Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 26

 

Ц.С, Т.М, В.Б, А.С нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээд Р.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 770 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ц.С, Т.М, В.Б, А.С нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 770 дугаар шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Барилгын тухай хуулийн /2008/ 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.8, 7 дугаар зүйлийн 7.2.4, Барилгын тухай хуулийн /2016/ 4 дүгээр зүйлийн 4.1.24, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.С, В.Б, Т.М, Ц.Содгэрэл нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгын Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны ар талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Б-ын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг даалгах, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаар захирамж, 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/530 дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоох, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжаар иргэн Л.Б-ын газар эзэмших эрхийг баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа Л.Б-ын хууль зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах гэж тодорхойлсон. Шүүхээс 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж гэж бичгээр гаргасан шүүхийн шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн бичжээ. Шүүх нэхэмжлэгч нарын тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг засч, түүнд өөрчлөлт оруулж шийдвэр гаргах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч бид нэхэмжлэлийн шаардлагаа хууль зөрчиж барьсан барилгын хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг даалгах гэж тодорхойлоогүй юм. Шүүх “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын шинжээч нар бичгээр дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлээгүй учраас шинжээчийн зардлын асуудал яригдахгүй гэж тайлбарласан. Гэтэл ямар учраас “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын шинжээч нарын ажлын хөлс 725.400 төгрөгийг нэхэмжлэгч болон хариуцагч нийслэлийн Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч бид шинжээчийн дүгнэлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж ойлгож байгаа учраас Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектор, хот байгуулалтын зөвлөлөөс томилогдсон шинжээч нарын ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг шүүгч танилцуулахдаа Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектор, хот байгуулалтын зөвлөлийн шинжээч нарын ажлын хөлс болох 1 сая төгрөгийг хэргийн оролцогч нарт хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэж байна гэж тайлбарласан. “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын шинжээч нарын ажлын хөлс болох 725.400 төгрөгийн асуудал яригдаагүй. Шүүгчийн амаар гаргасан шийдвэр, бичгээр гаргасан шийдвэрүүд нь өөр, өөр байна. Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах ёстой гэж үзэж байна. Гуравдагч этгээд Л.Болдын барьсан барилга хууль зөрчиж барьсан барилга учраас Барилгын тухай хууль тогтоомж болон галын аюулгүй норм, дүрэм, стандартыг зөрчсөн. Энэхүү хууль зөрчиж барьсан барилгаас болж нэхэмжлэгч бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдаж байгаа. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хуульд зааснаар илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож чадаагүй, шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллагад хандаагүй. Харин мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын тавьж байгаа албан шаардлага нь гуравдагч этгээд Л.Б-д боломж олгосон, нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн бодит байдалд нийцээгүй акт гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгч бидний Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Газартай холбоотой асуудал нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй гэдгийг бид мэдэж байна. Гэхдээ иргэн Л.Б нь хууль зөрчиж тухайн газрыг эзэмшиж байгаа талаар нотлох баримтыг үндэслэн шүүхээс дүгнэлт хийх ёстой гэж үзсэн. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийж чадсангүй. Харин ч нэхэмжлэгч нарыг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Гуравдагч этгээд Л.Б тухайн газраа илүү хэмжээтэйгээр эзэмшдэг, цэвэр усны шугам дээр барилга барьсан зэрэг олон ноцтой асуудал байгаа юм. Энэхүү зөрчлүүдийг арилаагүй байхад нь нийслэлийн Засаг дарга газар эзэмших  эрхийг нь баталгаажуулсан. Иймд шийдвэрийг эс зөвшөөрч байх тул гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                                                                                                                                                                                   

Гуравдагч этгээд Р.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдолдоо: “...Р.Т би Л.Б-оос Ү-2205023593 тоот 480 м.кв барилгыг худалдан авч хууль ёсны өмчлөгч нь болсон. Хэдийгээр 770 тоот шийдвэрт Р.Төмөрбазар миний өмчлөлийн барилгыг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй болохыг дүгнэн шийдвэрлэсэн боловч нийслэлийн Засаг даргад буулгахыг даалган шийдвэрлэсэн Л.Б-ын өмчлөлийн барилга нь зүүн хойд талаараа Р.Т миний өмчлөлийн барилгатай салах боломжгүй залгаа баригдсан барилга юм. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн үзлэг зэргээр тогтоогддог. Л.Б-ын өмчлөлийн барилгын хойд хэсгийг буулгахыг нийслэлийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн нь Г.Т миний өмчлөгчийн эрхэд халдсан гэж үзэж байна. Энэхүү ойлгомжгүй шийдвэрээс шалтгаалаад Р.Т миний өмчлөлийн барилгад хохирол үүсч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Түүнчлэн нэхэмжлэгч нарын нэг болон Т.М нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болохоо огт нотлоогүй байдаг. Иймд гомдлын шаардлагыг ханган нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

 

Гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М давж заалдах гомдолдоо: “...Барилгын тухай хуулийн хүрээнд барилга бариулсан. Энэ нь 2005 онд гарсан Ү-2205022332 1368 м.кв талбайтай Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ, Ү-2205023593 тоот 480 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгээр тус тус нотлогдоно. Л.Б би бээр 1368 м.кв талбай бүхий Ү-2205022332 тоот үл хөдлөх хөрөнгөдөө зөвхөн засан сайжруулалт хийсэн. Хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй байхад даалган шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нь иргэн Л.Б миний үл хөдлөх хөрөнгийн талаар Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу Улсын ерөнхий байцаагчид хандан ямар нэг хүсэлт гаргаагүй байдаг ба Улсын ерөнхий байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шүүхээс гаргасан шийдвэр байхгүй байхад иргэн Л.Б миний хууль ёсоор өмчилж буй өмчийн эрхэд халдах шийдвэр гаргасан нь Үндсэн хуулиар олгосон өмчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын ердийн орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар болон нэхэмжлэгч нар нь одоог хүртэл өөрсдийн орон сууцаа зориулалтын дагуу ашиглаж байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдсоор байтал ердийн нөхцөлд амьдрах эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн нь хууль бус байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд “орон сууцны барилгын нар тусах зүүн, урд, баруун зүгийн цонхонд тусах нарны тусгалын нэг өдрийн үргэлжлэх хугацааг тооцдог бөгөөд хойд зүгийг тооцдоггүй” болохыг тодорхой заасан. Нэхэмжлэгч нар нь хойд зүг рүү харсан цонхтой орон сууцанд амьдардаг болох нь тогтоогдсоор байтал Л.Б миний өмчлөлийн барилгыг буулгахыг даалган шийдвэрлэсэн. Л.Б би барилгыг өндөрлөөгүй болох нь тогтоогддог ба 2005 оноос хойш нэмж өндөр болгоогүй барилга нь нэхэмжлэгч нарын эрх, ашгийг ямар нэгэн байдлаар хөндөх боломжгүй нөхцөл байдал байгааг дүгнээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн. Орон сууцанд шүүхийн үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч нэхэмжлэгч нарын орон сууцанд үзлэг хийсэн байдаг. Гэхдээ энэ талаар гуравдагч этгээдүүдэд танилцуулаагүй ба үзлэгт байлцуулаагүй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжийг хангаагүй. Миний өмчлөлийн барилгыг буулгахыг даалган шийдвэрлэхдээ “...10Б байрны хойд хэсэгт хамаарч байгаагаар ойлговол зохино” гэжээ. Аливаа шүүхийн шийдвэр болон захиргааны акт нь биелэгдэх боломжтой, ойлгомжтой байх ёстой үндсэн шаардлагыг хангах учиртай. Чухам аль хэсгийг ямар хэмжээгээр буулгах, ийнхүү буулгаснаар чухам аль хэсэг нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөж байгаа болон хойд хэсэг гэсэн нь чухам аль хэсгийг ямар хэмжээгээр буулгах, ийнхүү буулгаснаар нэхэмжлэгч нар нь орон сууцаа зориулалтын дагуу ашиглах боломжтой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх харьяаллын бус шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д хамаарах маргаан биш болох нь дээр дурдагдсан нөхцөл байдлуудаар тогтоогдсон атал энэ талаар дүгнэлтгүйгээр Л.Болд миний өмчийн эрхэд халдаж, хязгаарлахыг нийслэлийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нь иргэний журмаар маргах, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь нээлттэй болохыг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлан маргасан боловч шүүх энэ талаар дүгнээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хэд хэдэн хэргийн оролцогч гомдол гаргасан  тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч Ц.С, Т.М, В.Б, А.С нар нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны ар талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчин барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барьсан барилгыг буулгахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжаар иргэн Л.Б-ын газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгуулах, Барилгын тухай хуулийн /2016 он/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаар захирамж, 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/530 дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага тус тус гаргажээ.

 Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “иргэн Л.Б-ын барьж буй барилга Барилгын тухай хууль, норм журмыг зөрчсөн бөгөөд орон сууцны цонхыг хааж барилга барьсанаас нарны гэрэл тусахгүй, мөн гал түймэр гарсан тохиолдолд машин орох зай талбайгүй, газар хөдлөлтийн үед далан дээр барьсан барилга орон байр руу нурах зэрэг аюултай нөхцөл байдал үүсч бидний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдаж байна” гэж тайлбарласан. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д ”хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг”, 10 дугаар зүйлийн 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл  ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх” гэж заажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн удирдамжийн дагуу улсын байцаагч Ц.А, Л.Ж нар иргэн Л.Б-ын барьж буй барилгад хяналт шалгалт явуулсан байх ба хяналт шалгалтаар  иргэн Л.Б нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлыг ажлын зураг төсөлгүйгээр хийж гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр “Барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоох тухай” 2014 оны 05 дугаар 05-ны өдрийн 02-07-94/160 дугаар акт үйлдэж, зөрчлүүдийг арилгуулахаар 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-94/304 дүгээр албан шаардлагыг Л.Б-д хүргүүлж байсан үйл баримт тогтоогдсон тул  хариуцагчийг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нараас дээрх улсын байцаагчийн акт болон албан шаардлагатай маргаагүй, харин иргэн Л.Б-ын хууль зөрчин барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барьсан барилгыг буулгахыг даалгуулахыг хүссэн шаардлага гаргасан бөгөөд барилгын ажлыг бүрэн зогсоох болон барилгыг буулгах шийдвэр гаргах эрх хэмжээ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт хуулиар олгогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Иймд нэхэмжлэгч нарын “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хуульд зааснаар илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож чадаагүй, шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллагад хандаагүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын тавьж байгаа албан шаардлага нь Л.Б-д боломж олгосон, нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн бодит байдалд нийцээгүй акт гаргасан” гэх гомдлыг хангах боломжгүй, шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгсөнийг дурьдах нь зүйтэй. 

Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/110 дугаар захирамжаар гуравдагч этгээд Л.Б-д 2500 м.кв газар эзэмшүүлсэн байх ба маргаан бүхий  Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/530 дугаар захирамжуудаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан, 2013 оны 06 дугаар сарын А/368 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Жаргалан төвийн баруун талд, тос маслын үйлчилгээний зориулалтаар 32 м.кв газар эзэмших эрх олгосон зэрэг үйл баримт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл 2013 онд орон сууц өмчлөх эрхтэй болсон нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг цаг хугацааны хувьд өмнө нь үүссэн газар эзэмших эрхтэй холбоотой захиргааны актууд зөрчсөн гэж үзэх боломжгүй. 

Энэ талаар болон бусад үндэслэлийн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой давж заалдах гомдол гараагүйг дурьдах нь зүйтэй.

Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн  шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Л.Б нь 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт эзэмшиж буй газраа баталгаажуулж авах хүсэлтийг гаргасан байх бөгөөд Газар барилгажилтийн зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр хурлаар хэлэлцэж Л.Б-д Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон газрын хэмжээг нэмэхгүйгээр баталгаажуулахыг зөвшөөрсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамж гарч газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч нар нь иргэн Л.Б өөрийн эзэмшил газар дээрээ зөвшөөрөлгүй барилга барьсаны улмаас тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргаж байгаа атлаа Нийслэлийн Засаг даргын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсан захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байх бөгөөд тухайн авто угаалгын зориулалтаар ашиглаж байгаа талбайг илүү талбайтай ашиглаж байгаа, угаалгын төвийг барихдаа цэвэр усны хамгаалалтын зурваст оруулж барьсан зэрэг нь нэхэмжлэгч нарын субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжаар иргэн Л.Б-ын газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина”, 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасныг газрын эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн, газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд газрыг дур мэдэн эзэмшиж, ашигласан үйлдэлд хяналт тавих зохицуулалт гэж ойлгох талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Харин “Барилгын тухай хуулийн /2016 он/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал,

Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулснаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд тухайн зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалахад захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго оршино.

Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нарын орон сууцны цонхыг хааж барилга барьсанаас нарны гэрэл тусахгүй болсон, гал түймэр гарсан тохиолдолд машин орох зай талбайгүй, газар хөдлөлтийн үед далан дээр барьсан барилга нурах аюултай нөхцөл байдал үүссэн нөхцөл байдал нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай шууд шалтгаант холбоогүй байх бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг дарга Барилгын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж заасныг аймаг, нийслэлийн Засаг дарга нь барилга, байгууламжийг албадан буулгахдаа эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардсан зохицуулалт гэж ойлгох бөгөөд гуравдагч этгээд Л.Б-ын барьсан барилгыг буулгах талаар улсын  ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гараагүй тул дээрх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж хариуцагч нийслэлийн Засаг даргыг буруутгах боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд барилгыг албадан буулгах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй үүсээгүй байна.

Зүй нь иргэн Л.Б-ын барьсан барилга холбогдох хууль, тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоосон улсын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гарсны дараа дээрх хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нар эс үйлдэхүйтэй холбоотой маргах боломжтой бөгөөд хуулиар шаардсан урьдач нөхцөл бий болоогүй байхад маргасан энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх маргаан бүхий барилга холбогдох хууль, тогтоомж зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.   

Иймд энэ талар гаргасан гуравдагч этгээд Л.Б-ын гомдлыг хангаж, Барилгын тухай хуулийн /2016 он/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгахыг нийслэлийн Засаг даргад даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогч болон олон нийт, нийгэмд ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцлийг хангасан байхыг шаарддаг бөгөөд анхан шатны шүүх иргэн Л.Б-ын барилгын 10б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг даалгасан нь шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байгааг шүүх анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар шижээчийн зардалд “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т 725.400 төгрөг, Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектур, хот байгуулалтын зөвлөлд 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нараар төлүүлэх нь хуульд нийцэх ба “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нараас шинжээчийн зардалтай холбогдуулан гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нараас гэм буруутай этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 770 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Барилгын тухай хуулийн /2016 он/ 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.С, В.Б, Т.М, Ц.С нарын Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны ар талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчин барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барьсан барилгыг буулгахыг даалгуулах”-ыг хүссэн, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжаар иргэн Л.Болдын газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгуулах, Барилгын тухай хуулийн /2016 он/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгахыг даалгуулах”-ыг хүссэн, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаар захирамж, 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/530 дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

2 болон 3 дахь заалтыг нэгтгэж “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас шинжээчийн зардалд 725.400 төгрөг гаргуулж  “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т, 1.000.000 төгрөг гаргуулж Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектур, хот байгуулалтын зөвлөлд тус тус олгосугай” гэж, 

4 дэхь заалтыг 3 гэж  тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээд Р.Т-ын төлсөн 70.200 төгрөг, гуравдагч этгээд Л.Б-ын төлсөн 70.200 төгрөгийг тус тус  улсын төсвөөс гаргуулан буцаан олгож, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

           

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Д.БАТБААТАР   

             ШҮҮГЧ                     Н.ХОНИНХҮҮ 

             ШҮҮГЧ                     О.НОМУУЛИН