Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00856

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00856

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/00474 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч “Э п.г” ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 3112, 3113 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ” нэртэй гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлийн үр дагаврыг арилгах буюу гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Э” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Э” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Г.Ө бүртгэгдэн, тус компанийн захирлын үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байна. “Э” ХХК-ийн хувьд “К.Б” ХХК-тай 2012 оноос зээлийн гэрээ байгуулан хамтран ажилласаар ирсэн. Банкны зүгээс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Э” ХХК-ийг 18 800 000 000 төгрөгийн өртэй тул танай байгууллагын зарим эд хөрөнгийг өрөндөө суутган авна гэсэн. Манай компаниас өөрийн өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээ байгуулж, “Э п.г” ХХК-д шилжүүлсэн. “Э” ХХК-аас “К.Б” ХХК-д төлөх өр төлбөрийн үлдэгдэл хэдэн төгрөг болох талаар тооцоо нийлж акт үйлдэх талаар санал гаргасан ч банкны зүгээс хөрөнгүүдийг шилжүүлсний дараа болно гэх тайлбар өгснөөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулж чадаагүй. “Э п.г” ХХК нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлж авсан. 2017 оны 01 дүгээр сард “К.Б” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн зүгээс “Э” ХХК-ийн нягтлан бодогч Г.Оюунсүрэнд “Э” ХХК-ийн нийт хөрөнгийг 5 000 000 000 төгрөгөөр тооцож шилжүүлэн авч, үлдэх 13 800 000 000 төгрөгийн өрийг тодорхой хугацаанд барагдуулах тухай тайлбар өгөхийг хүссэн цахим шуудан ирүүлсэн. Бид бүхэн танилцаж компани өөрийн хөрөнгөө бага үнэлгээгээр тооцож шилжүүлэхээс татгалзсан бөгөөд Монголбанкны зээлийн мэдээллийн санд хандан өр, зээлийн мэдээллийг шалгуулахад 900 000 евро буюу тухайн үеийн ханшаар 2 700 000 000 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлээс өөр ямар нэг байдлаар “К.Б” ХХК-д 18 800 000 000 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэл байхгүй болохыг мэдсэн. Дээрх эд хөрөнгүүдийг шилжүүлэх явцад өр төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлэхгүй байсан нь анхнаасаа биднийг өр төлбөртэй мэтээр итгэн үнэмшүүлж, хуурч мэхлэн “Э” ХХК-ийн эд хөрөнгүүдийг өөрийн нэр шилжүүлэн авах санаа зорилготой байсан нь тэдгээрийн хууль бус үйлдлүүдээс тодорхой харагдаж байгаа төдийгүй шилжүүлж авсан эд хөрөнгүүдийг буцаан өгөхийг шаардахад хариуцагч нар өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй.

Иймд бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж байна гэжээ.

 

Хариуцагч “Э п.г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э” ХХК болон “Э п.г” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 3112, 3113 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус гарснаар хүчин төгөлдөр болсон. Мөн гэрээний 6-д “Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болж болно” гэж заасан. “Э п.г” ХХК нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн ямар ч үйлдэл гаргаагүй байх тул гэрээнд заасны дагуу гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй. Мөн уг гэрээг гэрчилсэн нотариатч талуудад энэ гэрээний үр дагаврыг тайлбарлаж, талууд гарын үсгээ зурж тэмдэг дарснаар баталгаажсан хүчин төгөлдөр гэрээ байна. “Э” ХХК нь дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, мөн хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаагаа дурдсан боловч энэ талаарх нотлох баримт өгөөгүй зэрэг нь уг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй. Иймд дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, мөн хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус гэж тооцох, шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К.Б” ХХК дах банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э п.г” ХХК нь “К.Б” ХХК-ийн 100 хувийн эзэмшлийн охин компани юм. “Э” ХХК болон “Э п.г” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 3112, 3113 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд гарснаар хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дах хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан. Мөн “Э” ХХК нь нэхэмжлэлдээ дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, мөн хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаагаа дурдсан боловч нотлох баримтыг гарган өгөөгүй зэргээс уг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э п.г ХХК-д холбогдох 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 3112, 3113 тоот үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хэлцлийн үр дагаврыг арилгах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э п.г ХХК-ийн Баянзүрх дүүрэг, ....дугаар хороо, Улаанхуаран/13302/ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж 40/1 тоот хаягт байршилтай, 711 м.кв талбай бүхий конторын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Г40/2 тоот хаягт байршилтай, 1062 м.кв талбайтай гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Г40/3 тоот хаягт байршилтай, 1990 м.кв талбай бүхий гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Э” ХХК-ийн хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 728 150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э п.г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасны дагуу бэлэглэлийн гэрээ байгуулсан, мөн зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасны дагуу бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд шүүх Иргэний хуулийн тусгай ангид заасан бэлэглэлийн гэрээний үүрэг зөрчигдсөн талаарх шаардах эрх үүссэн эсэх үйл байдлыг дүгнэж хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа гаргасан буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Түүнчлэн “Э п.г” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны дагуу өмчлөгч болсноос хойш 3 жил өнгөрсөн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрх нэг жил өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй төдийгүй шударга ёсонд нийцэхгүй юм.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнүүдийг улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн боловч маргаан бүхий 3 хөрөнгийн хувьд “Э” ХХК-ийн эзэмшил газар хэвээрээ буюу газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч тал төлж ирсэн. 2016 оноос хойш “Э п.г” ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах талаар нэхэмжлэгч талаас шаардаж байгаагүй, хариуцагчийн хувьд ямар ч байдлаар бодитоор эзэмшиж, ашиглаагүй болно.

Иргэний хэрэгт өөр хэлцлийг халхавчилж болон халхавчлуулж байгаа гэрээнүүд авагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн татварыг нэхэмжлэгч тал төлдөг санхүүгийн баримтууд, “К.Б” ХХК дах банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, гаргасан нэхэмжлэл зэрэг баримтыг гаргасан байхад шүүх нэхэмжлэгч талыг гаргасан тайлбараа нотлоогүй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй болсон.

Шүүхээс халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог гэж зөв дүгнэсэн атлаа тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан гэж хуулийг эрх мэдлээ хэтрүүлэн тайлбарлаж хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг харуулж байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11-и-з/7348 дугаар албан тоотоор Эрүүгийн 19021002900121 дугаартай хэрэгт “К.Б” ХХК-ийн охин компанид шилжүүлсэн үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа талаарх албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгч хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан, нэхэмжлэгч талаас эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нь тодорхойгүй “Э” ХХК-ийг өнөөдрийг хүртэл дуудаж мэдүүлэг, тайлбар аваагүй тул маргаан бүхий гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй хамааралтай эсэх нь тодорхойгүй гэж маргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Эрүүгийн Цагдаагийн албанаас “Э” ХХК-ийн захирлыг дуудан гэрчийн мэдүүлэг авсан тул шалгагдаж байгаа нь үнэн, хууль хяналтын байгууллагаас маргаан бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг хязгаарласан байгаа тул иргэний хэргийг хэрэгсэхгүй байгаа нөхцөл байдал үүсэж байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд анхан шатны шүүхэд өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах, шаардлагатай тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны зүйлийг буруу тодорхойлсоны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Э п.г” ХХК-д холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3111, 3112, 3113 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ” нэртэй гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлийн үр дагаврыг арилгах буюу гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн” гэж тайлбарлажээ.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох зохицуулалтад хамааралгүй байна. Иймд анхан шатны шүүхээс маргааны агуулгыг буруу тодорхойлон дээрх хуулийн заалт буюу хүчин төгөлдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, түүний үр дагаврыг арилгуулах шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн гэж үзэх тул хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зүйлийг тодруулан, шаардлага, түүнд хамаарах маргааны зүйлийг тодорхой болгох замаар талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тогтоосноор хуулийг зөв хэрэглэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн, талуудын хэн аль нь бэлэглэлийн гэрээг байгуулах бодитой хүсэл зориг байгаагүй гэсэн агуулгыг илэрхийлэх боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хэлцлийн хувьд ялгаатай юм. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 56.1.2-т заасан “дүр үзүүлсэн” хэлцлийн хувьд талууд хийгдсэн хэлцлээс аливаа үр дагавар үүсгэх зорилгогүй, харин мөн зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцлийн хувьд халхавчлагдсан өөр хэлцлийн үр дагавар үүсгэх зорилготой холбоотой байдаг. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь бэлэглэлийн гэрээ байгуулах хүсэл зориггүй байсан боловч хариуцагч “Э п.г” ХХК-д шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг түүний “К.Б” ХХК-тай байгуулсан 83 дугаартай зээлийн гэрээ, уг гэрээний төлбөрийг барагдуулах зорилготой байсан гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан бөгөөд хэлцлийг халхавчилсан гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа тохиолдолд халхавчлагдсан буюу талуудын бодит хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх эсэхийг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасан хэлцлээр шилжүүлэн өгсөн зүйлийг буцаах үүрэг үүссэн эсэхийг шийдвэрлэхэд талуудын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжүүлсэн хэлцлийн талаар дүгнэлт өгөх шаардлагатай.

Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг бөгөөд энэ хүрээнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх ёстой.  Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд тус тус тайлбарлаж байхад шүүх талуудын маргааны зүйлийн талаар тодруулаагүй байна. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

            Хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11и-3/7348 дугаартай албан бичигт “...Эрүүгийн 1902002900121 дугаартай хэрэгт К.Бны охин компанид шилжүүлсэн үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа болно...” гэх агуулга тусгагджээ. Уг албан бичгийн утга агуулга ойлгомжгүй, эрүүгийн журмаар шалгаж байгаа К.Бны охин компанид шилжүүлсэн үйлдэлд хамаарах зүйл нь тодорхой бус байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасны дагуу шүүхэд ирүүлсэн уг бичмэл нотлох баримтын учир холбогдлыг тодруулах шаардлагатай. Ингэснээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дах заалтыг хэрэглэж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх эсэх, эсхүл талуудын маргааны зүйл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй холбоотой асуудал байгаа бол хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох аль үндэслэл байгаа талаарх нөхцлийг тодорхойлж шийдвэрлэх ёстой.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/00474 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 728 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

                              ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

 

                                                                                      Ч.ЦЭНД