Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01048

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01048

 

 

 

Л.Лын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/03621 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Лын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г холбогдуулан гаргасан хохирол 20 354 098 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2018.08.13-ны өдөр намайг биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчиндэж хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ 2019.01.29-ний өдөр шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр миний биед шулуун гэдэс, хярзангийн урагдсан, цуурсан гэмтэл, хошного, шулуун гэдэсний хунигч булчингуудын бүрэн тасрал гэх гэмтэл учруулсан бөгөөд үүнээс үүдэн би өтгөнөө мэдрэхгүйгээр байнга алддаг, байнга хий, шүүс гарах болсон төдийгүй, мөн тухайн өдөр уг гэмтэл шархыг олохдоо С вирусээр халдварласан. Ийнхүү өөрөө өвчтэй, зовиуртай ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тул эмнэлэг, эмчилгээний байнгын хэрэглээтэй байгаагийн зардал болон унааны зардал, хоол хүнсний зардлыг ээжийнхээ тэтгэврийн зээлийн мөнгөөр авч байгаагаас гадна ах дүү, найз нөхдөөс зээлж зохицуулж байгаа ч эдийн засгийн хувьд маш их хомсдолд орж байна. Тухайлбал, 2018.12-2019.06 хүртэл хугацаанд зөвхөн эм эмчилгээ, хэрэглээний зардалд нийт 5 000 000 гаруй төгрөг зарцуулаад байна. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр анхны хагалгаа төлөвлөгдсөн өртөг нь 5 000 000 гаруй төгрөг болохоор байгаа тул надад эдийн засгийн хувьд үнэхээр боломж алга.

Би Г.Гтой таарахаас өмнө өөрийн гэсэн ажилтай, орлоготой байсан ба хэрэг болохоос 1 сарын өмнө түүний ятгалгаар ажлаа өгч, Улаанбаатар хотод ирсэн байсан ч ийнхүү гэмт хэргийн золиос болж эрүүл мэндээрээ хохирсондоо харамсаад ч барахгүй байна. Одоо ч хүртэл би гэмтэл түүнээс гарах хор уршгийг эмчлүүлж, биеэ хагалгаанд бэлтгэсээр байгаа бөгөөд энэ хугацаанд гарсан зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймээс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаа сар хүртэл хугацааны эм,эмчилгээний зардал 5 550 348 төгрөг, ариун цэврийн болон ариутгалын бүтээгдэхүүн хэрэглээний зардал 723 750 төгрөг, унааны зардалд 3 000 000 төгрөг, өмгөөллийн хөлсний зардалд 2 500 000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 8 580 000 төгрөг, нийт 20 354 098 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 4 хоног гадуур архидаж явж байгаад магадгүй өөрийг нь эрж хайж байсан хүмүүстэй тааралдсан эсхүл өөр хүмүүст зэрлэгээр хүчиндүүлсэн ч байж болно. Хэрэг болсон өдөр Л.Л нь хаалга нүдэж орж ирээд шууд жорлон орж жорлонд гар утсаараа өвдөөд цус гараад байгаа анусаа үзэж байгаад утсаа жорлонд унагаачхаад гэрт орж ирсэн. Түүний бие нь өвдөөд байсан учир өвчнөө дарах гэж архи ууя гэж гуйсаар байгаад миний хийж байгаа ажлыг алдуулж архи уусан. Би архи уучхаад унтаад өгсөн Л.Л нэмж уусан, хаана яаж унтсаныг мэдэхгүй. Буцаж гарч яваад орж ирсэн юм уу, эсхүл шууд газар хивсэн дээр унтаад өгсөн юм уу тэрнийг бол мэдэхгүй. Өглөө сэрэхэд хивсэн дээр Л.Л цус баастайгаа холилдсон цустай өмд бандаашаа тайлчихсан бөгсөн биеэ нь нүцгэн унтаж байсан. Ингээд өргөн орон дээр гаргаж тавихад миний хөл Л.Л цустай хивсэн дээр гишгээд цус болсон байсан. Түүнийг эмнэлэгт үзүүлье гэхэд татгалзсан тул өвчин намдаах эм бусад зүйлийг авч 2 хоног асарч сувилсан.2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны мөнгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Ажиллаж байсан акт, лист зэрэг байх шаардлагатай. Өмгөөллийн хөлсийг хуульд заасны дагуу шүүх анхааралдаа аваасай гэж хүсэж байна гэжээ.

 

       Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Гоос 11 249 478 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Лод олгож, нэхэмжлэлээс 9 749 478 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Гоос 149 941 төгрөг гаргуулж улсын орлогод оруулжээ.

 

            Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.. Миний бие хохирол 4 650 000 төгрөгийг төлсөн байсан. Тус шийдвэрээр нэхэмжлэгч  өөрийн биед учирсан хохирлыг надаас болсон гэж үзэн, эмчилгээний болон бусад зардал зэрэг нийт 11 249 478 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.  Тухайн үед эмчилгээний 4 650 000 төгрөгийг өгч байсан тул өмгеөллийн хелс, тээврийн зардал, ажилгүй байсан хугацааны зардлуудыг ч гэсэн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргээс болж Л.Л ажилгүй байсан асуудал байхгүй. Би Эрүүгийн шүүхээс цагдан хорих шийдвэр гарч түүнээс хойш одоог хүртэл цагдан хоригдох хугацаанд намайг аль болох удаан цагдан хорионд байлгах гэж прокурорт гомдол өгч байсанд ч би гомддог. Би айлын том хүү, хэдэн өнчин дүүгээ аль болох хүний зэрэгт хүргэх гзж дөч гартлаа ганц бие байсан бөгөөд Л.Лтой гэрлэх, суух санаатай л үерхэж нөхөрлөж байсан. Тэр өдөр Л.Лыг ирээд архи ууя гэхэд нь уухгүй гээд хэлэхгүй яав даа  ч хүртэл бодож, шаналж байна. Нэг ч гэсэн өдрийн өмнө гарч ажил хийвэл, машинаа засвал Л.Лын нэхээд байгаа мөнгийг заавал шүүх, цагдаа гэхгүйгээр өгөх боломж бүрдэх байсан. Одоо би цагдан хоригдож байгаа, ээж минь өндөр насны тэтгэвэрт, хэдэн дүү нар минь тодорхой эрхэлсэн ажилгүй маш хүнд байгаа. Би энэ их мөнгийг хоригдож суугаад төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Л.Л нь хариуцагч Г.Гоос гэм хорын хохиролд 20 354 098 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт буй хуулийн хүчин төгөлдөр болсон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоол, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10227, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1217 дугаартай дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар Г.Г 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Л.Лыг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг тохуурхан доромжилж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар 3 жил 3 сарын хугацааны хорих ял оногдуулсан, уг гэмт хэргийн улмаас Л.Лын биед хошного хярзанд сорви, хошногоны хунигч булчингийн тасрал гэмтэл үүссэн, энэ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа үйл баримтууд тогтоогдсон байна. /1хх-6-14, 108-111 тал/ Иймээс Г.Г Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг үүссэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас эмчилгээний зардалд 5 550 348 төгрөг, ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн зардал 723 750 төгрөг, унааны зардал 3 000 000 төгрөг, хүнсний хэрэглээний зардалд 2 226 500 төгрөг, өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан орлого 8 580 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ нотлох бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

Анхан шатны шүүх дээрх бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, хариуцагч Г.Г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Лод 4 650 000 төгрөгийн хохирлыг төлсөн талаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолд дурджээ.

Нэхэмжлэгч нь уг шийтгэх тогтоол гарснаас хойшхи хугацаанд эмчилгээ хийлгэсэн, мөн биед үүссэн шархыг ариутгаж цэвэрлэгээ хийж байгаа үйл баримт түүний эрүүл мэндийн дэвтэр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх, эм тариа, ариутгалын бүтээгдэхүүн худалдан авсан тухай төлбөрийн баримтууд зэргээр нотлогдсон байхаас гадна хариуцагч тал “эмчилгээ хийлгэсэнд нь бодитой хандаж байгаа, ариун цэврийн хэрэгсэл, эмчилгээ ариутгалын зардалд маргахгүй” гэх агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээд эмчилгээний зардлаас 1 621 728 төгрөгийг, ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн зардалд 723 750 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн заасанд нийцэж байх тул “хохирлыг барагдуулсан” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Л.Л эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Т.Баярдалайгаас хууль зүйн зөвлөгөө авч, ажлын хөлсөнд 2 500 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгө төлсөн баримт, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна. Шүүх хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор уг зардал гарсан гэж зөв дүгнэсэн атлаа тухайн маргаанд хамааралгүй Өмгөөллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсгийн заасныг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид 1 500 000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй. Гэхдээ нэхэмжлэгч энэ шийдвэрт гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж дүгнээд, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив. 

Анхан шатны шүүх хариуцагчийг тээврийн хөлсөд нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийг зөвшөөрсөн гэх үндэслэлээр хангаж шийдвэрлэжээ. Хариуцагч “зайлшгүй зардал биш” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Л.Л, иргэн Э.Золбаяр нарын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээгээр нэхэмжлэгч нь иргэн Э.Золбаярын автомашинаар 1 жилийн хугацаанд үйлчлүүлж, сарын 250 000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байх ба тэрээр ажлын хөлсөд нийт 2 500 000 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банкны орлогын мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1хх-21-23/ Иймээс нэхэмжлэгчийн унааны зардалд 3000 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг 2 500 000 төгрөгийн хэмжээнд хангах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн заасанд нийцэх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хөдөлмөрийн чадвараа алдсаны орлогод 8 580 000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг “нэхэмжлэгчийг хөдөлмөр эрхэлж байгаагүй” гэж маргаж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт буй нэхэмжлэгч Л.Лын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж тусламжийн дэвтэр, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 9 дүгээр сарын 10, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрүүд, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0326286, 0327547 дугаар бүхий актууд зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдсан гэж үзсэн анхан шатны шүүх дүгнэлт зөв. /1хх-189, 2хх117-118/ Иймээс хариуцагч нь хөдөлмөрийн чадвараа алдснаас цалин, түүнтэй адилтгах орлогыг нэхэмжлэгчид төлөх үүрэг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар үүссэн байх тул түүнээс 4 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. 

Нэхэмжлэгч Л.Лын хүнсний зардалд 2 226 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүхийн шийдвэрт дүгнээгүй нь буруу байгаа хэдий ч давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, залруулах боломжтой байна.

Хохирогч нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон нэмэгдэл хоол авахтай холбоотой гарсан зайлшгүй зардлаа буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн хувьд 2 226 500 төгрөгийн зайлшгүй зардал гарсан гэдгийг түүний шүүхэд гаргаж өгсөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан гэх төлбөрийн баримтууд нь эргэлзээгүйгээр нотлохгүй байх тул уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцнэ.

Анхан шатны шүүх хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан гаргуулахдаа тооцооны алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн хангасан үнийн дүн болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад тус тус өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/03621 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “11 249 478” гэснийг 10 749 478” гэж, 2 дахь заалтын “149 191” гэснийг “186 941” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3  хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

                                                                                                  Ч.ЦЭНД