Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01044

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01044

 

 

 

Ц.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/01059 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Хгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ат холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 126 580 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Ат 2014 оны 8 дугаар сараас 2014 оны 12 сар хүртэлх хугацаанд бэлнээр болон дансаар олон удаагийн үйлдлээр мөнгө зээлдүүлсэн.  2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 61 500 000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр түүнд зээлдүүлж, хүүд 2015 оны 12 сарыг хүртэлх хугацаанд 18 560 000 төгрөг төлсөн. 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 24 600 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлэн зээлдүүлсэн боловч өнөөг хүртэл төлбөр төлөгдөөгүй. 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр болон 11-ний өдрүүдэд тус тус 15 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр бэлнээр, 2014 оны 10 дугаар 10-ны өдөр бэлнээр 35 000 000 төгрөгийг зээлдүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас нийт 126 580 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд харилцан мөнгө зээлдүүлэх тухай хэлцэл хийгдэж нийт 12 удаагийн үйлдлээр 59 500 000 төгрөгийг Ц.Хгээс Д.А зээлдүүлсэн бөгөөд үүнээс 5 удаагийн буюу нийт 22 000 000 төгрөгийг Д.Аийн эзэмшлийн ХААН банкин дах 5753666466 дугаарын дансаар, үлдэх 7 удаагийн буюу 37 500 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Энэ үйл баримт нь хариуцагч Д.Аийн ХААН банк ХХК-ийн дансны хуулга, хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичилт хийж зарим хэсэгт нь нэхэмжлэгч Ц.Х гарын үсэг зурж баталгаажуулсан байдал зэргээр нотлогдох боломжтой.

Талууд зээлийн харилцаа үүсэж буй тохиолдол бүрт гэрээг бичгээр үйлдэж, мөнгө хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн талаар баримт үйлдсэн зүйл байхгүй. Харин хариуцагчийн гаргасан саналын дагуу 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 15 000 000 төгрөг, мөн сарын 10-ны өдөр орчим 30 000 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр 35 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 61 500 000 төгрөгийг тус тус зээлдэж авсан талаар бичиг үйлдэж гарын үсэг зурж нэхэмжлэгч Ц.Хд хүлээлгэж өгсөн. Уг баримтуудыг үйлдэх бүртээ зээлдэж авсан мөнгөн дүнг нэмэгдүүлсэн байдлаар тусгаж тэмдэглэсэн бөгөөд тус бүртээ 15 000 000 төгрөг, 30 000 000 төгрөг, 35 000 000 төгрөг, 61 500 000 төгрөгийг зээлдэж авсан гэсэн зүйл биш. Гэтэл нэхэмжлэгч Ц.Х нь дээрх бодит байдлыг үгүйсгэж зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар тусгасан баримт тус бүрийг тус тусдаа зээлдэж авсан мэтээр илтэд үндэслэлгүй тайлбар гаргаж зээлийн хэмжээг 116 100 000 төгрөг болгон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид нийт 63 800 000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд зориулан төлсөн бөгөөд тус төлбөр нь бидний дунд хийгдсэн гэх ямар нэгэн зээлийн хүү, алдангийн төлөлт бус үндсэн зээлийн төлөлт юм. Талууд хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн мөнгө дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй бөгөөд хүү, алданги тооцох хууль зүйн боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн үндсэн хэмжээнээс хэтэрсэн байдлаар хувь хэмжээ тогтоож хариуцагчаас шаардах эрхгүй. Нэхэмжлэгч 116 100 000 төгрөгийг хэзээ, хаана ямар байдлаар хариуцагчид шилжүүлэн өгсөн талаараа нотолж чадаагүй, мөнгөн дүнг өсгөсөн байдлаар үйлдсэн мөнгө зээлдүүлсэн гэх баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Д.Аээс 75 780 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828 450 төгрөгийн 790 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 37 600 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Д.Аээс улсын тэмдэгтийн хураамж 536 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Хд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 1.Анхан шатны шүүх талуудын дунд үүссэн маргаан бүхий асуудлыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хэрхэн тогтоогдож байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх гол үндэслэл юм. Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Д.Аээс 126 580 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүн болсон 126 580 000 төгрөгийг хариуцагчид хэзээ, хэрхэн ямар байдлаар шилжүүлж өгсөн талаарх үйл баримтаа ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлох нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг болохоос шүүхийн үүрэг биш. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрзэнд нэхэмжлэгч Ц.Хгээс хариуцагч Д.Алтанцэцзгт түүний ХААН банкин дахь 5753666466 дугаарын дансаар нийт 22 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дээрхи үнийн дүнг зээл гэж үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4 дэх хэсэгт заасан хууль зүйн шаардлага дээрх 22 000 000 төгрөгөөс хэтрэх ёсгүй. Баримтаар нотлогдоогүй ч хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч маргаагүй бол хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр дүгнэлт хийж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд хариуцагчийн зүгээс дансаар бус бэлнээр хүлээн авсан 37 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч нийт зээлийн хэмжээг 59 500 000 төгрөг болсон гэж тайлбарлаж гаргасан татгалзалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй орхигдуулсан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь хэргийн үйл баримтад хэрхэн нөлөөлж байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Тодруулбал хариуцагчийн нэхэмжлэгчээс хүлээж авсан болон хүлээлгэн өгсөн мөнгөн дүнгийн талаар хуулийн шаардлага хангасан бичгийн нотлох баримтыг хэрэгт гарган өгч шүүх хуралдаанд мэтгэлцэх үндэслэл болгосон бол нэхэмжлэгч нь маргааны үйл баримтад нөлөөлөх боломжгүй, үнийн дүнгийн хувьд давхацсан эргэлзээ бүхий, нотлох баримтын шаардлага хангахгүй бичгийн баримтууд гарган өгч шүүх тухайн баримтуудыг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэр гаргаж байгаа нь ИХШХШТХуулийн. 44 дүгээр зүйлийн 44.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн. Зүй нь нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн өссөн дүнгээр бичилт хийгдсэн гэх бичгийн баримт тус бүрийг шүүх дүгнэж үзэхдээ үнийн дүнгийн хувьд болон бусад байдлаар зргзлззз бүхий нөхцөл байдал байгааг хүлээн зөвшөөрч дүгнзсзн атлаа хэт нэг талыг барьж хэлцэл хийгдсэн үйл баримтыг нотолж байна гэж дүгнзсзн нь шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг алдагдуулж байна гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийн заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Д.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35 154 800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тухайн мөнгө буюу эд хөрөнгийг бодитойгоор зээлдэгчид шилжүүлснээр гэрээний талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан.

 

Талуудын аман хэлбэрээр харилцан тохиролцож, зээлдүүлэгч Ц.Х, зээлдэгч Д.Ат дансаар болон бэлнээр мөнгө шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заасанд нийцсэн байна.

Зохигчид зээлийн хэмжээ болон буцаан төлсөн дүнгийн талаар маргажээ. Тодруулбал, нэхэмжлэгч тал хариуцагчид 116 100 000 төгрөг зээлдүүлсэн гэж, хариуцагчийн хувьд 59 500 000 төгрөг зээлдэж авсан гэж тус тус маргасан.

 

Хэрэгт буй ХААН банкны орлогын мэдүүлэг, хариуцагч Д.Аийн депозит дансны хуулга зэрэг баримтуудаар 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нэхэмжлэгчээс 22 600 000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-33-34/ Иймд нэхэмжлэгчийг дээрх мөнгөний зөрүү болох 2 000 000 төгрөгийг шаардаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Хэргийн 4 дэх талд 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 15 сая төгрөг, мөн сарын 11-ний өдөр 15 000 000 төгрөгийг тус тус бэлнээр хүлээн авч, гарын үсэг зурсан талуудын гар бичмэл баримт байна. Хариуцагч тал уг баримтуудаас 15 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан, үлдэх 15 000 000 төгрөгийн баримтыг баримтаар үгүйсгэж, уг мөнгийг хүлээж аваагүй гэх тайлбараа нотолж чадаагүй учир түүнийг нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөг зээлдэж авсан гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгчийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 35 000 000 төгрөг хариуцагчид өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтад талууд 35 000 төгрөг хүлээлцсэн агуулгатай тусгагдсан байх тул 35 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тооцох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Д.Ат 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 61 500 000 төгрөг зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан Далхын чулуу ХХК барьцаат зээлийн үйлчилгээ гэх нэртэй бичгийн баримтыг шүүхэд гарган өгчээ.

 

Тус баримтад 2014 оны 8 дугаар сарын 28 гэж огноолсон, Хандсүрэнгээс Алтанцэцэгт 61 сая 500 үүнээс Алтанцэцэг 51 500, Номин 10 сая зээлсэн, 4 хувийн хүүтэй гэсэн бичвэр байх ба хариуцагч Д.А уг баримтыг тодруулахад бичгээр үйлдсэн талаар зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна. /хх-150/

 

Мөн хариуцагч нь 61 500 000 төгрөгөөсөө н.Номинд 10 000 000 төгрөгийг хувиасаа зээлүүлээд буцаагаад авсан гэх тайлбарыг шүүх хуралдааны үеэр гаргажээ. /хх-122/ Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Д.Ат 114 135 000 төгрөг зээлдүүлсэн болох нь нотлогдож байх тул энэ гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Харин хариуцагчийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг тооцохдоо ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

 

Хариуцагч Д.А нь зээлийн үүрэгт 63 800 000 төгрөг төлж, үүрэг дуусгавар болсон гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзаж, зээлийн тооцоолол хийсэн гар бичмэл, ХААН банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-106-108/

 

Нэхэмжлэгч тал уг баримтыг үгүйсгэж, мэтгэлцээгүй байх тул дээрх бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, зохигчдын дансны хуулга зэрэг баримтуудыг харьцуулан үнэлээд хариуцагчийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээг тогтоох боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Уг нотлох баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчийн данс руу 24 520 000 төгрөг төлсөн, бэлнээр 30 440 000 төгрөгийг тус тус төлсөн болох тогтоогдож байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Хгийн ХААН банк дах 5069194422 дугаартай данс руу хариуцагч Д.Аийн 5753666466 дугаарын данснаас нийт 24 520 000 төгрөг шилжин орсон байна. Мөн хариуцагчийн гар бичмэл болох Хандаас гэх тооцооны баримтад бичигдсэн өгөв, өгсөн гэх тэмдэглэгээтэй мөнгөн дүнг нэгтгэвэл 30 440 000 төгрөг болж байна. Харин хүүд өгсөн гэж тэмдэглэсэн зээлийн төлбөрт тооцохгүй байх нь гэрээний талуудын тэгш байдлын зарчимд нийцнэ. Учир нь уг мөнгийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн гэж үзсэн болно.

 

Иймээс хариуцагч Д.Аийг зээлийн үүрэгт нийт 54 960 000 төгрөг төлсөнд тооцож, үлдэх үүрэг болох 59 575 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хд олгох нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/01059 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 75 780 000 гэснийг 59 575 000 гэж, 50 800 000 гэснийг 56 525 000 гэж, 2 дахь заалтын 536 850 гэснийг 455 825 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 543 082 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД