Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00998

 

 

Ц.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/01095 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Дийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00172 дугаартай шийдвэрээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж, 170 дугаар байрны 100 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 54,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ц.Дийн өмч болохыг тогтоосон шийдвэр гарсан.

Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03753 дугаартай шийдвэрээр дээрх 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх газраас хураан авах ажиллагаа хийж хувийн өмчид халдаж байна. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гуравдагч этгээдээр оролцон 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр НШШГГт тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох хүсэлт гаргахад 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр боломжгүй гэсэн хариу өгсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00172 дугаартай шийдвэрийн дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Дийн өмчлөлд шилжүүлсэн гэх баримтгүй байтал уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн тус шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулаад байгааг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эрх, тэгш зарчмын үндсэн дээр явагдахыг зөрчиж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэг л үл хөдлөх хөрөнгийг шийдвэрлэсэн 2 өөр шүүхийн шийдвэрт яагаад 2 өөр харилцан ялгавартай ажиллагаа явагдаж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй байдаг.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 16.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу НШШГГ маргаан бүхий орон сууцтай холбогдуулан хийж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 258 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 830 дугаар тогтоолоор Д.Өаас 74 003 393 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 598 167 төгрөгийг гаргуулж “Э ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

“Э.К ББСБ” ХХК нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14/054 тоот барьцаат зээлийн гэрээг бүртгүүлсэн.

Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Өт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Өийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороо /одоо 25 дугаар хороо/, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийнн гудамж 170 дугаар байрны.... тоотод байрлах, 54,6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны дотор төлөхийг 164/02 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 8/386 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Баян модот” ХХК-аар тогтоолгоход 104 837 000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдсэн. Дээрх шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хураах, үнийн санал өгөхийг нэхэмжлэгч Ц.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Очир нарт мэдэгдсэн, ийнхүү мэдэгдсэний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс энэ ажиллагаанд оролцох хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд хэрэв ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандаж байсан бол үүнтэй холбоотой баримт ч байхгүй, энэ талаарх баримтаа ч шүүхэд ирүүлээгүй. Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр хэнийг тогтоосноос үл хамаарч улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцаалагч тэргүүн ээлжид төлбөрийнхөө шаардлагыг хангуулах эрхтэй. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 14/054 тоот барьцаат зээлийн гэрээ “Э.К ББСБ” ХХК бүртгэгдсэн.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах ажиллагаа хуулийн дагуу гүйцэтгэж байх тул нэхэмжлэгч Ц.Дийн дээрх үл хөдлөх хөрөнгөнд холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Дийн нэхэмжлэлтэй НШШГГт холбогдох маргааны бүхий 2 өрөө орон сууцыг Ц.Дийн өмч болохыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00172 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Д.Ө миний бие нь “Э ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ хийж байгаагүй бөгөөд “Э ББСБ” ХХК-с нэг ч төгрөгийн зээл авч аваагүй юм. Гэвч “Э ББСБ” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг надад хамаатуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 03753 тоот шийдвэрийг хууль бусаар гаргаж намайг хохироосон. Энэ орон сууц бол миний эцэг Ц.Дийн өмч гэдэгтэй маргах зүйлгүй. Барьцааны хөрөнгийг өөр үл хөдлөх эд хөрөнгөөр солих саналыг “Э ББСБ” ХХК-д тавих саналтай байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Дийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03753 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 258 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 830 тоот тогтоолоор Д.Өаас 74 601 560 төгрөгийг гаргуулж “Э ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэн улмаар түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох маргаан бүхий 2 өрөө орон сууцнаас үүргийг гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор эхэлсэн. Гэтэл төлбөр төлөгч Д.Өийн аав Ц.Д нь барьцааны хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00172 тоот шийдвэрээр Ц.Дийг дээрх маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ц.Д, Д.Ө нарын өмчлөлийн маргааныг хянан хэлэлцэж, холбогдох шүүхийн шийдвэр гарч байх тэр үед маргааны үл хөдлөх хөрөнгө нь "Э" ББСБ болон иргэн Д.Ө нарын хооронд байгуулсан зээлийн барьцаанд бүртгэлтэй байсан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Гэвч Ц.Дийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарч байх үед энэ талаар эрх ашиг нь хөндөгдөж буй “Э” ББСБ болон тухайн үл хөдлөх хөрөнгө дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа НШШГГт хэргийн оролцогч нар нь санаатай болон санамсаргүйгээр мэдэгдээгүй байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00172 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг өгсөн боловч тус шүүхийн шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03753 тоот шийдвэрээр 74 601 560 төгрөгийг Д.Өаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн, энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу Д.Ө төлбөр төлөөгүй бөгөөд уг үүргээ биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдсэн байтал барьцаа хөрөнгийг солиулах талаар хүсэлт тавьж байгааг зөвшөөрөхгүй, энэ талаар Д.Ө ямар нэгэн хүсэлт тавьж байгаагүй болно. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн “Э ББСБ” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгч Ц.Д нь 2020 оны 01 сард уг байрны өмчлөгчөөр тогтоолгосон байх тэрээр өөрийн эрхийг өмчлөгч учир зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. Дээрх байдлаас үзэхэд тэрээр өмчлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч болох боломжтой боловч уг ажиллагааг хүчингүй болгохоор шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4-д тус тус заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгөд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.Д нь маргаан бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн өмч болохыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00172 дугаартай шийдвэрээр тогтоолгож, шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр болсны дараа НШШГГ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж дууссан гэж амаар мэдэгдэж хэрхэн шийдвэрлэгдсэн талаар өнөөдрийг хүртэл хариу мэдэгдээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч Ц.Д нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон байна харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дах хэсэгт заасныг үндэслэж гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах зарчмыг баримтлан явуулж байгаа болох нь тогтоогдож байна гэж зөвхөн хариуцагчид ашигтай хууль хэрэглээг үндэслэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэлгүй зөвхөн хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй “Э ББСБ” ХХК болон Д.Өт нарт ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг харгалзан үзэлгүй анхан шатны шүүх НШШГГ дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулан байхгүй болгосны дараа та өмчлөх эрхээ эдлэх боломжтой гэсэн шууд утга бүхий хууль бус шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаартай шийдвэрээр хариуцагч Д.Өаас 74 003 393.04 төгрөгийг гаргуулан “Э ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 164 516 607 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Ө шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Y-2204023535 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъяанжүгийн гудамж-2, 170 дугаар байр, 100 тоот хаягт байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГт даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 258 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2019/00830 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ албадан гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үүсгэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгч Д.Өт мэдэгдсэн боловч төлбөрийг барагдуулаагүй байна. Ийнхүү шийдвэрийг биелүүлээгүй нь барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болдог учир хариуцагч байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзнэ.  /1хх 32, 34-46, 49/

НШШГГ 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, мөн оны 8 дугаар сарын 07-ны өдөр хураах ажиллагаа явуулж, төлбөр төлөгч, авагч нараас орон сууцны үнийг харилцан тохиролцож ирүүлэх талаар мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан тус газрын тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон. Эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. /1хх 50, 53, 56, 58/

НШШГГ төлбөр төлөгч Д.Өт үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн ба тэрээр үл хөдлөх эд хөрөнгийг 180 000 000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “Э.К ББСБ” ХХК зөвшөөрөөгүй тул хариуцагч байгууллагаас 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шинжээч томилох тогтоол гаргаж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргуулах ажиллагаа хийсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцжээ.

Уг ажиллагаануудад төлбөр төлөгч болон төлбөр авагч нар гомдол гаргаагүй, ажиллагаа хүчинтэй хэвээр байна.

Нэхэмжлэгч нь дээрх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй байхад түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж анхан шатны шүүх үзсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

Нэхэмжлэгч Ц.Д “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00172 дугаар шийдвэрээр дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоосон, гэтэл уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эрх зөрчсөн” гэх агуулгаар гомдлын үндэслэлээ тайлбарласан байна.

Хариуцагч байгууллага нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэрэг баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн талаар дээр дүгнэсэн.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3753 дугаартай шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дах хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 Хэрэгт хүчин төгөлдөр болсон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00172 дугаар шийдвэр, уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэрэг баримтууд авагджээ.

Нэхэмжлэгч Ц.Д нь төлбөр авагчийн хувьд уг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзвэл гомдлоо гаргах эрх нь нээлттэй учир “хоёр өөр шүүхийн шийдвэрийг харилцан ялгавартай явуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчим зөрчигдөж байна” гэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.  

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсгийн заалтуудыг баримталсан нь оновчгүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийн заасанд хамаарахаар байна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн              167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/01095 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4-д тус тус” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

 

                               ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

                                                                                      Ч.ЦЭНД