Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01183

 

Ц.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/01610 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Агийн хариуцагч Б.Мд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 62 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б.Мтай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Дээрх гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг Б.Мд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр өгсөн бөгөөд тэрээр зээлийн гэрээнд заасны дагуу хүлээн авч, бэлэн мөнгө хүлээлцсэн баримтыг үйлдэн авсан болно. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүнд сар бүр нийт төлбөрийн 6 хувиар буюу сард 3 000 000 төгрөгийн хүүг төлөх үүрэгтэй байгаа. Зээлийн хүүг сар бүрийн 01-ний өдөр Хаан банкны 5011350990 дугаар Ц.Агийн данс руу шилжүүлнэ гэж харилцан тохиролцсон. Хариуцагчаас зээлийн хүүнд нийт                            10 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын хүүг төлөөгүй. 2020 оны 1, 2, 3 сарын зээлийн хүү 12 00 000 төгрөг болно. Иймд хариуцагч Б.Маас зээл                     50 000 000 төгрөг, түүний хүү 12 000 000 төгрөг, нийт 62 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Атай гэрээ байгуулж, нотариат дээр очиж гарын үсэг зураагүй. Тус мөнгийг Р.Надминдцэрэн авсан. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ц.А бид хоёр уулзахад Ц.А нь Р.Надмидцэдэн намайг нотариат ороод гарын үсэг зураад өг, Б.М одоогоор завгүй байна гэж хэлсэн. Р.Надмидцэрэн мөнгө авсан байхад яагаад надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдана. Нэхэмжлэгч Ц.Агийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээний арын хуудсан дээр 50 000 000 төгрөгийг авлаа гэдэг энэ бичиг нь Б.Мын гарын үсэг, бичгийг хэвлэгч машинаар хэвлэсэн байх гэсэн үндэслэл бүхий эргэлзээ байгаа. Нотариат дээр хадгалагдаж байгаа зээлийн гэрээн дээр Б.М гарын үсэг зурсан. Өөр гэрээ байхгүй. Үүний дагуу Ц.Агаас ямар нэгэн мөнгө аваагүй. Ц.А цэнхэр өнгийн балаар гарын үсэг зурсан байхад өөр өнгөөр Б.Мын гарын үсгийг зурсан байна. Р.Надмидцэдэн, Ц.А хоёр нийлж хийсэн хууль бус үйлдлийг нь нотариат гэрчилсэн. Шүүх хуралдаанд шинжээч оролцсон бөгөөд асуусан дүгнэлт гаргасан арга, аргачлал онолын асуудал, нууц гэж хэлсэн. Хариуцагч тал үндсэн зээл, зээлийн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Маас зээлийн гэрээний үүрэгт 59 000 000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 452 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч Б.М нь нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөг аваагүй, зээлийн гэрээний ар талд мөнгө авсан талаар бичээгүй, гарын үсэг зураагүй гэж маргадаг. Үүнийг нотлохын тулд тодорхой асуултын хүрээнд шинжээчийн дүгнэлт гарсан. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4143 дугаартай шинжээчийн дүгнэлт үнэн зөв, үндэслэл бүхий эсэх нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэгт заасан шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт бүхий материал байхгүй байсан. Тэдгээрийг шинжээч У.Батмөнхөөс гаргуулахаар шаардсан боловч ирүүлээгүй. Тиймээс шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж гаргасан дүгнэлттэй нь холбоотой асуулт асуусан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэсэн байдаг ч шинжээч У.Батмөнх нь маргаж буй зээлийн гэрээн дээрх хариуцагч Б.Мын гарын үсгийг хэвлэн оруулах төхөөрөмж болон механик арга ашиглан хуулбарласан, хэвлэсэн шинж илрээгүй гэх дүгнэлтийнхээ арга аргачлал, шинжлэх ухааны үндэслэл, яагаад ийм дүгнэлт гаргаснаа тайлбарлахаас татгалзсан. Шинжээч У.Батмөнх шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа байгууллагын нууц гэдэг шалтгаанаар дүгнэлттэй холбоотой асуултад хариулахаас татгалзсаныг хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 4143 дугаартай шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх нь тодорхой биш, үндэслэл бүхий эргэлзээтэй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна. Нотариатчийн архивт байгаа зээлийн гэрээн дээр нэхэмжлэгч, хариуцагчийн гарын үсэг цэнхэр өнгөтэй, нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн гэрээн дээр Ц.Агийн гарын үсэг цэнхэр, харин Б.Мын гарын үсэг хар өнгөтэй байдаг. Гэхдээ хоёр гэрээн дээр энэ гэрээний үнэн зөвийг гэрчлэв гэх дардас дарагдсан байгаа тул хоёулаа эх хувь гэсэн үг. Мөн нотариатчийн бүртгэлийн дэвтэрт Ц.А гарын үсэг зурсан байдаг бол Б.Мынх байхгүй, өөрөөр хэлбэл маргаж буй зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэхэд хариуцагч биечлэн оролцоогүй болох нь тогтоогддог. Энэ талаар Монголын нотариатын танхимд гомдол гаргасан бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сахилгын зөвлөл хуралдаж, нотариатч П.Хишигжаргалд сануулах арга хэмжээ авсан болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 59 000 000 төгрөг гаргуулан Ц.Ад олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 12 000 000 төгрөг, нийт                          62 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Талууд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 4 дүгээр тал/

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ “уг гэрээнд гарын үсэг зураагүй, нэхэмжлэгчээс мөнгө аваагүй” гэх агуулгаар тайлбарлаж, гэрээнд зурсан гарын үсгэнд шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж, шүүхээс уг хүсэлтийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2020/16290 дугаар шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4131 дугаар шинжээчийн дүгнэлтээр “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Зээлийн гэрээ” болон арын нүүрний гарын үсгүүд нь Б.Мын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна, уг зээлийн гэрээ гэх баримт дээрх хариуцагч Б.Мын гарын үсгийг хэвлэн олшруулах төхөөрөмж болон механик арга ашиглан хуулбарласан, хэвлэсэн шинж илрээгүй болно.” гэж дүгнэжээ. /хэргийн 155,156, 165-176 дугаар тал/

Иймд дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 50 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, энэ үнийн дүнгийн хэмжээгээр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Түүнчлэн, хариуцагчаас давж заалдах гомдолдоо “гэрээнд гарын үсэг зурсан балны өнгө зөрүүтэй, нотариатчийн бүртгэлийн дэвтэрт Б.М гарын үсэг зураагүй тул нотариатаар гэрчлүүлэхэд биечлэн оролцоогүй” гэж тайлбарлажээ. Нотариатчийн бүртгэлийн дэвтэрт хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй, гэрээнд өөр өнгийн балаар талууд гарын үсэг зурсан гэх нөхцөл байдал нь дээрх гэрээг талууд байгуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Нөгөөтэйгүүр, иргэн хооронд байгуулагдсан ердийн зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлага тавихгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд нэг бичиг баримтад гарын үсэг зурснаар гэрээг бичгээр байгуулсанд тооцно. 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Ц.Агийн Хаан банк дах 5011350990 дугаартай данс руу 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 4 500 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 81-83 дугаар тал/

Хариуцагчаас “уг шилжүүлгийг Р.Надмидцэдэнгийн гуйлтын дагуу нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн” гэх агуулгаар тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй байна. Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 10 500 000 төгрөг төлсөн талаар маргаагүй бөгөөд уг хэмжээгээр хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзнэ.

Талууд зээлийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан боловч нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Иймд нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 9 сар 15 хоногийн зээлийн хүү шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчээс үндсэн зээл 50 000 000 төгрөг, 4 сарын зээлийн хүү 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны зээлийн хүү 3 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан талуудын зарчмын хүрээнд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/01610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                 ШҮҮГЧИД                           Ч.ЦЭНД

 

                                                                                             С.ЭНХТӨР