлах, бусдад шилжүүлэх, ...жагсаалтыг батлах” эрхтэй харин Засаг дарга уг хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй”, 78.2-ын 1/-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” үүрэгтэй  байх тул орон нутгийн өмчийн талаарх Засаг даргын бүрэн эрхэд төрийн байгууллагын газрыг бусдад эзэмшүүлэх эрх олгогдоогүй байна.

       Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно”, 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг худалдах, шилжүүлэхэд энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авна”, 3-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгахад дараахь журмыг баримтална: 1/-д “худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх” гэж заасан байх ба Төрийн өмчийн хорооны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам” [21] -ын 1 дүгээр зүйлийн 1.8-т “Эд хөрөнгө олж авах, бүртгэх, худалдах, шилжүүлэх, актлах тухай Төрийн хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн хуулийн этгээдийн дарга хариуцан зохион байгуулж, биелэлтийг шийдвэрт заасан хугацаанд холбогдох материалын хамт ирүүлэх үүрэг хүлээнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, актлах, устгах талаар Төрийн өмчийн хорооноос гарсан шийдвэрийг өмч хамгаалах байнгын зөвлөл хэрэгжүүлж, тухайн байгууллагын дарга хяналт тавина”, 10.3-т “Эд хөрөнгийг бүртгэх, шилжүүлэх, худалдах, актлах шийдвэрийг хэрэгжүүлж дуусах хүртэлх хугацаанд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүргийг тухайн байгууллагын дарга хариуцана”, 10.4-т “Эд хөрөнгө олж авсан, бүртгэсэн, шилжүүлсэн, худалдсан, акталсан тухай Төрийн өмчийн хорооны шийдвэрийн биелэлтийг заасан хугацаанд хүргүүлнэ” гэж тус тус зааснаар дагуу өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт гараагүй байхад газрыг бусдад шилжүүлсэн, Төрийн өмчийн хорооны 2014 оны 564 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй, ШШГЕГ-аас ирүүлсэн албан тоотын дагуу эд хөрөнгийг акталж устгасан, худалдсан, шилжүүлсэн, бүртгэсэн талаар биелэлтийг тайлагнаж хариу хүргүүлээгүй, байгууллагын даргад төрийн байгууллагын газрыг бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй байтал эрх мэдлээ хэтрүүлсэн, түүнчлэн холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх талаар ямар нэгэн санал, санаачлага гаргаагүй буруутай байна.

        Иймд дээрх үндэслэлээр Булган сумын Засаг дарга 2015 оны А/41 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг төрийн байгууллага болохын хувьд түүний эзэмшил газрыг бусдад шилжүүлсэн нь хууль бус байна гэж үзэж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ..., эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар Булган сумын Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

       Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Булган сумын 1 дүгээр багийн Майдар голд байршилтай албаны контор хорих ангийн зориулалттай 30621 м.кв, албаны аж ахуйн зориулалттай 3280 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

    3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж маргаж байгаа бөгөөд энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэн болно.

      Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэх”-ээр, 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж  заажээ.

      Маргаан бүхий захиргааны акт болох Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн талаар нэхэмжлэгч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/658 тоот албан бичгээр[22] хандсныг гуравдагч этгээдийн өмгөөлөгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа боловч энэ асуудлаар сумын Засаг дарга болон дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргаас хариу өгөөгүй, нэхэмжлэгч дахин 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хандснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргэсэн байх тул тасарсан хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

         Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “газар дээрхи үл хөдлөх хөрөнгө актлагдсан тул газар мөн адил үл хөдлөх хөрөнгөө дагаж иргэнд шилжих үндэслэлтэй” гэж тайлбарлах боловч анхнаасаа төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ хууль зөрчсөн, акталсан объектуудын төлбөр төлөгдөөгүй, акталсан объектуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны данснаас хассан, дахин бүртгэгдээгүй байх тул уг үндэслэл хууль зүйн үндэслэлгүй байна. Харин гуравдагч этгээдээс газрын үнэ 1 829 260 /нэг сая найман зуун хорин есөн мянга хоёр зуун жар/ төгрөгийг[23] төлсөн гэж  байгаа боловч уг төлбөр нь “гараж сахиулын барилга”-ын объектын үнэ болох нь Төрийн өмчийн хорооны 564 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар нотлогдож байх тул газрын үнийг төлсөн гэх асуудал үүгээр няцаагдаж  байгаа болно.

     Түүнчлэн гуравдагч этгээд, түүний төлөөлөгчөөс захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар холбогдох баримтыг гаргаж өгөөгүй тул захиргааны актын улмаас учирсан хохирлоо иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Газрын тухай 28 дугаар зүйлийн 28.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, 35.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1, 77 дугаар зүйлийн 77.2-ын 3, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 тоот захирамжийг хүчингүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Булган сумын Засаг даргад холбогдуулж гаргасан “Булган сумын 1 дүгээр багийн Майдар голд байршилтай албаны контор хорих ангийн зориулалттай 30621 м.кв, албаны аж ахуйн зориулалттай 3280 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

      3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1-д зааснаар гуравдагч этгээд Г.Баасандорж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас захиргааны актын улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

     4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн   48.2, 49 дүгээр зүйлийн 49.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

    5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

     6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.БҮРНЭЭ

 


[1] Хэргийн материалын 128, 234-235 дахь  хуудсанд авагдсан

[2] Булган сумын 1 дүгээр баг Майдар голд байршилтай

[3] Хэргийн материалын 50-51, 241 дэх хуудсанд авагдсан

[4] Хэргийн материалын 49 дэх хуудас

[5] Хэргийн материалын 36 дахь хуудас

[6] Хэргийн материалын 31-33 дахь хуудас

[7] Хэргийн материалын 43 дахь хуудас

[8] Хэргийн материалын 24 дэх хуудас

[9] Хэргийн материалын 26-27 дахь хуудас

[10] Хэргийн материалын 33 дахь хуудас

[11] Хэргийн материалын 152-155 дахь хуудас

[12] Хэргийн материалын 21 дэх хуудас

[13] Хэргийн материалын 22 дэхь хуудас

[14] Хэргийн материалын 137-138 дахь хуудас

[15] Хэргийн материалын 121-122 дахь

[16] Булган сумын төвийн байршилд

[17] Хэргийн материалын 234 дахь хуудас

[18] Хэргийн материалын 235 дэх хуудас

[19] Хэргийн материалын 236-238 дахь хуудас

[20] Орон нутгийн өмчийн талаархи сумын Хурлын эрх

[21] Хэргийн материалын 99-120 дахь хуудас

[22] Хэргийн материалын 60 дахь хуудас

[23] Хэргийн материалын 28 дахь хуудас