Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01129

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01129

 

 

 

Н.Згийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/00960 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Згийн хариуцагч А.С ХХК, НШШГГт холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Згийн нэр дээр гаргуулахыг А.С ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагч А.С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.З нь А.С ХХК-д нүүрс нийлүүлэхээр 2015 оны 9 дүгээр сард амаар гэрээ байгуулж, 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нүүрсээ нийлүүлсээр ирсэн. А.С ХХК нь Н.Згийн нийлүүлсэн нүүрсний төлбөрийг бүрэн хэмжээгээр төлж чадахгүй байсан тул 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 16/16 дугаар Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ-г байгуулж, өмнөх хугацаанд нийлүүлсэн нүүрсний хэмжээ, төлбөр тооцоог нэгтгэн дүгнэсэн. Гэрээ байгуулснаар А.С ХХК нь Н.Згийн нийлүүлсэн нүүрсний төлбөрт Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 74В дүгээр байрны 96 тоот хаяг бүхий 69.49 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 137 974 200 төгрөгт тооцон Н.Зд бартераар шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дээрх орон сууцыг Н.Зд хүлээлгэн өгч, акт үйлдэн орон сууцыг хүлээлцсэн ба үүнээс хойш орон сууцандаа амьдарч байгаад 2017 оны 9 дүгээр сараас бусдад түрээслүүлэн үр шимийг нь хүртсээр байна. А.С ХХК нь нүүрсний төлбөрт орон сууцыг хүлээлгэн өгснөөс хойш нүүрсний үнийг зах зээлийн ханшаас хэт өндрөөр тооцсон гэсэн тул 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Тооцоо нийлсэн протокол үйлдэж, нүүрсний үнийн зөрүүд Н.З нь тус компанид 1 тонн шигшүүрний нунтаг нүүрсийг 40 000 төгрөгөөр тооцож 20 099 200 төгрөгийн нүүрс нийлүүлснээр төлбөр тооцоог дуусгахаар тохиролцсон. Улмаар 2018 оны 5 дугаар сард 20 099 200 төгрөгийн нүүрсийг бүрэн нийлүүлж дуусгасан боловч А.С ХХК нь гэрээний 4.4-д заасан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй, шалтаг тоочсоор 2019 онд Орон сууцыг банкны барьцаанд тавьсан байгаа, удахгүй бид ззэлээ төлж дуусгаад, орон сууцыг чинь чөлөөлж өгнө гэж тайлбарласаар өнөөдрийг хүрсэн.

Иймд Н.З болон А.С ХХК-ийн хооронд байгуулагдсан Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах-худалдан авах бартерийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, 74в байр, 96 тоот хаяг бүхий 65.70 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Згийн нэр дээр гаргуулахыг А.С ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.З 2005 оноос манай компанид нүүрс нийлүүлж эхэлсэн ба 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бид харилцан тохиролцож 16/16 тоот Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Н.З нь Налайх нүүрсний уурхайн шигшүүрийн нунтаг нүүрсийг А.С ХХК-ийн халаалтын зуухад нийлүүлэх, А.С ХХК нь нийлүүлж буй нүүрсний хариу төлбөрт Макс Пропертийз ХХК-ийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд барьсан 12 давхар барилгын С блок байрны 12 давхрын 96 тоот хаяг бүхий 69.49 м.кв талбай бүхий орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Н.Згийн нийлүүлж буй нүүрсний 1 тонныг 40 000 төгрөгөөр тооцохоор, А.С ХХК-аас нийлүүлэх орон сууцыг 137 974 200 төгрөгөөр тооцохоор болсон. Улмаар 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Н.З нь дээрх орон сууцыг акт үйлдэн, өөрийн эзэмшил, ашиглалтанд хүлээн авсан. Талууд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дундын тооцоо нийлэхэд Н.З нь 20 099 200 төгрөгийг А.С ХХК-д төлж барагдуулахаар байсныг нүүрс нийлүүлснээр 2018 оны 5 дугаар сард бүрэн төлж барагдуулсан. Гэрээний 4.4-т зааснаар манай компани 2018 оны 5 дугаар сард орон сууц өмчлөх эрхийг Н.Згийн нэр дээр шилжүүлж өгөх үүрэгтэй байсан. Гэвч А.С ХХК-ийн захирал Б.Инжиннаш итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд тухайн үед гадаадад томилолтоор удаан хугацаагаар ажиллаж байсан тул орон сууцыг түүний нэр дээр шилжүүлэхэд холбогдох баримт бичгүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлэх боломжгүй байсан. Энэ хугацаанд төлбөр төлөгч А.С ХХК, төлбөр авагч Капитрон банк ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдээс гадна барьцааны бус үл хөдлөх хөрөнгө, харилцах банкны данс зэргийг битүүмжилсэн бөгөөд Н.Згийн худалдан авсан дээрх эд хөрөнгийг мөн битүүмжилсний улмаас өнөөдрийг хүртэл орон сууцыг өөрийнх нь нэр дээр шилжүүлж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 680 дугаар тогтоолоор төлбөр төлөгч А.С ХХК-аас 900 210 983 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч А.С ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220408527 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, 74в байрны 96 тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаатай эсэхийг Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/18959 тоот албан бичгээр тодруулахад 8/1821 тоот албан бичгээр тус үл хөдлөх хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл байхгүй талаар хариу ирүүлсэн. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ 74В байр, 96 тоот хаягт байршилтай 65.70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Н.Згийн нэр дээр гаргуулахыг хариуцагч А.С ХХК-д даалгаж, дээрхи орон сууцтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоохыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Згийн 918 021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С ХХК-аас 918 021 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Зд олгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. А.С ХХК нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тул Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 680 дугаар тогтоолоор А.С ХХК-аас 895 575 158 төгрөг гаргуулж, тус банкинд олгуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч А.С ХХК-ийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тогтоолоор хураасан.

Нэхэмжлэгч болон хариуцагч А.С ХХК нарын хооронд байгуулсан гэх 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 16/16 тоот Нүүрс нийлүүлж, орон сууд худалдах, худалдан авах бартерийн гэрээ-г бичгээр байгуулсан байх боловч тус гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Гэтэл хууль зөрчиж байгуулсан гэрээг анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж үзэж, шийдвэрээ гаргасан нь үндэслэл муутай болжээ. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч А.С ХХК нарын хооронд хэзээ гэрээ байгуулсныг тогтоох боломжгүй бөгөөд хариуцагч А.С ХХК нь бусдад төлөх төлбөрөө төлөхгүйн тулд нэхэмжлэгчтэй тохиролцож, нөхөж дээрх гэрээг байгуулсан байж болзошгүй байна. Хуулийн дагуу гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй тул гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

Хариуцагч А.С ХХК нь шүүхэд хүргүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний ар талд тус компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа нь дууссан байж болзошгүй харагдаж байсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас дэлгэрэнгүй лавлагаа авах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн боловч шүүгч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хүсэлт гаргах эрхгүй гэж хэлсэн.

А.С ХХК нь хуулийн дагуу өөрийн үндсэн хөрөнгөдөө дээрх орон сууцыг бүртгэсэн эсэх, нэхэмжлэгчтэй өглөг, авлага хэзээнээс үүссэн эсэхийг тогтоолгох зорилгоор Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтсээс А.С ХХК-ийн тайланг татуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийг буруу шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх орон сууцтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоохыг хариуцагч НШШГГт даалгаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.З нь хариуцагч А.С ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах гэж тодорхойлон, үндэслэлээ А.С ХХК-тай нүүрс нийлүүлж, нүүрсний үнэд 69.49 м.кв орон сууцыг 137 974 200 төгрөгөөр тооцон авахаар харилцан тохиролцсон, орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан, 2018 оны 5 дугаар сард нүүрсний зөрүүг нийлүүлж тооцоо дуусгасан, ... орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байна ... гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь ... төлбөр төлөгч А.С ХХК-ийн өмчлөлийн 74в байрны 94 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, битүүмжилсний улмаас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж чадаагүй байгаа... гэх агуулга бүхий тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Зохигчдын дээрх тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг, баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхой бус байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсгийн заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр НШШГГ-ын хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулжээ.

Нэхэмжлэгч тус хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 13 дугаар хорололд байрлах 74в байрны .... тоот орон сууцтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зогсоохыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлд заасанд нийцэхгүй байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэгч, эсхүл түүнийг төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байхыг, мөн нэхэмжлэл нь мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан байх нөхцлийг шаарддаг. Хэрвээ нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж байгаа тохиолдолд уг асуудлыг нарийвчлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгах ёстой бөгөөд уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, түүнд тайлбар гаргах хугацаа олгох зэрэг ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1 дах хэсэгт заасны дагуу явуулах үүрэгтэй.

Улмаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хэргийн үйл баримт гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцнэ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон ажиллагааг явуулалгүй, хэргийг шийдвэрлэж хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/00960 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 918 321 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД