Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01167

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01167

 

 

 

Ж.Т.К ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/01156 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Т.К ХХК-ийн хариуцагч Б.Жт холбогдуулан гаргасан ажил хэргийн нэр хүндэд халдан олон нийтэд тараасан худал мэдээллийг залруулж, өөрийн фэйсбүүк хуудсанд оруулсан аливаа зураг дүрс бичлэгийг устгаж уучлал гуйхыг хариуцагчид даалгах, хохиролд 1 төгрөг гаргуулах, компанийн ажлын байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Норовсамбуу, хариуцагч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Б.Ж нь 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч компанийн ажлын байранд зөвшөөрөлгүй нэвтрэн орж, өөрийн Ж.Б гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан компанийн ажил хэргийн нэр хүнд болон гүйцэтгэх захирал, ажилтнуудын дүрсийн эрхэд хууль бусаар халдсан. Тодруулбал, Монголчуудаа энд нэг дураараа аашилсан Япон улсын иргэн байна, монголчуудыг тиймээ хүүлээд гэх зэргээр Ж.Т.К ХХК-ийн гүйцэтгэх захирал, Япон улсын иргэний дүрсийн эрхэд бүдүүлгээр халдсан. Түүнчлэн, компанийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дах хэсгийг зөрчсөн буюу Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхгүй байна гэх зэргээр ажил хэргийн нэр хүндэд халдаж, огт үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтэд тараасан. Нийт 9 минут 5 секундын хугацаатай дээрх бичлэгийг нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 114 000 хүн үзсэн байна.

Мөн өдөр Б.Ж нь дээрх фэйсбүүк хуудсаараа дамжуулан дахин шууд бичлэг хийж, бичлэгийнхээ гарчигийг ЖТ. ББСБ хууль бус ажиллагаа, Япон эзэнтэй нөхрийн даврал, завхрал, банкны мөнгө хүүлэгчдийн эсрэг гэсэн нь нэхэмжлэгчийг шууд хууль зөрчигч мэтээр олон нийтэд буруу ташаа ойлголтыг төрүүлжээ. Нэхэмжлэгчийн зүгээс бичлэг хийж шууд дамжуулахгүй байхыг удаа дараа шаардсан ч үл тоомсорлосон. Энэ бичлэгт Б.Ж нь ...Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт заасны дагуу танай байгууллага ард иргэдийн автомашин, эд хөрөнгийг хууль бусаар хураан авах эрхгүй этгээд бөгөөд уг үйл ажиллагааг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн дагуу иргэдийн өмчид халдах эрхтэй. Иймд танай байгууллага хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоож иргэдээс хууль бусаар хураан авсан автомашин болон бусад эд хөрөнгийг буцаан олгохыг иргэд болон Б.Ж миний зүгээс мөн шаардаж байна... гэж нэхэмжлэгчийг хууль зөрчин дур зоргоороо үйл ажиллагаа явуулдаг гэсэн худал мэдээг тараасан. Уг бичлэг 9 минут 29 секундын хугацаатай бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 43 000 хүн үзсэн байна.

Түүнчлэн Б.Ж нь дээрх фэйсбүүк хуудаст Япон захиралтай Ж.Т.К ХХК олон иргэдийг хохироосон, санал гомдлын дагуу ажиллаа, хатуу тэмцэнэ. Дотоод, гадаадын мөнгө хүүлэгчид иргэдийг маань мөлжиж даврах ёсгүй. Хуулийн дор хариуцлага хүлээх үүрэгтэй гэсэн нэхэмжлэгчийн ажилчдын зураг бүхий пост бичжээ. Энэхүү постоороо нэхэмжлэгчийг бусдыг хохироогч, хууль сахидаггүй байгууллага гэж олон нийтэд худал мэдээ тараасан. Уг постыг 323 хүн шэйр хийж, 195 сэтгэгдэл үлдээж, 1700 гаруй лайк дарагдсан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Жтай уулзах үеэр бичлэг хийхгүй байхыг хүссэн боловч мөн л зөвшөөрөлгүй бичлэг хийж, тус компанийн зарим ажилтнуудын дүрсийн эрхэд халдсан байдаг. Б.Ж нь бичлэгийнхээ гарчгийг ...Ж.Т.К ХХК удирдлагууд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсгийг уландаа гишгэж байна, УИХ гишүүдийн баталсан хууль япон иргэний хөлд сөхрөв... гэж өгсөн нь нэхэмжлэгчийн талаар бусдад худал мэдээ тарааж, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл гаргажээ. Уг бичлэг нь өнөөдрийг хүртэл Ж.Б гэсэн фэйсбүүк хуудсанд нийтэд харагдахаар байгаа бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 197 000 гаруй хүн үзэж, 927 сэтгэгдэл үлдээсэн байна. Тухайн бичлэгт Б.Ж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дах хэсэгт заасны дагуу өргөдөл, гомдол өгөх эрхтэй. Иргэд бидний өргөдөл, гомдлын дагуу хуулийн дагуу та нар хариу өгөх үүрэгтэй, тэгэхээр одоо та нар албан бичгийн хариу өг гэж шаардсан байдаг. Гэтэл энэхүү шаардлагын талаар бичлэг үзсэн хүмүүс нэхэмжлэгчийг буруу ташаа ойлгох нөхцөл байдал үүссэн. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан энэхүү үүрэг нь төрийн байгууллага, албан тушаалтанд хамааралтай буюу хувийн хэвшлийн байгууллагад хамааралгүй байтал нэхэмжлэгчийг олон нийтийн өмнө үүрэг хүлээсэн мэтээр дамжуулж, цаашлаад уг үүргээ биелүүлэхгүй хууль зөрчиж байна гэсэн буруу ташаа мэдээллийг өгсөн.

Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн өмнө ямар нэгэн хариу өгөх үүрэг хүлээгээгүй болохоо илэрхийлсэн боловч тэрээр ямар ноцтой юм бэ гээд Ж.Т.К нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна гэж нийтэд хандсан байдаг.

Б.Ж нь ...тусгай зөвшөөрлийг нь Санхүүгийн зохицуулах хороонд өгч цуцлуулах арга хэмжээ авна. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Монгол Улсын хууль тогтоомжийг Монгол Улсын иргэний нэгэн адил дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл яаж энэ байгууллага Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа талаар Монгол Улс даяар лайваар хараг гэжээ. Харин нэхэмжлэгчийн зүгээс шууд дамжуулалтаар хийсэн энэхүү бичлэгийг зогсоохыг удаа дараа шаардсан боловч үүнийг үл ойшоож, нэхэмжлэгчийг хууль ноцтой зөрчигч гэсэн ташаа мэдээллийг олон нийтэд өгсөн.

Мөн фэйсбүүкээр шууд бичлэг хийхдээ Монгол Улсын татварын хуулийг дагаж мөрдөлгүй, татвараас зайлсхийсэн магадлалтай, хүсвэл, гуйвал иргэдэд НӨАТ өгдөг Япон эзэнтэй Ж.Т.К ХХК-ийг Монгол Улсын Татварын ерөнхий газарт шалгуулахаар боллоо гэсэн гарчиг өгснөөр олон нийтэд нэхэмжлэгчийг Монгол Улсын татварын хууль тогтоомжийг дагаж мөрддөггүй, татвараас зайлсхийсэн гэж гүтгэн худал мэдээ тараасан. Ард түмний штабаас Новел лизинг ББСБ болон Япон эзэнтэй Ж.Т.К-ыг эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулахаар боллоо гэсэн гарчигтай, шууд бичлэгт Энэ бол Япон эзэнтэй нөгөө даварцан Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэдэг гэж хэлснээр нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан. Энэхүү бичлэгийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 29 000 хүн үзсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдан нэхэмжлэгчийг хууль бусаар барьцаа хөрөнгө хураан авсан, зээлдэгчээс зүй бус өндөр хүүний орлого олж, татвараас зайлсхийсэн зэргээр хариуцагчийн зүгээс олон нийтэд хийсэн мэдээлэл нь огт үндэслэлгүй бөгөөд эдгээр нь хариуцагчийн холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу ойлгосноос үүдсэн болохыг залруулж, нэхэмжлэгчийн ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл байхгүй байсан гэдгийг нийтэд зарлаж, нэхэмжлэгчид итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан үйлдэлдээ гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, уучлал гуйсан мэдэгдлийг өөрийн фэйсбүүк хуудас дээр бичвэр болон видео бичлэг оруулах буюу бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг хариуцагчид даалгах болон учирсан хохирлыг арилгуулж, дахин нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ж.Т.К ХХК нь зээлдэгч Б.Оюунмааг албан бичгээр дуудсан бөгөөд тухайн иргэний өргөдөл хүсэлтийн дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэхээр Б.Ж р миний бие хамт очсон. Мөн хариуцагчаас зээл авсан иргэдээс тухайн компани Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж байгаа талаар гомдол ихээр ирж байна. Иймд Монгол улсын хууль тогтоомжийг биелүүлж хорио цээрийн үед иргэдийн эд хөрөнгийг хууль бусаар хурааж авахаа нэн даруй зогсоохыг Ард түмний штабын зүгээс шаардаж, шаардлага өгсөн бөгөөд төрийн бүх шатны байгууллага, аж ахуй нэгжүүд хуулийн хугацаанд хариу өгөх үүрэгтэй. Мөн Б.Оюунмаа, Б.Ж нар Ж.Т.К ХХК-ийн өөрсдийнх нь дуудсан үед очиход Монгол Улсын хууль хамаагүй мэт үг хэллэгээр доромжилж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Япон эзэн болон биднээс тайлбар авсан. Мөн шүүх хурал болохоор бол гэрч хохирогч Б.Оюунмааг оролцуулах хүсэлтэй байна.

Ж.Т.К ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар хардах эрхийнхээ хүрээнд Татварын ерөнхий газарт өгнө гэдгээ тухайн бичлэгт хэлсэн бөгөөд Б.Ж миний бие 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр татварын байгууллагад хандсан 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг татварын газраас Б.Жт хаяглан ирүүлсэн 04/890 тоот албан бичгээр Ж.Т.К ХХК нь Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дах заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэх хариу ирсэн байх бөгөөд татварын хууль зөрчсөн гэж гүтгэсэн гэх үндэслэл нь тогтоогдоогүй.

Үүрэг гүйцэтгэгчийн гэм буруутайг тухайн банк бус тогтоох эрхгүй зөвхөн шүүх байгууллага эдлэх ёстой байхад уг байгууллага нь иргэдийг гэм буруутай эсэхийг шийдэж байгаа нь иргэдийн эдийн засгийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байна. Эдгээр үйлдлүүдийг нь Ард түмний штабын зүгээс шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэгт хандсан нь үнэн. Мөн өгсөн өргөдөл гомдлоо өөрийн цахим хуудсаар дамжуулж нийтэд мэдээлэх эрхгүй мэт нэхэмжлэл гаргасантай нь санал нийлэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дах хэсэгт зааснаар итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ иргэдийн хамт эдэлсэн болно.

Б.Ж нь Ард түмний штабын тэргүүнээр ажилладаг бөгөөд тус штаб нь Хүний эрхийг хамгаалах, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон эх оронч идэвхтэн залуусын нэгдэл бөгөөд Банк банк бус санхүүгийн байгууллагууд иргэдээс хэт өндөр хүү, алданги торгууль авахын зэрэгцээ олон арван жил хөдөлмөрлөж босгосон эд хөрөнгийг нь хүчээр хураах үнэгүйдүүлэн худалдах зэрэг бусармаг үйлдлүүдтэй тэмцдэг. Цаашид тэмцсээр байх бөгөөд Банк банк бус санхүүгийн байгууллагууд ард түмэнд гомдох биш харин ард иргэд маш их гомдолтой байна. Иймээс хараат бус шүүхийн байгууллага хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Алтанзул бичгээр гаргасан дүгнэлтдээ: Иргэн Б.Оюумаа нь Ард түмний штаб гэдэг Ж.Т.К ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны тухай хандаж, тусламж хүссэн. Б.Ж нь Б.Оюумаатай бус банк бус санхүүгийн байгууллага дээр очиж, лайв хийгээд Ж.Т.К ХХК-д хандсаныгаа Монголын бүх банк бус санхүүгийн байгууллагад хандсан гэж хэлж байна. Ер нь Ард түмний штаб гэдэг байгууллагын үйл ажиллагааны нэг хэсэгт нь Ж.Т.К ХХК хамрагдаад өртсөн. Ж.Т.К ХХК нь иргэн Б.Оюумаагийн зээлээр авсан машиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэргүйгээр хураан авсан. Ирж уулз гэсэн мөртөө уулзах гээд очиход үл хүндэтгэсэн байдал гаргасан учраас Б.Ж нь тухайн үеийг эмоциор лайв хийсэн нь буруудсан байх. Б.Ж нь бүх банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаатай тэмцэж байгаа бол олон нийтийн мэдээллээр хэвлэлийн бага хурал хийсэн бол Ж.Т.К ХХК гомдол гаргахгүй байсан байх. Гэхдээ уг Ж.Т.К ХХК нь Санхүүгийн зохицуулах хороо, Татварын газрын бичгээр бол хууль зөрчсөн нь харагдаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Ж.Т.К ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг Б.Жт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 1 төгрөг гаргуулах, байгууллагын үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар гэтэл энд өнөөдөр ямар өндөр хүүтэй мөнгө хүүлж байна. Монгол улсад дураараа аашлаад байна, гаднын муу сайн мөнгө хүүлэгч нартай бол хатуу тэмцэнэ. Өнөөдөр энэ муусайн мөнгө хүүлэгчид, эгэлтэн туурайтнууд монгол улсад дураараа ажиллагаа явуулж болохгүй, даварсан завхарсан газар гэх мэдээллийг өөрийн фейсбүүк хуудсыг ашиглан няцаалт хийхийг хариуцагч Б.Жт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Жаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Т.К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Ж давж заалдах гомдолдоо: Миний бие Ж.Т.К ХХК-ийг мөнгө хүүлэгч гэж ганцаарчлан огт хэлээгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банк, банк бус санхүүгийн байгууллагууд олон улсын жишгийн дунджаас хэт өндөр хүүтэй зээл олгож байгааг нь өөрийн итгэл үнэмшлээр мөнгө хүүлэлт гэж үзсэн. Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дах хэсэгт заасан эрхийн хүрээнд өөрийн итгэл үнэмшлээр бүх нийтэд хандаж хэлсэн үгийг зөвхөн Ж.Т.К ХХК-д хандаж хэлсэн мэтээр уучлал гуйх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт иргэн Б.Ж надад ойлгомжгүй үг хэллэг олон байгаа бөгөөд үүнд /үзэхээр байна, ойлгогдохоор байх ба/ зэрэг үгүүд нь Шүүхийн тухай хуулийн 22 зүйлийн 11 дэх хэсгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана гэх хэсэг зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд Б.Жын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дах хэсэгт заасан эрхээ эдэлж өөрийн итгэл үнэмшлээр бүх нийтэд хандаж цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул хэргийг хянан хэлэлцэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.Т.К ХХК нь хариуцагч Б.Жт холбогдуулан ажил хэргийн нэр хүндэд халдан олон нийтэд тараасан худал мэдээллийг залруулж, өөрийн фэйсбүүк хуудсанд оруулсан аливаа зураг, дүрс бичлэгийг устгаж уучлал гуйхыг хариуцагчид даалгах, хохиролд 1 төгрөг гаргуулах, компанийн ажлын байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.Ж нь өөрийн Ж.Б гэх нэртэй нүүр номын хуудсаар дамжуулан 2020 оны 7 дугаар сарын 23, 27, 29, 30-ны өдрүүдэд Ж.Т.К ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан шууд бичлэг хийж, нийтэд тараасан үйл баримтын талаар маргаагүй агуулга бүхий тайлбар гаргасан байна. Харин тухайн бичлэгүүдийн агуулга нь нэхэмжлэгч компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ компанийн нэрийг гарган олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гутаан, доромжилсон агуулгаар тайлбарлаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан сидид шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн байх ба уг үзлэгийн тэмдэглэлээс үзвэл, хариуцагч Б.Ж өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан хийсэн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн бичлэгийг Ж ББСБ хууль бус ажиллагаа, япон эзэнтэй нөхрийн даврал, завхрал, банкны мөнгө хүүлэгчдийн эсрэг гэсэн, мөн сарын 27-ны өдрийн бичлэгийг Ж ББСБ удирдлагууд Монгол Улсын Иргэний хуулийн 222.2 уландаа гишгэж байна. УИХ-ын баталсан хууль, япон иргэний хөлд сөхрөв гэж гарчигласан байх ба бичлэгийн агуулга нь нэхэмжлэгч компанийг хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх сөрөг ойлголтыг олон нийтэд төрүүлсэн, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэн, хуулийн этгээдийг ялгаварлан гадуурхах шинжийг илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.

Хариуцагч Б.Ж нь өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан шууд бичлэг хийсэн учир дээрх бичлэгүүдээр тараасан мэдээллийн үнэн зөвийг баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч компани нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, тэрээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх6/

Нэхэмжлэгч компанийг банк, санхүүгийн үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж дур зоргоороо авирласан, зээлийн гэрээний хүүгийн хэмжээг тогтоохдоо хууль зөрчсөн гэх нөхцөл байдлыг мэдээ тараасан этгээд буюу хариуцагч Б.Ж баримтаар нотлоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагч Б.Жын тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, тэрээр уг мэдээлэл нь хувийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн агуулгагүй, тодорхой нэг этгээд рүү чиглэсэн нэхэмжлэгч компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч Б.Ж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16 дах хэсэгт зааснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдлоо үндэслэжээ. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн ажил хэргийн нэр хүндийг хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол болохыг тодорхойлсон.

Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хохироож болохгүй буюу бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3, Арван долдугаар зүйлийн 1.2 дах хэсэгт мөн заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж, хууль бусаар мөнгө хүүлдэг тухай мэдээллийн бодит үнэнд нийцсэн болохыг нотлоогүй тул бусдын ажил хэргийн нэр хүндийн талаар тараасан сөрөг мэдээллийг залруулах үүргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хүлээнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул өөрийн итгэл үнэмшлээр бүх нийтэд хандаж хэлсэн үг нь хууль зөрчөөгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэгт буй Нийслэлийн татварын газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04/890 дугаартай албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч компани нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгодоггүй, хууль зөрчсөн талаарх мэдээлэлийг буруу ташаа мэдээлэл биш гэж дүгнэн, уг шаардлагад холбогдох хэсгийг болон хохирол 1 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс компанийн ажлын байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан талуудын зарчмын хүрээнд шийдвэрийн уг хэсэгт дүгнэлт хийж, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг ойлгомжгүй, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11 дэх заасныг зөрчсөн гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдоор хуваарилан төлүүлэхээр тусгасан байхаас гадна нэхэмжлэгч Ж.Т.К ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээх арга, журмыг шүүхийн шийдвэрт зааж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн нь мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дах хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/01156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ж давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД