Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 192

 

“Хүчит чулуут” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагч Ц.Мөнхзул, С.Дарьсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0227 дугаар магадлалтай, “Хүчит чулуут” ХХК-ний нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Мөнхзул, С.Дарьсүрэн нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Хүчит чулуут” ХХК-ний захирал Б.Батзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021331 дүгээр актын Тогтоох хэсгийн 1.3 дахь заалтын 13629545.72 төгрөгийн торгууль, 18577066.50 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, нөхөн татвар 45431819.05 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0227 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Хүчит чулуут” ХХК-ний захирал Б.Батзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0227 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Татварын улсын байцаагчийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 250021331 тоот актын 3.1. дэх заалтад хамаарал бүхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

1.1. “Хүчит чулуут” ХХК нь татварын улсын байцаагчийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021331 тоот актын дагуу 0012189789 тоот падаанаар “Ёмиката” ХХК-иас 227,272,729 төгрөгөөр, 2012 оны 12 дугаар сарын 04-нд “Силикон стийл” ХХК-иас 0012358283 тоот падаанаар 227,045,461.50 төгрөгөөр бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хууль зүйн үндэслэлгүй нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

а.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар “Силикон стийл” ХХК болон “Ёмиката” ХХК нь тухайн үед НӨАТ төлөгчөөр татварын албанд бүртгэлтэй байсан хуулийн этгээд юм. Харин эдгээр компаниудад татварын алба хий бичилт хийсэн гэх НӨАТ-ын падааныг олгосон байна. Иймд “Силикон стийл” ХХК болон “Ёмиката” ХХК-нд олгосон хий бичилттэй падаанаас үүссэн үр дагаварын гэм бурууг худалдан авагч “Хүчит чулуут” ХХК хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Худалдан авагч бараа материал худалдан авалт хийх бүртээ тухайн падаан хуурамч эсэхийг шалгаж мэдэх боломжгүйн дээр тийм эрх мэдэл байхгүй. Дээрх нөхцөлд татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгогдсон байсан байгууллагуудаас худалдан авалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хууль бус гэж үзэх эрх зүйн боломжгүй. Маргаантай харилцаанд хамааралтай хуулийн зохицуулалт - үйл баримт- гэм буруу - хариуцлага хоорондоо шалтгаант холбоотой байх зарчим алдагдсаныг шүүх нягтлан үзэж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

б. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн   14.1.3-т “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэх үед бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвартай нь хамт худалдан авсан бол үнийн дүнгээс төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч...” гэж заасны дагуу 0012189789 тоот падаанаар “Ёмиката” ХХК-иас 227 272 729 төгрөгөөр, 2012 оны 12 дугаар сарын 04-нд “Силикон стийл” ХХК-иас 0012358283 тоот падаанаар 227 045 461.50 төгрөгөөр худалдан авсан бараа, материалыг эдгээр компаниудаас ирүүлсэн НӨАТ-ын падааныг үндэслэн төлбөл зохих НӨАТ-ын дүнгээс хасч тайлагнасан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.

в. Татварын улсын байцаагчийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан   тухай 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021331 тоот актад хуурамч падаан үйлдсэн компаниудыг тодорхой заасан төдийгүй, нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолоор хуурамч падаан үйлдсэн гэх этгээдүүдэд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үйл баримтыг хэрхэн “Хүчит чулуут” ХХК-нд холбох болсон хууль зүйн үндэслэлийг шүүх тодорхойлж чадаагүй байна.

“Өршөөл үзүүлнэ” гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх хуулийн зохицуулалт болохоос биш, ямар нэгэн хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэсэн ойлголт биш юм. Гэтэл хуурамч падаан бичсэн гэх компанийг татварын байгууллага тодорхойлсон атлаа гэм буруутай этгээдүүдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үндэслэлээр бараа материал худалдан авсан компанид хариуцлагыг хүлээлгэсэн нь холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэхэд алдаа гаргасан гэж үзнэ.

г. Хуурамч бичилттэй падаанаар бараа материал худалдан авч төлбөл зохих татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “...Худалдан  авагч  нь  бэлтгэн  нийлүүлэгчид  нэмэгдсэн  өртгийн  албан татвар төлсөн нь ...падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг  зөрчсөн гэж шүүх дүгнэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Актанд татвар төлөгч өөрөө ямар алдаатай ажиллагаа явуулсан гэж үзсэн хууль зүйн үндэслэл, түүний агуулгыг заагаагүйн дээр өөр компанийн үйлдсэн “хуурамч падаан” гэсэн утгаар бичигдсэнээс үзвэл тус компанийг буруутган, хариуцлага ногдуулах гол үндэслэл болсон гэм буруугийн хэлбэрийг татварын байцаагч тодорхойлоогүй гэж үзнэ. Иймд татвар төлөгчийн гэм бурууг тогтоогоогүй актаар хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломжгүй юм.

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 2 дугаар хэсэгт “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалтыг хэрхэн ойлгож хэрэглэхийг “...нэмэгдсэн өртгийн албан татвартай нь хамт худалдан авсан...” гэдэгт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч этгээдээс дээрх хугацаанд худалдаж авсан бараа, ажил үйлчилгээг хамааруулж үзнэ” гэж тодорхой тайлбарлажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн, энэ тухай нь татварын албан ёсны мэдээллийн сайтын мэдээллээр баталгаажсан, түүнчлэн татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгогдсон байсан байгууллагуудаас худалдан авалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хууль бус гэж үзэн, төлбөр гаргуулах үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй гэсэн үндэслэлээр буруутай этгээдүүдийг өршөөн хэлтрүүлж, гэм зэмгүй худалдан авалт хийсэн байгууллагад хариуцлагыг үүрүүлж байгааг шударга бус, холбогдох хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг л үндэслэл болгосноос нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компанийн хууль бус үйл ажиллагааг худалдан авагчид халдаах, татварын байцаагчийн тогтоосон акт үндэслэлтэй эсэх талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар

2.1. Итгэмжлэл хуулийн шаардлага хангаагуй тухайд:

“Хүчит чулуут” ХХК нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Мөнхзул, С.Дарьсүрэн нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 250021331 тоот актын 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэргийн баримтуудтай танилцаж үзэхэд хариуцагчаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Мөнхзул, С.Дарьсүрэн нарыг тодорхойлсон бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Хүчит чулуут” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэхээр хувийн тэмдэг дарж Б.Даваагэрэл, Т.Номин-Эрдэнэ нарт итгэмжлэл олгосноор итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарыг төлөөлөн оролцжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал, хариуцагч нар нь захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсний төлөө иргэний хувиар бус албан тушаалтны хувиар уг хэрэгт хариуцагчаар татагдсан тул хариуцагч нарыг төлөөлөх итгэмжлэлийг захиргааны байгууллага олгосон эсэх, эсхүл хариуцагч нар итгэмжпэл олгох эрхтэй эсэх талаар нотолсон баримт хавтаст хзрэгт авагдаагүй, итгэмжлэлийг байгууллагын бланк дээр үйлдэж, эрх бүхий этгээдийн болон төлөөлүүлэгч нарын үсэг зурж тамга, тэмдэг дарсан байх зэрэг хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна. /хх-ийн 42-р тал/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн оролцогч гэж үзэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээдийг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүдээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0227 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006), Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Мөнхзул, С.Дарьсүрэн нар нь “Хүчит чулуут” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр татварын улсын байцаагчийн 250021331 дүгээр акт үйлдсэн, актын 1.3 дахь заалтаар “... 454,318,190.50 төгрөгийн бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар худалдан авснаар тайлагнан, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан” гэх зөрчил тогтоон, нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн, “Хүчит чулуут” ХХК-иас уг хэсгийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “...актад татвар төлөгчийн ямар алдаатай ажиллагаа явуулсан талаар ... /болон/ хариуцлага ногдуулах үндэслэл болсон гэм буруугийн хэлбэрийг татварын байцаагч тодорхойлоогүй, ... татвар төлөгчийн гэм бурууг тогтоогоогүй, ...манай компани татвараа тооцож худалдан авалт хийсэн учир дахин татвар төлөх боломжгүй...” гэж тодорхойлсон, хариуцагч нараас “...Гурвалжингийн гүүрний захаас бэлэн мөнгөөр 450 сая төгрөгийн бараа худалдан авсан гэх боловч  “Ёмиката” ХХК, “Силикон стийл” ХХК-иуд нь ийм бараа материал худалдаагүй, хий бичилттэй падаан зарсан нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон, ... акт хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

            Нэхэмжлэгч “Хүчит чулуут” ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Ёмиката” ХХК-аас 250,000,000 төгрөгийн арматур, бусад барилгын материал, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Силикон стийл” ХХК-аас 249,750,000 төгрөгийн барилгын материал, бетон зуурмаг, арматур, бараа материал “бэлэн мөнгөөр худалдан авсан” нь “Ёмиката” ХХК-иас бичиж олгосон 0012189789 дугаар, “Силикон стийл” ХХК-иас бичиж олгосон 0012358283 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бэлэн мөнгөний зарлагын баримт, кассын орлогын ордер зэрэг баримтаар нотлогдоно гэх боловч уг гүйлгээ нь эдгээр компаниудын санхүүгийн тайлан,  нягтлан бодох бүртгэлийн бусад баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд зөв байна.

Нэхэмжлэгч “Хүчит чулуу” ХХК-ийн захирал Б.Батзаяагаас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “...“Ёмиката” ХХК-ийн борлуулагч гэх хүнээс цэвэр усны шугам бэлэн мөнгөөр худалдан авсан, ... мөн Гурвалжингийн захаас төмөр цемент хоолойг нэг хүнээс авч байсан, ... бэлэн мөнгөөр тооцоо хийж байсан тул ямар нэг санхүүгийн дагалдах баримт аваагүй, тухайн компаниуд өгөөгүй” гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “... бараа материалыг нэг дор аваагүй, ... 2012 онд авсан нийт бараа, материалаа нэгтгэж, нэг падаан бичүүлж авсан” гэх тайлбараас үзвэл, нэхэмжлэгч компани нь худалдан авалт, бэлэн мөнгөний гүйлгээний санхүүгийн баримтуудыг зохих ёсоор бүрдүүлээгүйгээс “Ёмиката” ХХК, “Силикон стийл” ХХК гэх аж ахуйн нэгжүүдтэй тухайлан гүйлгээ хийсэн нотлогдоогүй гэж үзсэн хариуцагч татварын улсын байцаагч нарын маргаан бүхий акт үндэслэлтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлэх”-ээр, 8.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр тус тус заажээ.

Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Нэхэмжлэгчээс “...хий бичилттэй падаанаас үүссэн үр дагаварын гэм бурууг худалдан авагч “Хүчит чулуут” ХХК хариуцах хууль зүйн үндэслэлгүй” гэх боловч “Хүчит чулуу” ХХК-иас уг гүйлгээ гарсныг нотлох санхүүгийн бусад баримт “төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл” зэрэг баримт байхгүй, хэрэгт авагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын 0012189789, 0012358283 дугаартай 2 ширхэг падаан, “Ёмиката” ХХК, “Силикон стийл” ХХК-ийн “материалын үнэ”, “арматур бусад материалын үнэ” гэх зарлагын баримтууд, “бэлэн мөнгө хүлээж авсан кассын зарлага” гэх дугааргүй бэлэн мөнгөний орлогын ордер, кассын орлогын ордер зэрэг нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгч “Хүчит чулуу” ХХК-ийг арматур, барилгын материал хэн нэгнээс худалдаж аваагүй гэж дүгнээгүй, харин бараа материал худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн баримтаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн гэж үзсэн болно.

Иймд, нэхэмжлэгчийн “...нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан санхүүгийн буруутай этгээдүүдийг өршөөн хэлтрүүлж, гэм зэмгүй худалдан авалт хийсэн байгууллагад хариуцлагыг үүрүүлж байгааг шударга бус, холбогдох хуулийг буруу тайлбарласан” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, хариуцагч татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг баримтлан дээрх худалдан авалтуудыг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6794 дүгээр захирамжаар “Хүчит чулуу” ХХК-ийн нэхэмжлэлээр, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Мөнхзул, С.Дарьсүрэн нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн, Ц.Мөнхзул, С.Дарьсүрэн нар нь хэргийн оролцогч буюу уг захиргааны хэргийн хариуцагч тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг бие дааж эдэлнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа нэрлэн заасан хариуцагч нь татварын улсын байцаагч Ц.Мөнхзул, С.Дарьсүрэн нар бөгөөд, эдгээр хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс”-ийг төлөөлөөгүй, өөрсдөө бие даасан хариуцагч нар тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасан “... хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” шаардлага хамаарахгүй, нэхэмжлэгчийн “ ... итгэмжлэлийг байгууллагын бланк дээр үйлдэж, эрх бүхий этгээд ... гарын үсэг зурж тамга, тэмдэг дарсан байх зэрэг хуулийн шаардлагыг хангаагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хэргийн оролцогч “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулах” эрхтэй, энэ эрхийн хүрээнд хариуцагч нар  өөрсдийгөө төлөөлүүлэхээр Б.Даваагэрэл, Т.Номин-Эрдэнэ нарт итгэмжлэл олгосон, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагуудыг хангасан, хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн “...хариуцагч нар итгэмжлэл олгох эрхтэй эсэх талаар нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй”, “...Б.Даваагэрэл, Т.Номин-Эрдэнэ нарт олгосон итгэмжлэл ... /нь/ Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна” гэх хяналтын журмаар гаргасан гомдол мөн үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлээр, “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх нэхэмжлэгч “Хүчит чулуу” ХХК-ийн захирал Б.Батзаяагийн гомдлыг хангах боломжгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0227 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Хүчит чулуу” ХХК-ийн захирал Б.Батзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Хүчит чулуу” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА