| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2016/0736/З |
| Дугаар | 221/МА2017/0227 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2017/0227
| 2017 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 221/МА2017/0227 | Улаанбаатар хот |
Х Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ө.Р, хариуцагч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, С.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00000 дүгээр актын Тогтоох хэсгийн 1.3 дахь заалтын 13629545.72 төгрөгийн торгууль, 18577066.50 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, нөхөн татвар 45431819.05 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн хэмжээг багасгасугай.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Х Ч ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримт бүрдээгүй байхад нотлох баримтыг дутуу үнэлж, хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Х Ч ХХК нь 2012 оны 9, 12 дугаар саруудад Ё ХХК, С С ХХК-уудаас барилгын материал, бетон зуурмаг арматур худалдан авсан бөгөөд зохих төлбөрийг нь төлж энэ талаар орлого, зарлагын баримт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тухай тэмдэглэл, тухайн оны санхүүгийн тайландаа тусгасан.
Гэтэл Сүхбаатар дүүргийн татварын байцаагч Х Ч ХХК-д 2015 оны 03 дугаар сард 2012-2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийхдээ Ё ХХК болон С С ХХК-аас худалдан авалт хийхдээ хуурамч падаан ашиглах нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан гэж үндэслэлгүй акт тавьсан.
Энэ актыг татварын байцаагч нар тавихдаа татвар төлөгч ямар буруу үйл ажиллагаа явуулсан, Ё ХХК, С С ХХК-уудын падаанууд хуурамч гэдгийг нотолсон ямар ч нотолгоо, баримт, эрх бүхий газрын дүгнэлт байхгүй байхад мөн бараа, материал худалдан авч мөнгө төлсөн баримтууд байсаар байхад дээрх компаниудын падаануудыг хуурамч гэж дүгнэн, түүнийг ашиглан нэмэгдсэн өртгийн татвараа бууруулсан гэж акт тавьсныг хүлээн зөвшөөрөөгүй.
Иймд Х Ч ХХК нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00000 дүгээр актын 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Х Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын албанд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй, ирүүлээгүй байхад тухайлбал,
Сүхбаатар дүүргийн татварын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00000 дүгээр акт гаргахдаа үндэслэл болгосон доорх нотлох баримтууд болон 2015 оны 03 дугаар сарын 30-аас 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Х Ч ХХК-д татварын хяналт шалгалт хийсэн ажлын тайлан гэх мэт Сүхбаатар дүүргийн татварын байцаагч нар тайлбар гаргасан 00000 дүгээр актаа нотолсон нотлох баримтуудыг захиргааны шүүхэд ирүүлээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт бүрдсэн гэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарган шийдвэрлэсэн.
Мөн Сүхбаатар дүүргийн татварын байцаагч нарын 00000 дүгээр актад Ё ХХК болон С С ХХК-ийн Х Ч ХХК-д гаргаж өгсөн падаануудыг хуурамч гэж дүгнэн дээрх компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад шүүхээс гуравдагч этгээдээр оролцуулаагүй хэргийг шийдвэрлэж хууль зөрчсөн.
Шүүхэд дээрх нотлох баримтууд шүүхэд бүрэн ирээгүй, гуравдагч этгээдүүдийг оролцуулаагүй зэргээс тухайн захиргааны хэргийн нотлох баримтуудыг бодитойгоор харьцуулан үзэж дүгнээгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон хэргийг хуульд заасан журмын дагуу дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, С.Д нар нь Х Ч ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 00000 дүгээр актаар 1/ 2012 онд 9,200,000.00 төгрөгийн хувь хүний орлогоос татвар суутган тооцож, төсөвт төлөөгүй, 2/ 25,650,200.00 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогыг хасч тооцсон, 3/ 454,318,190.50 төгрөгийн бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар худалдан авснаар тайлагнан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан гэх зөрчил тогтоон, шалгалтаар илэрсэн 489,168,390.50 төгрөгийн зөрчилд 48,916,839.1 төгрөгийн нөхөн татвар, 14,675,051.7 төгрөгийн торгууль, 20,002,091.07 төгрөгийн алданги, нийт 83,593,982.5 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Х Ч ХХК-аас маргаан бүхий актын Тогтоох хэсгийн Нэг-ийн 1.3 дахь заалтыг эс зөвшөөрч ... Сүхбаатар дүүргийн татварын байцаагч нар хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн 2013 оны 12 дугаар сард татварын газраас цагдаагийн хяналтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлаар хяналт шалгалт хийж, цагдаад бүртгэлтэй, хүчингүй гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудад хасалт хийж баталгаажуулсан байдаг. Актад татвар төлөгчийн ямар алдаатай ажиллагаа явуулсан талаар буруутган, хариуцлага ногдуулах үндэслэл болсон гэм буруугийн хэлбэрийг татварын байцаагч тодорхойлоогүй учир татвар төлөгчийн гэм бурууг тогтоогоогүй актаар хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ, 8 дугаар зүйлийн 8.2-т Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилтийг хэрэглэнэ гэж тус тус заасан байна.
Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3-т худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасан зэргээс нэгтгэн үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримт буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебит, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасч тооцохоор байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х Ч ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ё ХХК-аас 250,000,000 төгрөгийн арматур, бусад барилгын материал, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр Силиконстийл ХХК-аас 249,750,000 төгрөгийн бараа материал бэлэн мөнгөөр худалдан авсан гэх боловч энэ нь бэлэн мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордер, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлээс өөр бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотлогдохгүй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Хүчит чулуу ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд ... Манай компани нь 2012 онд 100 айлаас Ё ХХК-ийн борлуулагч гэх хүнээс цэвэр усны шугам бэлэн мөнгөөр худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компанитай хамран ажиллаж байна гэж тухайн үедээ ойлгосон, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж өгснийг тайлагнасан, мөн гурвалжингийн захаас төмөр цемент хоолойг нэг хүнээс авч байсан, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нэхэхэд С С ХХК-ийн падаан бичиж өгснийг мөн тайланд тусгасан, бид бэлэн мөнгөөр тооцоог хийж байсан тул ямар нэгэн санхүүгийн дагалдах баримт аваагүй, тухайн компаниуд ч өгөөгүй гэж тайлбарласан байх тул хариуцагч татварын улсын байцаагч нарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг баримтлан дээрх худалдан авалтуудыг нэхэмжлэл, падаан болон нягтлан бодон бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.
Нэхэмжлэгчээс ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Х Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй, ирүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан байна.
Харин гомдолд дурдсан Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж, Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газрын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1277 дугаар албан бичиг болон 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Х Ч ХХК-д татварын хяналт шалгалт хийсэн ажлын тайлан гэх мэт маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон баримтуудыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж, ирүүлсэн байна.
Мөн давж заалдах гомдлын өөр нэг үндэслэлээ ... Сүхбаатар дүүргийн татварын байцаагч нарын 00000 дүгээр актад Ё ХХК болон С С ХХК-ийн Х Ч ХХК-д гаргаж өгсөн падаануудыг хуурамч гэж дүгнэн дээрх компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад гуравдагч этгээдээр оролцуулаагүй ... гэж тайлбарлах боловч татварын улсын байцаагч нарын актаар Ё ХХК, С С ХХК-уудын эрх ашиг хөндөгдөөгүй, эдгээр компаниудын хооронд худалдан авалт хийсний үндсэн дээр бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичилттэй буюу худалдан авалт нь Х Ч ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй гэж үзэж, Х Ч ХХК-ийн албан татвараа бууруулсан зөрчилд акт ногдуулсантай холбоотой маргаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ