Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 20

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С ” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуучлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаартай тушаалын “С ” ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаартай тушаалын “С ” ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар Нийслэлийн Хан-уул дүүргийн 14 дүгээр хороо “Богдхан уулын дархан цаазат газар” Түргэний аманд 2 га газрыг “С ” ХХК-нд  аялал, жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон. Сайдын энэ шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-д заасан нөхцөл, шаардлагын дагуу гарсан.

Иймд манай компани дээрх хууль, журамд заасны дагуу холбогдох төлбөрийг төлсөн ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон. Манай компани уг газарт байгаль орчны нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагад захиалан гүйцэтгүүлж дуусгасан. Энэ ажилд багагүй хөрөнгө зарцуулсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр А/11 дугаартай тушаал гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргажээ. Сайдын энэхүү илтэд хууль зөрчсөн шийдвэрийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, багагүй хэмжээний эд хөрөнгийн хохирол учраад байна. Энэхүү шийдвэрийг доорх үндэслэлүүдээр хууль зөрчиж гаргасан акт гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.2-т ... захиргааны акт гаргахын өмнө эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдэл хүргүүлж тайлбар, санал гаргах боломжоор хангах талаар заасан байна. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй, манай компанид мэдэгдээгүй, санал, тайлбар гаргах боломж олгохгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан тушаал гаргасан нь хууль зөрчсөн ажиллагаа юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг бичгээр гаргахдаа захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заана” гэжээ. Дээрх шийдвэрийг Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл буюу “Сайд эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана” гэсэн заалтыг удирдлага болгож гаргасан ба манай компанийн газар ашиглах эрхийг ямар үндэслэлээр цуцалж байгааг тодорхой заагаагүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаартай тушаалын “С ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав.”гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаартай тушаалын “С ” ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар Нийслэлийн Хан-уул дүүргийн 14 дүгээр хороо “Богдхан уулын дархан цаазат газар” Түргэний аманд 2 га газрыг “С ” ХХК-нд аялал, жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон. Сайдын энэ шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-д заасан нөхцөл, шаардлагын дагуу гарсан.

Иймд манай компани дээрх хууль, журамд заасны дагуу холбогдох төлбөрийг төлсөн ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон. Манай компани уг газарт байгаль орчны нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагад захиалан гүйцэтгүүлж дуусгасан. Энэ ажилд багагүй хөрөнгө зарцуулсан. Гэтэл Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр А/11 дугаартай тушаал гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргажээ. Сайдын энэхүү илтэд хууль зөрчсөн шийдвэрийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, багагүй хэмжээний эд хөрөнгийн хохирол учраад байна.

Энэхүү шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хууль зөрчиж гаргасан акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”,  27 дугаар зүйлийн 27.2-т “... захиргааны акт гаргахын өмнө эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдэл хүргүүлж

тайлбар, санал гаргах боломжоор хангах” талаар заасан байна. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй, манай компанид мэдэгдээгүй, санал, тайлбар гаргах боломж олгохгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан тушаал гаргасан нь хууль зөрчсөн ажиллагаа юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг бичгээр гаргахдаа захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заана..” гэжээ. Дээрх шийдвэрийг Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл буюу “Сайд эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана” гэсэн заалтыг удирдлага болгож гаргасан ба манай компанийн газар ашиглах эрхийг ямар үндэслэлээр цуцалж байгааг тодорхой заагаагүй байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаартай тушаалын “С ” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “...“С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаартай тушаалын “С ” ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. 

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг”, гаргахаар түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсад сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг,  Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, Аялал жуучлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 5 дугаар зүйлийн 5.1 “Аялал жуучлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, салбар хоорондын зохицуулалт хийх, үйл ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж”, болон 6.1.5.1 “дэлхийн аялал жуучлалын байгууллага болон олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд санамж бичиг байгуулсан. Кувейт улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаас ирүүлсэн албан бичгээр “Кубет-Монгол судалгааны төвийн одоо байгаа хашаанаас дотогш ямар нэг хувь хүн албан байгууллагад олгосон газар ашиглах зөвшөөрөлд шаардлагатай арга хэмжээ авч өгөх”-ийг хүссэн хүсэлт зэргийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Түргэний аманд байрлах “С ” ХХК-ийн 2 га газрыг цуцалсан. 

Иймд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын хуульд заасан эрхийн хүрээнд дээрх тушаалыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ямар үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь тодорхой бус байгаа. Газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох нь Тусгай хамгаалалттай газар нутгийн 40 дүгээр зүйл, 39 дүгээр зүйлд тодорхой заасан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгоход 5 зүйлийг үндэслэл болгосон байдаг. Уг тушаалаар эдгээр үндэслэлийн аль үндэслэлээр нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь тодорхой бус байгаа юм.

Хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартаа холбогдуулж тайлбар хэлэхэд Монгол Улсын иргэн Монгол Улсад газар эзэмших, ашиглах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхээр олгогдож байгаа. Гэтэл гадаадын Элчин сайдын яамны тэргүүлэгчдийн хүсэлтээр Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн Монгол Улсын Үндсэн Хуульд заасан эрхэд халдан Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл байхгүй байхад газар эзэмших, ашиглах эрхийг цуцалж байгаа нь хууль бус үйл ажиллагаа гэж дүгнэхэд хүрч байна. Уг газар нь тусгай хамгаалалттай газар нутаг болон иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар ерөнхий зохицуулалт нь явагдаж байхад хэн нэг этгээдийн хүсэлтээр цуцлах үндэслэлгүй юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар Монгол Улсад айлчилж байгаа төр засгийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, өөрийн гэсэн төрийн дээд өндөр хамгаалалтад зорчино гэж заасан. Энэ хуулиар хамгаалалттай үйл ажиллагаа хэрэгжих юм. Нэг удаагийн айлчлалтай холбоотойгоор ямар нэгэн эрх ашиг, тэдний аюулгүй байдал сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй байхад, эрхэд халдаж газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь хууль бус юм. Энэ газар нь төрийн тусгай хамгаалалттай газар боловч Тагнуулын ерөнхий газраас төрийн тусгай хамгаалалттай газрын хуульд заасан объект биш гэж үзсэн. Хэрвээ тэр объект бол тодорхой хэмжээний зай, шалгуурт хамаарагдаагүй юм. Дээрх нөхцөлүүдээр хууль бус тушаал гэдэг нь нотлогдож байна. Сайдын эрх хэмжээ хуульд зааснаар тодорхойлогдоно. Тэгтэл хуульд байхгүй эрх хэмжээгээр тушаал гаргасан нь хууль бус юм.

Нотлох баримт шинжлэн судлах явцад “С ” ХХК-аас газар эзэмших гэрээ байгуулаагүй, эзэмших хүсэлт гараагүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт байдаг. Энэ нь газар олгох, ашиглуулах гэсэн түр зөвшөөрөл юм. Энэ журмын 3.4-д заасны дагуу хүсэлт гаргаж, гэрээ байгуулж байсан учраас бид материал цуглуулж очоогүй хэрвээ газар ашиглах эрх цуцлагдаагүй байсан бол 3 сарын дотор гэрээгээ байгуулж материалаа бүрдүүлэх боломжтой байсан. Нэгэнт газар ашиглах эрх цуцлагдсан учир эдгээр ажлууд зогссон. Хэрэв хүчин төгөлдөр хэвээр байсан бол журмын дагуу гэрээг байгуулан явах боломжтой байсан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С ” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаалын  тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон бол хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Д шүүх хуралдаанд ирээгүй ба шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна. Уг хүсэлтэд Ховд аймагт 2017 оны 01 дүгээр сарын 06-наас 11-ний хооронд томилолтоор ажиллахаар болсон талаар дурдаж, томилолтоор ажиллахад шаардлагатай агаарын тээврийн болон томилолтын зардлыг гаргуулахаар олон улсын байгууллагад хандсан албан тоот бичгийг хавсаргажээ. Энэ нь түүнийг Ховд аймагт ажиллахаар явсан эсэхийг нотлох баримт /томилолтоор ажиллуулах хуудас, онгоцны тийз/ болохгүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасныг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.   

 Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/179 дүгээр тушаалаар  нэхэмжлэгч “С ” ХХК-нд Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “Түргэний ам” гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар 2 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглахыг зөвшөөрч, гэрчилгээг  2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц, газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж заасан байх ба газар ашиглах хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх талаар мөн хуулийн 35, 36 дугаар зүйлүүдэд тус тус зохицуулжээ.    

“С ” ХХК-нд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгосон  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/179 дүгээр тушаал нь нэхэмжлэгчид эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд талууд уг актын талаар маргаагүй тул уг актын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

- Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаалын хавсралтаар  Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Зайсангийн ам болон Түргэний аманд байрлах газар ашиглах эрхийг цуцалсан 14 аж ахуйн нэгж, байгууллагын дотор нэхэмжлэгч “С ” ХХК орсон байх тул нэхэмжлэгчээс газар ашиглах тусгай зөвшөөрөл олгоод 2 сарын дараа буюу газраа ашиглаж эхлээгүй байхад 

тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалсан гэж маргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэ-ээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа  “уг хөтөлбөрийн 6.1.5.1-д “дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, нийт 5 төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн байна;” гэж заасны хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хооронд санамж бичиг байгуулсан. Кувейт улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаас албан бичгээр ирүүлсэн “Кувейт-Монголын судалгааны төвийн одоо байгаа хашаанаас дотогш ямар нэг хувь хүн албан байгууллагад олгосон газар ашиглах зөвшөөрөлд шаардлагатай арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлтийг үндэслэн “С ” ХХК-ний газар ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэж тайлбарлажээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаар тогтоолоор  2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эль-Кувейт хотноо үзэглэсэн “Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын санамж бичиг”-ийг баталж, санамж бичгийн хоёрдугаар зүйлд “Хүрээлэн буй орчны судалгааны хамтарсан төв байгуулах талаар судалгаа хийх” талаар хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу 2008 онд ”Монгол Кувейтын судалгааны төв” ТББ-ыг байгуулсан байна.

”Монгол Кувейтын судалгааны төв” ТББ нь Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас олгосон 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 576 дугаартай гэрчилгээгээр  Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “Түргэний ам” гэх газарт 3.5 газрыг ашигладаг ба тус байгууллагын явуулах үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлж байгаа гэх үндэслэлээр ашиглах газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт  гаргасны дагуу судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын зориулалтаар 10.1 газрыг ашиглуулахаар 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2015/251 дугаартай гэрчилгээг  олгожээ. Эдгээр 2 гэрчилгээг олгоход үндэслэсэн буюу газар ашиглах эрх олгосон шийдвэр тодорхойгүй, хариуцагчаас нотлох баримтаар ирүүлээгүй болохыг дурдаад маргаан бүхий акттай шууд хамааралгүй, ач холбогдолгүй 

тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. 

 Учир нь ”Монгол Кувейтын судалгааны төв” ТББ-ын ашиглалтын газар нь нэхэмжлэгч “С ” ХХК-ийн ашиглах газартай давхцалгүй болох нь тэдгээрийн газар ашиглах гэрчилгээнд тэмдэглэсэн талбайн булангийн цэгүүдийн солбицол, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны тодорхойлолт , байршлыг харуулсан кадастрын зураг зэргээр нотлогдож байна.

Шүүхээс хийсэн үзлэгээр ”Монгол Кувейтын судалгааны төв”-ийн ойролцоо Кувейтын Элчин сайдын яамнаас байгуулсан гэх харуулын постоор нэвтэрч маргаан бүхий газар очиход нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан гэх газрын хойно Кувейтын Эмирийн айлчлалд зориулж байгуулсан гэх барилга байгууламж бүхий цогцолбор газар байрлаж байх ба уг газраас Монгол Кувейтын судалгааны төв хооронд орших бусдад ашиглах зөвшөөрөл олгосон газарт нэхэмжлэгчийн газар хамаарч байна. 

Гэтэл Кувейтын Эмирийн айлчлалын үед аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх талаар Кувейт улсаас Монгол Улсад суугаа элчин сайдаас ирүүлсэн хүсэлтийг  үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын санамж бичгийн хэрэгжилтийг хангах нэрийдлээр нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээг цуцалсан нь үндэслэлгүй байна. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болохоор заасан байхад уг хуулийн үндэслэлийг тодорхой дурдаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх” зарчим, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” шаардлагыг тус тус  зөрчжээ. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 324 дүгээр тогтоолоор баталсан “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үндэслэн нэхэмжлэгчид “аялал жуулчлал”-ын зориулалтаар газар ашиглах гэрчилгээг  цуцалсан нь ойлгомжгүй бөгөөд уг шийдвэрээр мөн Монгол Кувейтын судалгааны төвд нэмж олгосон 10.0 га газрын ашиглах гэрчилгээг цуцалсан болохыг дурдах нь зүйтэй байна.  

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5. “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “Захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч “С ”ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргахаас өмнө түүнийг сонсоогүй, шийдвэрийн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй мөртлөө шийдвэр гаргасны дараа мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцээгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6. “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим”-ыг захиргааны үйл ажиллагаанд баримтлаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим болон захиргааны акт гаргах журамласан харилцааг зөрчиж, холбогдох хуульд заасан үндэслэлгүйгээр нэхэмжлэгч “С ”ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаал нь хууль бус байх тул уг тушаалын “С ”ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр 40.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С ”ХХК-нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон “С ”ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНГЭРЭЛ