Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01181

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01181

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01254 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч О.Нд холбогдуулан гаргасан орон сууцны ашиглалтын зардалд 627 946 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны байруудыг халуун, хүйтэн, цэвэр, бохир ус, дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх, холбогдох засвар үйлчилгээг үзүүлэн ажилладаг бөгөөд О.Н нь тус хотхоны 103 дугаар байрны ... тоотын оршин суугч юм. Тэрээр 2020 оны 02 дугаар сараас хойш ус, дулааны төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй нийт 434 629 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөх тухай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан тул 193 317 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.

Иймд иргэн О.Нгаас 2020 оны 02 дугаар сараас мөн оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цэвэр ус, дулаан, бохир ус татан зайлуулах төлбөрт нийт 434 629 төгрөг, алданги 193 317 төгрөг, нийт 627 946 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т ХХК-ийн үйл ажиллагаа, үйлчилгээнд оршин суугчид сэтгэл ханамжгүй байна, танай байгууллага үйлчилгээнийхээ нэрсийн жагсаалтыг гаргаж өгч мэдээллээр хангана уу гэсэн. Гэтэл Т ХХК-аас Барилга, хот байгуулалтын яамнаас зөвшөөрлөө аваад хүрээд ир гэж хэлсэн. Барилга, хот байгуулалтын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэнтэй уулзаж мэдээлэл авахад манайд хүсэлтээ өгчих гэсэн юм. Би хүсэлтээ өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй. Т ХХК-ийн ерөнхий захиралтай уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх санал гомдлоо болон ажилчид, ерөнхий инженерийнх нь талаарх гомдол саналаа хэлэх гэсэн боловч намайг уулзуулаагүй учраас ус дулааны төлбөрийг төлөөгүй. Би Т ХХК-ийн гүйцэтгэх захирал олон ажилтнуудтай биечлэн уулзаж асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Би өмнө нь хоёр удаа хүсэлт өгсөн боловч тоогоогүй. Би ерөнхий захиралтай нь уулзах гэтэл боломжгүй гэх хариуг өгсөн учраас төлбөр төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Нгаас 434 627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үлдэх 193 319 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Нгаас 13 689 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Т ХХК-ийн үйл ажиллагаа үйлчилгээ хангалтгүй, үйлчилгээний зөрчил болон компанийн ажилчидтай холбоотой асуудлаар тус компанид хандаж хүсэлт тавихад хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэггүй. Тус компаниас ялгаварлан гадуурхсан үйлчилгээ явуулдаг байсан. Мөн тус компанийн ерөнхий захиралтай уулзах хүсэлт тавьсан боловч гүйцэтгэх захирал нь татгалзсан хариуг өгч, ерөнхий инженер нь худал мэдээлэл өгч байсан ба уулзуулаагүй учраас ус дулааны төлбөрийг төлөөгүй. Цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан боловч тухайн байгууллага иргэн хоёрын хооронд зөрчлийн асуудалд туслалцаа үзүүлээгүй. Иймээс цагдаагийн ажилтны хэлсний дагуу Баянгол дүүргийн анхан шатны шүүх дээр очиж өргөдөл гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 434 627 төгрөгийг хариуцагч надаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О.Нд холбогдуулан орон сууцны ашиглалтын зардалд 627 946 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэгч компанийн удирдлагатай биечлэн уулзаж бүтээгдэхүүн үйлчилгээ болон ажилчдын талаархи санал, гомдлоо гаргаж чадаагүй учраас төлбөрийг төлөхгүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Ус сувгийн удирдах газар болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр Т ХХК нь Голденпарк хотхоны орон сууцны хэрэглэгчийг цэвэр усаар хангаж, бохир шингэнийг татан зайлуулах, дулаан эрчим хүчээр ханган ажиллах үүрэг хүлээсэн болох нь хэргийн 9-22 дугаар талд авагдсан Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ, тусгай зөвшөөрөл зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч О.Н нь Баянзүрх дүүрэг, ... дүгээр хороо, 10 дугаар хороолол, Голден парк-1 хотхон, 103 байранд оршин суудаг байх ба тэрээр Т ХХК-ийн нийлүүлсэн цэвэр, бохир усны болон дулааны үйлчилгээг авдаг хэрэглэгч болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. Энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх-9-19, 44/ Иймээс ашигласан ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч О.Н нь 2020 оны 02 дугаар сараас хойш үйлчилгээний хөлсөө төлөөгүй байгаа үйл баримтыг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан буюу няцаагаагүй байхаас гадна нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжилж буй ус, дулаан, цахилгааны төлбөрийн хэмжээний талаар үгүйсгэж маргаагүй байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний болон хэрэглэсэн цахилгаан, дулааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээжээ. Хариуцагчийн татгалзалдаа зааж буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар санал, гомдлоо гаргаж чадаагүй гэх үндэслэл нь ашигласан ус, дулаан, цахилгааны үнийг төлөхөөс татгалзах эрхийг олгохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтан харилцагчийн гомдлыг биечлэн уулзаж сонсох эсэх нь хариуцагчийг дээрх хуульд заасны дагуу төлбөр төлөх харилцаанд шууд хамааралгүй учир хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О.Нтай үйлчилгээний гэрээ байгуулсан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байгаа боловч хариуцагч нь тус компаниар дамжуулан ус, дулаан, цахилгаан хэрэглэх үйлчилгээ авсан болох нь түүний тайлбараар тогтоогдсон тул хариуцагч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлд байгаа орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч О.Нгаас 2020 оны 02 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны үйлчилгээ авсан төлбөрт 434 629 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч О.Н нь давж заалдах шатны шүүх хуралдаанд сонсголын бэрхшээлтэй, сонсохгүй байна гэж тайлбарлаж байх боловч энэ талаар эмнэлгийн дүгнэлт гарсан баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны дэг сахиулах цагдаагийн албан хаагч шүүх хуралдаанд тавьсан асуултыг ойр зайнаас хэлж өгч, тэрээр сонсож буйгаа илэрхийлж байсныг шүүх хуралдааны дүрс, дуу бичлэгт баримтжуулсан болно. Иймд шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэг, журмыг дагуу явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/01254 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 13 689 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД