Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01000

 

 

Б.И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/00676 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.И ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хонконгийн Олон улсын Арбитрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/A15107 дугаартай шийдвэрээр иргэн Б.Жаас 2.500.000 ам.долларыг гаргуулан Гоби Консолидетед ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээр дурьдсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад манай байгууллагын хөрөнгүүдийг барьцаа хөрөнгө гэх нэрийдлээр битүүмжлэн хурааж гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчиж эхлээд байна. Үүнд:

1.Б.И ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203017826 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ....дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, Чингисийн өргөн чөлөө-3 тоот хаягт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 544 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг НШШГГ 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор,

2.Б.И ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Амгалангийн төмөр замын урд байрлах Г-0231241 дугаар бүхий 5.500 м.кв талбайтай газрын эрхийг НШШГГ 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тус тус захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн битүүмжлээд байна.

Хонконгийн Олон улсын Арбитрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/A15107 дугаар шийдвэр түүнийг баталгаажуулсан Арбитрийн шийдвэрийг баталгаажуулах тухай шүүхийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэгт Б.И ХХК-ийн дээр дурьдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэг ч заалт байхгүй, дурьдагдаагүй байсаар атал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гуравдагч этгээдийн эрхийг илтэд ноцтой зөрчин дуудлага худалдаанд оруулахаар ажиллаж байна.

Дэлхий нийтийг хамарсан халдвар тархаж давагдашгүй хүчин зүйл болж байна. Компанийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа нь компанийн эрх ашгийг хөндөж байна.

НШШГГ хууль бус үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргахад НШШГГ 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4/26 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан хариуг ирүүлээд байна.

Иймд НШШГГ 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, НШШГГ 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох дээр дурьдсан хөрөнгүүдэд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Хонг Конгийн Олон улсын Арбитрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/A15107 дугаар шийдвэрээр Б.И ХХК-ийн захирал Жаргалсайханаас 2.500.000 ам долларыг гаргуулж Гоби консолидетед ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Б.Жд 2017 онд 184/04, 03, 02, 2019 онд 157/01, 2020 оны 17280268/02, 17280268/04 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй, мөн төлбөр төлөгч Б.Жы өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулахад эд хөрөнгө илрээгүй, арилжааны банкуудад дансны суутгал хийх гэхэд үлдэгдэлгүй байсан тул төлбөрийн барьцаа хөрөнгө болох Б.И ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17280268/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 17280268/03, 17280268/05 дугаартай хураах тогтоолоор тус тус хураасан. Нэхэмжлэгчийн гомдоод байгаа тогтоол нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн байхад тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу 14 хоногт яагаад гомдол гаргаагүй, энэ тухай маргаагүй байдаг.

Эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан. Зээл авахдаа тухайн эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байдаг. Энэ гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг тодруулаад Консолидетед ХХК болон иргэн Б.Ж нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд барьцааны бүртгэлтэй байна гэсэн байгаа юм. Төлбөр төлөгч Баз интернейшнл ХХК-ийн захирал Б.Ж нь уг барьцаа хөрөнгийн 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу энэ хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй субъект байгаа юм. Битүүмжилсэн шийдвэрт хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн хугацаанд буюу 7 хоногийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.-т заасны дагуу гомдолоо гаргаагүй байдаг. Иймд Иргэний хэрэнг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлбөр авагчийн эрхийг залгамжлан авсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч буюу тал болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Арбитрын шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа юмаа. Би Б.Жыг миний өөрийн ах учраас дэмжиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас тодорхой хэмжээгээр чөлөөлж хүсэлт гаргаж өгсөн. Төлбөр төлөгч Б.Жд өмч хөрөнгө байхгүй бөгөөд Б.И ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч нь тул төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшилд байгаа барьцаа хөрөнгө дээр ажиллагаа хийгдсэн нь хууль зөрчөөгүй. Тэгээд ч анх зээл авахдаа барьцаанд тавьсан хөрөнгө дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх барьцаалах заалттай. 49.3-т хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагаанд хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах хөрөнгийн дараалал харгалзахгүй гэж заасан. Битүүмжлэх зорилго нь 49.4-т заасны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах эсхүл эд хөрөнгийн хамгаалах гэж байгаа. Тэгэхээр гэрээнд барьцаа хөрөнгийг суллахдаа төлбөр төлөгдсөнөөр, төлөгдөхгүй бол барьцааныхаа дарааллаар барьцаагаар хангуулна гэсэн заалт байгаад байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд битүүмжилж хураан авч, төлбөр авагчид хөрөнгөө шилжүүлж дуудлага худалдаа явуулна гээд заасан байхад төлбөр төлөгч Гүйцэтгэх хуудас дээр барьцаа хөрөнгөөр хангуулна гээгүй юм чинь үүнийг хийх боломжгүй гээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ хөрөнгө чинь Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө юм.

Иймээс л барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гээд байна. Үүнийгээ төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөөд хөрөнгийн үнэлгээ хийгээд барьцаалсан. Манайд шаардах эрх шилжихэд ийм үнэлгээгээр үнэлж байна гээд үнэлгээгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд яваад байсан. Зээл авахдаа миний барьцаа хөрөнгө юм гээд хүлээн зөвшөөрөөд, мөнгөө төлөх болохоор гуравдагч этгээд болчихно гэж байхгүй. Тэгэхээр Б.И ХХК гуравдагч этгээд биш ба төлбөр төлөгч Б.Ж юм. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөрийн барьцаа хөрөнгөнд хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.1., /2017 оны/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.5.-д заасныг тус тус баримтлан 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох, дээр дурдсан хөрөнгүүдэд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай Б.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Хонг конгийн Олон Улсын Арбитраас хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Зээлдэгч Б.Жыг зөвхөн мөнгөн хөрөнгөөр зээлийн төлбөрөө төлж барагдуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл гэрээнд заасан хувь хэмжээгээр хүү алданги бодогдохоор тусгасан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэг ч заалт Хонг Конгийн Олон Улсын Арбитрийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн НК1АС/15Ю7 дугаартай Арбитрийн шийдвэрт тусгагдаагүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ арбитрийн шийдвэрт зөвхөн мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулахаар тусгасан байхад гуравдагч этгээд болох Б.И ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх эрх хэмжээнд хууль зүйн үндэслэлтэй үнэлэлт, тайлбар өгөгдөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Зээлийн гэрээ иргэн Б.Ж болон Гобисолидетед ХХК нарын хооронд байгуулагдсан ба энэхүү зээлийн гэрээтэй холбоотой маргааныг Хонг Конгийн Олон Улсын Арбитраар хэлэлцээд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг иргэн Б.Жд даалгаж шийдвэрлэжээ. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. Тус заалтын дагуу Б.И ХХК нь хувьцаа эзэмшигч Б.Жы зээлийн төлбөрөө төлөх үүргийг хүлээхгүй байхаар хуульчлагдсан байна.

Гэтэл НШШГГ гуравдагч этгээд болох Б.И ХХК-ийн эд хөрөнгүүдийг битүүмжлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллаж байгаа нь компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан зөрчиж үйлдэл гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.И ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

 

Хэрэгт хуулийн хүчин төгөлдөр Хонг Конгийн Олон Улсын Арбитрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/A15107 дугаартай шийдвэр авагдсан байна. Уг шийдвэрээр Б.Жаас зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулж Гоби консолидетед ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /1хх-70-104/

 

Уг шийдвэрийг Б.Ж сайн дураар биелүүлээгүйн улмаас НШШГГ нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШЗ2016/19481 дугаартай Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж, мөн өдрийн 2121 гүйцэтгэх хуудас баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасныг зөрчжээ. /1хх-65-69/

 

Тодруулбал, хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хуулийн хүчин төгөлдөр Арбитрын шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 141-146, 167, 237-238, 2 дугаар хавтасны 8-9 талд буй бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Төлбөр төлөгч Б.Ж нь төлбөр авагч Гоби консолидетед ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2 500 000 ам.долларын үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.И ХХК нь Гоби консолидетед ХХК-тай мөн өдөр Үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ байгуулжээ. /1хх-115-139/

 

Гэрээгээр Б.И ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203017826 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, 544 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн 1458 м.кв талбай газрын эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах 5500 м.кв талбай газрын эзэмших эрхийг тус тус барьцаалсан байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заажээ.

 

Үүрэг гүйцэтгүүлэгч Гоби консолидетед ХХК нь Хонг Конгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандаж, ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргаагүй, харин үүрэг гүйцэтгэгч Б.Жаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргасан, шүүх энэ нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул Арбитрын шүүхийн шийдвэрт заагаагүй хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хариуцагч байгууллагад хуулиар олгоогүй.

 

Анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж, Иргэний хуулийн 174 дугаар зүйлийн 174.1 дэх хэсгийн заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 17280268/01 дугаартай тогтоол, мөн сарын 21-ний өдрийн 17280268/03, 17280268/05 дугаар бүхий Эд хөрөнгө хураах тухай тогтоолууд болон 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203017826 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, 544 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн 1458 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороод байрлах 5500 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэрэг эд хөрөнгүүдэд хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/00676 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 17280268/01 дугаартай тогтоол, мөн сарын 21-ний өдрийн 17280268/03, 17280268/05 дугаар бүхий Эд хөрөнгө хураах тухай тогтоолууд болон 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203017826 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, 544 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн 1458 м.кв талбай газрын эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороод байрлах 5500 м.кв талбай газрын эзэмших эрх зэрэг эд хөрөнгүүдэд хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгосугай гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч НШШГГ 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.И ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоусугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД