Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б-т холбогдох 17160006200021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .... багийн ....-... тоотод оршин суудаг, 1996 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Тайж овогт О-гийн Б  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б  нь 2017 оны  09 сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 11-12 тоот хашаанд насанд хүрээгүй хүмүүс болох М.Б , У.С , М.Б , Э. , Х. , Б.  нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, насанд хүрээгүй хүн Э.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 11-12 тоот хашаанд 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 17 цагийн үед насанд хүрээгүй хүмүүс болох М.Б , У.С , М.Б , Э.Ц, Х.Б , Б.Б нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, насанд хүрээгүй хүн Э.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан байх бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч О.Б  нь үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч О.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тэр өдөр 1 цагийн үед хичээл тарж байхад би гэртээ байсан. Гэртээ байж байгаад цонхоор хартал манай гэрийн гадаа хэдэн танихгүй банди нар зогсож байсан. Тэр үед манай найзын нэгнийх нь төрсөн өдөр болоод би найзынхруугаа явж байсан. Яг гартал манай хашааны үүдэн дээр шүлсээ хаячихсан тамхи татчихсан зогсож байсан. Тэгээд би нэгийг нь таньдаг манай хөрш айлын Б  байсан. Би та нар эндээс яваарай гээд шаардлага тавиад явсан. Найзындаа оччихоод буцаад иртэл хашааны үүдэн дээр шээчихсэн, шүлсээ хаясан байсан. Тэгээд би гэртээ орж хувцасаа тайлчихаад манай нойл гадаа байдаг. Тэгээд би нойл руугаа ороод гараад иртэл манай доод талын амбаарт бөөнөөрөө орилолдоод байж байсан. Тэгээд Б гараад ирсэн байхаар нь нэгжтэй утас байвал намайг нэг яриулаач ээ гээд хэлтэл буцаад амбаарлуугаа Б орохоор нь би ороод ярьчихья гээд араас нь ортол хөзөр мөрийтэй тоглож байсан. Тэгээд би та нар болиоч ээ гэж хэлсэн. Өмнө нь бас манай ээж хэлж байсан. Би яагаад тэр хэдийг алгадах шалтгаан болсон гэхээр  айл эзгүйчилсэн. Тэр үед тэр айлд хүн байгаагүй. Бага банди нь гэрлэх гээд талд хашаа барих гээд явчихсан байсан. Хоёр өдрийн өмнө амбаар нь онгойчихсон байсан. Тэгээд тэр хүн рүү нь яриад амбаар чинь онгойчихсон байна гэхэд харж бай гэсэн. Тэгээд тэр хүүхдүүдэд шаардлага тавиад харж бай гэсэн юм аа гэсэн. Дээрэм хийе гэсэн бодол байгаагүй. Зүгээр айлгаад явуулья гэдэг утгаар тэр хүүхдүүдийг цохисон. Би тухайн үед пиво уучихсан байсан. Тэгээд Б  гэдэг бандид хэлсэн. Надад нэг пиво аваад өгөөч ээ гэж гуйсан. Найзуудтайгаа ярилцаад хоёр банди нь явж пиво авч ирсэн. Тэр үед хэн гэдгийг нь би танихгүй. Тэгээд авч ирж байхад манай анагаахад сурдаг Ж  гээд манай найз манай хашааны хойгуур явж байсан. Тэгээд тэр намайг харчихаад больцгоо гээд болиулсан. Удаагүй байж байхад тэр айлын эзэн Алтангадас гэгч ахтайгаа ирээд бид хэдийг салгаад явуулсан... Нэг хүүхэдтэй заамдалцсан. Тухайн үед миний хүзүүг урсан байсан. Шинжээч дээр очиход дүгнэлт гаргах боломжгүй гэсэн... Би тэр хүүхдүүдийг танихгүй. Тэр үед харсан. Батчингисээс бусдыг нь танихгүй... Манай найз ирээд салгахад заамдалцсан байсан. Яг хэн нь заамдсаныг мэдэхгүй. Ямар ч байсан татаад зуураад байсан... Би шууд л та нар байнга мөрийтэй тоглох юм аа хаана сурдаг уу? гэхэд өөрсдөө хэлэхдээ МСҮТ, арван жил гэж байсан. Тэгээд энэ айлыг харж бай гэж намайг үлдээсэн юм гээд хэлсэн. Манай ээж энд сууж байна. Өмнө тэр хүүхдүүдэд хоёр, гурван удаа таараад ээж хэлж байсан. Энэ айл эзгүй байгаа. Та нар айл эзгүйчилж болохгүй гэсэн байгаа. Хэд хэд ирэхээр нь айлгая гэж бодоод тийм зүйл хийсэн... Угаасаа ээж  надад хэлдэг. Энэ хүүхдүүд байнга оройн цагаар хөзөр тоглох юм гэдэг. Өмнө нь ээжтэй тааралдахдаа задгай мөнгө халаасанд нь байсан. Болиороо гээд таньдаг болохоороо Б-т хэлсэн байна лээ... Тоглож байсан. Намайг ороход урдаа мөнгө төгрөг гаргачихсан байсан... Би уурлахаараа жаахан зүрх савлаад байдаг юм. Тэр уурандаа цохисон байна лээ... Хэдэн удаа яаж цохисоноо мэддэг. Тэр үедээ уураа барьж чадахгүй байсан... Дараа нь хашааны үүдэн дээр таарсан. Тэгээд маргааш нь надад ээж хэлэхээр нь тэр хүүхдүүдтэй холбогдоод уулзаад тэр өргөдөл бичсэн ээж нь нутгийн газарт ажилладаг юм байна лээ. Тэгээд би ирээд уучлалт гуйх гэсэн юм аа эгч ээ хүүхэдтэй чинь өөрийн биеэр уулзах гэсэн юм гэхэд  намайг чи тэгвэл 6.000.000 төгрөг өгчих тэгвэл гомдлоо буцааж авья гэж айлган сүрдүүлсэн. Эхлээд би уучлалт гуйгаад явья гэж үзсэн. Дараа нь Бамбуу хоёр найзтайгаа явж таараад би уучлалт гуйсан... Тэр пивийг би авч яваагүй. Үлдсэн байх. Би хар цүнхтэй байж байгаад манай найз гэр рүү авч орсон юм. Тэгээд сүүлд нь цүнхээ аваад манай ээж гаргаж хаясан байна лээ... авч яваагүй... гэртээ үлдээсэн байсныг ээж хаясан байна лээ... Өгье гээд уулзахад өөрсдөө авахгүй гэсэн. Би тэр хүүхдүүдийг танихгүй болохоор таньдаг Б-ээс ахын дүү нэгнийх нь ч болтугай утасны дугаарыг олоод өгөөч гэхэд за гээд дахиж таараагүй. Ээжтэй нь уулзаад хүүхэдтэй чинь өөрийн биеэр уулзмаар байна. тэр хүүдүүдтэй бас уулзаж уучлалт гуймаар байна гэхэд гэрээ ч зааж өгдөггүй.  Тэгээд таньдаг Б  гээд банди дээр очиж уулзахаар гэрийг нь хэлж өгдөггүй... Тэр хэд хоорондоо уулзаж зогсож байгаад хоёр нь явчихсан. Амбаараас гараад ирчихсэн байсан. Хоёр нь амбаартаа зарим нь гараад ирчихсэн байсан... Өөрөө уучихсан байсан болохоор тэгсэн. Тэр миний буруу. Пиво авхуулсандаа гэмшиж байна... Би бодохдоо энэ хүүхдүүдийг айлгая гээд Бамбууд хэлтэл тэгье тэгье гээд гурван найзтайгаа уулзаад хэдэн төгрөг хэн нь авч явсныг мэдэхгүй. Цүнхээ үүрээд явчихсан. Би дээрэм хийе гэж бодоогүй. Айлгаад явуулбал дахиж ирэхгүй байх гэдэг утгаар ийм зүйл хийсэн... Цэнд-Аюушийн ээжид 1.190.000 төгрөг өгсөн... Хавтаст хэрэгт байгаа. 500.000 төгрөгийг нь эхний удаа бэлнээр өгсөн... бэлэн гар дээр нь өгсөн... Хохирогч өөрөө авсан... Би тэр хүүхдүүдийг дээрэмдье гэж санаагүй байсан. Тэр хүүхдүүд айлын амбаар эзгүйчилж байгаад нэг нэгэнтэй муудалцаад нэгнийхээ эрүүл мэнд амь насанд хүрэх ч байсан байж магадгүй. Гэхдээ би пиво авхуулсандаа харамсаж байна... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хамгийн бага ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,  

Насанд хүрээгүй хохирогч Х.Б-ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...2017 оны 09-р сарын 15-нд 17 цагийн үед манай гэрт буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг ..... тоот хашаанд байх амбаарт Б , Б , Б, С , Ц нарын хамт хөзөр тоглож байсан тэгтэл намайг хашааны гаднаас Бүтэнбаяр дуудсан тэгээд нэгжтэй утас байвал ганц удаа яриулчих гэсэн тэгээд би байхгүй найзуудаасаа нэгжтэй утас байна асуугаадах гэсэн тухайн үед Бүтэнбаяр согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тэгээд намайг дагаад манай хашаанд амбаарт орсон. Тэнд байсан манай найзуудыг цохиж аваад байсан мөн мөнгө нэхсэн. Ба-ээс 5000 төгрөг, Б-, С  нараас 3000 төгрөг авсан. Нийт 8000 төгрөг болсон...Намайг 1-2 удаа гараараа хацарлуу алгадсан надад учирсан гэмтэл, шарх, сорви байхгүй. Би шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй, миний эрүүл мэнд хэвийн байгаа...” гэх мэдүүлэг/хх 8-9-рт/,

Насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Б-ийн байдаг айлын амбаарт Б, Б, С, Б, Ц нарын хамт хөзөр тоглож байсан тэгтэл хашааны гаднаас Бү  гэгч нь Б-ийг дуудсан тэгээд Б  нэгжтэй утас байвал өгөөч гэсэн тэгэхлээр нь байхгүй гэж бид нар хэлсэн тэгээд Б-ийг нэгжтэй утас байвал ганц удаа яриулчих гэсэн тэгээд би байхгүй найзуудаасаа нэгжтэй утас байна уу асуугаадах гэсэн тухайн үед Бү  согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тэгээд намайг дагаад манай хашаанд амбаарт орсон. Тэнд байсан манай найзуудыг цохиж аваад байсан, мөн мөнгө нэхсэн. Б-ээс 5000 төгрөг, Б , С  нараас 3000 төгрөг авсан. Нийт 8000 төгрөг болсон...Намайг 1-2 удаа гараараа хацарлуу алгадсан надад учирсан гэмтэл, шарх, сорви байхгүй. Би шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй, миний эрүүл мэнд хэвийн байгаа...” гэх мэдүүлэг/хх 10-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Ц-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...тэдний хашаанд байх амбаарт С , Бат , Баасан , Бат, Бад  бид нар хөзөр тоглоод сууж байхад хашааны гаднаас нэг танихгүй залуу Бат-г дуудсан юм. Бат  тэр залуутай уулзчихаад “нэгжтэй утас байна уу” гээд асууж орж ирсэн. Тэгээд байж байтал танихгүй залуу араас нь ороод ирсэн. Сүүлд нь нэрийг нь мэдэхэд Бүтэнээ гэж байсан. Бү нь орж ирэхдээ архи уучихсан согтуу байсан. Бид нарыг хөзөр тоглоод хожсон мөнгөнүүдээ гаргаж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нарт мөнгө байхгүй, мөнгөөр тоглоогүй гэж хэлсэн чинь бид нарыг босгож зогсоогоод мөнгөө гаргаж ир гээд бүгдийг нь алгадаж аваад бид нараас 8000 төгрөг авсан юм. Тэгээд намайг сууж байхад Бү  гэгч нь миний нүүр лүү хөлөөрөө өшиглөчихсөн юм. Тэгээд зүүн нүд болон хамар луу гараараа цохиж зодсон юм. Хамт байсан хүүхдүүдийг цохиж зодсон...Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх 25-26, 147-149-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-ийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Бү  гэгч  нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан, тэгээд амбаарт байсан бид нарыг цохиж аваад байсан, мөн мөнгө нэхсэн, Б-ээс 5000 төгрөг авсан, Баас-аас 2000 төгрөг авсан, С-ээс 1000 төгрөг авсан, нийт 8000 төгрөг болсон... Бү  нь дух руу нэг удаа цохисон, миний хамрын үзүүрийг алгадахдаа шалбалсан...” гэх мэдүүлэг/хх 136-138-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Х.Б-ийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Бү  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм. Тэгээд намайг дагаад манай хашаанд амбаарт орсон, тэнд байсан манай найзуудыг цохиж аваад байсан, мөн мөнгөн нэхсэн Бад-ээс 5000 төгрөг авсан, Баас-аас 2000 төгрөг, С-ээс 1000 төгрөг авсан, нийт 8000 төгрөг болсон. Бад  бид хоёр анагаахын оюутны байрны урд талд байх шар халуун усны урд талын Номин гэх дэлгүүрээс Боргио нэртэй пиво 2 литрийнхийг  6500 төгрөгөөр аваад Бү-т авчирч өгсөн...Бид нарыг гараараа цохисон, Э.Ц-ийг хөлөөрөө өшиглөсөн юм, мөн гараараа нүүр лүү нь цохисон... Намайг 1-2 удаа гараараа хацар луу алгадсан...” гэх мэдүүлэг/хх 139-141-рт/,

Насанд хүрээгүй хохирогч У.С-ийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: Бат-ийн амбаарт Бат , Баас , Бат, Бад , Ц нарын хамт хөзөр тоглож байсан тэгтэл намайг хашааны гаднаас Бү  гэгч нь дуудсан тэгээд би нэгжтэй утас байвал өгөөч гэхээр нь бид нар байхгүй гэж хэлсэн. Тэгээд Бү  гэгч нь Бат-ийг дагаад ороод ирсэн. Тухайн үед Бү  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм. Тэгээд бид нарыг цохиж аваад байсан, мөн мөнгө нэхсэн, Б-ээс 5000 төгрөг, Баас-аас 2000 төгрөг, надаас 1000 төгрөг, нийт 8000 төгрөг болсон. Бат  Бад хоёрыг пивонд явуулсан. Бид нарыг гараараа нүүр рүү цохисон, Намайг хацар луу гараараа 4 удаа алгадсан. Э.Ц-ийг гараараа нүүр лүү цохисон. Ц-ийн хамар нь хугарсан гэж байх шиг байсан...” гэх мэдүүлэг/хх 45-46, 142-144-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч М.Бад-ийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Бид нарыг цохиж аваад байсан мөн мөнгө нэхсэн надаас 5000 төгрөг авсан, тухайн үед мөнгөө гаргаад тавьцгаа гэж хэлэхээр нь бид нар хөзөр тоглож байсан ширээн дээрээ мөнгөө гаргаж тавьсан юм. Би 5000 төгрөг гаргаж тавихад бас 3000 төгрөг ширээн дээр гаргаад тавьсан байсан. Хэн гаргаж тавьсныг хараагүй юм, нийт 8000 төгрөг болсон. Бат  бид хоёр анагаахын оюутны байрны урд талд байх шар халуун усны урд талын нэг дэлгүүрээс бор савтай пиво 2 литрийнхийг 6500 төгрөгөөр аваад Бү-т авчирч өгсөн... Бид нарыг гараараа нүүр лүү цохисон. Намайг цохиход нь би бултаад цохиулаагүй. Э.Ц-ийг хөлөөрөө өшиглөсөн юм. Мөн гараараа нүүрлүү нь цохисон. Э.Ц-ийн хамар нь муруйчихсан байсан…Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...5000 төгрөгөө авахгүй..” гэх мэдүүлэг/хх 150-152-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Баас-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Бат-ийн амбаарт Бад , Бат , Бат , С , Ц  нарын хамт хөзөр тоглож байсан тэгтэл намайг хашааны гаднаас Бү  гэгч нь Бат-ийг дуудсан тэгээд Бат  нэгжтэй утас байвал өгөөч гэхээр нь байхгүй гэж бид нар хэлсэн. Тэгээд Бү гэгч нь Бат-ийг дагаад ороод ирсэн. Тухайн үед Бү  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тэгээд амбаарт байсан бид нарыг цохиж аваад байсан. Мөн мөнгө нэхсэн. Бада-ээс 5000 төгрөг, надаас 2000 төгрөг, С-ээс 1000 төгрөг авсан. Нийт 8000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг/хх 50-51-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Баас-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Тухайн үед Бү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан юм. Тэгээд бид нарыг цохиж аваад байсан, мөнгө нэхсэн... нийт 8000 төгрөг болсон... Намайг хацар луу гараараа 4 удаа  алгадсан...  Би  шинжээч  эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 153-155-р хуудас/,

Шүүгдэгч О.Бү-ын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Би болсон асуудлыг сайн санахгүй байна...Гараараа л цохисон байх...өөрийнхөө мөнгийг өгөөд пиво аваад ир гэж хэлсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг/хх 58-59-рт/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017.09.15-ны өдөр би өөрийнхөө аавын гэрт А-ын хамт яваад очиход амбаарт нь Бү Бат-ийг найзуудтай нь амбаарт суулгачихсан юм яриад байж байсан. Тэгээд яасан юм гэж асуусан чинь тэдгээр хүүхдүүд яагаач үгүй зүгээр зүгээр гэж хэлж байсан. Тэгээд Бү-ыг А  бид 2 амбаар дотор юу хийцгээгээд байгаа юм гарцгаа гэж хэлсэн чинь Бү  гараад явсан. Тэгсэн нэг хүүхэд нь Бү-ын араас цүнхээ авья гэж хэлсэн чинь Бү  эргэж цүнхийг нь  өгөөд дотороос нь нэг пиво аваад хашаанаас гараад явсан...тэр хүүхдүүдээр пиво авхуулсан гэж Бат хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх 60-61-рт/,

Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017.09.15-ны өдөр би өөрийнхөө аавын байшингаас юм авахаар М-ын хамт яваад очиход амбаарт хүмүүс дугараад байсан. Тэгэхээр нь би түрүүлээд яваад орсон чинь Бү , Бат  2 амбаарны үүдний хэсэгт зогсож байсан. Цаана нь 4, 5 хүүхэд газарт сууж байгаа харагдсан. Тэгээд М  араас орж ирсэн тэгээд юу хийцгээж байгаа юм гэж асуусан чинь хийсэн зүйлгүй зүгээр сууж байна гэж тэдгээр хүүхдүүд хэлсэн. Намайг ороод харахад Бү  тэдгээр хүүхдүүдийг цохиж зодсон байдалтай харагдсан. Сүүлд Бат-ээс асуухад зодсон гэж хэлсэн. Тэгээд тухайн үед тэдгээр хүүхдүүд зөрөөд гараад явцгаасан. Тэр үед Бү  нэг хүүхдийнх нь цүнхнээс пиво гаргаад аваад явсан...Дараа нь Бат  хэлэхдээ Бү  тухайн хүүхдүүдийг зодож цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх 62-63-рт/,

Гэрч Б.Ж-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... 2017.09.15-ны өдөр би 17 цагийн орчим байх...би хичээлээ тараад гэрлүүгээ явж байсан чинь Бү өөрийнхөө хашааны хажуу талын хашаан дотор зогсож байгаа харагдсан. Бид 2 10-н жилдээ нэг ангид сурдаг найзууд байсан юм. Тэгээд Бү  нь хотруу сургуульд явсанаас нь хойш бараг уулзаагүй байсан сүүлийн 2 жил таараагүй юм. Тэгээд би Бү-ыг таничихаад яваад орсон чинь 3, 4 банди нартай цуг байж байсан. Тэгээд орсон чинь тухайн хүүхдүүдийг энэ та нарын тоглодог газар юм уу гээд муудалцаад зогсож байсан. Тэгээд байж байтал 2 хүүхэд нь цүнхтэй зүйл бариад орж ирсэн. Тэгээд байж байтал мөн гадаа машинтай 2 хүн ирсэн би зөрөөд хашааны гадаа гараад хүлээж байсан. Тэгээд Бү-ыг дагуулаад явсан...” гэх мэдүүлэг/хх64-65-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.А-ын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №278 дугаартай “...1.Э.Ц-ийн биед хамар ясны далд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч М-ын мэдүүлэг /хх60-61-рт/ Гэрч А-ын мэдүүлэг /хх62-63-рт/, О.Бү-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх58-59-рт/ С-гийн мэдүүлэг /хх 03-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Насанд хүрээгүй гэрч Бат-ийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр асуусан  /хх8-рт/, насанд хүрээгүй хохирогч Ц-ийн мэдүүлэг /хх25-рт/, Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-ийн мэдүүлэг /хх 30-31-рт/, Х.Бат-ийн мэдүүлэг /хх33-рт/, Бат-ийн мэдүүлэг /хх36-рт/, мөрдөгчийн тогтоол /хх37-рт/, хохирогчоор тогтоосон тэмдэглэл /хх38-рт/, насанд хүрээгүй хохирогч Бад-ийн мэдүүлэг /хх 41-рт/, насанд хүрээгүй хохирогч У.С-ийн мэдүүлэг /хх46-рт/, Насанд хүрээгүй хохирогч Баас-ын мэдүүлэг /хх51-рт/, Гэрч М-ын мэдүүлэг /хх60-рт/, гэрч А-ын мэдүүлэг /хх62-63-рт/, Гэрч Б.Ж-ийн мэдүүлэг /хх64-65-рт/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх2-рт/, мөрдөгчийн тогтоол шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ийм тогтоол зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Бүтэнбаярын өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгийн үед гаргасан хүсэлтийн дагуу дараахь нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн болно. Үүнд: 1-р хавтаст хэргийн 30-31-р хуудсанд байгаа насанд хүрээгүй хохирогч Б.Бат-ийн мэдүүлэг, 35-36 дугаар хуудсанд байгаа насанд хүрээгүй хохирогч Х.Бат-ийн мэдүүлэг, 40-41-р хуудсанд байгаа насанд хүрээгүй хохирогч М.Бад  нараас мэдүүлэг авахдаа нь мөрдөгч нь насанд хүрээгүй хохирогч нарыг хохирогчоор тогтоогоогүй байхдаа мэдүүлэг авсан байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 25.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шинжээчийн дүгнэлт гаргуулахад ямар бичиг баримт ирсэн талаар тусгаагүй, тодорхойгүй. Эмнэлгийн бичиг баримтаас иш татаж дүгнэлтэд бичсэн байх боловч уг бичиг баримтыг хэн шилжүүлсэн хэнээс хаанаас авсан, одоо уг бичиг нь хаана байгаа нь тодорхойгүй...” байх тул 1-р хавтаст хэргийн 68-р хуудсанд байгаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.А-ын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №278 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь уг дүгнэлтийг гаргасан шинжээч нь насанд хүрээгүй хохирогч Э.Ц-ийн биед өөрийн биеэр үзлэг хийж дүгнэлтээ гаргасан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу нотлох баримтад тооцохгүй байхаар шийдвэрлэсэн нотлох баримтуудыг улсын яллагч нь яллах дүгнэлтэндээ дурьдаагүй бөгөөд түүнчлэн уг нотлох баримтууд нь  шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч нар нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн бөгөөд шүүх 2017 оны 12 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч нарын өгсөн мэдүүлэгүүдийг хууль ёсны гэж үнэлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь уг шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас хууль зөрчиж тогтоосон гэж дүгнэсэн байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдалд  дүгнэлт хийхэд шүүгдэгч О.Бү  нь насанд хүрээгүй хүмүүс болох М.Баас , У.С , М.Бад , Э.Ц, Х.Бат , Б.Бат  нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, хохирогч Э.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс шыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч О.Бү-ыг яллагдагчаар, мөн насанд хүрээгүй хохирогч нар, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, нотлох баримтаар тооцуулахгүй байхаар шийдвэрлэсэн дээрхи нотлох баримтуудаас бусад нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Бү-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг байдлууд нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч О.Бү  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудас/хх-104-рт/-аар тогтоогдож байна. Мөн учруулсан хохирлыг төлсөн болох нь “...Цохиж зодсон нь миний буруу...Э.Ц-ийг зодож биед нь гэмтэл учруулсандаа гэмшиж байна... Нийт 1.190.000 төгрөг өгсөн. Эхлээд 190.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг, дахиад 500.000 төгрөг өгсөн...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч Э.Ц нь мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэгтээ болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...”/хх 147-149, 2-р хх 77-рт/, насанд хүрээгүй хохирогч М.Бад  нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...5000 төгрөгөө авахгүй...”, насанд хүрээгүй хохирогч Б.Баас  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...2000 төгрөгөө авахгүй...”/хх 154-рт/, насанд хүрээгүй хохирогч У.С нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...1000 төгрөгөө авахгүй...”/хх 144-рт/, насанд хүрээгүй хохирогч Х.Бат нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн/хх 140-рт/, насанд хүрээгүй хохирогч Б.Бат нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...ямар нэгэн санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...”/хх 138-рт/ гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэргийн оролцогчдоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.Бү  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Бү  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч З.Ц-т 1.190.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Тайж овогт О-гийн Бү  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэр бүлийн байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “... 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулж хорих ялруу хөрвүүлж өгнө үү...”, мөн шүүгдэгч О.Бү-ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “ Хамгийн бага ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт, мөн улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт тооцон шилжүүлж шүүгдэгч О.Бү-ын жинхэнэ эдлэх ялыг 02 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бү-т оногдуулсан 02 жил 30 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү. О.Бү-ын тухайд бусдын биед хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн барагдуулсан, хууль бусаар бусдаар пиво авхуулсан нь миний буруу гэж байгаа учраас үүнийг гэм буруугаа ойлгож байгаа гэж ойлгож байна. Дээрэмдэнэ гэдэг нь энгийн болон бусад хүмүүст хэлэхэд пиво авхуулсан нь миний буруу гэж байгаа учраас өөрийн гэм буруугаа хүлээж байгаа учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 2 жилээс доош хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт, улсын яллагчийн шүүх хуралдаанд “...Шүүгдэгч О.Бү-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээгээр 240 цаг гэж санал оруулсан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн өмгөөллийг үгэнд татгалзах зүйл байхгүй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар ямар нэгэн байдлаар хохирол, гомдолгүй гэсэн байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэхэд татгалзах зүйл байхгүй...” гэх санал зэргийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь хавтаст хэрэгт шүүгдэгч О.Бү  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа буюу насанд хүрээгүй хохирогч Э.Ц-д хөнгөн хохирол учруулсан болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээдэг бөгөөд харин бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон болохоо шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч “...Хамгийн бага ял оногдуулж өгнө үү, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэж мэдүүлсэн бөгөөд үүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн заалтыг шүүхээс хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч З.Ц-т 1.190.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт О-гийн Бү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч О.Бү-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт тооцон шилжүүлж шүүгдэгч О.Бү-ын жинхэнэ эдлэх ялыг 02 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Бү-т оногдуулсан 02 жил 30 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Ялтан О.Бү-ыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч З.Ц-т 1.190.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Б-ын иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бү-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

              

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА