Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00996

 

 

 

Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/00714 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн хариуцагч С.Г ХХК, Э.Г нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2 469 788 216.07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Г ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ3635120450 тоот зээлийн гэрээгээр 1 645 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Э.Гтэй 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу ЗБ3635120450 тоот Ипотекийн гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн Ү-2202026123 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, Чингэлтэй 1 хэсэг гудамж, ....тоот хаягт байршилтай, 395 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2202026229 дугаарт бүртгэгдсэн мөн хаягт хаягт орших, 136 м.кв талбайтай хувийн сууц, ГД-000736572 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, ..... дугаар хороо хаягт орших 689 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын 1501001268, үл хөдлөх хөрөнгийн Ү-2206047486 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, ...дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 106Б байр, зоорийн давхрын ..... тоот хаягт байршилтай 21,55 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206047483 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, ..... дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 106Б байр, зоорийн давхрын ....... тоот хаягт байршилтай 15 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2203030352 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 5-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, 17 дугаартай барилгын 501 тоот хаягт орших 476.7 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан.

С.Г ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗБ3635120450-1 тоот барьцааны гэрээгээр үнэт эдлэлийн үйлдвэрийн 20 нэр төрлийн 25 ширхэг тоног төхөөрөмж, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ЗБ3635120450-2 тоот барьцааны гэрээгээр 460 нэр төрлийн 53 534 ширхэг, чулуун болон металл эдлэлийг барьцаалсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчиж, үндсэн зээлийг 724 хоногоор хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний 4.2, 4.2.1, ,4.2.4-т зааснаар банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2020 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт 1 645 000 000 төгрөг, хүүд 794 316 601.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 30 471 614.71 төгрөг, нийт 2 469 788 216.07 төгрөг нэхэмжилж байна. Батлан даалтын гэрээний 2.2-т заасны дагуу Э.Ган-Эрдэнийг хамтран хариуцагчаар татсан.

Иймд С.Г ХХК, Э.Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 2 469 788 216.07 төгрөгийг гаргуулах, хариуцагч нь уг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Э.Гтэй байгуулсан ипотекийн болон барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Дээрх гэрээнүүдийг байгуулж, 1 645 000 000 төгрөгийг зээлж, зориулалтын дагуу ашигласан ч бизнесийн үйл ажиллагаанд давагдашгүй, тооцоолоогүй эрсдэл тулгарч, төлөвлөсөн хэмжээний ашиг орлого олж чадаагүйн улмаас, зээл, хүүгийн төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй, санхүүгийн хүндрэл үүссэн юм. С.Г ХХК нь зээл авснаас хойш 2018 оны 07 сарын 23-ны өдөр 20 485 700 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн. Түүнээс хойш зээл, хүүгийн төлбөрийг төлж, чадаагүй тул тухай бүрт нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо мэдэгдэж байсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-т зээлдэгч нь Хавсралт №1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ, зээлийн гэрээний 4.2.1-т зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол банк нь өөрийн санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж заасан. Мөн зээлийн гэрээний 4.2.6-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо бичгээр мэдэгдсэн буюу дампуурах хүсэлтээ холбогдох этгээдэд гаргасан бол банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж заасан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж заасны дагуу С.Г ХХК нь Г.Б ХХК-тай байгуулсан 2018 оны 06 сарын 28-ны өдрийн ЗГ3635120450 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үүргээ хэрэгжүүлээгүй. Г.Б ХХК нь 2018 оны 10 сарын 08-ны өдөр 10/1000 дугаартай Зээлийн гэрээ-т төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах захидлыг и-мэйл хаягаар ирүүлсэн атлаа асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэхийн оронд 2018 оны 10 сард С.Г ХХК-ийг хуурамч баримт, материал бүрдүүлсэн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд энэ үйлдлээрээ гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан хэмээн үзэж байна. Банк нь зээлдэгчээ үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулан гомдол гаргасан нь тогтоогдсон бөгөөд хууль хяналтын байгууллага "С.Г" ХХК-ийг хууль зөрчөөгүй болохыг тогтоож гомдлыг хангахгүй орхисон юм. Банк нь 2018 оны 10 сараас 2020 оны 10 сар хүртэл бүтэн 2 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад үндэслэлгүй гомдол гарган, зээлдэгчийн алдар, нэр хүндэд халдсан мөртлөө гомдлыг нь хэрэгсэхгүй болгонгуут 2 жилийн хүү нэмж тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргаж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Өнгөрсөн хугацаанд С.Г ХКК-ийн зүгээс асуудлыг эв зүйгээр шийдэхийг эрмэлзэж удаа дараа биечлэн уулзаж байсан бөгөөд, 2019 оны 04 сарын 29-ний өдөр албан тоот Г.Б ХХК-д хүргүүлж байсан. Г.Б ХХК нь асуудлыг хамтран шийдвэрлэхийг хүсэхгүй байсан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.7-д /энэхүү гэрээтэй холбоотой маргааныг банк болон зээлдүүлэгч аль болох хэлэлцээ хийх замаар харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд хэрэв ийнхүү шийдвэрлэх боломжгүй гэж талуудын аль нэг үзвэл маргааныг харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ/ заасныг үндэслэн иргэний шүүхийн журмаар зээлийн гэрээг цуцлуулахаар анхан шатны шүүхэд 7 удаа хандсан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй юм. Г.Б ХХК болон С.Г ХХК нь асуудлыг шийдвэрлүүлэхээр эрүүгийн болон иргэний журмаар 2018 оны 10 сараас эхлэн хөөцөлдөж байснаас харахад С.Г ХХК болон Г.Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 06 сарын 28-ны өдрийн ЗГ3635120450 тоот зээлийн, БГ3635120450-2 тоот барьцааны гэрээ нь банкны зүгээс Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хандсанаар хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн 2018 оны 12 сарын 27-ны өдөр цуцлагдсан. Зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 12 сарын 27-ны өдрийн байдлаар 20 485 700 төгрөг төлсөн ба үндсэн зээлийн үлдэгдэл 1 645 000 000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 155 714 081 төгрөг, нийт 1 800 714 081 төгрөг болж байна. Үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 669 074 135 төгрөгийн шаардлагыг болон Э.Г батлан даасан тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Г ХХК, Э.Г нараас 1 800 714 081 төгрөгийг гаргуулж Г.Б ХХК-д олгож, 669 074 135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.Г ХХК, Э.Г нар зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцааны хөрөнгө болох Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн Ү-2202026123 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, Чингэлтэй 1-р хэсэг гудамж, 112/1 тоот хаягт орших, 395 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2202026229 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, Чингэлтэй 1-р хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 136 м.кв талбайтай хувийн сууц, ГД-000736572 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 17-р хороо хаягт орших 689.0 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Нэгж талбарын дугаар: 1501001268, үл хөдлөх хөрөнгийн Ү-2206047486 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэрийн гудамж, 106Б байр, зоорийн давхрын 71-1 тоот хаягт байршилтай 21,55 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206047483 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлдвэрийн гудамж, 106Б байр, зоорийн давхрын 72-1 тоот хаягт байршилтай 15 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2203030352 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 5-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, 17 дугаартай барилгын 501 тоот хаягт орших 476.7 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ЗБ3635120450-1 тоот Барьцааны гэрээ-нд заасан 812,000,000 төгрөгийн үнэ бүхий AP 40 155 маркийн өнгөлгөөний машин 1 ширхэг, VGT-2013QT маркийн чичиргээний ультра машин том 1 ширхэг, СР60037 маркийн чичиргээний ультра машин жижиг 2 ширхэг, GD-6025Q маркийн супер талст машин 1 ширхэг, АР40174В маркийн ган зүүн өнгөлгөөний машин том 2 ширхэг, CD60025 маркийн уураар угаагч машин 2 ширхэг, VC100034 маркийн ээмэг бөгжний цутгуурын машин 1 ширхэг, VC100026 маркийн вакум шохойжуулагч машин 1 ширхэг, VC100047 маркийн индукц зуух /метал хайлагч/ 3кг 1 ширхэг, CD60032 маркийн бүрмэлийн машин том 2 ширхэг, FR50038 маркийн элдэгч машин жижиг 1 ширхэг, VC10004 маркийн хэв /резин/ чанагч том машин 1 ширхэг, VC100003А маркийн хэв /резин/ чанагч дунд машин 1 ширхэг, MC80059A маркийн Magic 7 CNC сийлбэрийн машин 1 ширхэг, MC80059 маркийн CNC сийлбэрийн машин 1 ширхэг, LY DLP-01 маркийн 3D загвар гаргагч машин 1 ширхэг, TND-1500VA маркийн лазер сийлбэрийн машин 1 ширхэг, AP40165 маркийн чулууны талстжуулагч 1 ширхэг, NC70009A маркийн лазер гагнуурын аппарат 2 ширхэг, ST-20A маркийн чулуун нүхлэгч 1 ширхэг /ХХ 16/ хөрөнгүүд, ЗБ3635120450-2 тоот Барьцааны гэрээ-нд заасан 715,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг /ХХ20-23/ албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 12 506 891.08 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 9 161 520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 669 074 135 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх 2018 оны 12 сарын 27-ны өдрийн Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж, 2020 оны 09 сарын 25- ны өдрийн Прокурорын тогтоолоор хэргийг хаасан байх ба энэ нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг дээрх хугацаанд биелүүлэх боломжгүй болгосон гэж үзэх үндэслэлтэй, гэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно. Прокурорын хэрэг бүртгэлийн хэрэг нээж, хаасан тогтоол нь зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргийн биелэлтийг зогсоох хуулийн үндэслэл болохгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нь эрүүгийн хэрэг биш бөгөөд зөвхөн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг шалгах ажиллагаа юм. Иймд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учруулах үндэслэл болохгүй. Зээлдэгч нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэх шалтагаар зээлээ төлөхөөс зайлсхийж байгаа бөгөөд бодит байдал дээр зээлийн хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн саад учраагүй болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн зээлийн гэрээний 2.5-т заасны дагуу эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарът өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-т заасан үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон болно. Шүүхээс гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү бодох үндэслэлгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 669 074 135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2 469 788 216.07 төгрөгийг Г.Б ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ган-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь зээлийн төлбөрийг С.Г ХХК болон иргэн Э.Г нараар хамтран төлүүлэх үндэслэлтэй хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь С.Г ХХК нь Г.Б ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЗГ3635120450 тоот зээлийн, БГ3635120450-2 тоот барьцааны гэрээ тус тус байгуулж тус зээлийг хуулийн этгээдийн хувиар авсан бөгөөд Э.Г нь тухайн хуулийн этгээдийн захирлын хувиар гэрээнд гарын үсэг зурсан. Мөн Монгол банк дахь зээлийн мэдээллийн санд дээрх зээл нь "С.Г" ХХК-ийн нэрээр бүртгэлтэй байдаг бөгөөд иргэн Э.Ган-Эрдэнийн нэр дээр Г.Б ХХК-аас 1 650 000 000 төгрөгийн зээл авсан тухай бүртгэл байхгүй, байх ч үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх С.Г ХХК шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн тохиолдолд иргэн Э.Ган-Эрдэнийн нэр бүхий барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн атлаа түүнийг хариуцагчаар давхар тогтоосон нь шударга бус байна.Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалттай /барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай/ хариуцагч нар маргахгүй бөгөөд иргэн Э.Ган-Эрдэнийг төлбөр төлөгчөөр давхар тогтоосон нь үндэслэлгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.Г ХХК болон Э.Г нараас төлбөрийг гаргуулахаар заасан боловч хариуцагч тус бүрээс яг хэдэн төгрөг гаргуулах талаар нарийвчлан тусгаагүй /нэхэмжлэгч Г.Б ХХК-иас шүүх хуралдааны явцад энэ талаар шүүгч тодруулж асуухад тодорхой хариулт өгөөгүй нь хурлын тэмдэглэл дээр байгаа болно/ нь шүүхийн гүйцэтгэх хуудас нь тодорхой бичигдэхэд хүндрэлтэй бөгөөд үүнээс улбаалж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын С.Г ХХК болон иргэн Э.Г нараас..." гэснийг С.Г ХХК-аас гэж, 2 дахь заалтын С.Г ХХК болон иргэн Э.Г нар..." гэснийг С.Г ХХК ..." хэмээн өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрээс Э.Ган-Эрдэнийг хариуцагчаар тогтоосон хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч С.Г ХХК, Э.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 469 788 216.07 төгрөг гаргуулах, төлбөр төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ. /хх-1-3/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Гэс батлан даалтын гэрээний үүрэгт 2 469 788 216.07 төгрөг гаргуулахаар дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. /хх-75-76/

 

Хариуцагч С.Г ХХК нь нэхэмжлэлээс 1 800 714 081 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, маргажээ. /хх-44-45/ Хариуцагч Э.Ган-Эрдэнийн хувьд батлан даалтын гэрээтэй холбоотой шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна. /хх-100-101/

 

Зээлийн гэрээний үүргийн тухайд:

Хэрэгт авагдсан ЗГ3635120450 дугаартай зээлийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэг талаас зээлдүүлэгч Г.Б ХХК, нөгөө талаас зээлдэгч С.Г ХХК харилцан тохиролцсоноор байгуулж, зээлдүүлэгч нь 1 645 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг тохирсон хугацаанд буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцон төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-11-13/

 

Дээрх гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгч хүлээн авсан үйл баримтын талаар маргаангүй тул Г.Б ХХК, С.Г ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч С.Г ХХК 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээлийн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн болохоо зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан, харин нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардаж буй хэсгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, мэтгэлцжээ.

 

Зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, мөн зээлдэгч гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо бичгээр мэдэгдсэн тохиолдолд зээлдүүлэгч банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан шаардах эрхтэй байхаар зээлийн гэрээний 4.2.1, 4.2.6 талууд тохиролцжээ.

 

Хариуцагч С.Г ХХК 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 04/30 тоот албан бичгээр 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийн хуваарь ёсоор биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагааны эрсдэл үүссэний улмаас зээл төлөх боломжгүй болсон талаар мэдэгдэж, гэрээнээс татгалзан зээлийн хүүг зогсоож, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 475,7 м.кв талбай бүхий оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөл, ашиглалтад үл маргах журмаар шилжүүлэн зээлийн үүргийг дуусгавар болгох, нэхэмжлэгчийг гэрээнд заасны дагуу шүүхэд хандах саналыг хүргүүлсэн байна. /хх-62/

Нэхэмжлэгч Г.Б уг саналд хариу өгсөн гэх боловч хэрэгт нотолсон баримт авагдаагүй байна. Иймд зээлийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр цуцлагдсанд тооцон энэ өдрийг хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч С.Г ХХК-аас гаргуулах нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцнэ.

 

Анхан шатны шүүх, хэргийн 90-93 дах талд буй Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн албан бичиг, мөн дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2669 дүгээр тогтоол зэрэг бичгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг 2018 оны 10 дугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж хариуцагчийг шалгуулсан нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон гэж дүгнэн, эрүүгийн хэрэг бүртгэл нээсэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх зээлийн үүргийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад хандсан нь зээлийн гэрээг цуцалсан эсхүл татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлд хамаарахгүйгээс гадна нэхэмжлэгчийн уг үйлдлээр хариуцагч үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй байна.

 

Мөн банк эрх бүхий этгээд, иргэн хоёрын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасанд нийцэхгүй.

 

Зээлийн гэрээний 2.5-д Зээлдэгч гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаан нийцлүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгээр тогтоосон үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчөөгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

Зээлийн үүргийг тооцвол үндсэн зээлийн төлбөр 1 645 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны хүүд 275 656 932 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 55 131 386 төгрөг, нийт 1 975 788 318 төгрөг болж байх ба уг мөнгийг хариуцагч С.Г ХХК төлөх үүрэг хүлээнэ.

 

Харин хариуцагч Э.Ган-Эрдэнийн хувьд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч биш байхад шүүх зээлийн гэрээний оролцогч талуудын эрх зүйн байдлыг буруу тодорхойлж түүнээс зээлийн үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн заасантай нийцэхгүй байна. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон хариуцагч Э.Ган-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Г.Б ХХК нь С.Г ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тус компанитай БГ3635120450-1, БГ3635120450-2 дугаартай Барьцааны гэрээ-г тус тус байгуулж барьцааны зүйлд марк дугаар бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа материал зэрэг хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Мөн өдрөө Э.Гтэй ЗБ3635120450 дугаартай Ипотекийн гэрээ гэх гэрээ байгуулж, түүний өмчлөлийн 6 үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-12-15/ Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул гэрээний талуудын хэн аль нь нөгөө талаасаа үүрэг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээнүүд, талуудын маргаангүй тайлбарыг үндэслэн хариуцагч С.Г ХХК, Э.Г нарын үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримталсан нь зөв байна. Харин хөдлөх эд хөрөнгийг худалдах нарийвчилсан зохицуулалт болох 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Батлан даалтын гэрээний үүргийг хангуулах тухайд:

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Э.Гд холбогдуулан батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 469 788 216 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Талууд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр БГД3635120450 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, гэрээгээр Э.Г нь Г.Б ХХК, С.Г ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийг 1 645 000 000 төгрөгийн зээл, үүн дээр нэмж зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүгийн төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн хөрөнгө, данс дах мөнгөн хөрөнгөөр хариуцах үүргийг хүлээжээ. /хх-69/

 

Энэ гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул тэдгээрийн хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь мөн хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийн заасантай нийцнэ. Иймээс Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч С.Г ХХК үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг батлан даагч Э.Г нь өмнөөс нь бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлага хүлээнэ.

 

Хариуцагч С.Г ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй талаар дээр дүгнэсэн учир нэхэмжлэгч Г.Б ХХК-аас хариуцагч Э.Гэс батлан даалтын гэрээний үүргийг шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй байна. Гэхдээ хариуцагч С.Г ХХК нь шүүхээс тогтоосон зээлийн үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулсны дараа үлдэх үүргийг батлан даагч буюу хариуцагч Э.Гэс гаргуулах нь уг харилцааг зохицуулсан хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/00714 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Г ХХК-аас 1 975 788 318 төгрөгийг гаргуулж Г.Б ХХК-д олгож, 493 999 898 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтаас Э.Г нар гэснийг хасч, тогтоох хэсгийн 3, 4 гэсэн дугаарыг 4, 5 гэж өөрчлөн дугаарлаж, 3-т Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт зааснаар С.Г ХХК төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, барьцаа хөрөнгүүд нь зээлийн өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр гүйцэтгээгүй үлдэх үүргийг хариуцагч Э.Гэс гаргуулсугай гэсэн нэмэлт өөрчлөлт, 4 дэх заалтын 9,161,520 гэснийг 10 107 091 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 3 503 320 төгрөгийг, хариуцагч талаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД