Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 430

 

 

 

 

 

 

 

 

 

     Д.Даваанасанд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ц.Уртнасан,

            ялтан Д.Даваанасангийн өмгөөлөгч Б.Нарандолгор,

            хохирогч О.Лхагвасүрэн,

            нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 515 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Даваанасан, хохирогч О.Лхагвасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Даваанасанд холбогдох 201625020132 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Заяын гэгээн овгийн Даваанямын Даваанасан, 1985 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, “Хувь хишиг” ХХК-д ачигч, жолооч ажилтай гэх, ам бүл 4; хамтран амьдрагч О.Лхагвасүрэн болон хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 29-416 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 41 дүгээр байрны 1 тоотод түр оршин сууж байсан,

2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлэн, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар уг ялаас 3 жилийг хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож, 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан. /регистрийн дугаар: УК85040115/

 

Д.Даваанасан нь 2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 41 дүгээр байранд хамтран амьдрагч О.Лхагвасүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож “баруун гарын эрхий хурууны үзүүрийн шивнүүрийн ил хугарал, зөөлөн эдийн няцрал, толгой, баруун тохой, баруун гуянд няцарсан шарх, зулгаралт, тархи доргилт, хамарт хазагдсан шарх” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Даваанасангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Д.Даваанасанг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 56 см урт, 2.1 см диаметртэй төмөр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Даваанасан гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хэргийн хувьд маргах зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол, саналгүй болсон зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ. 

 

Хохирогч О.Лхагвасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд тайлбартаа: “Өөрийн нөхөр болох Д.Даваанасантай үл ойлголцож, маргалдсан. Үүний улмаас миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Ийм юм болсон хэдий ч О.Лхагвасүрэн би хань Д.Даваанасанг уучилж цаашдын ажил амьдрал, өөрсдийн алдаа дутагдлаа ухамсарлаж бие биенээ ойлгож уучилж, эвлэрсэн. Одоо миний бие сэтгэл санаа хэвийн, өвдөж зовиурлах зүйлгүй болсон. Алдаагаа ухаарч бид хоёр цаашид ийм асуудал үүсгэхгүй хэмээн бие биедээ амалсан. Та бүхэн энэ хүсэлтийг минь хүлээн авч нөхөр Д.Даваанасанд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Ялтан Д.Даваанасангийн өмгөөлөгч Б.Нарандолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Даваанасангийн үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Д.Даваанасан нь өмнө хорих ял шийтгүүлж байсан хэдий ч ялтай байдал нь дууссан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх тул хохирогч гомдол саналгүй гэсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар Д.Даваанасанд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ц.Уртнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Даваанасангийн үйлдлийг анхан шатны шүүх зөв дүгнэж үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Д.Даваанасанд холбогдох хэрэгт зайлшгүй шалгаж, тогтоовол зохих зүйлүүдийг шалгаагүй буюу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.

 

            1. Энэ хэрэг гарахаас өмнө Д.Даваанасан нь хохирогч О.Лхагвасүрэнг 2014 оны 3 дугаар сарын 9-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “ажлын хүмүүсийг хөөгөөд явуулчихлаа” гэж хөхний даруулганы мөрөөр хоолойг нь боож, үсдэж унагаад нуруун дээр нь сууж завьж болон хамраас нь татаж зодсон, 2015 оны 11 дүгээр сард “таксины мөнгө хурдан гаргаж өгөхгүй байсаар явуулчихлаа” гэж аягатай хоол цацаж, алх шиг зүйлээр нүдэнд нь цохиод, мөргөж уруулыг нь сэтлээд, гар хөрөөгөөр хөлийг нь хөрөөдсөн талаар хохирогч мэдүүлсэн /хх 15/, энэ тухай хохирогчийн эх Д.Алтангэрэл 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөлдөө тодорхой дурьдаж, “цагдаад хандвал гэр бүлээр чинь ална, дүү Эрдэнэсүрэнг нь хүнээр хүчиндүүлнэ” гэж айлган заналхийлдэг болохыг тэмдэглэсэн байхад энэ дагуу байцаан шийтгэх ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байгаа эсэхийг шалгалгүй орхигдуулжээ.

 

            2. Д.Даваанасанд холбогдох хэргийн зүйлчлэл, ял шийтгэлд нөлөөлөхүйц хүчин зүйлүүдийг тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй байна. Тэрээр 2015 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө хамтран амьдрагч О.Лхагвасүрэнг “Ганбаа” гэгчтэй хардаж маргалдан зодсон гэх боловч уг үйл явдал дууссан хойно унтахаар хэвтэж байхдаа хохирогчийн хэвлий тус газарт тохойлдож, араас нь багалзуурдан, хамраас нь хазаж, бусдаас тусламж хүсэн орилоход нь төмөрөөр олон удаа цохиж толгой, гуя, гарын эрхий хуруунд нь гэмтэл учруулсан үйлдэлд “... зовоон тарчлаах...”, “... бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн ...” шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай. 

 

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх асуудлуудыг нэмж шалгуулахаар Д.Даваанасанд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан “хорих ялыг тэнсэж, хянан харгалзах” талаар ялтан Д.Даваанасан, хохирогч О.Лхагвасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 515 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Даваанасанд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэрэг прокурорт очтол Д.Даваанасанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.     

           

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН

                                       

                        ШҮҮГЧИД                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                               

                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН