Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 116/2018/0008/З |
Дугаар | 156 |
Огноо | 2019-05-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 156
Д-д аймгийн Х-н сумын и-ийн
Т-ийн Х-ын нэхэмжлэлтэй, Дорнод
аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга болон аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоол, Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлж ажиллахыг Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон аймгийн Засаг даргад даалгах
Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0094 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Ч.Э,
Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Гуравдагч этгээд Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга Ц.А, өмгөөлөгч Д.У,
Гуравдагч этгээд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын өмгөөлөгч Д.Г,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3, 58 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргад холбогдох, Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоол, Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэн ажиллахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0094 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорнод аймгийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоол, Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэн ажиллахыг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Магадлалын хянавал хэсэгт: Захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т хуулийн зорилтыг “хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэгдэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж.... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг“ гэж захиргааны байгууллагын захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаартайгаар зохицуулсан байна.
4. Энэ тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээ, чиг үүргийг зохицуулсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулиар түүнд тухайн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн маргаантай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх тусгайлан олгогдоогүй байх тул Захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэхүү нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн тодорхой асуудлыг эрхийн дагуу шийдвэрлэдэг тул энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн Захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5. Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд сумынхаа нийгэм, ахуйн, соёлын тулгамдсан асуудлаар, иргэдийнхээ зөрчигдөж болзошгүй нийтийн эрх ашиг сонирхлыг хуулиар хамгаалах, төлөөлөх бүрэн эрхтэй байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх эрхийг үгүйсгэхдээ Захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, 1.1 дэх хуулийн зорилтыг үндэслэсэн нь хуулийн зорилт, үзэл санаатай нийцэхгүй байна.
6. Захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3.“нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тодорхойлсон байх агаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэсэн эрхийн хүрээнд Хэрлэн сумын иргэдийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь үүгээр нотлогдож байна.
7. Захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн “18.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага оролцох эрхтэй” мөн хуулийн 19 дүгээр зүйлийн “19.1.Шүүхэд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан эрхээ өөрөө хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх болон төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх чадварыг эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ” гэж тус, тус хуульчилсан бөгөөд Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн дээрх шаардлагуудыг бүрэн хангаж байхад давж заалдах шатны шүүх бодиттой үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байна.
8. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дүгээр зүйлийн /сум, дүүргийн хурлын бүрэн эрх/ 18.1, 20 дугаар зүйлийн /Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх/ 20.1.7. тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийг анхан шатны шүүх бодиттой үнэлж нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг зөв дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.
9. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “4.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэсэн тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байна.
10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0094 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
12. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар, Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоолуудаар Хэрлэн сумын хилийн цэсийг тодорхойлж, газар нутгийн хэмжээг 65200 га байхаар тогтоосон” гэж маргаж, уг тогтоолуудыг мөрдөж, хэрэгжүүлэхгүй байгаагаас “...Чойбалсан хотын иргэд хохирч байна” гэх үндэслэлээр тус тогтоолуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлж ажиллахыг Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад болон аймгийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
13. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан зохицуулалтыг буруу, агуулгын зөрчилтэй байдлаар тайлбарлаж Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
14. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2-т “аймаг, нийслэл, сум, дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн”, 5 дугаар зүйлийн 5.1-д “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс нь түүнд хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар, түүний хэвлий, байгалийн нөөц баялаг, орон нутгийн өмч, бүх төрлийн өмчийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлогоос бий болсон хуримтлал, албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ”, 8 дугаар зүйлийн 8.2-т “нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна: ... 9.1.2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, 18 дугаар зүйлийн 18.1-д “сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.2. нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар: ...з/ нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах” гэж тус тус заасан, эндээс үзэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хууль тогтоомжийн дагуу эзэмшсэн газартай, эзэмшүүлсэн газар нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс болдог, тухайн Хурал нь тухайн засаг захиргааны нэгжид эзэмшүүлсэн газар нутгийн хил хязгаарын дотор бүрэн эрхээ хэрэгжүүлдэг, Хурал нь газрын харилцааны талаар хуульд заасны дагуу тодорхой чиг, үүргийг хэрэгжүүлдэг байна.
15. Энэ тохиолдлын хувьд Дорнод аймгийн Хэрлэн сумын “хил хязгаарыг тодорхойлж, хэмжээг тогтоосон” эрх бүхий байгууллагын актыг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн аймгийн Засаг дарга мөрдөж, хэрэгжүүлэхгүй байгаагаас “...Чойбалсан хотын иргэд хохирч байна, ... сумын Хурлын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэл гаргасан нь нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллагынхаа хувьд биш харин бусад хүн, хувийн эрх зүйн хуулийн этгээдийн нэгэн адил нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг “захиргааны байгууллага”-ын хувиар дүгнэж, улмаар нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдоогүй гэж тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу.
16. Тодруулбал, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суудаг иргэдийн төлөөлөл болж, тэдний саналын үр дүнд сонгуулиар байгуулагддагийн хувьд хуулиар хамгаалагдсан нийтлэг “ашиг сонирхол” зөрчигдсөн тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн нэгэн адилаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой юм.
17. Иймээс, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд иргэдийнхээ зөрчигдөж болзошгүй нийтийн ашиг сонирхлыг хуулиар хамгаалах, төлөөлөх эрхтэй байхад давж заалдах шатны шүүх уг эрхийг үгүйсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, үзэл санаатай нийцэхгүй” гэх гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй.
18. Анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв дүгнэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
19. Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “Сум байгуулах тухай” 33 дугаар тогтоолын 1 дэх заалтад “аймгийн төв хотуудын одоогийн хилийн цэсээр хилийн цэс нь тодорхойлогдох нутаг дэвсгэрт дараах сумдыг байгуулж төвийг нь дор дурдсанаар нэрлэсүгэй: ... 7/ Дорнод аймгийн төвд Хэрлэн сум, төвийг Чойбалсан хот” гэж зааснаас үзэхэд уг тогтоолоор Дорнод аймгийн төвд шинээр байгуулсан Хэрлэн сумын нутаг дэвсгэр нь аймгийн төвийн буюу Чойбалсан хотын хилийн цэсийг тодорхойлж, эзэмшүүлсэн газар нутгийн хилийн дотор болох нь тодорхой байна.
20. Монгол Улсын Үндсэн хуулийн тавин наймдугаар зүйлийн 2-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг батлах, өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж тус тус заасан, энэ тохиолдлын хувьд Хэрлэн сумыг байгуулсан Улсын Их хурлын 1994 оны 33 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үед Чойбалсан хотын хилийн цэсийг тодорхойлсон тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн “Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай” 75 дугаар зарлиг хүчинтэй байсан, уг зарлигийн 3 дугаар хавсралтаар батлагдсаны дагуу Чойбалсан хотын хилийн цэс тодорхойлогдсон байна.
21. Харин, Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Чойбалсан хотын хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай” 25 дугаар тогтоолоор Чойбалсан хотын хилийн цэсийг шинэчлэн, нийт газар нутгийн хэмжээг 65200 га байхаар тогтоосон, улмаар дээр дурдсан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлигийн үндэслэл болсон буюу Дорнод аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны 1974 оны 48 дугаар тогтоолоор тогтоогдсон Чойбалсан хотын хилийн цэсийг өөрчилсөн хэдий ч тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу уг шинэчилсэн байдлаар Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарч Чойбалсан хотын хилийн цэсийг баталгаажуулаагүйн зэрэгцээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /1992 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 1, одоо дагаж мөрдөж буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасанд нийцүүлэн “сумын хилийн цэсийг өөрчлөх” саналаа Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлээгүй нь тогтоогджээ.
22. Үүнээс үзвэл, Чойбалсан хотын хилийн цэс, нутаг дэвсгэрийн хэмжээг тогтоосон гэх Дорнод аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг даргад даалгах хууль зүйн боломжгүй, уг тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй талаар, түүнчлэн Улсын Их Хурлын 1994 оны 33 дугаар тогтоол нь “хилийн цэс” тогтоох агуулгагүй бөгөөд Дорнод аймгийн төвд Хэрлэн сум байгуулагдаж, төв нь Чойбалсан гэж нэрлэгдсэн, уг тогтоолыг хэрэгжүүлсэн үйл баримт нь нийтэд илэрхий байхад үүнийг хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
23. Харин шүүх шийдвэрийнхээ “тогтоох” хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийг баримтлах шаардлагагүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Баасанжавын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0094 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3, 58 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3” гэснийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3” гэж өөрчилсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ