Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1361

 

 

 

 

 

 

 

 

 

     Г.Отгонтөрийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03943 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Отгонтөрийн

Хариуцагч “Говь” ХК-д холбогдох,

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас сар бүр мөнгөн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цасчихэрийн гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гончигням, У.Түвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Отгонтөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говь” ХК нь Г.Отгонтөрийг хялгас ялгагч машин баригчаар авч ажиллуулж байгаад 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үйлдвэрлэлийн ослоор миний баруун гарыг тасдаж үнэт баялагаас минь салгаж насан туршын тахир дутуу болгож хохироосон. Энэ хэрэгт 20527671 тоот хэрэг үүсгэн шалгаж, “Говь” ХК нь иргэний хуулийн 13 дугаар зүйлийг ноцтой зөрчиж, эрүүл мэндээр насан туршид нөхөн сэргээгдэхгүйгээр хохироосон. Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 33 дугаар тушаалаар баталсан журамд найдвартай, аюулгүй ажиллагааг нь ханган баталгаажуулсан техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байх журмын заалтыг зөрчиж олон жил ашиглагдаж, сэв хялгасаа хамуураараа авч чаддаггүй болсон суурь машинаар үйлдвэрлэл явуулж, машин дотор машин баригчийг оруулж гараар нь сэв хялгасыг хамуулж технологийн горим зөрчиж ажиллаж байсан зэргээр ажил олгогч “Говь” ХК үйлдвэрлэлийн осол гаргасан гэм буруутай үйлдлүүд нь тогтоогдож, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2007 оны 240 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 300 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2007 оны 414 дүгээр тогтоолуудаар “Говь” ХК нь гэм хорын хохирлыг хариуцан арилгагчаар тогтоогдон шийдвэрлэгдсэн бөгөөд эдгээр хууль эрхийн актууд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хохироогчийн хувьд хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг арилгах үүргээс чөлөөлөгдөх нэг ч хуулийн үндэслэл гаргасангүй. Тухайн үед Г.Отгонтөр мастертайгаа хамт ажиллаж байсан. Машинаа зогсоож машины дотор талыг цэвэрлэсэн. Дөрвөлжин цонхоор хэвтэж орж цэвэрлэдэг. Г.Отгонтөр шинээр орсон ажилтан байсан тул мастер хүүхний заасны дагуу “машиныг асааж болохгүй шүү” гэж сануулаад машин дотор орж хялгасыг түүж цэвэрлэх явцад гэнэт машиныг асааж түүний гарыг тасдсан байдаг. “Говь” ХК-иас нэхэмжилж байгаа мөнгө бол эдийн бус гэм хорын хохирол арилгуулах юм.

Хэдийгээр хариуцагч нь шүүхийн шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгчийн ХБНГУлсад очиж хиймэл гар, шууны протез хийлгэсэн зардлыг барагдуулсан ч үйлдвэрийн ослоор эрүүл мэнд, эд эрхтэнд учирсан эдийн бус гэм хорын хохирлыг огт арилгаагүй. Хүний эрхтэн байхгүй болсонтой холбоотой эд мөнгөний хохирол дахин гардаг юм байна. Тиймээс эдийн бус хохирлыг арилгах хуулийн үндэслэл нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-д зүйлчлэгдсэн байдаг бөгөөд энэ заалтыг үндэслэж эдийн бус гэм хорын хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид хэрэгцээ зардал нэмэгдсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй. Эдийн бус хохирлыг арилгах хуулийн заалтаар аль болох хохирлын хэмжээг анхны байдалд нь нөхөн сэргээх талаар зохицуулсан. Хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтаар Г.Отгонтөрийн ажиллаж байсан ажлыг хийж байгаа ажилчид сард 784 000 төгрөгийн цалин авч байгаа гэсэн байна. Тэгэхдээ бид ярилцаад 784 000 төгрөг биш, харин 600 000 төгрөгөөр тэтгэлэг тогтоолгоё гэж нэхэмжилж байгаа гэжээ. 

Хариуцагч “Говь” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цасчихэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Отгонтөр нь “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/153 тоот тушаалаар 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хялгас ялгах үйлдвэрт дагалдан ажилтнаар нэг сарын 40 000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Ингээд ажилд орсноос хойш 10 хоногийн дараа үйлдвэрлэлийн осолд өртөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсоны дараа буюу 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/61 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Туршилтын хугацаагаар дагалдан ажиллуулж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг бөгөөд тухайн үеийн мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулахаар шийдвэрлэж байсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны 2007 оны 414 тоот тогтоолоор гэм хорыг арилгах үүргийг “Говь” ХК хариуцах болсон. Энэ нь хөдөлмөр ажиллагааны журам зөрчсөн буюу мэргэжилгүй хүн, хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулсан гэсэн осолд шууд шалтгаалахгүй хүчин зүйлээр буруутгасан нь “Говь” ХК-ийн гэм буруугийн хэмжээний хувьд ялимгүй гэж үзэхээр байна.

...Хялгас ялгах үйлдвэрийн машин баригч гэх энэхүү албан тушаал нь хийснээр цалинждаг бөгөөд нэхэмжлэгчийн ямар хэмжээний цалин хөлс авахыг тодорхойлох боломжгүй юм. Иймд сар бүр 600 000 төгрөгийн мөнгөн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Отгонтөр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу сар бүр тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадварын хувь алдалтын хэмжээгээр тогтоолгон авч байгаа байх. Гэвч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т заасан журмын агуулга нь хохирогч нь хувийн хэрэгцээгээ тодорхойлох ёстой байдаг. Иймд бидний зүгээс сар бүрийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэхэмжлэгчийн бодит зардалд тулгуурлах, бидний гэм буруугийн хэмжээний ялимгүй байдлыг харгалзан үзэж төлбөрийн хэмжээг бууруулж, цаашид тогтсон нэг дүнгээр хязгаарлаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Осол болох үед тухайн компанийн нийт хувьцааны 73,47 хувь нь төрийн мэдэлд байсан учир Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээгээр гэм хорын үүрэг хүлээлгэх ёстой. Тэгэхээр шүүхээс тогтоосон мөнгөн төлбөрийн хэмжээний 74 37 хувийг төр хариуцахаар харагдаж байна.... Гэм буруу, түүнийг арилгах эцсийн дүнд нь хохирол мөнгөөр хэмжигддэг. Нэхэмжлэгч сар бүр 600 000 төгрөг тогтоолгон авах сонирхолтой бол бид нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болон энэ үнийн дүнг багасгах хэд хэдэн үндэслэлүүд байна. Юуны түрүүнд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.13, 514 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдал болох хохирогчийн болгоомжгүй үйлдэл, гэм хор учруулагчийн санаатай гэм хор учруулсан үйлдэл байхгүй. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т “хөдөлмөрийн чадвар буурсан, хэрэглээ зардал нь нэмэгдсэн тохиолдолд сар бүр мөнгө төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй” буюу зөвхөн энэ тохиолдлуудад уг хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар өнгөрсөн цаг хугацаанд буюу олох ёстой байсан орлогыг нөхөн төлнө. Дээрх хоёр нөхцөл байдлууд шүүх хуралдааны үед тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч зөвхөн гараа тайруулсан, үнэлж баршгүй зүйл учир сэтгэл санааны хохиролд тэтгэмж нэхэмжилж байгаа талаараа хэлсэн. Сэтгэл санааны хохирлын хувьд хуульд тусгайлан заагаагүй учир бид гаргаж өгөх боломжгүй. Харин гэм хорын төлбөрийн хувьд багасгах үндэслэлүүд гэвэл нэхэмжлэлийн үнийн дүн аль аль талдаа эргэлзээтэй, хялгас ялгагч машин жолоодогч нь хийснээрээ цалинждаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ хүн гартай байсан бол тэдгээр хүмүүстэй ижил цалин авна гэж харьцуулах нь хийснээр авч байгаа хүмүүсийн цалинтай ажилчдын хувьд өрөөсгөл болно. 2005 онд Монгол улсын Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 000 төгрөгөөр тогтоосон байсан ба тэр дүнгээр тушаал гарсан нь харагдаж байна. Иймд одоогийн нөхцөлд бол 192 000 төгрөг байх тул хэрэв энэхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөрийн хэмжээг тогтоовол “Говь” ХК-ийн зүгээс нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой гэдэг санал гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд шүүхээс тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох, эсхүл одоогийн нэг хүний гар дээр авч буй дундаж цалин болох 432 000 төгрөгийн аль нэгийг баримтлах нөхцөлд Засгийн газрын эзэмшиж байгаа 74,37 хувиар төлбөрийг бууруулах ёстой гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Говь” ХК-иас сар бүр 248 281 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Отгонтөрд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас сар бүр 351 719 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас 62 619 төгрөг гаргуулан /Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данс/ төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цасчихэр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй ба дараах нөхцөл байдлуудыг бүрэн үнэлүүлж, тогтоолгох хүсэлтэй байна. Үүнд:

1. Г.Отгонтөр нь 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үйлдвэрлэлийн осолд өртсөн ба түүний нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 240 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн байдаг. Үйлдвэрлэлийн осол гарсан хугацаа болон шүүхийн шийдвэр гарах үеүүдэд "Говь" ХК нь Төрийн эрх мэдлийн компани байсан ба Засгийн газраас үйл ажиллагааг нь явуулдаг байсан. ТӨХ-ний 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 325 дугаар тогтоолын дагуу Төрийн мэдлийн нийт хувьцаа болох компанийн нийт хувьцааны 73,47 хувийг "Эф Си Ай" ХХК буюу одоогийн томоохон хувьцаа эзэмшигчид шилжүүлсэн байдаг. Хувьцаат компани нь хариуцлагын тогтолцооны хувьд тодорхой онцлогтой бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Иймд засгийн газар нь тухайн үед хяналтын багцыг буюу нийт хувьцааны 73 47 хувийн эзэмшиж байсан тул Төр хувьцааныхаа тоогоор хариуцлага хүлээх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл олох ёстой байсан орлогыг нэхэмжлэлийн үнийн дүнгээр 600 000 төгрөг гэж тооцвол түүний 73 47 хувь буюу 440 820 төгрөгийг төр хариуцаж үлдсэн 159 180 төгрөгийг Говь ХК хариуцахаар харагдаж байна.

2. Шүүхээс гэм хорыг арилгах cap бүрийн мөнгөн тэтгэмжийг тогтоохдоо дараах байдлаар буруу тооцоолсон. Үүнд: 2.1 нэхэмжлэлийн дүн болох 600 000 төгрөгийг буюу шаардлагын дүнг нэмэгдүүлэн тооцсон. 2.2 нэмэгдүүлсэн дүнгээс тахир дутуугийн тэтгэвэрт авдаг 376 197 төгрөгийг хасалт хийсэн. Хариуцагчийн  зүгээс  нэхэмжлэлийн  хүрээнд  600 000  төгрөгөөс 376 197 төгрөгийг хасалт хийвэл 223 803 төгрөг болж байна.

3. Говь ХК-ийн гэм хорын хэмжээг шүүх тодорхойлохдоо хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээ буюу хохирогчид санаатай гэмтэл учруулаагүй, гэм хорыг багасгах үйлдлүүд хийж байсан зэрэг үйлдлүүдийг харгалзалгүй тогтоосон. Өөрөөр хэлбэл энэ нь санаатай гэмт хэргийн улмаас бус үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн, гэмтэл учирсанаас хойш тодорхой хэмжээний хохирогчоос гарсан зардлыг бууруулах үйлдэл хийж байсан зэргийг харгалзан ногдуулах төлбөрөөс тодорхой хэмжээгээр бууруулах буюу Иргэний хуулийн 229-229.2-т заасан зохицуулалтыг ашиглах боломжтой юм. Иймд давж заалдах гомдол, хүсэлтийг хүлээн авч хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Г.Отгонтөр нь хариуцагч “Говь” ХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас сар бүр 600 000 төгрөгийн мөнгөн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох, эсхүл компанийн хүлээх хариуцлагыг компанид Засгийн газрын эзэмшиж байгаа 74,37 хувиар тооцон бууруулах ёстой гэж маргажээ.

 

2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Г.Отгонтөр нь хариуцагч “Говь” ХК-д хялгас ялгах машин дээр ажиллаж байхдаа тус компанийн ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас осолд орж, баруун гар нь шуугаараа тасарч, хөдөлмөрийн чадварыг 70 хувиар тогтонги алдагдуулах хүнд гэмтэл авсан болох нь хэргийн 19 дэх талд авагдсан Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 197 дугаар тогтоол /хх-20/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1-3/, шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-204-205/ зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь үйлдвэрлэлийн ажиллагааны явцад гэм хор учруулснаас үүссэн хохирлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсний зөрүү, олох байсан орлогын зөрүү гэсэн агуулгаар шаардлага гаргасан байхад шүүх гэм хор гаргуулах тухай гэрээний болон гэрээний бус үүрэгт хамаарах ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт нийцэхгүй юм.

 

Учир нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 197 дугаар тогтоолд дурдсанаар “Говь” ХК-ийн ажилтан Х.Амаржаргалын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Г.Отгонтөрд гэм хор учирсан үйл баримт тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажилтны учруулсан гэм хорыг түүнийг ажиллуулж буй байгууллага хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэгчид сар бүр олгох тэтгэлгийн хэмжээний хувьд маргаж байх боловч энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргасан тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгчийн хялгас ялгагч суурь машин дээр ажиллаж байгаа машин баригч сард 600 000-900 000 төгрөгийн хооронд цалин авч байгаа талаар гаргасан баримтад үндэслэн /хх.3/ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан цалин хөлсний зөрүүг тогтоож, тэтгэлэг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан машин баригчийн орон тоонд ажиллаж байгаа ажилчдын авч байгаа цалингийн дунджаас нэхэмжлэгчийн одоо авч буй тахир дутуугийн тэтгэврийг хасч, цалин хөлс, орлогын зөрүүг 248 281 /(825046.81 + 775156.34 + 737524.57 + 827606.35 + 826128.19 + 773531.77 + 790564.37 + 754916.98 + 661127.25 + 246237.63 + 280409.74 + 310000 + 309960.23)/13 – 376 197 = 248 281/ төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03943 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтад “... 228 дугаар зүйлийн 228.3 ...” гэснийг “...498 дугаар зүйлийн 498.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Говь” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД 

 

                                                                                            Д.БАЙГАЛМАА