Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01027

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01027

 

 

“Х.З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/00677 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х.З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М.Э.К” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөр болон чанарын баталгааны 5 хувь  395 833 ам.доллар буюу 1 103 950 528 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайн хайгуулын болон ашиглалтын лицензийг 2007 оноос эхлэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “М.Э.К” ХХК эзэмшдэг бөгөөд Хөшөөтийн уурхайгаас Ярантын хилийн боомт хүртэл 100-120 тонны даацтай нүүрс тээвэрлэх зориулалт бүхий хатуу хучилттай шинэ замыг өөрийн хөрөнгөөр барихаар 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газартай Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан. 

Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээгээр ерөнхий гүйцэтгэгч “М.Э.К” ХХК Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт хүртэл 307 орчим км, Хөшөөтийн уурхайгаас Аптай-Ховд чиглэлийн 30 км, нийт 337 км зам барих ажлыг 2 жилийн хугацаанд хийж, гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасны дагуу “Х.З” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан. “Х.З” ХХК нь Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн Олон булаг чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эхэлж 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эхэлж 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, Ховд аймгийн Алтай сумын Бага улаан амны зам засварын ажлыг 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлж 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.  Улсын комисс Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайгаас Ярант боомт чиглэлийн хатуу хучилттай 305 км авто замын барилга байгууламж, холбогдох акт, баримтуудыг шалгаад 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 03/114/2011 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт" үйлдэж, ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн.

Туслан гүйцэтгэгч “Х.З” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн замын барилгын ажлын гүйцэтгэл нийт 8 249 904 ам.доллар болсон.  “М.Э.К” ХХК туслан гүйцэтгэгч “Х.З” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлсний 95 хувь болох 7 854 071 ам.долларыг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр бүрэн төлж барагдуулсан. Харин “Х.З” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлснөөс 395 833 ам.долларыг чанарын баталгааны 5 хувиар бодож суутгаж авсан. Авто замын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар “Х.З” ХХК-иас хийж гүйцэтгэсэн замын ажлын чанарыг хариуцах, барилгын ажлын технологийн алдаанаас үүдэн гарсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлахаар тогтоосон 3 жилийн хугацаа 2014 оны 12 дугаар зарын 23-ны өдөр дууссан. Гэтэл “М.Э.К” ХХК нь “Х.З” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлснөөс чанарын баталгааны 5 хувиар бодож суутгаж авсан 395 833 ам.долларыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан тул 395 833 ам.доллар буюу 1 103 950 528 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "М.Э.К” ХХК болон “Х.З” ХХК-ийн хооронд амаар болон бичгээр зам барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Манай компани Ховд аймгийн Дарви суманд байрлах Хөшөөтийн уурхайн амнаас Ховд аймгийн Булган боомт хүртэл 311.2 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг барьж байгуулан 2011 оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус замыг барьж байгуулахаар зөвхөн БНХАУ-ын хоёр компанитай гэрээ байгуулан. “М.Э.К” ХХК нь БНХАУ-ын хоёр компанитай зам бариулах гэрээ байгуулсан бөгөөд тухайн Хятад улсын компаниуд нь Монгол улсад ирээд 20 орчим зам барих тусгай зөвшөөрөлтэй Монгол улсад бүртгэгдсэн компаниудтай гэрээ байгуулсэн. Гүйцэтгэгч нар нь ажлаа бүрэн хийж хүлээлгэн өгсөн тул манай компани төлбөрөө барагдуулсан. 

Харин “Х.З” ХХК болон “Э.Э.А.А.Ж” ХХК-иудын хооронд зам барилгын нийт 3 гэрээ байгуулагдсан. 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Э.Э.А.А.Ж” ХХК болон “Х.З” ХХК-ийн хооронд 30 км авто зам барих барилгын ажлын гэрээ байгуулагдаж, нийт үнийн дүн 6 750 000 ам доллар. Уг зам нь Хөшөөтийн уурхайгаас эхлэх буюу тэг цэгээс 30 км зам юм. “Х.З” ХХК нь гэрээний төлбөр гэж 6 748 565.60 ам доллар хүлээн авсан байна. 2009 он 06 дугаар сарын 30-ний өдөр “Э.Э.А.А.Ж” ХХК болон “Х.З” ХХК-ийн хооронд 30 км авто зам барих барилгын ажлын гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл өмнө барьсан 30 км замаасаа үргэлжлүүлж барих гэрээ хийсэн байна. Гэрээний үнийн дүн 4 092 000 ам доллар.  Гүйцэтгэгч нь 31 км замын зөвхөн шороо далангийн ажил хийсэн тул гэрээнд заасан 4 092 000 ам доллар биш 1 168 101.12 ам долларыг хүлээн авсан байдаг. 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Улаан амын замын засварын ажлын гэрээг “Э.Э.А.А.Ж” ХХК болон “Х.З” ХХК-ийн хооронд байгуулсан байдаг. Гэрээний дүн нь 372 037.68 ам доллар. Үүнээс гүйцэтгэгч нь 333 237.68 долларыг авсан байдаг. Нэхэмжлэгчээс 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албан бичиг ирүүлэхдээ “Э.Э.А.А.Ж” ХХК болон “Х.З” ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт баримтыг ирүүлсэн байдаг. Уг актад энэ талаар тодорхой бичээд 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар захиалагч нь гүйцэтгэгчид 829 040.69 ам долларын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтэнд ноогдох өглөгтэй болохыг хоёр тал баталгаажуулсан байна.

Ингээд замын ажил дуусч улсын комиссын ажиллах болоход ганц “Х.З” ХХК биш хэд хэдэн туслан гүйцэтгэгч замын компанид манай компанид хандан шаардлага тавьсны дагуу манай компани өөрийн гүйцэтгэгч Хятад компанид хандахад “Монгол улсад ямар нэг компани, салбар байхгүй тул та бүгд бидний өмнөөс тухайн Монгол компаниудад холбогдох төлбөрийг төлж манай гэрээнээс суутган шийдвэрлэж болно” гэсэн хариу өгсөн. 2011 оны 10 сарын 03-ны өдөр “М.Э.К” ХХК-аас өөрийн гүйцэтгэгч компанид хандан албан бичиг явуулсан, манай гүйцэтгэгч болох англи нэрээр Airport Northeast Construction Burea бид товчилж САС гэж нэрлэж байсан нь хоёр компанийн хооронд 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний 2.1. 2.2-т заасны дагуу 829 040.69 ам долларыг шилжүүлж өгөхийг баталгаажуулж хариу өгсөн тул “М.Э.К” ХХК нь уг төлбөрийг САС компанийн нэрийн өмнөөс гэж хоёр удаагийн гүйлгээ хийж уг төлбөрийг барагдуулсан. Энэ үйл ажиллагаа нь 311 км замыг хурдан улсын комисст хүлээн авах, комисс ажиллахад ямар нэг саад учруулж хойшлуулахгүй байхад чиглэсэн ба зөвхөн өөрийн гэрээ байгуулсан гүйцэтгэгч Хятад компанийн зөвшөөрлийн дагуу хийгдсэн гүйлгээ Эдгээр баримтуудаас үзвэл “Э.Э.А.А.Ж” ХХК болон “Х.З” ХХК-ийн хооронд удаа дараа буюу нийт 3 гэрээ байгуулагдаж эрх зүйн харилцаа бодитоор үүсч төлбөр төлөгдсөн болох нь хэргийн материалд авагдсан гэрээнүүд, банкны баримтуудаар хангалттай нотлогдож байна.

            Хэрэв ямар нэг төлбөрийн маргаан байгаа бол нэхэмжлэгч тал нь Монгол улсад бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн гэрээ байгуулан ажилласан “Э.Э.А.А.Ж” ХХК-аас төлбөрөө нэхэмжлэх нь зүйтэй. “М.Э.К” ХХК нь “Эм Эн Ар Жи” ХХК болон “Х.З” ХХК-тай ямар ч гэрээ байгуулаагүй. Иймд “М.Э.К” ХХК-тай холбоотой асуудал биш учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М.Э.К” ХХК-аас 395 833 ам доллар буюу 1 103 950 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х.З” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “М.Э.К” ХХК-иас 5 677 703 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х.З” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 677 703 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  Шүүхийн шийдвэр иргэний болоод өөр ямар нэг эрх зүйн харилцаанд огт ороогүй, хамааралгүй хоёр компанийн хороонд эрх зүйн харилцаа үүссэн мэтээр дүгнэж, илтэд хууль зөрчиж шүүхийн шийдвэр гаргасныг зөвшөөрөх боломжгүй байна. Талуудын хооронд амаар болон бичгээр зам барилгын ажил гүйцэтгэх ямар нэг гэрээ байгуулагдаагүй болно.  Шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудаст 2009 оны 05 сарын 01-ний өдөр Авто замын газартай байгуулсан гэрээний талаар дурьдаад Дээрхи гэрээнүүдээс дүгнэхэд М.Э.К ХХК нь “Зам барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ерөнхий гүйцэтгэгч болсоны үндсэн дээр нэхэмжлэгч Х.З ХХК-тай болон өөр бусад хуулийн этгээдээр замын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болсон гэж дүгнэжээ. Тухайн үед үйлчилж байсан Авто замын тухай хуулиар Авто замын газар нь Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрлийг олгож байсны хувьд уг гэрээний заалтууд талуудын эрх, үүргийг уншиж танилцвал гэрээний үнийн дүн байхгүй, Захиалагч буюу Хөрөнгө оруулагч нь авто замыг барихдаа Монгол улсын стандарт, дүрэм, журмыг баримтлана, харин Авто замын газар нь дараахь байдлаар зам барих явцад хяналт тавьж ажиллана гэдгийг зохицуулсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуульд заасан Ажил гүйцэтгэх гэрээ биш юм. Тийм учраас М.Э.К ХХК нь ерөнхий гүйцэтгэгч болохгүй бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ.

Мөн шийдвэрийн 8 дугаар хуудаст Ерөнхий гүйцэтгэгч М.Э.К ХХК нь туслан гүйцэтгэгч Х.З ХХК-ний хийж гүйцэтгэсэн ажлсын хөлсний 95 хувь болох 7 854  071 ам долларыг төлж барагдуулсан, чанарын баталгааны 5 хувиар бодож суутган авсан болох нь тогтоогдсон” гэжээ. Хэргийн материалд дээр дурьдсаныг нотлох нэг ширхэг ч баримт байхгүй бөгөөд харин эсрэгээрээ Х.З ХХК болон Э.Э.А.А.Ж ХХК (англи нэр нь МNRG LLC) компаниудын хооронд зам барилгын нийт 3 гэрээ байгуулагдаж, 2011 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус хоёр компанийн тооцоо нийлсэн актаар Х.З нь 2008-2011 оны хооронд Э.Э.А.А.Ж ХХК-аас нийт 7 854 071.00 ам.долларыг авсан болох нь акт болон Хаан банкнаас ирүүлсэн баримтуудаар бүрэн нотлогддог. М.Э.К ХХК нь Х.З ХХК-тай огт эрх зүйн харилцаанд ороогүй, тийм баримт байхгүй гэж мэдүүлж ирсээр байтал шүүхийн шийдвэрт “Хариуцагч нь ажлын хөлсний 7 854 071 ам долларыг төлөгдсөн эсэх талаар маргаагүй” гэж юуг үндэслэн дүгнэсэн нь ойлгомжгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э.К ХХК-тай зам барих ямар нэг гэрээ байгуулаагүй, манайхаас бодитоор 5 хувь буюу 395,883 ам долларыг суутгаж аваагүй гэж мэдүүлснээс гадна тийм баримт хэргийн материалд огт байхгүй болно Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хаанаас, ямар эх сурвалжаас авсан нь тодорхойгүйгээс гадна нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд ирүүлсэн байдаг. М.Э.К ХХК нь “Х.З ХХК-тай амаар болон бичгээр ямар ч гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулаагүй учир гэрээний төлбөр гэж төлж байгаагүй, тус компаниас ямар нэг ажлын гүйцэтгэл хүлээж аваагүй болно. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Э.Э.А.А.Ж" ХХК-аас Иргэний хууль, гэрээний дагуу хэрэв мөнгө авах ёстой бол нэхэмжлэх эрх нь нээлттэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: 1. Хариуцагч талаас 5 төрлийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлт шүүхэд гаргасан шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ийн өдрийн 181/Ш32020/08865 тоот захирамжаар шийдвэрлэсэн. Дээрх баримтууд нь хариуцагч талын татгалзлын гол үндэслэл болсон нотлох баримтууд боловч шүүгч гаргасан захирамжийнхаа биелэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 25.2.4, 38.3, 46.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтуудыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

2. Захирамж хүчингүй болгуулах хүсэлтийг ИХШХШТ хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар захирамж гарган шийдвэрлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй. Хариуцагч талын хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6694 тоот захирамжийн биелэлт хангагдаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн байх тул 2020 оны 5 дугаар сарын 29-ийн өдрийн 502 тоот Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан. Шүүгчийн хувьд дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон талаараа амаар мэдэгдсэн боловч албан ёсоор захирамж гарган шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1, 123. 124. 170, 171-р зүйлд заасан зохицуулалтуудыг зөрчсөн.

3. Х.З ХХК нь 395 833 ам доллар гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Гэхдээ энэ нь М.Э.К ХХК-тай байгуулсан ямар нэг гэрээ, өглөг, авлагаас үүссэн үнийн дүн биш гэдэг нь тогтоогддог.Х.З ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 395 833 ам доллар нь захиалагч Э.Э.А.А.Ж ХХК болон гүйцэтгэгч Х.З ХХК-ийн хооронд 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн "Тооцоо нийлсэн акт”-д баталгаажуулсан үнийн дүн болох нь хэрэгт цугларсан тухайн нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч ямар учраас Э.Э.А.А.Ж ХХК-тай тооцоо нийлсэн актын үнийн дүнг нэхэмжлэлийн шаардлага болгон М.Э.К ХХК-иас нэхэмжилж байгааг тооцоо нийлсэн актын дагуу тогтоогдсон төлбөрөө Э.Э.А.А.Ж ХХК-иас авсан эсэх нөхцөл байдлууд тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Х.З ХХК-иас нэхэмжлэлдээ нотлох баримтаар хавсарган өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 19-ийн өдрийн 201/25 тоот албан бичигт чанарын баталгаанд зориулан барьцаалуулсан гэх үлдэгдэл төлбөрийнхөө хэмжээг 311 484.57 ам доллар болохыг тодорхойлсон байдаг. Нэхэмжлэлийн шаардлага болох 395 833 ам доллар болон энэ авлагынхаа хэмжээг 311 484.57 ам доллар гэж тодорхойлсон.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн үнийн дүнгээр, түүнийг шалган тогтоох ажиллагаа гүйцэтгэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

4. Х.З ХХК нь Э.Э.А.А.Ж ХХК-тай авто замын ажил гүйцэтгэхээр 3 төрлийн гэрээ байгуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар болон тухайн компаниас олон сая ам долларын төлбөр авч байсан нь Хаан банкнаас ирүүлсэн хуулгаар тогтоогддог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Энхтуяа нь хариуцагчаа зөв тодорхойлох зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр МоЭнКо ХХК болон Э.Э.А.А.Ж ХХК-иудын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн байгууллагаас шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг гаргасан. Шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ийн өдөр 3433 тоот захирамжаар шийдвэрлэхдээ зөвхөн Э.Э.А.А.Ж ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг, өөрийн шүүхийн Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэж, М.Э.К ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй зориуд орхигдуулсан. Гэсэн ч шүүхийн тамгын газраас ирүүлсэн лавлагаагаар Э.Э.А.А.Ж ХХК нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх чадамжтай хуулийн этгээд мөн болох нь тогтоогдсон боловч Э.Э.А.А.Ж ХХК болон Х.З ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуух төлбөр тооцоог М.Э.К ХХК-д хариуцуулан шийдвэрлэсэн.

5.Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шуүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, захирамжийг биелүүлж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох баримт болон ханшийн лавлагааг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлээгүй болно. Түүнчлэн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжаар нэгэнт буцаан олгохоор шийдвэрлэсэн боловч 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа уг баримтыг ашигласан нь талуудын хооронд улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн эсэх маргааныг үүсгэсэн. Мөн иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана зохицуулалтуудын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлээгүй, тухайн захирамжид гомдол гаргах хариуцагчийн эрхийг хангаагүй явдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцээгүй гэжээ.

 

 

        ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсгийн заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Х.З” ХХК нь хариуцагч “М.Э.К” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлснөөс суутган авсан баталгааны 5 хувь 395 833 ам.доллар буюу 1 103 950 528 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “хариуцагч “М.Э.К” ХХК-тай аман хэлцлээр зам барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ... Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн Олон булаг чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг ...., ... Дарви сумын Хөшөөтийн уурхайн Олон булаг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлыг ..., ... Алтай сумын Бага улаан амны зам засварын ажлыг ... хийж хүлээлгэн өгсөн, .... нийт ажлын хөлс 8249 904 ам.доллар болсон, ... ажлын хөлсний ... 7 854 071 ам.долларыг ... төлсөн, ... ажлын хөлснөөс 395 833 ам.долларыг чанарын баталгааны 5 хувиар бодож суутган авсан” гэж тайлбарлажээ. Хариуцагч тал “манай компани нэхэмжлэгч компанитай зам барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, “Х.З” ХХК болон “Э.Э.А.А.Ж” ХХК-уудын хооронд 3 гэрээ байгуулагдсан байна” гэж маргасан байна. /1 хх-1-4,125, 2 хх-162-166/

 

            Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь ямар хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан тухай нөхцөл байдал буюу гэрээний талуудыг зөв тодорхойлох шаардлагатай. Мөн талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзвэл гэрээний агуулга, зүйл, үнэ зэргийг тодорхой болгосны үндсэн дээр гэрээгээр хүлээх үүргийн талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой.

 

            Хэрэгт “Х.З” ХХК, “Э.Э.А.А.Ж” ХХК нарын хооронд байгуулагдсан 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн Олон булаг чиглэлийн нүүрс тээвэрлэх 30 км авто зам барилгын ажлын гэрээ, 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн Олон булаг чиглэлийн нүүрс тээвэрлэх 31 км авто зам барилгын ажлын 02 дугаартай гэрээ, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ховд аймгийн Алтай сумын Улаан замын засварын ажлын 01 дугаартай гэрээний хуулбарууд авагджээ. /2 хх-138-156/

 

Мөн хэргийн 1 дүгээр хавтасны 87-88 дах талд буй 2011 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Захиалагч тал Э.Э.А.А.Ж ХХК, гүйцэтгэгч тал Х.З ХХК-тай тооцоо нийлсэн акт” гэх хуулбар баримтад дээрх 3 гэрээний нийт дүнг 11 214 037.68 ам.доллар гэж, гүйцэтгэсэн ажлын хөлсийг 8 249 904.4 ам.доллар гэж тус тус тодорхойлон, “Х.З” ХХК-ийн гэрээгээр гүйцэтгэсэн нийт ажлын хөлснөөс 395 833.34 ам.долларыг чанарын баталгааны 5 хувиар суутгаж авсан агуулгыг /дүгнэлт/ гэх хэсгийн 1-д тусгасан байна.

 

Эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэх шаардлагыг хангасан тохиолдолд шүүхээс мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоох боломж бүрдэнэ.

 

Хэрэгт “Тэнгэр уул констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М.Э.К” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг хавсаргасан байна. /2хх-135-146/

 

Анхан шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах ажиллагааг явуулах эрхтэй, харин нотлох баримтыг үнэлэхгүй байж болохгүй.

 

Хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтад үндэслэн үйл баримтын талаар дүгнэсэн тохиолдолд эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж үзэхэд учир дутагдалтай. Анхан шатны шүүх дээрх ажиллагааг бүрэн хийгээгүй атлаа хариуцагч “М.Э.К” ХХК болон Авто замын газрын хооронд байгуулсан Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний дагуу авто замын барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр нэхэмжлэгч “Х.З” ХХК нь оролцсон гэж дүгнэн, Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт талуудын харилцаанд шууд хамааруулан хууль буруу хэрэглэжээ.

 

“Э.Э.А.А.Ж” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байна. /2хх152/ Уг компанитай ажил гүйцэтгэх гэрээ холбоотой гэж талууд маргаж байгаа тохиолдолд шүүхээс гарах шийдвэр, маргааны зүйлийн талаар тухайн этгээдийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй эсэх, гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

 Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг явуулах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгоогүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлж, талуудын маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.    

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/00677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 677 703 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

           

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож,  14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

                                                                                                Ч.ЦЭНД