Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 203

 

Ж.Л, М.Л нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Чингэлтэй дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Л.Атарцэцэг,

                                                    Г.Банзрагч,

                                                    П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал  

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Ж-д холбогдох хэсгээс 341.1 м кв-ыг, 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Д-д холбогдох хэсгээс 341.1 м кв газрыг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0063 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0196 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ж.Л, М.Л, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээд А.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0063 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Жаргалсайханд холбогдох хэсгээс 341.1 м кв, 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Долгормаад холбогдох хэсгээс 341.1 м кв газрыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн М.Л-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0196 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0063 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Л, М.Л нарын “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Жаргалсайханд холбогдох хэсгээс 341.1 м.кв, 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Долгормаад холбогдох хэсгээс 341.1 м.кв газрыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Ж.Л, М.Л нарын зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0196 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ: “...Харин анхан шатны шүүх М.Л-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч хэргийн оролцогч нарын хэн аль нь гомдол гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тус хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5. Шадивлангийн зуслангийн 6 тоот байшин, түүний хамаарал бүхий 341.1 м.кв газрыг нэхэмжлэгч М.Л-н эх Л.Оюундэлгэр нь “Разно-Импекс” ХК-д 1998-1999 онд худалдагчаар ажиллаж байхдаа хувьчилж авсан юм. 2003-2005 онд “Койка”-гийн төслөөр Улаанбаатар хотын газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг үүсгэсэн байдаг. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулагчаар ажиллаж байсан гэрч З.Одгэрэлийн мэдүүлгээр бодитоор газар эзэмшигч иргэдийг Улаанбаатар хотын газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, мэдээллийн сан үүсгэсэн болох нь нотлогддог. Ийнхүү 1999-2005 он хүртэл бодитоор маргаан бүхий газрыг эзэмшиж байсан нэхэмжлэгч М.Л нь өөрийн регистрийн дугаараар газрын мэдээллийн санд бүртгүүлж, 2006 онд газар эзэмшигч болсон юм.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг уг газрыг Ж.Лд худалдан, эзэмших эрхээ шилжүүлсэн учир түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дээрх байдлаар нэхэмжлэгч нар нэгдмэл ашиг сонирхолтой тул М.Л нь давж заалдах гомдол гаргаагүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарыг нэгдмэл ашиг сонирхолтой байхад ашиг сонирхлын зөрчилтэй мэт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан маргааныг шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

7. Мөн Давж заалдах шатны шүүх: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн зохицуулалтаас үзвэл хүсэлт гаргасан газар нь бусдын хууль ёсоор тухайн эзэмшиж ашиглаж буй газартай давхцаагүй байхыг шаардсан болохоос бус тухайн газрыг хууль ёсоор эзэмших, ашиглах хүсэл сонирхлоо илэрхийлээгүй, хууль ёсоор эзэмших ашиглах эрх үүсээгүй тохиолдолд бусдын эзэмшиж ашиглаж буй газартай давхацсан гэж үзэх боломжгүй юм гэсэн үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

8. Маргаан бүхий газар 2006 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч М.Лн нэр дээр нэгж талбарын 18642322631011 дугаар бүхий, 670 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/771 дүгээр албан бичгээр нотлогддог. Гэвч газар эзэмшигч М.Лн зөвшөөрөл, хүсэлтгүйгээр маргаан бүхий газрын кадастр А.Жаргалсайханд шилжиж, А.Жаргалсайхан 670 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон нь хууль бус болсон. Ийнхүү талуудын маргаж буй үйл баримт маргаан бүхий газрыг эзэмшигч М.Лн зөвшөөрөл, хүсэлтгүй шилжүүлсэн тухай байхад Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг буруу ойлгож, анх газар, байшингаа эзэмших талаар маргаж буй мэт үнэлэлт дүгнэлт өгч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч М.Лг маргаан бүхий газрыг А.Жаргалсайханд худалдсан гэж баримт, тайлбар гарган мэтгэлцээгүй атлаа, давж заалдах шатны шүүхэд худалдсан мэт нотлох баримтгүй, үндэслэлгүй тайлбар гаргасан. Хэргийн хавтсанд авагдсан газрын хувийн хэргээс үзэхэд нэхэмжлэгч М.Л нь маргаан бүхий газрыг А.Жаргалсайханд худалдсан үйл баримт тогтоогдоогүй болно.

9. Давж заалдах шатны шүүх “Ж.Л-гийн маргаан бүхий газарт байрлах зуслангийн байшингийн өмчлөгч болохыг тогтоолгох эрх, тийнхүү тогтоолгосон тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдалд үндэслэн тус шүүхийн шийдвэрийг хянуулахаар хүсэлт гаргах эрх нь тус тус нээлттэйг дурдах зүйтэй байна” гэсэн үндэслэлгүй байна. Шадивлангийн 6 тоот зуслангийн байшин нэхэмжлэгч Ж.Лгийн эд хөрөнгө юм. Нэхэмжлэгч Ж.Л нь Шадивлангийн 6 тоот зуслангийн байшин, хамаарал бүхий газрыг нь бодитоор эзэмшиж, ашиглаж байсан юм гэсэн тайлбар гаргахаар давж заалдах шатны шүүх зуслангийн байшингийн өмчлөлтэй маргаж байна гэж маргааны үйл баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Зуслангийн 6 тоот байшингийн өмчлөлийн маргаан газрын маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй болно. Мөн “Разно-Импекс” ХК нь ажилчиддаа амьдарч байсан байшин бүрийг нь хувьчилж өгсөн. Ийнхүү гуравдагч этгээд А.Долгормаад Шадивлангийн 5 тоот зуслангийн байшин, Л.Оюундэлгэрт 6 тоот зуслангийн байшинг хувьчилж өгсөн. Бид А.Долгормаагийн 5 тоот зуслангийн байшин, түүний хамаарал бүхий газартай маргаагүй. Гуравдагч этгээд А.Долгормаа нь Шадивлан зусланд яагаад ганцаараа 2 зуслангийн байшинтай байх үндэслэлээ өөрсдөө нотолж, эрх ашиг нь зөрчигдөж байгаа бол иргэний шүүхэд хандах зүйтэй юм.

10. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 221/МА2019/0196 дугаар магадлал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцээгүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгч Ж.Л, М.Л нар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Жаргалсайханд холбогдох хэсгээс 341.1 м.кв газарт холбогдох хэсэг, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/568 дугаар захирамжийн А.Долгормаад холбогдох хэсгээс 341.1 м.кв газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...2005 онд 6 тоот зуслангийн байшинг, 341.1 м.кв газрын хамт иргэн Л.Оюундэлгэрээс худалдаж авч, 2017 оныг хүртэл зусланд гарч ирсэн. Гэтэл 2017 оны зун зусландаа гарахаар очтол манай байшинд өөр хүмүүс эд хогшлоо тавьсан, хажуугийн 5 тоот байшин, манай байшин хоёрын дунд байсан хашааг буулгасан байсан. Энэ асуудлыг тодруулахаар Чингэлтэй дүүргийн газрын албанд хандахад, манай газарт газар эзэмших эрх хууль бусаар иргэн А.Жаргалсайханд үүсч, улмаар А.Долгормаад шилжсэн байна” гэж маргажээ.

13. Нэхэмжлэгч Ж.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, анхан шатны шүүх Газрын тухай хууль болон “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.

14.   Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтийг, холбогдох баримтын хамт тухайн шатны Засаг даргад гаргахыг, харин тухайн шатны газрын алба нь газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг нягтлан хянах үүрэгтэйг тус тус заасны гадна 23 дугаар зүйлийн 23.4.3-т газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх эрх, үүрэгтэйг заажээ.

15. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 63 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 2.1.1. иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, 2.1.2. Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх, 2.1.3. Хээрийн судалгаа хийх,...”, 5.2-т “Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд: 5.2.1. Өргөдөлд хавсаргасан материалуудыг эх материалтай нь тулгаж шалгах, 5.2.2. Тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах,...”, 6.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 6.2.1. Өргөдөлд дурьдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх, 6.2.2. Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах,...” гэж тус тус журамласан.

16. Маргаан бүхий газар дээр баригдсан, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан дахь зуслангийн 6 тоот байшинг анх, 1999 онд Л.Оюундэлгэр /“Разно-импекс” ХХК-д ажиллаж байсан/ нь байгууллагаасаа худалдан авч эзэмшсэн, мөн уг байшингийн хажууд байрлах 5 тоот байшинг гуравдагч этгээд А.Долгормаа мөн л тус байгууллагаас худалдан авч эзэмшсэн болон Л.Оюундэлгэрийн эзэмшлийн байшингийн доорх газар нь түүний хүү М.Л-н нэр дээр эзэмших эрхтэйгээр бүртгэлтэй байсан /670 м.кв-аар/, улмаар Л.Оюундэлгэр нь 2005 онд энэхүү зуслангийн байшингаа нэхэмжлэгч Ж.Л-д худалдсан, Ж.Л нь 2005-2017 онуудад байшинг эзэмшиж, зуслангийн зориулалтаар ашиглаж байсан зэрэг нь хэрэгт авагдсан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/771 тоот албан бичиг, түүний хавсралт зурган мэдээлэл, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

17. Гэвч Чингэлтэй дүүргийн Газрын алба нь хууль, журамд заасан дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй, газрын давхцал /уг газар дээр байрлах зуслангийн 2 байшингийн эзэмшигч хэн болох/-ыг бодит байдал дээр нягтлан шалгаагүй, нэхэмжлэгч Ж.Лгийн 2005 оноос хойш хашаалан амьдарч байсан газрыг оролцуулан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар иргэн А.Жаргалсайханд 670 м.кв газрыг анх эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хууль, журмын дээрх зүйл, заалтуудыг, улмаар тус газрыг мөн дүүргийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/568 дугаар захирамжаар А.Долгормаад шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1. энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2. шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, 38.3.3. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

18. Иймд анхан шатны шүүхээс, маргаан бүхий захиргааны актуудын А.Жаргалсайхан, А.Долгормаа нарт эзэмшүүлсэн 670 м.кв газраас нэхэмжлэгчийн эзэмшвэл зохих 341.1 м.кв газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, ...-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ...шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцсэн байна.

19. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.6-д заасныг зөрчиж, “...нэхэмжлэгч Ж.Лгийн, зуслангийн 6 тоот байшин орчмын 341.1 м.кв газрыг хууль ёсоор эзэмших хүсэл зорилгоо илэрхийлж байсан нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна тус байшингийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг захиргааны хэргийн шүүх тогтоох хууль зүйн боломжгүй, энэ тохиолдолд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. ...давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд А.Долгормаа “...манай дүү нас барахаасаа өмнө М.Л-гээс 6 тоот байшинг худалдан авсан гэж хэлж байсан...” гэж тайлбарласан...” гэх зэргээр хууль бус дүгнэлтийг хийжээ.

20. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Л нь 2005 онд Л.Оюундэлгэрээс 6 тоот зуслангийн байшинг худалдан авч, тус цаг хугацаанаас хойш 2017 оныг хүртэлх хугацаанд зуслангийн зориулалтаар ашиглаж ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон атал давж заалдах шатны шүүхээс, нэхэмжлэгч Ж.Л нь байшингийн доорх газрыг эзэмших хүсэлтээ захиргааны байгууллагад албан ёсоор гаргаж байгаагүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийг газар эзэмших эрхгүй гэж үзсэн нь буруу. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд А.Долгормаагийн гаргасан “газрыг манай дүү худалдан авсан” гэх тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, гуравдагч этгээдээс энэ үндэслэлээр анхан шатны шүүхэд тайлбар, баримт гаргаж маргаагүй байхад давж заалдах шатны шүүх эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

21. Нэхэмжлэгч М.Л-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь уг газрыг бусдад худалдан, эзэмших эрхгүй болсон гэж дүгнэн, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд хэргийн оролцогчид гомдол гаргаагүй байна. Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч М.Л-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт хэрэгсэхгүй болгосныг буруу томъёолж бичсэн, мөн хууль буруу хэрэглэсэн тул эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч Ж.Л-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2019/0196 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0063 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5, 38 дугаар зүйлийн 38.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Жаргалсайханд, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/568 дугаар захирамжийн А.Долгормаад холбогдох хэсгээс тус тус 341.1 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Л-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                               ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА