Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 147

 

Ё.Н-гийн нэхэмжлэлтэй,Сүхбаатар

дүүргийн Засаг даргын Тамгын газрын

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:       Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                     Б.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:             Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Долгордож

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгохыг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0649 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0149 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ё.Н, түүний өмгөөлөгч Э.Т нар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0649 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 16 дугаар зүйлийн 16.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ё.Н-г Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 2017 оны 10 дугаар сарын 23-наас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 11 сар 25 хоногийн цалингаас 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийн мөнгийг хасч нийт 8 /найм/ сар 25 хоногийн цалинд 8.776.757 /найман сая долоон зуун далан зургаан мянга долоон зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, зохих журмын дагуу сар тутмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх долоон сар зургаа хоногийн ажиллаагүй хугацааны цалин хөлс болох 6.963.684 /зургаан сая есөн зуун жаран гурван мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0149 дүгээр магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0649 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Ё.Н-гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Ё.Н-гийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нэхэмжлэгч Ё.Н-г 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 тоот тушаалаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх ба энэхүү тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэж заасны дагуу мөн хуулийн 43.2-т ”3ахиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасны дагуу мэдэгдсэнээ захиргааны байгууллага баримтжуулах үүрэгтэй. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгч Ё.Нямцоог түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг хуульд заасан журмын дагуу түүнд мэдэгдээгүй, мэдэгдсэнээ баримтжуулсан баримт хэрэгт авагдаагүй, мөн томилогдсон ажлаа хүлээн зөвшөөрч, ажил үүргээ гүйцэтгэж байсан нь тушаалыг мэдсэн нь нотлогдож байгаа юм гэсэн нь үндэслэлгүй. Учир нь аливаа төрийн албан хаагч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн /чөлөөлсөн, халсан, сахилгын шийтгэл ногдуулсан гэх мэт/ захиргааны актын эсрэг гомдол, нэхэмжлэл гаргахын тулд тушаал шийдвэрийг гардан авсны үндсэн дээр гомдол гаргах боломжтой.

4. Төрийн албан тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д ”хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж заасан байх бөгөөд уг хугацааг ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс тоолох ёстой. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т “хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна” гэж заасны дагуу хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 тоот тушаалыг нэхэмжлэгч Ё.Нямцоо өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухай заасан бөгөөд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн хариу авснаас хойш 30 хоногт багтаан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэнд тооцогдохгүй.

5. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0149 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:   

6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Ё.Н-г Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаалаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар “... бүтэц, орон тоо шинээр батлагдсан” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгч Ё.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд “Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаал”-ыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаал”-ыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэмэгдүүлсэн, дараа нь эдгээр актуудыг хүчингүй болгуулах гэж өөрчилжээ.

8. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:...” гэж тус тус зааснаас үзэхэд уг актыг дээд шатны эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргаж хянуулсны дараа хуульд заасан хугацааг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

9. Энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч Ё.Нямцоо нь “албан үүргийг түр орлон гүйцэтгэх нөхцөл байдал бий болоогүй” гэх үндэслэлээр 2016 оны Б/253 дугаар тушаалтай, “... шинэ батлагдсан бүтцээр хэлтсийн даргын албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр үлдсэн” гэх үндэслэлээр 2017 оны Б/65 дугаар тушаалтай тус тус маргасан, уг маргаан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу төрийн албаны төв байгууллагын хянан шийдвэрлэх харъяаллын маргаан тул нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэх дээрх актуудын талаар эхлээд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, тус байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх журамтай байна.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад “... ажлаас чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан шүүхэд ямар нэгэн гомдол гаргахгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн агуулгатай тодорхойлолт бичиж өгсөн, уг тушаалын талаар Төрийн албаны зөвлөлд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гомдлыг нь тус байгууллага нь “гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хянан шийдвэрлэхээс татгалзаж 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1197 дугаартай албан бичгээр хариу өгсөн; харин 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг 2017 оны 1 дүгээр сард мэдсэн гэдгээ үгүйсгээгүй, уг тушаалын талаар гомдол гаргаж маргаагүй байна.

11. Иймд, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь “гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хянан шийдвэрлэхээс татгалзсан энэ тохиолдолд нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэж, хэрэглэвэл зохих Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... Төрийн албаны зөвлөлийн хариу авснаас хойш 30 хоногтоо багтаан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэнд тооцогдохгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

12. Түүнчлэн, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн нэр нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/401 дүгээр захирамжийн дагуу “Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс” гэх нэртэй болсонтой хэргийн оролцогчид маргаагүй ба Ё.Н-г тус хэлтсийн даргын албан үүргийг “түр орлон гүйцэтгэгчээр томилсон” 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/253 дугаар тушаал /сөрөг нөлөөлөлтэй акт/-ыг нэхэмжлэгч нь мэдсэн атлаа гомдол гаргаагүй, өөр актын талаар шүүхэд маргах явцдаа буюу 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан журам, хугацааны талаарх шаардлагад нийцэхгүй байна.

13. Үүний зэрэгцээ 2016 оны Б/253 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх нь ойлгомжгүй, нэхэмжлэгч нь уг тушаалын талаар дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүйг хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан журмын дагуу уг тушаалыг түүнд гардуулж өгөөгүйгээс болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.7-д заасныг хэрэглээгүй” гэх агуулгатай гомдлыг хангах боломжгүй.

14. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0149 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                            Ч.ТУНГАЛАГ