Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0221

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0221

Улаанбаатар хот

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/11 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-11 дүгээр тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ бичгээр гаргасан байхад шүүх хурлыг мэтгэлцэх зарчмаар явуулаагүй, нэхэмжлэгч талыг байлцуулж, хариуцагчийн төлөөлөх эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.

2.Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, төсөл байхгүй, газрын төлбөр төлсөн, нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн гэдэг боловч үүнийг нь нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Анхнаасаа хуулийн дагуу газар ашиглах эрхээ шударгаар олж аваагүй тул 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дугаар тушаалын С ХХК-д холбогдох хэсэг нь өөрөө илт хууль бус тушаал.

3.Нэхэмжлэлийн шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаар тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/11 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж тогтоох хэсэгт заасан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст С ХХК-ийн маргаж байгаа газартай холбогдуулж шалгагдаж байгаа ба шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны 10303 дугаар захирамжаар С ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой хэрэг, зөрчлийг эрүүгийн журмаар шалгаж байгаатай холбоотой баримт материалууд нь маргаан бүхий актын үндэслэл, үр дагавартай шууд хамааралгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна гэж дүгнэсэн ч яагаад маргаан бүхий актын үндэслэл үр дагавар хамааралгүй болохыг тайлбарлаж дурдаагүй. Гэтэл С ХХК нь газар ашиглах эрхийг компаниа шилжүүлэх нэрээр газрыг худалдсан байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж, хариуцагчийн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах, мэтгэлцэх эрхийг хангалгүй хэргийг шийдсэн тул анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна.

1.Хариуцагчийн төлөөлөгч Ховд аймагт томилолтоор ажиллах тул 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ба хүсэлтдээ хавсаргасан нотлох баримт нь шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл Олон улсын байгууллагад хандсан томилолтын зардлыг шийдвэрлүүлэх тухай албан бичгийг хавсаргаж өгсөн байсан. Энэ албан бичгээр түүний зардал шийдвэрлэгдэж албан томилолтоор явсан эсэх нь тодорхойгүй байсан тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан.

Энэ шүүх хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр товлогдсон ба шүүх хурал хийгдэх үед хариуцагчийн төлөөлөгчөөс өмгөөлөгч авах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр товлоход энэ өдөр шүүх хурал давхацсан гэсэн тайлбар хэлсэн ба шүүгч хурлын хуваарийг үзэхэд давхацсан хурал байгаагүй, хариуцагчийн төлөөлөгчөөс худал шалтаг гаргаж шүүх хуралдааныг хийлгэхгүй байх зорилго тодорхой байсан.

Иймд хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр товлосон ба хурал хийх өдөр томилолтоор ажиллах тухай дээрх албан бичгийг ирүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг товлох ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгч ямар нэг шалтаг гаргасан оролцдоггүй, түүнээс шалтгаалан товлосон шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан нь хурлын тэмдэглэлүүд, уг хуралдаануудаас гарсан шийдвэрүүдээр нотлогдож байгаа.

Үүнээс үзэхэд шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хуралд оролцуулах, мэтгэлцэх боломжийг бүрэн хангасан боловч тэрээр шүүх болон хэргийн бусад оролцогчдыг хүндэтгэж үзээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан үүргээ өөрөө биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан өөрийн буруутай үйлдлийг шүүхийн буруу гэж гомдол гаргаж байгаа нь төрийн байгууллага, төрийн яамыг төлөөлж байгаа төрийн албан хаагчид байж боломгүй хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл юм.

2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаартай Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын үндэслэл нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан дээрх үндэслэл биш.

Харин анхан шатны шүүх уг тушаалд дурдсан үндэслэл, хариуцагчийн гаргасан Кувейт улсын элчин сайдын яамнаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалсан гэсэн тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар ашиглах эрхийг дуусгавар болгох тодорхой үндэслэлийг заасан. Гэтэл газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалд дээрх үндэслэлийн алийг нь ч заагаагүй, мөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг ч заагаагүй байна.

Иймд давж заалдах гомдолд дурдсан газар ашиглах эрхийг анхнаасаа илт хууль бус тушаалаар олгосон гэж маргах хууль зүйн үндэслэл байхгүй.

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэжээ.

Манай компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаартай тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Сайдын энэхүү тушаалаар 11 этгээдийн газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан ба ер нь бүхэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.

4.Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй гэжээ.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг нь С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хоорондох компанийн хувьцааг шилжүүлэхдээ хуурамч баримт бичиг үйлдсэн талаарх асуудал бөгөөд Захиргааны шүүхэд маргаж байгаа сайдын тушаалтай хамааралгүй хэрэг юм.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн шаардлагыг хангасан.

Иймд давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/11 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах, гадаад дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, жуулчлалын тав тухтай аялах, амрах орчинг нэмэгдүүлэх хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Зайсангийн ам болон Түргэний аманд байрлах хавсралтад дурдсан 15 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, эдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан газар ашиглах гэрээг цуцалсан байх ба үүнд нэхэмжлэгч С ХХК-ийн Хан-Уул дүүрэгт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Түргэний ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар олгосон 2 га газар хамрагджээ.

            Хариуцагчаас Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан гэж тайлбарлах боловч шийдвэр нь холбогдох хуульд нийцсэн байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 1-ийн 1/-д Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 2/-т тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 39.1.2-т газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, 39.1.3-т эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, 39.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 39.1.5-д газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн гэж тус тус заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд хариуцагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах, гадаад дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, жуулчдын тав тухтай аялах, амрах орчинг нэмэгдүүлэх-ээр нэхэмжлэгч С ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь дээрх үндэслэлүүдийн алинд ч хамаарахгүй, нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гэж заасныг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагчийн төлөөлөх эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлийн тухайд, анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болох шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн, гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан болохоос 1 хоногийн өмнө шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргахдаа хүсэлт гаргах болсон үндэслэлээ хангалттай нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо нэхэмжлэгч С ХХК нь газар ашиглах эрхээ шударгаар олж аваагүй, С ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой хэрэг, зөрчлийг эрүүгийн журмаар шалгаж байгаатай холбоотой баримт материалууд нь маргаан бүхий актын үндэслэл, үр дагавартай шууд хамааралгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэсэн ч үндэслэлээ тайлбарлаагүй гэх боловч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй учир дээрх үндэслэлүүдээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах, шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн маргаан бүхий актыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоосон нь буруу, түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын С ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ