Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/01265

 

Г.Отгонтөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03943 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1361 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Отгонтөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Говь” ХК-д холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас сар бүр мөнгөн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цасчихэрийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, Б.Гончигням, хариуцагчийн төлөөлөгч Ц.Цасчихэр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Говь” ХК нь Г.Отгонтөрийг хялгас ялгагч машин баригчаар авч ажиллуулж байгаад 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үйлдвэрлэлийн ослоор миний баруун гарыг тасдаж үнэт баялагаас минь салгаж насан туршийн тахир дутуу болгож хохироосон. Энэ хэрэгт 20527671 тоот хэрэг үүсгэн шалгаж, “Говь” ХК нь иргэний хуулийн 13 дугаар зүйлийг ноцтой зөрчиж, эрүүл мэндээр насан туршид нөхөн сэргээгдэхгүйгээр хохироосон. Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 33 дугаар тушаалаар баталсан журамд найдвартай, аюулгүй ажиллагааг нь ханган баталгаажуулсан техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байх журмын заалтыг зөрчиж олон жил ашиглагдаж, сэв хялгасаа хамуураараа авч чаддаггүй суурь машинаар үйлдвэрлэл явуулж, машин дотор машин баригчийг оруулж гараар нь сэв хялгасыг хамуулж технологийн горим зөрчиж ажиллаж байсан зэргээр ажил олгогч “Говь” ХК үйлдвэрлэлийн осол гаргасан гэм буруутай үйлдлүүд нь тогтоогдож, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2007 оны 240 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 300 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2007 оны 414 дүгээр тогтоолуудаар “Говь” ХК нь гэм хорын хохирлыг хариуцан арилгагчаар тогтоогдон шийдвэрлэгдсэн бөгөөд эдгээр хууль эрхийн актууд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хохироогчийн хувьд хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг арилгах үүргээс чөлөөлөгдөх нэг ч хуулийн үндэслэл гаргасангүй. Тухайн үед Г.Отгонтөр мастертайгаа хамт ажиллаж байсан. Машинаа зогсоож машины дотор талыг цэвэрлэсэн. Дөрвөлжин цонхоор хэвтэж орж цэвэрлэдэг. Г.Отгонтөр шинээр орсон ажилтан байсан тул мастер хүүхний заасны дагуу “машиныг асааж болохгүй шүү” гэж сануулаад машин дотор орж хялгасыг түүж цэвэрлэх явцад гэнэт машиныг асааж түүний гарыг тасдсан байдаг. “Говь” ХК-иас нэхэмжилж байгаа мөнгө бол эдийн бус гэм хорын хохирол арилгуулах юм. Хэдийгээр хариуцагч нь шүүхийн шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгчийн ХБНГУлсад очиж хиймэл гар, шууны протез хийлгэсэн зардлыг барагдуулсан ч үйлдвэрийн ослоор эрүүл мэнд, эд эрхтэнд учирсан эдийн бус гэм хорын хохирлыг огт арилгаагүй. Хүний эрхтэн байхгүй болсонтой холбоотой эд мөнгөний хохирол дахин гардаг юм байна.Тиймээс эдийн бус хохирлыг арилгах хуулийн үндэслэл нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-д зүйлчлэгдсэн байдаг бөгөөд энэ заалтыг үндэслэж эдийн бус гэм хорын хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид хэрэгцээ зардал нэмэгдсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй. Эдийн бус хохирлыг арилгах хуулийн заалтаар аль болох хохирлын хэмжээг анхны байдалд нь нөхөн сэргээх талаар зохицуулсан. Хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтаар Г.Отгонтөрийн ажиллаж байсан ажлыг хийж байгаа ажилчид сард 784 000 төгрөгийн цалин авч байгаа гэсэн байна. Тэгэхдээ бид ярилцаад 784 000 төгрөг биш, харин 600 000 төгрөгөөр тэтгэлэг тогтоолгоё гэж нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Отгонтөр нь “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/153 тоот тушаалаар 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хялгас ялгах үйлдвэрт дагалдан ажилтнаар нэг сарын 40 000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Ингээд ажилд орсноос хойш 10 хоногийн дараа үйлдвэрлэлийн осолд өртөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсоны дараа буюу 2006.05.10-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/61 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Туршилтын хугацаагаар дагалдан ажиллуулж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг бөгөөд тухайн үеийн мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулахаар шийдвэрлэж байсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны 2007 оны 414 тоот тогтоолоор гэм хорыг арилгах үүргийг “Говь” ХК хариуцах болсон. Энэ нь хөдөлмөр ажиллагааны журам зөрчсөн буюу мэргэжилгүй хүн, хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулсан гэсэн осолд шууд шалтгаалахгүй хүчин зүйлээр буруутгасан нь “Говь” ХК-ийн гэм буруугийн хэмжээний хувьд ялимгүй гэж үзэхээр байна. ...Хялгас ялгах үйлдвэрийн машин баригч гэх энэхүү албан тушаал нь хийснээр цалинждаг бөгөөд нэхэмжлэгчийн ямар хэмжээний цалин хөлс авахыг тодорхойлох боломжгүй юм.Иймд сар бүр 600 000 төгрөгийн мөнгөн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Отгонтөр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу сар бүр тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадварын хувь алдалтын хэмжээгээр тогтоолгон авч байгаа байх. Гэвч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т заасан журмын агуулга нь хохирогч нь хувийн хэрэгцээгээ тодорхойлох ёстой байдаг. Иймд бидний зүгээс сар бүрийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэхэмжлэгчийн бодит зардалд тулгуурлах, бидний гэм буруугийн хэмжээний ялимгүй байдлыг харгалзан үзэж төлбөрийн хэмжээг бууруулж, цаашид тогтсон нэг дүнгээр хязгаарлаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Осол болох үед тухайн компанийн нийт хувьцааны 73,47 хувь нь төрийн мэдэлд байсан учир Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээгээр гэм хорын үүрэг хүлээлгэх ёстой. Тэгэхээр шүүхээс тогтоосон мөнгөн төлбөрийн хэмжээний 74,37 хувийг төр хариуцахаар харагдаж байна....Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.13, 514 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдал болох хохирогчийн болгоомжгүй үйлдэл, гэм хор учруулагчийн санаатай гэм хор учруулсан үйлдэл байхгүй. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т “хөдөлмөрийн чадвар буурсан, хэрэглээ зардал нь нэмэгдсэн тохиолдолд сар бүр мөнгө төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй” буюу зөвхөн энэ тохиолдлуудад уг хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар өнгөрсөн цаг хугацаанд буюу олох ёстой байсан орлогыг нөхөн төлнө. Дээрх хоёр нөхцөл байдлууд шүүх хуралдааны үед тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч зөвхөн гараа тайруулсан, үнэлж баршгүй зүйл учир сэтгэл санааны хохиролд тэтгэмж нэхэмжилж байгаа талаараа хэлсэн. Сэтгэл санааны хохирлын хувьд хуульд тусгайлан заагаагүй учир бид гаргаж өгөх боломжгүй. Харин гэм хорын төлбөрийн хувьд багасгах үндэслэлүүд гэвэл нэхэмжлэлийн үнийн дүн аль аль талдаа эргэлзээтэй, хялгас ялгагч машин жолоодогч нь хийснээрээ цалинждаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ хүн гартай байсан бол тэдгээр хүмүүстэй ижил цалин авна гэж харьцуулах нь хийснээр авч байгаа хүмүүсийн цалинтай ажилчдын хувьд өрөөсгөл болно. 2005 онд Монгол улсын Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 000 төгрөгөөр тогтоосон байсан ба тэр дүнгээр тушаал гарсан нь харагдаж байна.Иймд одоогийн нөхцөлд бол 192 000 төгрөг байх тул хэрэв энэхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөрийн хэмжээг тогтоовол “Говь” ХК-ийн зүгээс нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой гэдэг санал гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд шүүхээс тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох, эсхүл одоогийн нэг хүний гар дээр авч буй дундаж цалин болох 432 000 төгрөгийн аль нэгийг баримтлах нөхцөлд Засгийн газрын эзэмшиж байгаа 74,37 хувиар төлбөрийг бууруулах ёстой гэж үзэж байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03943 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Говь” ХК-иас сар бүр 248 281 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Отгонтөрд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас сар бүр 351 719 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 62 619 төгрөг гаргуулан /Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данс/ төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1361 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03943 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 228 дугаар зүйлийн 228.3 ...” гэснийг “...498 дугаар зүйлийн 498.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Говь” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:“Говь” ХК нь урьдны гарсан шүүхийн шийдвэрүүдээр иргэн Г.Отгонтөрийн учирсан гэм хорыг хариуцах гэдэг дээр бидэнд маргах зүйл байхгүй ба одоогийн нэхэмжлэлийн хүрээнд зөвхөн гэм хорыг хариуцах хэр хэмжээг тодорхойлж шийдвэрлэж байгаа гэж ойлгож байгаа бөгөөд энэ тал дээр анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг бүрэн хэрэглэж, гаргасан хүсэлтүүдийг бүрэн хэмжээнд шийдвэрлэж, дүгнэж шийдвэрлээгүйд гомдолтой байна.Тус магадлалаар “Говь” ХК нь иргэн Г.Отгонтөрд cap бүр 248 281 төгрөгийг   гаргуулах   анхан    шатны    шүүхийн    шийдвэрийг   хэвээр   үлдээж нэхэмжлэлийн хангах гол  зохицуулалт болж байсан Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т заасан хэсгийг 498 дугаар зүйлийн 498.1 гэж өөрчилсөн нь тэжээн тэтгэхтэй холбоотой мөнгөн тэтгэлэг гаргуулах эрх зүйн үндэсгүй болгон зөвхөн хариуцагч мөн эсэхийг тогтоох зохицуулалт бүхий заалт оруулж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.Шүүхийн шатуудад хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлох талаар хүсэлт гаргасан боловч Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.3, 230 дугаар зүйлийн 230.3-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй, хүсэлтүүдийг хангаагүй байна.Шүүхээс гэм хорыг арилгах cap бүрийн мөнгөн тэтгэмжийг тогтоохдоо нэхэмжлэлийн үнэ болох 600 000 төгрөгийг буюу шаардлагын дүнг нэмэгдүүлэн тооцсон. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх заалтыг хэрэглээгүй ба нэхэмжлэлийн хүрээнд 600 000 төгрөгөөс 376 197 төгрөгийг хасалт хийвэл 223 803 төгрөг болж байна. Мөн Г.Отгонтөр нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үйлдвэрлийн осолд өртсөн ба түүний нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 240 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн байдаг. Үйлдвэрлэлийн осол гарсан хугацаа болон шүүхийн шийдвэр гарах үеүүдэд “Говь” ХК нь Төрийн эрх мэдлийн компани байсан ба Засгийн газраас үйл ажиллагааг нь явуулдаг байсан. ТӨХ-ний 2007.7.05-ны өдрийн 325 дугаар тогтоолын дагуу Төрийн мэдлийн нийт хувьцаа болох компанийн нийт хувьцааны 73,47 хувийг “Эф Си Ай” ХХК буюу одоогийн томоохон хувьцаа эзэмшигчид шилжүүлсэн байдаг. Хувьцаат компани нь хариуцлагын тогтолцооны хувьд тодорхой онцлогтой бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг.Иймд Засгийн газар нь тухайн үед хяналтын багцыг буюу нийт хувьцааны 73,47 хувийн эзэмшиж байсан тул Төр хувьцааныхаа тоогоор хариуцлага хүлээх нь зүйтэй байна. Иймд гомдлыг хүлээн авч хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Г.Отгонтөрийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн хэрэглэх шаардлагагүй зүйл, заалтыг баримталсан нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч Г.Отгонтөр нь үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хариуцагч “Говь” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3., 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.3.-т зааснаар эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам  мөнгө  /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Г.Отгонтөр 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Говь” ХК-ийн хялгас ялгах машин дээр ажиллаж байхдаа осолд орж, баруун гар нь шуугаараа таслагдаж, хөдөлмөрийн чадвараа 70% алдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй ажээ.

Харин нэхэмжлэгч нь хялгас машин жолоодогчийн дундаж цалинг 600 000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр тодорхойлсон бол шүүх хялгас машин жолоодогчийн дундаж цалинг нэхэмжлэгчийн тооцоолсоноор бус харин нотлох баримтад үндэслэн 624 478 төгрөгөөр бодож, уг үнийн дүнгээс нэхэмжлэгчийн тахир дутуугийн тэтгэвэрт сар бүр авдаг 376 197 төгрөгийг хасч, хариуцагчаас төлөх төлбөрийн хэмжээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна. Шүүхээс нэхэмжлэлийг хангасан хэмжээ нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс хэтрээгүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим зөрчигдөөгүй гэж үзнэ. 

Үйлдвэрлэлийн осол гарсан, нэхэмжлэгчид гэм хор учирсан, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон нэхэмжлэгчээс гарсан эмчилгээний болон хиймэл эрхтэн хийлгэх зардал зэрэг үйл баримтууд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул “хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлох хүсэлтийг хангаагүй, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.3, 230 дугаар зүйлийн 230.3-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4., 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

Хариуцагч “Говь” ХК үйлдвэрлэлийн осол гарах үед төрийн эрх мэдлийн компани байсан ба төрийн мэдлийн бүх хувьцаа буюу компанийн нийт хувьцааны 73,47 хувь “Эф Си Ай” ХХК-д 2007 онд шилжсэн байх нь хариуцагчийг үүргээс чөлөөлөх, эсхүл уг үүргийг багасгах үндэслэл болохгүй юм. Хуулийн этгээд татан буугдаагүй, өөрчлөн байгуулагдаагүй, зөвхөн өмчлөгч өөрчлөгдсөн үйл баримт тухайн хуулийн этгээдийн хүлээх үүрэгт нөлөөлөхгүй тул өмчилж байсан хувьцааны тоогоор төрд хариуцлага хүлээлгэх тухай хариуцагч талын гомдол үндэслэлгүй байна.    

Нэхэмжлэгч Г.Отгонтөр урьд ажиллаж байсан байгууллага буюу үйлдвэрлэлийн осол гаргасан “Говь” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан ажиллагсдын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх тухай Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д заасан зохицуулалтыг баримталж, эрүүл мэндийг хохироосноос хөдөлмөрийн чадвар алдсан гэм хорыг сар тутам  мөнгө төлөх замаар арилгах үүргийг заасан мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.3. дахь хэсгийг шийдвэрээс хассан нь хуулийн хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн, хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй алдаа болжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байх ба шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаалгах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1361 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03943 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН