Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0779

 

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0779

Улаанбаатар хот

Булган аймаг дахь Ш-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Булган аймаг дахь Ш-н нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, 35.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1, 77 дугаар зүйлийн 77.2-ын 3, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Булган аймаг дахь Ш-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 тоот захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Булган сумын Засаг даргад холбогдуулж гаргасан Булган сумын 1 дүгээр багийн Майдар голд байршилтай албаны контор хорих ангийн зориулалттай 30621 м.кв, албаны аж ахуйн зориулалттай 3280 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1-д зааснаар гуравдагч этгээд Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас захиргааны актын улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг дурджээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Д.О миний бие Булган аймгийн Ш-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь анхан шатны шүүх Булган сумын Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжийг хүчингүй болгож хэргийг нэг талд шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хянаж шийдвэрлэж өгөхийг хүсэж өргөдөл гаргаж байна. гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Тус шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцсон миний бие нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд хөөн хэлэлцэх хугацааг анхааран үзэхийг хүсэлт болгосон билээ. Шүүх дүгнэхдээ гуравдагч этгээд түүний өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байгаа боловч энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэн болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн тухай нэхэмжлэл гаргасан 2016 оны 05 дугаар сарын 12, 13-ны хугацаанд Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсээс ирүүлсэн албан бичиг хоёрын хоорондох хугацааг авч дүгнэсэн байсан. Бид шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Булган аймгийн Шнаас Булган сумын Засаг даргад 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/658 тоот албан бичгээр хандсанаар өөрийн эрх ашиг нь зөрчигдсөнөө тодорхойлсон гэж ойлгож байгаа. Тухайн үед мөрдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол дээд шатны Засаг дарга эсхүл шүүхэд 30 хоногийн дотор хандахаар зохицуулсан байхад үүнийгээ хэрэгжүүлээгүй.

Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн аймгийн Засаг даргад хандсан байхад урьдчилан шийдвэрлэсэн гэж шүүх хүлээн авч шийдвэрлэсэн, хөөн хэлэлцэх хугацааны талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийг дээрх үндэслэлээр хянаж өгнө үү гэжээ.

 

                                                                   ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

            Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар Булган аймаг дахь Ш-н эзэмшилд байсан тус сумын 1 дүгээр баг, Майдар хэсэгт байршилтай албан конторын зориулалттай 30621 м.кв газар, мөн зэргэлдээ байршилд аж ахуйн зориулалттай 3280 м.кв газрыг тус тус иргэн Г.Б-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх тухайн шатны Засаг дарга нь мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигч эзэмшил газраа шилжүүлэх эрхтэй эсэх, 38 дугаар зүйлийн 38.3.3 дахь хэсэгт заасны дагуу эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч буй этгээд нь эзэмших эрхтэй эсэхийг нягтлан шалгаж, хуулийн дагуу хянан үзэж шийдвэрлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Булган аймаг дахь Ш нь Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасан төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй байхад хариуцагч Булган сумын Засаг дарга тус хуулийг зөрчиж, иргэн Г.Б-д газар эзэмших эрхийг, өөрөөр хэлбэл төрийн байгууллагын газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нь хууль бус байна.

Хариуцагчаас Булган аймаг дахь Ш-н 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/931, мөн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/256 дугаар албан бичгүүд, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/59 дүгээр тушаалууд, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, тус албаны Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн иргэн Г.Б-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэж тайлбарлах боловч тэдгээр албан бичгүүд, тушаал нь нэхэмжлэгч байгууллагын албан бичиг баримтад авагдаагүй, хуралдаанаар шийдвэрлэж дүгнэлт гарсан гэх боловч, өмч хувьчлал, газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдаан болоогүй, уг асуудлаар ямар нэгэн дүгнэлт гараагүй болох нь гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон байна.

Түүнчлэн энэ хэргийн гуравдагч этгээд Г.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь тухайн үед тус аймаг дахь Ш-н даргаар ажиллаж байсан байх ба тэрээр маргаан бүхий захирамж гаргах үндэслэл болсон тушаал, албан бичгүүдийг гаргаж, төрийн байгууллагын газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг иргэн Г.Баасандоржтой байгуулж, хариуцагчид хүргүүлсэн зэрэг нь маргаан бүхий захирамжийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдав.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 74 дүгээр захирамжаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг тус шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх давж заалдах гомдол үндэсгүй байна.

            Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг батлахдаа хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, мөн маргаагүй асуудлыг шийдвэрлэсэн, улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх, хуваарилах заалт болон хуулийн зүйл заалтыг буруу бичсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул зохих өөрчлөлт оруулав.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд Г.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч М.Д нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, 35.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Булган аймаг дахь Ш-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “...татгалзсаныг баталсугай” гэснийг “...татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 болон 5 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг 3, 6 дахь заалтыг 4 болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ