Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 63

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ж.Л, М.Л.

Хариуцагч: ЧДЗГ, ЧДГА..

Гуравдагч этгээд: А.Д.

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Жд холбогдох хэсгээс 341.1 м кв-ыг, 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Дд холбогдох хэсгээс 341.1 м кв газрыг тус тус  хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч Ж.Л, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагч ЧДГА.төлөөлөгч О.С, гуравдагч этгээд А.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, гэрч Ю.О  нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Л, М.Л нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагадаа: “...Ж.Л миний бие Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Шадивлангийн зусланд зуслангийн 6 номерын байшинг 341.1 м.кв газрын хамт 2005 онд иргэн Лын Оээс худалдаж авсан. Л.О нь төрөл бүрийн барааны хангамжийн нэгдэл “Р” ХХК-д ажиллаж байхдаа 1998-1999 онд байгууллагаасаа 62,000 төгрөгөөр газар, зуслангийн байшингийн хамт хувьчилж худалдан авсан байдаг.

2005 онд Л.О-ээс зуслангийн байшинг худалдаж авахын өмнө бид хоёр газар эзэмших эрхээ шилжүүлэхээр тус дүүргийн газрын албанд очиход газрын албанаас "одоогоор зуслангийн газар иргэдэд эзэмшүүлэхгүй байгаа, манайд “Р*******” ХХК-ийн ажилчдын зуслангийн байшингийн хувийн хэрэг байдаг, та санаа зоволтгүй” гэсэн тайлбарыг амаар өгсөн. Л.О нь “Р” ХХК-иас №6 тоот зуслангийн байшинг хувьчилж авах үедээ газар эзэмших эрхээ баталгаажуулахаар өөрийн хүү М.Л-гийн регистрийг өгсөн байсан тул манай зуслангийн байшингийн газар эзэмших эрх анх 2006 онд Л.О-ийн хүү М.Л-гийн нэр дээр бүртгэлтэй гарсан байсан. Миний бие гэр бүлээрээ 2005-2017 оныг хүртэл жил бүр зуны 3 сард зусландаа гарч ирсэн. Үүнийг олон жил хөрш явсан “Р” ХХК-ийн даргаар ажиллаж байсан н.Ж*******, Ж.Л******* гуайнх, №7 тоот байшингийн Ж.Цэнгэл, н.Ө*******, Ж.Н*******, гэх айлууд мэднэ.

Гэвч 2017 оны зун зусландаа гарахаар очтол зуслангийн байшинд маань өөр хүмүүс эд хогшлоо тавиад, 5 номерын байшин, манай байшин хоёрын дунд тусгаарласан байсан хашааг буулгасан байсан. Дээрх асуудлыг тодруулахаар бид Чингэлтэй дүүргийн газрын албанд 2017 оны 9 дүгээр сарын 6-нд хандахад /миний өргөдлийг 1508 дугаарт бүртгэн хүлээн авсан  2018 оны 03 сарын 16-нд газрын албаны газар зохион байгуулагч О.Сайнбаяр нь "тус газарт газар эзэмших эрх А*******ийн Жаас А*******ийн Дд шилжүүлж, А.Д нь дахин н.Мөнхбат гэдэг хүнд худалдаж нэр шилжүүлэх гэж байгаа” гэсэн тайлбар амаар өгсөн.

Иймээс би 2018 оны 03 дугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн газрын албанд “миний өмчлөлийн газрыг н.Мөнхбат гэгчид хууль бусаар шилжүүлэхээр газрын албанд материал ирүүлсэн байна. Иймд уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү" гэсэн хүсэлтийг өгөхөд 2018 оны 04 сарын 30-нд надад 2016 оны А/11 тоот захирамжаар иргэн А.Жд газар эзэмших эрх олгосон гэсэн үндэслэлгүй хариуг өгсөн.

Би худалдаж авсан Л.Отэй уулзан түүний хүү М.Лгийн /ЧС84050519/ нэр дээр уг байшин, газрын хамт байсан учраас Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас лавлагаа гаргуулсан. Гэтэл лавлагаагаар анх М.Лн нэр дээр кадастр нь гарсан газар, иргэн М.Л нь ямар нэг хүсэлт гаргаагүй байхад 2009 онд яагаад газрыг өөр хүний нэр дээр шилжүүлсэн, мөн 2016 онд А/11 тоот захирамжаар эзэмшүүлэх болсныг ойлгохгүй байна. Би Нийслэлийн Засаг даргад 2018 оны 05 сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 онд А/11 тоот захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн.

, газрын албаныхан анх хувьчилж, худалдан авсан хүний зөвшөөрөл, хүсэлтгүйгээр газрыг өөр хүнд эзэмшүүлж өгсөн зэргээс миний газар эзэмших эрх, түүн дээрх эд хөрөнгөө эзэмших эрх маань зөрчигдөж байна. Одоо миний бие, гэр бүл маань зуны улирал болж байхад өөрийн өмчлөлийн зуслангийн байшиндаа гарч чадахгүй хохирч байна. Уг нь А.Д нь “Р*******” ХХК-ийн зуслангийн №5 байшинг өөрт нь, №6 тоот байшинг Л.От хувьчилсан гэдгийг мэдсээр байж газар эзэмших эрхийг хууль бусаар гаргуулан авч, бусдад худалдаж байгаад харамсалтай байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13 -ны өдрийн А/11 дугаар захирамжийн А.Жд холбогдох хэсгээс 341.1 мк.в-ыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг маань сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Хариуцагчаас хариу тайлбартаа А.Ж нь 2017 онд нас барж А.Д нь өвлөх эрхээ нээлгэн дүүргийн Газрын албанд өргөдөл гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2017 оны А/568 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна" гэжээ.

Дээрх тайлбар болон нотлох баримтаас үзэхэд хариуцагчаас маргаан бүхий газарт А.Дд газар эзэмших эрхийг шилжүүлж 2017 оны А/568 дугаар захирамжийг буюу дахин акт гаргасан байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 2017 оны А/568 дугаар захирамж нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, түүн дээрх үл хөдлөх хөрөнгөө эзэмших эрхийг зөрчиж байх тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 сарын 13-ны өдрийн А/11 дугаар захирамжийн А.Жд холбогдох хэсэг хууль бус учраас түүний үндсэн дээр гарсан дүүргийн Засаг даргын 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Дд холбогдох хэсэг мөн адил хууль бус юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Дд холбогдох хэсгээс 341.1 м.кв-ыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Л шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...2006 онд н.Оээс “Р” ХХК-ийн ажилчдын зуслангийн байрнаас 6 тоот байшинг худалдаж авсан. Манайх жил бүр зусландаа гардаг байсан. 2016 онд наадмын дараа зуслан дээрээсээ зуух авах гэж очиход цоожийг нь сольсон, хүн ороогүй байдалтай байсан. 2017 онд улсын наадмын дараа манай ээж очиход мөн цоожийг нь сольсон, дотор нь хүмүүс эд бараагаа тавьсан байсан бөгөөд бид тухайн үед цагдаад мэдэгдсэн. Гэтэл уг байшинг хажуу талын байшинтай хамтад нь н.Мөнхбат гэж хүнд худалдсан байсан. Үүнийг мэдсэнээс хойш энэ талаар  тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгчийн зуслангийн байшингийн доорх газар буюу тусгаарлаж хуваасан 341,1 м2 газрыг А/11 дүгээр захирамжаар А.Жд олгосон байна гэсэн хариуг анх авч А.Жд газар эзэмших эрх олгогдсон болохыг мэдэж улмаар Нийслэлийн Засаг даргад хандаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Анх “Р” ХХК-иас зуслангийн байшинг ажилчдадаа хувьчилж өгөхдөө газрыг нь регистрийн дугаараар бүртгэлжүүлж авсан байдаг. Тус 6 тоот зуслангийн байшинг н.О нь хүү М.Лгийн нэр, регистрийн дугаарыг өгч бүртгүүлсэн байдаг. Маргаан бүхий газар 2006 оны 09 дүгээр сараас 2009 оны 09 дүгээр сар хүртэл М.Лгийн нэр дээр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан. 

Гэтэл М.Л ямар нэг хүсэлт гаргаагүй байхад  “Р” ХХК-д ажиллаж байгаагүй А.Жд 670 м2 талбайг Кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулж газар эзэмших эрх олгогдсон байдаг. Ийнхүү захирамж гарснаар нэхэмжлэгч Ж.Лгийн уг газар болон байшинг эзэмших эрх хөндөгдсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Ж нас барж түүний эгч А.Д эрх залгамжлагчаар газар эзэмших эрхийг шилжүүлж авсан.

2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Жд холбогдох хэсгээс 341.1 м2, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 568 дугаар захирамжийн А.Дд холбогдох хэсгээс 141 м2 талбайг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээд нэхэмжлэгчид газар худалдан авсан гэх гэрээ хэлэлцээр байхгүй гэж байна. Газрын харилцаа, өмч гэдэг бол Монгол Улсад шинээр бий болж 20, 30 жилийн хугацаа өнгөрч байгаа хэдий ч хариуцагч Газрын харилцаа, геодези зураг зүйн газар /хуучин нэршлээр хариуцлагагүй хандсан.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт н.Л хандахад 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/771 тоот албан бичгээр иргэн н.Лгийн нэр дээр бүртгэлтэй байна гэсэн хариу өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2006 онд н.Лгийн нэр Кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байсан ч цааш нь тодорхойгүй байдлаар н.Л гэсэн нэр уг бүртгэлд байхгүй болсон.

Ж.Лтай олон жил зусланд хамт гарсан хөршүүд нь 6 тоот байшинг Ж.Л бодитоор эзэмшиж байсан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. н.Л, Ж.Л нарын ашиг сонирхол нэг юм. Н.Лгийн газар тул цааш нь Ж.Лд зарсан бөгөөд Газрын алба харин бүртгэлийг нь хийгээгүй юм. Уг газартай холбоотой маргаан үүсэхэд н.Лгийн нэр мэдээллийн сангаас бүртгэлтэй хэвээрээ гарч ирэх ёстой байсан. Уг газарт хэн ч хүсэлт гаргаагүй байхад бусдад шилжүүлж, бусдын нэр дээр бүртгэсэн нь хууль бус юм.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 83 дугаар журам батлах тухай тушаалын 6 дугаар зүйлд хээрийн судалгаа хийх гэж байгаа. Газрын алба уг тушаалын дагуу хээрийн судалгаа хийж, газар дээр нь очиж хуучин зуслангийн модон байшингийн эзэн нь хэн гэдгийг газартай нь хамт судалж тушаалаа гаргасан бол хүний өмчид хамаагүй халдахгүй байсан.

 Ж.Л 6 тоот байшиндаа 2 жил зусланд гараагүй байхад А.Д нь өөрийн 5 тоот байшинтай хамт юуг үндэслэж 6 тоот байшинг бусдад зарсан нь ойлгомжгүй байх тул үүнийг хууль бус үйлдэл гэж үзэж байна. 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан хүсэлтийг хэн ч гаргаагүй байхад захирамж гаргасан нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын буруутай үйл ажиллагаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага: Дүүргийн Засаг даргын 2016 оны А/11 дүгээр захирамжийн А.Жд холбогдох хэсгээс 341,1 мкв талбайг хүчингүй болгуулах

Дүүргийн Газрын албаны архиваас шүүн үзэхэд тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зусланд газар эзэмших хүсэлтийг Ж.Л, М.Л, Л.О нараас маргаан бүхий газарт өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд иргэн А.Ж нь 2015 онд дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаж дүүргийн Засаг даргын 2016 оны А/11 дүгээр захирамжаар 670 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Улмаар А.Ж нь 2017 онд нас барж А.Д нь өвлөх эрхийн нээлгэн дүүргийн Газрын албанд өргөдөл гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2017 оны А/568 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнбаяр шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Кадастрын мэдээллийн сан анх үүссэн 2007 оноос шүүлт хийж үзэхэд М.Л, А.Ж гэсэн хоёр хүний нэр дээр 670 м2 талбай бүртгэлтэй орсон байдаг. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар А.Жы нэр дээр баталгаажуулж гэрээ, гэрчилгээ олгосон байдаг. Тухайн үеийн архивын материалаас харахад М.Лгийн гаргасан өргөдөл, нэхэмжлэл байдаггүй бөгөөд хариуцагч байсан газар зохион байгуулагч, байцаагчийг нь гэрчээр дуудсан бөгөөд гэрчийн мэдүүлгээр зарим зүйл тодорхой болно” гэв.

Гуравдагч этгээд А.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээд А Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн би иргэн Ж.Л, М Л нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухай: 

 

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн нь газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заажээ. Мөн уг хүсэлтдээ "овог. Нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа зэргийг тусгана” гэсэн байна. 

   Улмаар дээрх баримт бичгүүд нь хуулийн шаардлага хангасан гэж үзэж эрх бүхий этгээдээс “Газар эзэмших гэрээ” байгуулж, гэрчилгээ олгосноор сая тухайн иргэнийг газар ззэмшигч гэж үздэг. Гэтэл нэхэмжлэгч Ж Лхамаа, М.Л нар нь маргааны зүйл болох газрыг эзэмших хүсэлтээр эрх бүхий этгээдэд огт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан

баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмших эрхтэй гэж үзэж, нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

2.Нэхэмжлэгч нар нь “...газар эзэмших эрхийг анх 2005 онд Л.Оийн хүү М.Лгийн нэр дээр регистрийн дугаарыг нь өгч бүртгүүлсэн, М.Л ямар нэг хүсэлт гаргаагүй байхад 2009 онд яагаад өөр хүний нэр дээр шилжүүлснийг ойлгохгүй байна" гэжээ.

ГЗБГЗЗГ-ын 2018 оны 05 сарын 02-ны өдрийн 1/771 дугаартай албан бичиг болон түүний хавсралтаас үзэхэд маргааны зүйл болох газрын кадастрын зураг нь анх 670 м.кв хэмжээтэй нэхэмжлэгч М.Лгийн нэр дээр мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Улмаар 2009 оны 07 сард нь уг газрын кадастрын зураг нь “ЧД 71...” регистрийн дугаартай иргэний нэр дээр өөрчлөгдөн бүртгэгджээ.

Нэхэмжлэгч нарын тайлбарсаны дагуу зөвхөн кадастрын зураг үйлдсэнээр тухайн газрыг эзэмших эрхтэй боллоо гэж үзэхгүй, Тодруулбал. ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3.4.2,3-т зааснаар кадастрын зураг нь ‘Тазар эзэмших эрх олгосон баримт бичиг биш”, харин хүсэлтэйгээ хамтатган өгөх шаардлагатай баримт бичиг болно.

3. Хэргийн үйл баримтаас үзэхэд Ж.Л, М.Лнарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нэгэн зэрэг зөрчигдсөн байх боломжгүй байна.

Учир нь, Ж.Л нь “газрыг М.Лн ээж Л.Оээс худалдаж авсан” хэмээн тайлбар гаргасан боловч “Л.Оийн хүү М.Лн нэр дээр уг газрыг бүртгүүлсэн байсан” гэжээ.

А Хэрэв Ж.Л нь Л Оээс газрыг худалдан авсан нь үнэн бол “газар нь эрхийн зөрчилтэй" буюу тэрээр “Худалдах худалдан авах гэрээний зүйл нь эрхийн зөрчилтэй байсан” хэмээн Л Оийг хариуцагчаар тодорхойлж, иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.

Тиймээс Ж.Л нь хууль ёсоор газар эзэмшигч биш учир энэ хэргийн хувьд нэхэмжлэгчээр оролцох боломжгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Б Нэхэмжлэлд М.Лгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдсөн тухай огт заагаагүй, харин Ж.Лтай холбоотой “Үйл баримт”-ыг тодорхойлж бичжээ.

Иргэн “газар эзэмших эрх” зөрчигдсөн хэмээн маргаан үүсгэж буй тохиолдолд уг эрхийг хууль ёсоор эзэмшиж байх, эсхүл тухайн эрхийг эзэмшихээр хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргасан байхыг шаардана. Гэтэл М.Л нь "газар эзэмших хүсэлт"-ийг огт гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байна.

Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

         4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Чингэлтэй дүүргийн засаг даргын 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Дд холбогдох хэсгээс 341.1 м.кв-ыг хүчингүй болгуулах" тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна. А.Д нь газрыг “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний үндсэн дээр шилжүүлсэн авсан бөгөөд тухайн үед газар эзэмших эрхийн маргаан”-ы тухайн үед мэдэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ж.Л нь “2005-2017 оныг хүртэл жил бүр зуны 3 сард зусландаа гарч байсан” гэх боловч 2005 оноос хойш 12 жилийн хугацаанд уг газрынхаа эзэмших эрхийг баталгаажуулах зорилгоор хүсэлт гаргаж байгаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд А.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Лг уг газрыг худалдаж авсан гэж тайлбарладаг бөгөөд энэ талаар нотлох баримт байхгүй, гэрчээс мэдүүлэг авсан байдаг. Худалдаж авсан гэдэг нь үйл баримтын хамгийн ач холбогдолтой баримт нь гэрээ, хэлцэл байх ёстой  бөгөөд үүнээс Ж.Л болон  уг газрын анхны эзэмшигч н.О нарын хооронд хэлцэл хийгдсэн гэдгийг нотлох ёстой. Гэтэл ийм нотлох баримт байхгүй бөгөөд гэрчүүд нь Ж.Л нь н.Оээс уг газрыг худалдаж авсан гэдэг гэсэн дам яриагаар шүүхэд мэдүүлэг өгч байна. Тиймээс Ж.Л уг газрыг худалдаж авсан гэх бичгийн нотлох баримт байхгүй бөгөөд гэрчүүд нь худалдаж авсныг хараагүй бөгөөд үнийн дүнгийн хувьд зөрүүтэй мэдүүлэг гаргасан байдаг. Тиймээс гэрчийн мэдүүлгээр Ж.Лг уг газрыг худалдаж авсан гэж дүгнэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч газар эзэмших эрхээ зөрчигдсөн гэж үзэж эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан.  Зөрчигдсөн гэж үзэж байгаа газар эзэмших эрх нь хуульд заасан журмын дагуу үүссэн байх ёстой. Өөрөөр хэлбэл Ж.Л, М.Лнар уг газрыг эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан, эсхүл олж авахаар өргөдөл, гомдлоо гаргасан байх ёстой. Хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй. Ж.Л худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр миний газар эзэмших эрх үүссэн гэж тайлбарладаг.

М.Лгийн нэр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байна гээд дараа нь А.Жы нэр дээр уг газар эзэмших эрх, кадастрын зураг шилжсэн гэж тайлбарлаж байна. Бодит байдал дээр хувьчлал болон кадастрын мэдээллийн санд орсон үйл баримт 2006 оны үйл явдал юм. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар 2017, 2018 онд мэдсэн гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч 12 жилийн хугацаанд  газар эзэмших эрхээ баталгаажуулах, хууль ёсны болгох эрх нээлттэй байхад нэхэмжлэгч ямар нэг үйл ажиллагаа хийгээгүй байдаг. Газрын мэдээллийн нэгдсэн санд М.Л, Ж.Л гэсэн бүртгэл байгаагүй тохиолдолд Газрын албанд иргэн хүсэлт гаргасан бол хариуцагч Газрын мэдээллийн нэгдсэн санд шүүлт хийж үзэхэд тухайн газар хэн нэгэн иргэний өмчлөл, эзэмшилд олгогдоогүй бол хүсэлт гаргасан иргэнд олгох нь зүй ёсны юм. Тиймээс энэ үйл баримтад хариуцагчийг буруутгаж болохгүй.

Нэхэмжлэгч үүргээ биелүүлж газар эзэмших, өмчлөх хүсэлт, өргөдлөө гаргаагүй байж 12 жилийн дараа  шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Энэ тохиолдолд хариуцагч 12 жилийн хугацаанд уг газрыг Ж.Лгийн газар гэж хадгалах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй.

Ж.Л, М.Лхоёр хоёулаа нэхэмжлэгч болж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнд ашиг сонирхлын зөрчлийн талаар дурдах нь зүйтэй. М.Л өнөөдрийг хүртэл шүүхэд ирж тайлбар мэдүүлэг өгч, шүүх хуралдаанд оролцохгүй байгаа бөгөөд А.Жтай ямар хэлцэл хийсэн нь тодорхойгүй, энэ талаар нотлох боломжгүй байна.

Ж.Лгийн хувьд маргаан бүхий газартай ямар нэг байдлаар холбоогүй бөгөөд өөрөө л уг газрыг худалдаж авсан гэж тайлбарладаг ч ямар ч баримт байхгүй юм.

н.О уг газрын өмчлөх эрхээ хууль ёсоор олж авснаар Ж.Лд худалдах эрхтэй. Гэтэл ийнхүү газар эзэмших эрх н.От олгогдоогүй байхад ямар хууль, баримтад үндэслэж Ж.Лд уг газрыг зарсан гэж мэдүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Өмчлөл нь газраа бүртгүүлж, газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Ийнхүү өмчлөл үүсээгүй тохиолдолд уг газар Ж.Л, н.О нарын хэнийх нь ч өмч биш юм.

А.Д дүү А.Жы нэр дээр байсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. А.Жд уг газар ямар байдлаар очсоныг мэдэхгүй тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад тайлбар байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Ж.Л, М.Лнар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Жд холбогдох хэсгээс 341.1 м кв-ыг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Дд холбогдох хэсгээс 341.1 м кв газрыг   хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлжээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 М.Л маргаан бүхий зуслангийн газарт байрлах 6 тоот сууцыг төрсөн эх Л.Оийн хамт эзэмшиж, өөрийн регистрээр газрын мэдээллийн санд бүртгүүлж байсан нь нэхэмжлэгч Ж.Лгийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл болсон хэдий ч уг газрыг худалдан эзэмших эрхгүй болсон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн түүнд  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Анх маргаан бүхий газарт байрлах Төрөл бүрийн барааны импекс хангамжийн нэгдэл /Р/-ийн Шадивлан дахь зуслангийн байруудыг 1999 онд эзэмшиж байсан иргэдэд нь худалдахад тус байгууллагад ажиллаж байсан Л.О  6 тоот байрыг авч төрсөн хүү М.Лн регистрээр газрын мэдээллийн санд бүртгүүлж улмаар нэхэмжлэгч Ж.Лд худалдсан болох нь гэрчүүдийн тайлбар хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Л өөрийн худалдаж авсан 6 тоот зуслангийн байр түүнд хамаарал бүхий 341.1 м кв газрыг эзэмших эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд харин гуравдагч этгээдийн эзэмшил  бүхий 5 тоот байр түүний хамаарал бүхий газартай маргаагүй байна.

Маргаан бүхий газарт байрлах 5 болон 6 тоот байрны хамаарал бүхий газрыг 2015 онд энэ хэргийн гуравдагч этгээдэд 670 м кв  хэмжээгээр шилжүүлж эзэмшүүлсэн байх бөгөөд энэхүү хэмжээнээс харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан 341.1 м кв гэх хэмжээ үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч 6 тоот зуслангийн байрыг худалдаж авснаас хойш жил бүр энэ байрандаа зусланд гарч байсан талаар гэрчүүдийн тайлбараар болон 2004 онд анх Чингэлтэй дүүрэгт газрын кадастрын мэдээллийн сангийн төсөл хэрэгжих явцад зуслангийн газарт амьдарч байсан айлуудын газрыг дүүргийн Засаг даргын захирамж гаргахгүйгээр мэдээллийн санд бүртгэж байсан талаар тухайн үед хороо хариуцсан газрын мэргэжилтнээр ажиллаж байсан гэрч Ю.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нэхэмжлэгч нар маргаан бүхий газарт байрлах 6 тоот сууцанд амьдарч, уг сууцыг эзэмшиж байсныг давхар нотолж байна гэж дүгнэв.

Харин хариуцагч  уг газрыг бусдын эзэмшил бүхий байж болох бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр буюу шалгах үүргээ хэрэгжүүлээгүйгээр 670 м кв хэмжээгээр иргэн Жд эзэмшүүлж улмаар Дд шилжүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Л газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй, төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаагүй буруутай хэдий ч өөрийн эзэмшлийн зуслангийн сууц түүний хамаарал бүхий газрыг эзэмших эрхтэй болно.

Анхнаасаа маргаан бүхий газарт байрлах 6 тоот зуслангийн сууцыг нэхэмжлэгч худалдаж авсан нь нотлогдож байгаа тул энэ сууцны хамаарал бүхий 341.1 м кв (нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор 341.1 м кв) газрыг нэхэмжлэгч Ж.Л эзэмших боломжтой.

Учир нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна.”, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “....газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэж заажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч маргаан бүхий газарт байршилтай гуравдагч этгээдийн эзэмшлийн 5 тоот сууц түүний хамаарал бүхий газрын эзэмшлийн талаар маргаагүй бөгөөд  харин 6 тоот сууцыг гуравдагч этгээд эзэмшдэг нь ямар нэг баримтаар тогтоогоогүй байхад тэрээр уг сууцыг оролцуулан хамтад нь захиран зарцуулах эрхтэй гэж үзэхээргүй байна. 

Ийнхүү Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан дахь зуслангийн 6 тоот сууцыг анх “Р*******” ХХК-ийн Амгалан дахь худалдааны салбарт ажиллаж байсан Лын О /РД:*******/ байгууллагаасаа худалдан авч эзэмшиж байсан нь гэрч Намжилдоржийн Машбаяр  Бяруузанын Оюунцэцэг  Л.Оийн хүү М.Лн нэр дээр эзэмших эрхтэйгээр бүртгэлтэй байсан тухай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/771 дүгээр албан бичиг3  , 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр шүүхээс үзлэг хийх үед нэхэмжлэгчийн хүсэлтээр өндөр настан Ж.Л*******аас тодруулж асуухад “...5 номерийн байшин нь Дгийнх, 6 номерийн байшин нь Оийнх байсан,” 4  гэж үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн тайлбар зэргээр тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил зуслангийн сууцны хамаарал бүхий газрыг бусдад эзэмшүүлсэн захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий газарт байрлах зуслангийн сууцны эзэмшигч, өмчлөгчийг судлан үзсэний үндсэн дээр хууль, журамд нийцүүлэн газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.

Гэтэл Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 63 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 1 дэх хэсгийн 1.1-д “Энэхүү журам нь иргэн..ий газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, нягтлан хянах,эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулах, ...газрын улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.”, энэхүү журмын 2 дахь хэсгийн 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараахь үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 2.1.2 “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх:”, 2.1.3 “Хээрийн судалгаа хийх:” гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийн 2016 оны А/11, 2017 оны А/568 дугаар захирамжуудын гуравдагч этгээдэд холбогдох хэсэг үндэслэл муутай болжээ.

Шүүх нэгэнт нэхэмжлэгч Лхамаагийн зуслангийн сууцны хамаарал бүхий газрыг судалгаагүйгээр өөр этгээдийн гаргасан хүсэлтийг хянан нягтлалгүй гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус гэж дүгнэсэн тул хариуцагч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасанчлан газар эзэмшигч байж болох этгээдийн эрхийг зөрчсөн захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Лгийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Жд холбогдох хэсгээс 341.1 м кв, 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Дд холбогдох хэсгээс 341.1 м кв газрыг   тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, захиргаааны актуудын холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгон нэхэмжлэгч М.Лд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэв.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2-т таасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн А.Жд холбогдох хэсгээс 341.1 м кв, 2017 оны А/568 дугаар захирамжийн А.Дд холбогдох хэсгээс 341.1 м кв газрыг   тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн  М.Лд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн тал хувийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   А.НАСАНДЭЛГЭР