Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01168

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01168

 

 

 

Ч.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/01115 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Бын хариуцагч М.Д.А.И НҮТББ-д холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 780 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр М.Д.А.И НҮТББ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уг гэрээнд зааснаар консалтинг, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах, аж ахуй нэгжтэй хамтран ажиллах, сургалтын төлөвлөгөө гаргах, бусад нэгж болон аудитын ерөнхий захирлын бүхий л ажил үүрэгт дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахаар болсон. Мөн гэрээгээр намайг гүйцэтгэх захирлын ажлыг хийлгэхээр болсон. Би 51 000 000 төгрөгийн үнэ бүхий зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан уг ажлыг хийж дуусгасан, ашгийг нь хариуцагч хүртсэн боловч миний ажлын хөлсийг дутуу төлсөн. Намайг гүйцэтгэх захирлаар ажиллуулах орчин нөхцлөөр хангаагүй.

 

2017 оны 12 дугаар сард хоёр тал гэрээгээ цуцалж, би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Гэрээ цуцлах болсон шалтгаан нь А тал гэрээний дагуу хүлээн авсан ажлаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу гэрээ дүгнэсэн акт үйлддэггүй, цалин хөлсөө бүрэн өгдөггүй, тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн хүчин төгөлдөр анхан шатны баримтуудыг үндэслэж тооцоо нийлж, гэрээнд заасан цалин хөлс урамшууллаа олгодоггүй. Би хариуцагч байгууллагаас нийт 13 239 778 төгрөгийн хөлс авсан. Үүний 10 219 778 төгрөг нь гэрээний хавсралтад зааснаар тогтмол цалин хөлс болох 1 500 000 төгрөгтэй холбоотой, үлдсэн 3 020 000 төгрөг нь сургалт зохион байгуулсантай холбоотой урамшуулал байдаг.

 

Хамтын ажиллагааны гэрээний 3.6-д зааснаар хөлсийг тогтмол цалин болох 1 500 000 төгрөг, нэмэлт ажил олсон үед гүйцэтгэл болон ашгаар тооцож олгох, энэ үед тогтмол цалин тооцохгүй байхаар тохирсон байдаг бөгөөд гэрээний хавсралтаас харагдана. Хийсэн 8 ажлын гэрээн дээр Ч.Шүрэнцэцэг гэсэн нэр явдаг бөгөөд би 2014 онд нэрээ өөрчилж Ч.Б болгосон. Гэрээний төслийг хариуцагч бэлддэг, нэгэнт нэр нь Ч.Шүрэнцэцэг гээд гарсан байдаг учраас би Ч.Шүрэнцэцэг нэрээр гарын үсэг зурдаг, энэ талаар маргаагүй, хийсэн ажлыг маань хүлээгээд авчихсан байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд миний гаргасан 1-8 дугаартай тооцоо байгаа. Уг тооцооноос эхний 1-6 дугаартай Голден хаммер-Бизкон, Улз гол-Бизкон, Улз групп-Бизкон гэсэн гэрээт ажлуудын хөлсийг гүйцэтгэлээр, 7,8 дугаартай Улз групп-МДАИ, ММУНБ-тай байгуулсан гэрээт ажлуудыг ашгийн 20 хувиар тооцон нэхэмжилж байна. Гүйцэтгэлийг 1 хүн/цаг 75 000 төгрөгөөр тооцсон.

 

Иймд ажлын хөлс болох нийт 40 780 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Д.А.И НҮТББ-ын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Талууд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан боловч Ч.Б нь 2018 оны 02 дугаар сард гэнэт ажлаа орхиод явчихсан. Манай байгууллагатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгуулан ажиллаж байсан. Гүйцэтгэсэн ажлын хөлстэй холбоотой ямар нэгэн маргаан огт гарч байгаагүй. Нэхэмжлэгчийн хэлж буй 8 төрлийн гэрээний ажлыг хийсэн талаар маргахгүй боловч сүүлийн ажлуудыг бүрэн дуусгаагүй, ажлаа хаяад явсан учир Б.Наранбат гэж хүнээр ажлыг үргэлжлүүлэн хийлгэж дуусгасан байдаг. Манай байгууллагын зүгээс тогтмол цалин болоод, гэрээний ашигт нийт 13 989 778 төгрөг төлсөн, одоо нэхэмжлэгчид төлөх хөлс байхгүй.

 

Харин Ч.Бын хэлээд байгаа 1 дүгээр хавтсанд байгаа тооцооллоос үзвэл ажлыг цэвэр ашиг, гүйцэтгэлийн аль алинаар нь тооцсон байна, тэгэх боломжгүй, гэрээний хавсралтад заасан аль нэг тохиролцоогоор хөлс авах ёстой. Өөрөөр хэлбэл 16 дугаарт байгаа Бизконтой байгуулсан гэрээнүүд гүйцэтгэлээр, 7, 8 дугаарт байгаа хоёр ажил нь ашгаар тооцогдох ёстой. Гэтэл 40 780 000 төгрөг, үүнээс цэвэр ашгийн 20 хувиас 9 880 000 төгрөг, гүйцэтгэлээс 30 900 000 төгрөг авна гэжээ. 1 хүн/цаг 75 000 төгрөгийг гаргахдаа сарын цалин 1 500 000 төгрөгийг 20 өдөрт хувааж гаргажээ. Өдөрт хуваасан юм чинь өдрийн цалин хөлсний үнэлгээ гарах ёстой. Гэтэл энэ өдрийн цалингийн тооцооллоо 1 цагийн 75 000 гээд, өдөрт 6 цаг, нийт 30 цаг гээд 2 250 000 төгрөг гэсэн алдаатай тооцоо гаргажээ. Түүний хийсэн тооцооллоос харвал 3 000 000 төгрөгийн гэрээний дүнтэй ажлаас 2 730 000 төгрөгийг авахаар, 20 000 000 төгрөгийн гэрээний дүнтэй ажлаас 18 400 000 төгрөгийг авахаар нэхэмжлэх гаргасан нь үндэслэлгүй тооцоолол байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1д зааснаар М.Д.А.И НҮТББаас 3 981 561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бод олгож, нэхэмжлэлээс үлдэх 36 798 439 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2т зааснаар нэхэмжлэгч Ч.Бын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Д.А.И НҮТББаас 78,654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бод олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Д.А.И НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 17/0510 дугаартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй. Гэрээний талууд тус гэрээний үүргийн биелэлтийг дүгнээгүй, нэхэмжлэгч Ч.Б 3 жил хамтран ажиллана гэж гэрээ хийсэн атлаа ажлаа хаяж явсан. Мөн Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож буй 8 гэрээнийхээ ажпаа хийж дуусгасан баримт хэрэгт огт байхгүй, шаардлагаа баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулж байгаа асуултандаа нэхэмжпэгч, хариуцагчийг чиглүүлж, хөтөлж /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ асуусан, нэг талыг барьж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эсэхийг үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэгчийн тооцоолол буруу гэж дүгнэсэн атлаа шүүх өөрөө /шинээр/ тооцоолол гаргаж, гэрээг дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Ч.Б өөрөө ажлаа хаяж явсан, гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлаа дуусгаж хүлээлгэн өгсөн баримт байхгүй, ажпаа хаяж явснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон. Гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас нэхэмжлэгчид 13 989 778 төгрөг төлсөн нь ХААН банк ХХК, Худалдаа хөгжлийн банкны дансны депозит дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байгаа бөгөөд үүн дээр нэхэмжлэгч маргадаггүй. Нэхэмжлэгчид хариуцагчаас нийт 13 989 778 төгрөг олгосон болох нь холбогдох баримтуудаар нотлогдсон байдаг. Гэтэл шүүх шийдвэртээ гүйцэтгэл, цэвэр ашгийг ямар баримтыг үндэслэн хэрхэн яаж тооцоолсон нь тодорхойгүй гэж дурдаад, Ч.Бод олгочихсон /гэрээний хугацаан дах/ 8 гэрээний цэвэр ашиг болон гүйцэтгэлд ногдох төлбөр нь Ч.Бод өгсөн 13 989 778 төгрөгт багтаж олгогдсон байхад шүүх дахин цэвэр ашиг гэж өөрөө бодож /тооцоолж/ нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр тооцоолсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч М.Д.А.И НҮТББ-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 780 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... цалин болон гэрээний ашигт нийт 13 989 778 төгрөг төлсөн, ... гүйцэтгэл, ашгийг хамтад нь давхардуулж тооцсон нь ойлгомжгүй, тооцоолол буруу байна гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

 

Талуудын байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ нэртэй гэрээгээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсч, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр уг харилцаа дуусгавар болсон үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт буй гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтыг үндэслэн зөв тогтоосон байна. /1хх-8-11, 5хх8, 16/ Иймд гэрээний талуудын хэн аль нь нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Ч.Б нь гэрээний хавсралт 1-ийн 2, 4, 5-д заасан буюу сургалт зохион байгуулах, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, холбоо тогтоох, сурталчлах, таниулах, эх материал бэлтгэх, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн, МДАИ НҮТББ-аас ажлын хөлсөнд 13 989 778 төгрөг төлсөн болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогджээ. /1хх42-55, 5хх16,18/

 

Улз гол ХХК, Улз групп ХХК, Голден хаммер ХХК-уудтай аудит хийх болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай 8 гэрээг байгуулах ажлыг нэхэмжлэгч Ч.Б хийсэн гэдгийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, маргаагүй. Харин дээрх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил, ажлын хөлсний тооцоолол болон хариуцагч ажлын хөлс төлөх үүргээ биелүүлсэн эсэх талаар зохигчид маргасан байна.

 

Гэрээний хавсралт 1-ээр ажлын хөлсний үнэлгээг ямар хэмжээгээр тооцох талаар, өөрөөр хэлбэл, зөвлөн туслах үйлчилгээ /шинжээч, дотоод аудит, нягтлан бодох бүртгэл/ цэвэр ашгийн 20 хувь, сургалт зохион байгуулах төлбөрийн 10 хувь, гэрээт ажил гүйцэтгэх /гадаад аудит/ гүйцэтгэлээр, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, холбоо тогтоох, сурталчлан таниулах эх материал бэлтгэх, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, сургалтын болон консалтингийн төлөвлөгөө гаргах тогтмол 1 500 000 төгрөг, бусад /ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгавар/ тогтмол 1 500 000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцжээ. /4хх-102/

 

Нэхэмжлэгч нь дээрх 8 гэрээтэй холбоотой ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шаардахдаа хөлсийг ажлын гүйцэтгэлээр болон цэвэр ашгийн 20 хувиар тооцон нэхэмжилжээ. Уг 8 гэрээний 6 нь тухайн байгууллагын 2017 оны санхүүгийн тайлан тэнцэлд санхүүгийн дотоод аудитын үйлчилгээ үзүүлэх, 1 гэрээ нь банк бус санхүүгийн байгууллага байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, нөгөө гэрээ нь санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэргээр нотлогдсон байна. /1хх 15-38, 5хх 8-17/

 

Нэхэмжлэгч Ч.Б 6 гэрээнд заасан ажлыг буюу санхүүгийн дотоод аудитын үйлчилгээ үзүүлэх ажлыг хийсэн гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлий шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Б нь аудит хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд биш байхаас гадна хэрэгт Улз гол ХХК, Улз групп ХХК, Голден хаммер ХХК-уудын санхүүгийн тайлан тэнцэлд дотоод аудит хийсэн гэх тайлбарыг нотолсон баримт авагдаагүй байна. Иймд хөлсөөр ажиллах гэрээний дагуу дээрх компаниудад аудитын үйлчилгээ үзүүлэх ажил хийгээгүй гэх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журам, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардаж буй төлбөр нь өмнө ажлын хөлсөнд төлсөн 13 989 778 төгрөгт багтсан буюу уг хөлсөд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний ажлын ашгийг тооцон олгосон гэж маргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь өөрөө нотолгооны хэрэгсэл болдог.

 

Нэхэмжлэгч Ч.Б гэрээний дагуу 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд 8 сар ажилласан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон, гэрээний хавсралт 1-ийн 4, 5-д заасан ажлыг гүйцэтгэж сар бүр 1 500 000 төгрөгийн ажлын хөлс авч байсан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Ч.Б нь Улз групп ХХК-тай 2017 оны 8 дугаар сард банк бус санхүүгийн байгууллага байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх тухай 15 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ, мөн санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай 20 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ тус тус байгуулсан болох нь тогтоогдсон.

 

Зохигчид хөлсөөр ажиллах гэрээний хавсралт 1-ийн 1-д зөвлөн туслах үйлчилгээний ажлын хөлсийг цэвэр ашгийн 20 хувиар тооцохоор харилцан тохиролцсон байдаг.

 

Хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн хэргийн 4 дүгээр хавтасны 190-191 дэх талд хариуцагчийн төлөөлөгч Л.Отгонбаярын гарын үсэг зурагдсан зөвлөх үйлчилгээний орлого, зардлын нэгтгэл гэх бичгийн баримтад нэхэмжлэгч Ч.Бод олгох дээрх үнийн дүн бүхий 2 гэрээний ашгийг 20 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнд 2 147 826 төгрөг, 15 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнд 1 833 736 төгрөгөөр, нийт 3 981 562 төгрөгөөр тооцох талаар бичжээ. Уг нотлох баримтаар нэхэмжлэгчид ажлын ашгийг тооцож өгсөн гэх татгалзал няцаагдаж байна. Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хариуцагчийн гаргасан дээрх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд хариуцагч байгууллагыг ажлын хөлсний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж дүгнэн, 3 981 562 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/01115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 78 654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД