Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/03666

 

 

 

 

  2020         10          22                                        101/ШШ2020/03666            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Ундраа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Л

Хариуцагч: Г.Г

Хохирол 20,354,098 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******, *******, *******, *******, *******, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2018.08.13-ны өдөр намайг биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчиндэж хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ 2019.01.29-ний өдөр шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр миний биед “шулуун гэдэс, хярзангийн урагдсан, цуурсан гэмтэл, хошного, шулуун гэдэсний хунигч булчингуудын бүрэн тасрал” гэх гэмтэл учруулсан бөгөөд үүнээс үүдэн би өтгөнөө мэдрэхгүйгээр байнга алддаг. байнга хий, шүүс гарах болсон төдийгүй, мөн тухайн өдөр уг гэмтэл шархыг олохдоо С вирусээр халдварласан.

Үүнээс үүдэн вирусын халдварыг эмчлүүлсний дараа болон ерөнхий биеийн эсэргүүцэл дээшлүүлж байж 2-4 удаагийн гэдэс залгах, мэдрэл сэргээх хүнд хагалгаанд орохоор төлөвлөгдсөн байдаг ба өнөөдрийн байдлаар шулуун гэдсээр байнгын цустай өтгөн, хий алдалттай, шулуун гэдэсний шархны өрөвслийн шалтгаанаас үүссэн үтрээрүүгээ цооролт өгсөн. нойргүйдэлд өртсөн байдалтай байна. Мөн халдварлагдсан “С” вирусыг дарангуйлах эмчилгээ хийлгэхээс гадна шархны өрөвслийг эдгээх зорилгоор тасралтгүй эмчлүүлсээр байна. Биеийн байдал ядруу, хий, өтгөн алдалттай холбоотойгоор бусдын дунд орж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа бөгөөд өтгөн, хий барих чадваргүй болсон болон шархнаас гарах шүүстэй холбогдуулан ариун цэврийн хэрэглэл, тампон, ариутгагч, гар ариутгагч, цэвэрлэгээний хэрэгсэл, резинэн бээлий, сальфетик /хуурай, нойтон/, шархны өрөвсөл, нуралтын тос зэргийн тогтмол хэрэглээтэй байгаа юм.

Ийнхүү өөрөө өвчтэй, зовиуртай ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тул эмнэлэг, эмчилгээний байнгын хэрэглээтэй байгаагийн зардал болон унааны зардал, хоол хүнсний зардлыг ээжийнхээ тэтгэврийн зээлийн мөнгөөр авч байгаагаас гадна ах дүү, найз нөхдөөс зээлж зохицуулж байгаа ч эдийн засгийн хувьд маш их хомсдолд орж байна. Тухайлбал, 2018.12-2019.06 хүртэл хугацаанд зөвхөн эм эмчилгээ, хэрэглээний зардалд нийт 5 000 000 гаруй төгрөг зарцуулаад байна. Гэтэл 2019.07.05-ны өдөр анхны хагалгаа төлөвлөгдсөн өртөг нь 5 000 000 гаруй төгрөг болохоор 'айгаа тул надад эдийн засгийн хувьд үнэхээр боломжгүй боллоо.

Би Г.Гтой таарахаас өмнө өөрийн гэсэн ажилтай, орлоготой байсан ба хэрэг болохоос 1 сарын өмнө түүний ятгалгаар ажлаа өгч, Улаанбаатар хотод ирсэн байсан ч ийнхүү гэмт хэргийн золиос болж эрүүл мэндээрээ хохирсондоо харамсаад ч барахгүй байна. Одоо ч хүртэл би гэмтэл түүнээс гарах хор уршгийг эмчлүүлж, биеэ хагалгаанд бэлтгэсээр байгаа бөгөөд энэ хугацаанд гарсан зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймээс Г.Гоос эм, эмчилгээ, хагалгааны зардалд-6 027 083 төгрөг, ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтийн хэрэглэлийн зардалд- 249 700 төгрөг, унааны зардалд 1 500 000 төгрөг, хүнсний хэрэглээний зардал 2 226 500 төгрөг, өмгөөллийн хөлсний зардал - 2 500 000 гөгрөг, нийт 12 500 000 төгрөг гаргуулж Л.Л надад олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тооцон нэхэмжлэлээ нэмэгдүүлж байна. Үүнд: 2019.02.01-2020.03 сар хүртэл хугацааны эм,эмчилгээний зардал 5 550 348 төгрөг, Ариун цэврийн болон ариутгалын бүтээгдэхүүн хэрэглээний зардал 723 750 төгрөг, Унааны зардалд 3,000 000 төгрөг, Өмгөөллийн хөлсний зардалд 2,500,000 төгрөг, Гэмт хэргийн улмаас 2018.09.01-2020.10 сар хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 8,580,000 төгрөг /2018.09.01-2020.01.01-ний өдөр хүртэл 15 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 320 000 төгрөгөөр тооцсон, 2020.01.01-2020.10.01 хүртэл 9 сарыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг сарын 420 000 төгрөгөөр тус тус тооцов/ гаргуулахаар, нийт 20,354,098 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчийг харахыг ч хүсэхгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр намайг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж хүний ёсноос гажууд байдлаар намайг насаар минь эрэмдэг болгосон. Шүүхийн шийтгэх тогтоол гарах үед хариуцагч хэргээ хүлээгээд, төлбөрөө өгнө, цай хоолыг чинь зөөж өгнө гэж хэлж байсан хүн өнөөдөр ийм зүйл ярьж байгаад харамсаж байна. Би тухайн үед Ховд аймагт эрх зүйн мэргэжилтнээр ажилладаг байсан. Над руу хариуцагч өдөр бүр утсаар ярьсаар байсан учраас би түүнд итгээд ажлаа өгөөд Улаанбаатар хотод ирсэн бөгөөд бид 20 хоног хамт амьдарсан. Хамт амьдарч байхад зан араншин нь тогтворгүй байсан. Энэ амьдрал 1 сарын хугацаатай байсан уу гэж намайг доромжилж хэлж байсан. Тухайн үед гарсан зардлыг хариуцагч төлсөн тул би ялыг нь хөнгөрүүлэх асуудалд хүлцэнгүй хандсаар ирэхэд одоо ийм хариу тайлбар өгч байгаад харамсаж байна гэв.

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Би хууль мэдэхгүй. Өмгөөлөгч хэргээ хүлээ гэснээр нь хэлсэн.Өмгөөлөгч Лтой үгсэн хуйвалдсан учир шийтгэх тогтоолыг ар гэрийнхнээс нууж өгөөгүй ба давж зааалдаж болохгүй гэснээр хийгээгүй хэргийн золиос болсон. Л нь 4 хоног гадуур архидаж явж байгаад магадгүй өөрийг нь эрж хайж байсан хүмүүстэй тааралдсан чюм уу эсхүл өөр хүмүүст зэрлэгээр хүчиндүүлсэн ч байж болно. Тэрийг бол би сайн мэдэхгүй. Хэрэг болсон өдөр Л нь хаалга нүдэж орж ирээд шууд жорлон орж жорлонд гар утсаараа өвдөөд цус гараад байгаа анусаа үзэж байгаад утсаа жорлонд унагаачихаад гэрт орж ирсэн. Түүний бие нь өвдөөд байсан учир өвчнөө дарах гэж архи ууя гэж гуйсаар байгаад миний хийж байгаа ажлыг алдуулж архи уусан.

Би архи уучихаад унтаад өгсөн Л нэмж уусан, хаана яаж унтсаныг мэдэхгүй. Буцаж гарч яваад орж ирсэн юм уу, эсхүл шууд газар хивсэн дээр унтаад өгсөн юм уу тэрнийг бол мэдэхгүй. Би Лтой адил архи уудаггүй учир багахан уугаад согтоод унтаад өгдөг зуршилтай. Өглөө сэрсэн чинь хивсэн дээр Л цус баастайгаа холилдсон цустай өмд бандаашаа тайлчихсан бөгсөн биеэ нь нүцгэн унтаж байсан. Ингээд өргөн орон дээр гаргаж тавихад миний хөл Л цустай хивсэн дээр гишгээд цус болсон. Үүний дараа түүнийг эмнэлэгт үзүүлье гэхэд татгалзсан ба түүний хүссэнээр нь өвчин намдаах эм бусад зүйлийг авч 2 хоног асарч сувилсан. Надад хайртай болчихлоо, надтай сууя гээд байсан хүн өвдөж зовохоор мэдээж асуудал би айж сандарч түүнийг хүссэнээр нь л байлгасан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмчилгээ хийлгэсэнд нь бид бодитой хандаж байна. 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны мөнгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч ямар ажил эрхэлж байгаад ажлаа алдсан бэ. Ажиллаж байсан акт, лист зэрэг байх хэрэгтэй. Өмгөөллийн хөлсийг хуульд заасны дагуу шүүх анхааралдаа авах байх. Ариун цэврийн хэрэгслүүд дээр мэтгэлцэх зүйлгүй. Ажилгүй байсан хугацааны зардалд үндэслэлтэйгээр тайлбар гаргахыг хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******, *******од холбогдуулан хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол буюу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн хугацаанд хамаарах эм, эмчилгээ хийлгэхтэй холбоотой 5,550,348 төгрөгийн, ариутгал цэвэрлэгээтэй холбоотой 723,750 төгрөгийн, тээврийн хөлс 3,000,000 төгрөгийн, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийн, ажилгүй хугацаанд хамаарах нөхөн төлбөр 8,580,000 төгрөгийн, нийт 20,354,098 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, нэхэмжлэлээс ариутгал цэвэрлэгээтэй холбоотой 723,750 төгрөгийн, тээврийн хөлс 3,000,000 төгрөгийн буюу 3,723,750 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин эм, эмчилгээ хийлгэхтэй холбоотой 5,550,348 төгрөгийн, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийн, ажилгүй хугацаанд хамаарах нөхөн төлбөр 8,580,000 төгрөгийн шаардлагын үндэслэл, баримт тодорхойгүй үндэслэлээр татгалзсан байна.

Нэхэмжлэлийн шаардлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 145 дугаартай Шийтгэх тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нэхэмжлэгч Л.Лыг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг тохуурхан доромжилж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үндэслэлээр хариуцагч 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. /1-р ХХ-ийн 6-14 дэх тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагчийн гэм буруу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэм буруугийн асуудлаар маргаагүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид гэм хор учруулсантай холбоотойгоор зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар гэм хор учруулсантай холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн нь нэхэмжлэгчийн хувьд  өөрт учирсан хохирлоо мөнгөн хэлбэрээр тооцож хариуцагчаар нөхөн төлүүлэхээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Хариуцагч хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцааг зөрчин нэхэмжлэгчийн эрүүл мэндийг хохироосны үр дагаврыг хуульд заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасныг үндэслэн тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Уг хохирол нь хариуцагчийн буруугаас болоогүйг шүүхийн өмнө тэрээр нотлоогүй байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс эм, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 5,550,348 төгрөгийн, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийн, нөхөн төлбөр 8,580,000 төгрөгийн хохирол гаргуулах үндэслэлийн талаар маргаж, шүүх хуралдааны явцад талууд мэтгэлцжээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас “ариутгал цэвэрлэгээтэй холбоотой 723,750 төгрөгийн, тээврийн хөлс 3,000,000 төгрөгийн” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хариуцагчаар нөхөн төлүүлж, бусад шаардлаыг хуульд нийцүүлэн шийдвэрлэв.

Өмгөөлөгчид төлсөн хөлс 2,500,000 төгрөгийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр *******, ******* нартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж “Г.Гтой холбоотой эрүүгийн болон иргэний ХХША-нд өмгөөлөгчөөр оролцуулахаар” тохиролцон 2,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр гэрээ байгуулжээ. Өмгөөлөгч *******н ХААН банкны ******* тоот дансаар дамжуулан 2018.11.21, 2019.01.31-ны гүйлгээгээр 1,500,000 төгрөг төлжээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна” /2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ гэж зохицуулсан ба нэхэмжлэгч, өмгөөлөгч нар тус хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээ байгуулжээ. Өмгөөллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа ямар хэлбэрээр эрхэлж байгаагаас үл хамааран ажлын байр, банканд харилцах данстай байна” гэж зохицуулсан бөгөөд ******* өмгөөллийн хөлсийг зохих дансаар хүлээн авсныг хуульд нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн гэм бурууг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох, учирсан хохирлоо арилгуулахаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахад өөрийн эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгч хөлсөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулсантай холбоотой төлсөн хөлс нь хариуцагчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотойгоор гарсан зардал гэж үзэхээр байна. Ийнхүү гарсан зардал нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид нөхөн төлбөл зохих бодит хохиролд тооцогдох учир уг хохирол буюу 1,500,000 төгрөгийн өмгөөлөгчийн хөлсийг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн, эм худалдан авсан зардалд 5,550,348 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснээс хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зайлшгүй зардалд тооцохуйц зардлыг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтад үндэслэн хариуцагчаас 1,621,728 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, тус зардлаас 3,929,022 төгрөгийн дараах баримтуудыг нэхэмжлэгчийн эм, эмчилгээ хийлгэхтэй холбоотой зайлшгүй зардал гэж үзээгүй болно.

Үүнд: 1-р хавтаст хэргийн 25-37, 153-182, 226 дахь талд буй “2019.02.01-ны өдрийн ******* эмийн сангийн, 2019.0215-ны өдрийн ХХК-ийн, бичвэр уншигдахгүй Монос Улаанбаатар ХХК-ийн, 2019.04.19-ны өдрийн Гандирсийн, 2019.04.27-ны өдрийн Сант эмийн сангийн, 2019.04.29-ны өдрийн Монос Улаанбаатар ХХК-ийн, 2019.05.02-ны өдрийн ХХК-ийн, мөн өдрийн бичвэр уншигдахгүй баримт, бичвэр тодоргүй иргэнд очих 2 баримт, огноо тодорхойгүй Андууд мини маркетийн, 2019.10.08-ны өдрийн ЭМТ Ус эмийн сангийн, мөн эмийн сангийн 2019.10.13-ны өдрийн, Эрүүл мэндийн нэгдлийн 20,000 төгрөгийн баримт, бичвэр тодорхойгүй 1,500 төгрөгийн баримт, 2019.12.26-ны өдрийн ХХК-ийн, 2019.12.29-ны өдрийн ХХК-ийн, бичвэр тодорхойгүй 2,400 төгрөгийн баримт, ХХ-ийн 162-163 талын 5 ширхэг баримт, ХХ-ийн 226 талын бичвэр тодорхойгүй 2 баримт, нийт 24 баримтууд хамаарч байна.

Эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас зайлшгүй гарсан зардал гэж шууд тооцох боломжгүй, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн үр дагавартай шалтгаант холбоотой гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжилж, хариуцагч 2018.08.13-нд нэхэмжлэгчийг хүчиндсэний улмаас хөдөлмөрийн чадвар алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан, нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэх чадваргүй болж хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг мэргэжлийн байгууллага 60 ба түүнээс дээш хэмжээгээр тооцон тогтоосон учир хариуцагч, нэхэмжлэгчийн ажил, хөдөлмөр эрхэлдэг байсан эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэх боломжийг алдагдуулсны нөхөн төлбөрийг хуульд заасан хэмжээгээр буюу Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасан хэмжээнээс багагүй хэмжээгээр нөхөн төлөх үүрэгтэй.

Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн 1461938 тоот нийгийн даатгалын дэвтэрт Л.Л 2018.01-06 дугаар сарын хооронд Ховд аймгийн Мөст сумын ЗДТГ-т эрх зүй хариуцсан дотоод ажилтнаар ажиллаж байсан тэмдэглэлээ хийгдсэн байна. Сонгонихайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлстийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0326286 тоот “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт“-аар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, хугацааг 2019.09.10-2020.09.10-ны хооронд нэг жилээр тогтоожээ. Мөн коимиссийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0327547 тоот актаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар, хугацааг 2020.09.10-2021.09.10-ны хооронд нэг жилээр тогтоожээ. /1-р ХХ-ийн 184, 189, 2-р ХХ-ийн 118 дахь тал/

Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг нэхэмжлэгчид 2019 оны 09 дүгээр сараас эхлэн нэг жилийн хугацаанд олгож эхэлсэн нь түүний 0023817 тоот Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрээр нэг сард 174,000 төгрөгийн тэтгэмж авдаг байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоохоор хуульчилсан бөгөөд тус хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 05 тоот тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн сард 320,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн сард 420,000 төгрөг байхаар тогтоожээ. /1-р ХХ-ийн 240-241 дэх тал/

Нэхэмжлэгчийн хариуцагчаас нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлийн шардлагыг хуульд нийцсэн үнэдэслэлээр хангаж, тооцооллын хувьд 2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хугацаанд хамаарах 15 сарын нөхөн төлбөрийг 4,800,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ны өдрийн хугацаанд 9 сарын нөхөн төлбөрийг 3,780,000 төгрөг, нийт 8,580,000 төгрөгийн нөхөн төлбөр олгогдох үндэслэлтэй. Үүнээс нэхэмжлэгчийн сар бүр авдаг тэтгэмж 174,000 төгрөгийг дээрх хугацаагаар тооцон /174,000х24=4,176,000. 8,580,000-4,176,000=4,404,000/ хасч, зөрүү 4,404,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэгч Л.Лын *******оос гэм хохрын хохиролд 20,354,098 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс эм, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 1,621,728 төгрөгийн, ариутгал цэвэрлэгээтэй холбоотой 723,750 төгрөгийн, тээврийн хөлс 3,000,000 төгрөгийн, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийн, ажилгүй хугацаанд хамаарах нөхөн төлбөрт 4,404,000 төгрөгийн шаардлага буюу нийт 11,249,478 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 9,749,478 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасныг баримтлан *******оос 11,249,478 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Лод олгож, нэхэмжлэлээс 9,749,478 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, *******оос 149,941 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

 

                        ШҮҮГЧ                                   Б.УНДРАА

 

                        ШҮҮГЧ                                   Л.ЭНХЖАРГАЛ