Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 123/2016/0039/З |
Дугаар | 221/МА2017/0238 |
Огноо | 2017-03-29 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2017/0238
2017 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 221/МА2017/0238 | Улаанбаатар хот |
А Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2017/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2017/0002 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 46 дугаар зүйлийн 46.5.1, 54 дүгээр зүйлийн 54.4, 72 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А Н ХХК-ийн Төв аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140010568 тоот акт, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/0017350 тоот акт, татварын улсын байцаагч Д.Наранцэцэгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/003 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудсууд зэрэг захиргааны актуудыг гаргах ажиллагааг хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон гэсэн үндэслэлээр дахин хийхийг Төв аймгийн Татварын хэлтэст даалгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Тус А Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Татварын хэлтэст холбогдох А Н ХХК-ийн 2013 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудыг Төв аймгийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагчдаас солиулсан захиргааны үйл ажиллагаа, мөн хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140010568 тоот акт, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/0017350 тоот актуудыг гаргах ажиллагаа-г хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон гэсэн үндэслэлээр дахин хийхийг Төв аймгийн Татварын хэлтэст даалгуулах тухай захиргааны хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2017/0002 дугаар шийдвэр нь хуулийн зохих заалтуудыг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай уялдуулан тайлбарлаагүй, маргаангүй захиргааны акт, маргаангүй үйл явцын талаар тодорхойлж байгаа мэт дүгнэлт хийнээрээ шүүхийн шийдвэр хууль ёсны өгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчлөө гэж үзэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Хэргийн гол нь анхан шатн шүүхийн дүгнээд байгаачлан Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар аль эрт буюу 2013 оны 7, 8, 9 сард нэгэнт гаргаад өгчихсөн байсан НӨАТ-ын тайланд 2014 оны эхээр засвар хийлгэсэнд, тэр засвар нь тухайн тайлан гаргагч татвар төлөгчийн буруугаас биш татварын алба, байцаагч өөр бусад татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйд байгаа юм.
Төв аймгийн Татварын хэлтсийн шаардлага, НӨАТ-ын цахим тайлангийн программын хязгаарлалтын үндэслэл болж байсан НӨАТ падаан нь засвар хийгдсэн хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс бичилт хийсэн, тэдгээрт татварын албанаас тараагдсан, үйлдвэрийн аргаар үйлдвэрлэгдсэн, дахин хувилах төхөөрөмж ашиглаж хуулбарлаагүй, өөрөөр хэлбэл хуурамч падаан биш байсан нь шинжээчийн дүгнэлт, Татварын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн албан бичгээс харагдаж байгаа билээ.
Эдгээр нь манай компанийн өмнө нь гаргаж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд хууль ёсных, харин татварын улсын байцаагчид бичиг хийлгэн солиулсан захиргааны акт /үйл ажиллагаа/, мөн Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 140010568 тоот акт, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14/0017350 тоот акт, Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Наранцэцэгийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/003 дугаар мэдэгдэх хуудас, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудас зэрэг захиргааны актуудыг эргэж харах Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан үндэслэлийг бий болгосон юм.
Ийм болохоор л бид Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан журмын дагуу дээрх захиргааны актуудыг хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон гэсэн үндэслэлээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийлгэхээр Төв аймгийн Татварын хэлтэст хүсэлт гаргасан боловч тус хэлтэс нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 05/1543 тоот Албан бичгийн хариу-аараа хүсэлтийг маань хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан.
Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасанчлан Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон тохиолдолд тухайн хаяглагдсан этгээдийн хүсэлтээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх үүрэгтэй. Гэтэл Төв аймгийн татварын хэлтэс нь захиргааны акт асуудалдтай болчихлоо гээд хүсэлт гаргаад байхад асуудалгүй захиргааны акттай холбоотой хуулийн заалтууд барьж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан ба анхан шатны шүүх ч шийдвэртээ ийм утгатай дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, хүчингүй болгон нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 140010568 дугаар актаар А Н ХХК-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг үндэслэн нийт 325,522,975.4 төгрөгийн төлбөр тогтоосон боловч төлөөгүй учир 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 14/0017350 дугаартай улсын байцаагчийн актаар бүгд 922,853,583 төгрөгийн торгууль, алдангийг төлүүлэхээр тогтоож, татварын өр барагдуулахгүй байгаатай холбогдуулан татварын улсын байцаагч Д.Наранцэцэг 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14/003, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14/12 дугаартай мэдэгдэх хуудсуудыг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Улмаар Төв аймгийн Татварын хэлтэс А Н ХХК-аас 3,350,081,063 төгрөгийн татварын төлбөр гаргуулахаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 151/ШЗ2016/02980 дугаар захирамжаар ... нэхэмжлэл гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн шаардлагыг хангаагүй, ... Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй ... гэсэн үндэслэл зааж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А Н ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон санхүүгийн анхан шатны баримтад шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаж, энэ хүрээнд падаануудыг нэр бүхий компаниудад татварын албанаас тараасан, хуурамч биш гэдэг нь Татварын албан тодорхойлолт болон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.
А Н ХХК дээрх шинжээчийн дүгнэлт, татварын албаны тодорхойлолтуудад үндэслэж, Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно: ... 50.1.1.захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн, 50.1.2.хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон гэж үзэн, Төв аймгийн Татварын хэлтэст хандсан байх бөгөөд тус хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 05/1543 дугаар албан бичгээр хяналт шалгалтын ажлыг дахин хийх боломжгүй талаар мэдэгдсэн байна.
Тодруулбал, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2418 дугаар шинжээчийн дүгнэлтээр иргэний хэрэгт авагдсан 21 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд үйлдвэрийн анхны эхээрээ байгаа эсэх, падааны дугаар хэсэгт тавигдсан тоо нь анхны дардсаараа байгаа эсэх, дахин хувилах төхөөрөмж ашиглан хувилсан эсэхэд хариу өгч, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэсэн 21 ширхэг баримт нь үйлдвэрийн анхны эхээрээ байгаа гэж дүгнэсэн боловч энэ нь А Н ХХК-д ашигтай нотлох баримт үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Учир нь Төв аймгийн Татварын хэлтсээс А Н ХХК-ийн татвар төлөлтөд шалгалт хийхэд тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр борлуулалт, худалдан авалт хийсэн мэтээр өндөр дүнгээр хий бичилт хийсэн падааныг авч, нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусган татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан байх бөгөөд уг зөрчилд нь холбогдуулан төлбөр тогтоосонтой холбоотой шинжээчийн дүгнэлт гараагүй, харин нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуулбарлан олшруулсан, хуурамч тамга тэмдэг ашигласан эсэхэд дүгнэлт өгч, 21 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг эх хувиараа байгааг тогтоосон байна.
Нөгөөтэйгүүр иргэний хэргийн шүүхээс маргаанд холбогдох татварын актын үндэслэлийн талаар дүгнээгүй тул эдгээр үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эергээр өөрчлөгдсөн, хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2017/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ