Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 181/ШЗ2020/02320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Б” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн Ш газарт холбогдох

                                                     

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд, Г.Ганбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Чулуунбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хонконгийн Олон улсын Арбитрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/A15107 дугаар шийдвэрээр иргэн Б.Жаргалсайханаас 2 500 000 ам.долларыг гаргуулан “Гоби Консолидетед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээр дурьдсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад манай байгууллагын хөрөнгүүдийг барьцаа хөрөнгө гэх нэрийдлээр битүүмжлэн хурааж гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчиж эхлээд байна. Үүнд:

1. “Баз интернэйшнл” ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203017826 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн/14240/, Чингисийн өргөн чөлөө-3 тоот хаягт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 544 м.кв үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн Ш газар газрын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор,

2. “Баз интернэйшнл” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалангийн төмөр замын урд байрлах Г-0231241 дугаар бүхий 5 500 м.кв газрын эрхийг Нийслэлийн Ш газар газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус тус захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн битүүмжлээд байна.

Хонконгийн Олон улсын Арбитрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/A15107 дугаар шийдвэр түүнийг баталгаажуулсан Арбитрийн шийдвэрийг баталгаажуулах тухай шүүхийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэгт “Баз интернэйшнл” ХХК-ийн дээр дурьдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэг ч заалт байхгүй, дурьдагдаагүй байсаар атал Ш газар байгууллага нь гуравдагч этгээдийн эрхийг илтэд ноцтой зөрчин дуудлага худалдаанд оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн Ш газар газрын дээр дурьдсан хууль бус үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргахад Нийслэлийн Ш газар газраас 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/26 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан хариуг ирүүлээд байна.

Иймд Нийслэлийн Ш газар газрын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Нийслэлийн Ш газар газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох дээр дурьдсан хөрөнгүүдэд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Баз интернэйшнл” ХХК нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Хонг Конгийн Олон улсын Арбитрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/A15107 дугаар шийдвэрээр Базын Жаргалсайханаас 2 500 000 ам доллар гаргуулж “Гоби консолидетед” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Б.Жаргалсайханд 2017 оны 184/04, 03, 02, 2019 оны 157/01, 2020 оны 17280268/02, 17280268/04 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй, мөн төлбөр төлөгч Б.Жаргалсайханы өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулахад эд хөрөнгө илрээгүй, арилжааны банкуудад дансны суутгал хийхэд үлдэгдэлгүй байсан тул төлбөрийн барьцаа хөрөнгө болох “Баз интернэйшнл” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17280268/01 дугаар битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 17280268/03, 17280268/05 дугаар хураах тогтоолоор тус тус хураасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөрийн барьцаа хөрөнгөнд хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баз интернэйшнл” ХХК нь битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Битүүмжилсэн ажиллагаа Ш газар тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах замаар битүүмжлэх ажиллагаа явагдсан. Ингэхдээ юуг үндэслэж битүүмжлэх ажиллагаа явагдсан бэ гэвэл тухайн эд хөрөнгийн зээл болон барьцааны гэрээ байдаг. Энэ гэрээгээр Улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг тодруулаад Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс албан тоотоор хандахад энэ нь “Консолидетед” ХХК болон иргэн Б.Жаргалсайхан нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний бүртгэлтэй байна гэсэн албан бичиг байгаа. Эдгээрийг үндэслээд төлбөр төлөгч Базын Жаргалсайхан нь “Баз интернэйшнл” ХХК-ийн барьцаа хөрөнгийн 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу энэ хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй субъект байгаа юм. Үүнийг үндэслээд шүүхээс гарах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авах зорилгоор битүүмжлэх ажиллагаа явагдсан байгаа. Битүүмжилсэн шийдвэрт хуульд заасан үндэслэл журмын дагуу Базын Жаргалсайхан битүүмжлэх ажиллагаатай холбогдуулаад ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу хариугаа өгсөн. Хуулийн хугацаанд Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй байгаа нь хуульд заасан процессыг зөрчиж гомдол гаргасан байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.   

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Чулуунбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад зөвшөөрөхгүй байна вэ гэвэл эрх хүлээн авагч нь Арбитрын шийдвэртэй байгаа. Нэхэмжлэл гаргачихаад цаг хугацаа хожоод ирэхгүй байна. Өөрийн ахын хувьд дэмжиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас 90 хувийн чөлөөлж хүсэлт гаргаж өгсөн байж байгаа. Тэр үедээ Бамбаруушаас бусдын чөлөөлж өгнө гэж хүлээн зөвшөөрч байсан. Өнөөдөр хийсэн хэргээ хүлээхгүй асуудлыг хүндрүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гадаадын компаниас зээл авч бүх зүйлээ барьцаанд тавьчихаад бид нарыг энд маргалдуулж явж байгаа нь Б.Жаргалсайханы хувьд их азтай явдал. Гэхдээ хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж гаргасан нэхэмжлэлийн хүлээж авахгүй байна.” гэв. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Чулуунбаатарын өмгөөлөгч О.Сайнгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш газар тухай хуулийн 49 дүгээр зүйлд төлбөр  төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх барьцаалах заалттай. 49.3-т хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагаанд хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах хөрөнгийн дараалал харгалзахгүй гэж заасан. Битүүмжлэх зорилго нь 49.4-т заасны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах эсхүл эд хөрөнгийн хамгаалах гэж байгаа. Тэгэхээр гэрээнд барьцаа хөрөнгийг суллахдаа төлбөр төлөгдсөнөөр, төлөгдөхгүй бол барьцааныхаа дарааллаар барьцаагаар хангуулна гэсэн заалт байгаад байгаа. Тэгэхээр үүнийг шийдвэр гүйцэтгэгч өөрөөр тайлбарлаад байх шиг байна. Нэгэнт хуулиндаа битүүмжилж хураан авч байна гэдэг нь төлбөр авагчид хөрөнгөө шилжүүлж дуудлага худалдаа явуулна гээд байгаа. Гүйцэтгэх хуудас дээр барьцаа хөрөнгөөр хангуулна гээгүй юм чинь үүнийг хийх боломжгүй гээд байх юм. Үгүй, энэ чинь Зээлийн гэрээний барьцаа юм. Ш газар тухай хуулинд төлбөр төлөгчийн өөрийн болон бусдын нэр дээр байгаа өмчлөл хөрөнгөнд авдаггүй. Эд хөрөнгийг эрэн сурвалжилж байгаад төлбөрийг төлүүлдэг. Гэтэл энэ хэрэг угаасаа барьцаа хөрөнгө тодорхой байгаа учраас тэрүүгээр нь бид бүхэн хангуулъя. Ийм шаардлагыг тавиад байгаа. Нэгэнт Зээлийн гэрээний барьцаа шүү дээ. Үүнийгээ төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөөд хөрөнгийн үнэлгээ хийгээд барьцаалсан. Манайд шаардах эрх шилжихэд ийм үнэлгээгээр үнэлж байна гээд үнэлгээгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд яваад байсан. Зээл авахдаа миний барьцаа хөрөнгө юм аа гээд мөнгөө төлөх болохоор гуравдагч этгээд болчихно гэж байхгүй. Тэгэхээр “Баз интернэйшнл” ХХК гуравдагч этгээд биш ба төлбөр төлөгч Б.Жаргалсайхан юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Нийслэлийн Ш газарт холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, дээр дурдсан хөрөнгүүдэд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн Ш газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөрийн барьцаа хөрөнгөнд хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Чулуунбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Арбитрын шийдвэртэй байгаа гэх тайлбар гаргасан.

 

          2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ням-Эрдэнэд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ням-Эрдэнэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ням-Эрдэнийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

          Хонг Конгийн Олон Улсын Арбитрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/А15107 дугаар шийдвэрээр Б.Жаргалсайханаас 2 500 000/хоёр сая таван зуун мянга/ ам.долларыг, хүүнд 497 916.67/дөрвөн зуун ерэн долон мянга есөн зуун арван зургаан америк доллар жаран долоон цент/ ам.долларыг, арбитрын ажиллагааны зардал зэргийг гаргуулан “Гоби консолидетед” ХХК-д олгохоор шийдвэрлэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 19481 дугаар Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж гарч, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2121 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17280268 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/А15107 дугаар шийдвэрийн болон 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 19481 дугаар захирамжийн хуулбар, 2121 дугаар гүйцэтгэх хуудсын болон 17280268 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

          Ш газар тухай хуулийн/2002 он/ 20 дугаар зүйлийн 20.2-т “... шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөхийг шаардах ... орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө.” гэж заасан.

 

          Ш газар тухай хуулийн/2002 он/ 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь төлбөр төлөгч Б.Жаргалсайханд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болон 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл хүргүүлж байсан болох нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/04 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийн болон 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Ш газар тухай хуулийн/2002 он/ 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь төлбөр төлөгч Б.Жаргалсайханд Арбитрын шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нь Хонг Конгийн Олон Улсын Арбитрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн HKIAC/А15107 дугаар шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/04 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийн болон 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар Эд хөрөнгийг битүүмжлсэн тогтоолын хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

          Төлбөр төлөгч Б.Жаргалсайхан нь “Гоби Консолидетед” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ байгуулсан болох нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ” гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дахь хэсэгт зааснаар Б.Жаргалсайхан болон “Гоби Консолидетед” ХХК нар нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны Барьцааны гэрээ байгуулжээ.

 

          Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 1, 3 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Жаргалсайхан нь “Баз интернэйшнл” ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203017826 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн/14240/, Чингисийн өргөн чөлөө-3-т байршилтай үйлчилгээний зориулалттай 544/таван зуун дөчин дөрөв/ м.кв үл хөдлөх хөрөнгийг, “Баз интернэйшнл” ХХК-ийн эзэмших эрхтэй Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, нэгж талбарын 146001/0007 дугаар бүхий 1458/нэг мянга дөрвөн зуун тавин найм/ метр квадрат газрын газар эзэмших эрхийг, “Баз интернэйшнл” ХХК-ийн газар эзэмших эрхтэй Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Амаглангийн төмөр замын урд байрших, нэгж талбарын 3018/0359 дугаар бүхий 5 500/таван мянга таван зуу/ м.кв газрын эзэмших эрхийг барьцаалсан болох нь Барьцааны гэрээний болон 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 000142917 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0232545 дугаар гэрчилгээний болон 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0231241 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нь төлбөр төлөгчөөс барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахыг шаардах эрхтэй байна.

 

          Ш газар тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:”, 34.1.1-т “төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах ... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах ...”, 36 дугаар зүйлийн 36.1-т “Дараахь үндэслэлээр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх буюу барьцаална:”, 36.1.1-т “эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх ... эд хөрөнгийг хамгаалах;” гэж заасан.

 

          Ш газар тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь Барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн/14240/, Чингисийн өргөн чөлөө-3-т байршилтай, үйлчилгээний зориулалттай 544/таван зуун дөчин дөрөв/ м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Амаглангийн төмөр замын урд байрших, нэгж талбарын 3018/0359 дугаар бүхий 5 500/таван мянга таван зуу/ м.кв газрыг хамгаалах зорилгоор битүүмжилсэн болох нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар Эд хөрөнгийг битүүмжлсэн тогтоолын хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

         

          Хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн/14240/, Чингисийн өргөн чөлөө-3-т байршилтай, үйлчилгээний зориулалттай 544/таван зуун дөчин дөрөв/ м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Амаглангийн төмөр замын урд байрших, нэгж талбарын 3018/0359 дугаар бүхий 5 500/таван мянга таван зуу/ м.кв газрыг битүүмжилсэн нь Ш газар тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.1 дэх заалтад нийцэж байх тул 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, дээр дурдсан хөрөнгүүдэд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Ш газар тухай хуулийн/2002 он/ 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, дээр дурдсан хөрөнгүүдэд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Ш газар тухай хуулийн/2002 он/ 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох, дээр дурдсан хөрөнгүүдэд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ