Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00885

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00885

 

 

 

 

Д.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/00889 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бы хариуцагч М.Э.Е.Гт холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21 751 821 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар намайг мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1609 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/XT2017/01465 дугаар тогтоолоор Д.Быг У.М.Э.А.Ц.Т лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Би дахин шүүхэд хандан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/02273 дугаартай шийдвэрээр хариуцагч ХХААХҮЯнаас 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01343 дугаартай шийдвэрээр хариуцагч ХХААХҮЯнаас 2018 оны 4 зүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 6 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны, хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газраас 2018 оны 6 сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хариуцагч М.Э.Е.Г нь өөрийгөө хариуцагч биш, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хариуцах ёстой гэж тайлбарлаж байх боловч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолын 1.2-т У.М.Э.А.Ц.Т лаборатори улсын төсөвт үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг М.Э.Е.Г харъяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн. Өмнө нь гурван шатны шүүхээр Мал эмнэлгийн ерөнхий газрыг хариуцагчаар татсан нь үндэслэлтэй болохыг тогтоосон.

Хариуцагчаас У.М.Э.А.Ц.Т лабораторийн захирлын ажлын байр, албан тушаал цомхотгогдоогүй байхад адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах талаар санал болгосон гэдэг нь үндэслэлгүй, энэ талаар уулзаж байгаагүй.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаартай шийдвэрт зааснаар нэг өдрийн дундаж цалин хөлсийг 42 903 төгрөг гэж тооцон 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21 751 821 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч М.Э.Е.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаартай шийдвэрээр Д.Быг У.М.Э.А.Ц.Т лабораторийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхээс өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд шийдвэрийг биелүүлээгүй байдаг.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр дээрх шийдвэрийг биелүүлэхийг М.Э.Е.Гт даалгах болсон. Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст заагдсан байгууллага нь шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байтал хариуцагч биш бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш этгээд шийдвэрийг биелүүлэх үүрэггүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хамтран хариуцагчаар оролцох ёстой гэж үзэж байна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг зөрчигдсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчоор Мал эмнэлгийн ерөнхий газрыг сольж оролцуулах тухай шийдвэр, тогтоол гарч байгаагүй. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2020/00398 дугаартай тогтоолд дүгнэхдээ шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр ХХААХҮЯыг Мал эмнэлгийн ерөнхий газраар сольж, төлбөр төлөгчөөр тогтоогоогүй болохыг дурдсан байдаг.

У.М.Э.А.Ц.Т лабораторийн цалингийн сан манай төсөвт байдаггүй, тусдаа төсөвтэй боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2021 оны 3 дугаар сард багтаан Д.Быг ажилд нь томилох үүрэг өгсөн боловч уг албан тушаалд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Б.Г-ийг томилсон бөгөөд дээрх шийдвэрийг биелүүлснээр түүний эрх хөндөгдөнө.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс Д.Бд У.М.Э.А.Ц.Т лабораторийн дэд захирал, М.Э.Е.Гт газрын дарга зэрэг ажил, албан тушаал санал болгож байсан боловч тэрээр зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21 751 821 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Бы болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М.Э.Е.Гт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 311 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 266,709 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317 020 төгрөгөөс үлдэх 266 709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Мал эмнэлгийн ерөнхий газрыг оролцуулаагүй эрх залгамжлагчаар тогтоогоогүй байхад нэхэмжлэгчийг ажилд томилсон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ХХААХҮЯнаас М.Э.Е.Гт хэзээ албан ёсоор хандаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн тэр үеэс тооцож гаргуулах байсан.

Шүүхийн шийдвэрт байхгүй, гүйцэтгэх хуудас бичигдээгүй этгээдээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тохиолдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийн үндэслэл бүхий шийдвэр, тогтоол гарган танилцуулж тухайн этгээдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд албан ёсоор оролцуулах ёстой.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас М.Э.Е.Гт хандаж нэхэмжлэгчийг ажилд томилох үүрэг өгсөн үеэс эхлэн цалин олговрыг тооцон гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч М.Э.Е.Гт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21 751 821 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/01805 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1609 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/01465 дугаар тогтоолоор Д.Быг өмнө нь эрхэлж байсан У.М.Э.А.Ц.Т лабораторийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ХХААХҮЯнаас гаргуулсан, уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-6-16/

Дээрх шийдвэрийг ажил олгогч тал биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх бичгийн баримт, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /хх-79-95/ Энэ үйл баримтын хувьд талууд маргаангүй.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01343 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Бы хөдөлмөрлөх эрхийн зөрчил арилаагүй талаар дүгнэн, түүний ажилгүй байсан буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ХХААХҮЯ болон Мал эмнэлгийн ерөнхий газраас тус тус гаргуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1267 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2020/00398 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан ба уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй. /хх20-41/

Иймд М.Э.Е.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.12-т заасны дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүргийг хүлээх тул хариуцагчийн “нэхэмжлэлийг хариуцах этгээд биш” гэх татгалзал үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь өөрчлөн байгуулагдсан, шаардлага гаргах эрх, үүргээ бусдад шилжүүлсэн эсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно” гэж заажээ. Хэрэгт дээрх хуульд заасан ажиллагаа хийгдсэн эсэх талаар нотлох баримт байхгүй боловч өмнө гүйцэтгэсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, түүнээс үүсэх үр дагавар нь эрх залгамжлагчийн хувьд хүчин төгөлдөр учир хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон, ногдох цалин хөлстэй тэнцэх олговрыг /507 хоног х 42 903 төгрөг=21 751 821 төгрөг/ хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газраас гаргуулж, олговроос Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцон нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/00889 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

                             ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

                                                                               Ч.ЦЭНД