Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 218/МА2021/00004

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 218/МА2021/00004

 

 

М ХХК-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 139/ШШ2021/00007 тоот шийдвэртэй, "Мобиком корпораци" ХХК-ий нэхэмжлэлтэй*******т хариуцагдах зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 627.416 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 125.850 төгрөг, ярианы төлбөрт 51.318 төгрөг, нийт 804.584 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал

Хариуцагч*******

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжпэгч "Мобиком корпораци" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41323051 тоот гэрээ байгуулан 99918435 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy А50 /Blue/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 627.416 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 125.850 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 51.318 төгрөг буюу нийт 804.584 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 627.416 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 125.850 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 51.318 төгрөг буюу нийт 804.584 төгрөгийг гаргуулж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаа багасгахгүй, торгуулийг хариуцагч төлөх үндэслэлтэй. Хариуцагчийн манай байгууллагатай байгуулсан гэрээнд торгууль төлөх талаар тусгасан, түүнийг хариуцагч зөвшөөрч гарын үсэг зурсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Мобиком корпораци-тай гэрээ байгуулж гар утас худалдаж авсан нь үнэн. Миний ярианы эрх хаагдсан байхад төлбөр гарсан, надаас суурь хураамж 35.000 төгрөг авах гээд байсныг би зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас торгуулийн үлдэгдэл 125.850 төгрөгийг хасаж өгнө үү. Үлдэгдэл төлбөрийг нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хариуцагч*******ээс 804.584 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс 23.860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч******* давж заалдах гомдолдоо: ...Шүүх үндэслэх хэсэгтээ харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийн гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч надаас үйлчилгээний багц ашиглах гэрээний дагуу ярианы төлбөр болох 51318 төгрөгийг мөн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт Зээлээр худалдах- худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 627.416 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 125.850 төгрөг, ярианы төлбөрт 51.318 төгрөг, нийт 804.584 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс торгуулийн үлдэгдэл төлбөр болох 125850 төгрөгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр надад нэхэмжлэлийн хувийг гардуулж өгсөн ба тухайн гардуулж өгсөн өдрөө хариу тайлбар нэн даруй бичихийг шаардаж бичүүлсэн. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хурлын товыг зарласан ба шүүх хурал хуралдсан. Тус шүүх хуралдаанд хариуцагч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг хангуулах үүднээс өмгөөлөгч авах хүсэлтээ амаар гаргасан боловч уг хүсэлтийг хангалгүйгээр маргааш нь шүүх хурлыг явуулсан. Иймд миний бие үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг хангалгүй орхигдуулсанд туйлын гомдолтой байна.

Миний бие зээлийн төлбөрөө гэрээнд заасны дагуу 2019 оны 09 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл сар болгон төлөх байсан. Гэрээнд заасны дагуу 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл зээлийн төлбөрөө тасралтгүй, хугацаанд нь төлж байсан. Улмаар 09 дүгээр сард Дундговь аймаг дахь Мобиком корпораци ХХК-ийн ажилтан Хишигдэлгэрт 03 дугаар сараас 09 дүгээр сар хүртэлх зээлийн төлбөрөө бүхэлд нь төлөөд үргэлжлүүлэн 2020 оны 10, 11, 12 дугаар сарууд болон 2021 оны 01 дүгээр сард тухайн саруудынхаа зээлийн төлбөрийг төлөх талаар хэлсэн боловч, нэхэмжлэгч уг саналыг хүлээж авалгүй зээлийг бүхэлд нь нэг дор төлөхийг шаардсан. Уг бидний хооронд байгуулагдсан гэрээний төлбөр төлөх хугацаа нь 2019 оны 09 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл байсан.

2020 оны 03 дугаар сард COVID-19 вирус дэгдсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлаж миний бие ажил хийх боломжгүй болсон тул зээлийн төлбөрөө түр хугацаагаар төлөх боломжгүй болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлд давагдашгүй хүчин зүйлсийн талаар заасан ба 9.1-т талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал ...гоц халдварт өвчин, эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм... гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас талууд гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэж буй торгуулийн үлдэгдэл төлбөрт 125825 төгрөг нь 2020 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх нь COVID-19 цар тахал гарсан үеийн торгууль гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу торгуулийн төлбөр болох 125825 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэцэцэгтэй 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ дуусахаар 12 сарын гэрээ байгуулсан. Хэрэглэгч гар утас худалдаж авах, хувь хүний үйлчилгээний гэрээг уншиж байж гэрээ хийсэн байж таараа. Би шүүхэд өгөхөөсөө өмнө хэрэглэгчид төлбөрөө сар бүр нэг зуун мянгаар төлөх боломжтой бол би нэхэмжлэлээ татаад авъя гэж 2 удаа залгаж хэлж байсан. Би хэрэглэгчийг тэг, ингэ гэж шаардсан зүйл байхгүй, гэрээний дагуу авах ёстой зүйлээ шаардаж байгаа. Гар утас худалдан авах гэрээнд бүх эрх, үүрэг, нэр томьёоны талаар тайлбарласан байгаа. Хэрэглэгчийн харилцагчийн гүйлгээнд хамгийн сүүлд 2 сарын төлбөрөө 3 сарын 04-нд төлсөн. Түүнээс хойш огт төлбөр төлөөгүй. Төлбөр гарснаас 2 сарын дараа хэрэглэгчийн утсыг хаасан, хаасны 2 сарын төлбөр түүнээс хойших гар утасны лизингийн төлбөр гарсан гэв.

Хариуцагч******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Мобикомоос утас авахдаа цар тахалтай холбоотойгоор хариуцлага хүлээхгүй тухай гэрээ хийсэн. 839.000 төгрөгийн утас худалдаж авсан. Би бага багаар төлөөд дуусгая гэхэд энэ хүн энэ сард төдийг төл тэгэхгүй бол болохгүй гэж хэлсэн. Миний орох, гарах ярианы төлбөрийг хаасан мөртлөө надаас ярианы төлбөр нэхэж байгаа. Би 839.000 төгрөгийн утас худалдаж авсан. Түүн дээр ярианы 14900 төгрөг төлөөд явж байсан. Бүтэн жил надаас 14900 төгрөг авахаар тооцоолоод сая гаран төгрөг авахаар болсон. Би утасныхаа мөнгөнөөс 295.000 төгрөгийг төлсөн байсан. Би ажил төрөлгүй байгаа энэ цаг үед 125.000 төгрөгийг хэрэгсэхгүй орхиж өгөөч гэж хүсэж байна. Би сарын төлбөрөө төлөөгүй тохиолдолд миний утасны эрхийг хаадаг. Тийм байхад би ашиглах боломжгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар Мобиком ХХК-ий нэхэмжлэлтэй*******т холбогдох 804584 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 139/ШШ2021/00007 тоот шийдвэрийг хариуцагч*******ийн давж заалдсан гомдлын дагуу хянав.

Хариуцагчийн зүгээс гар утасны үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа болон гэрээг биелүүлээгүй гэж тавьсан 125850 төгрөгийн торгуулийг үндэсгүй төлбөр гэж үзэж хэрэгсэхгүй болгох хүсэлт тавьж давж заалдсан байна.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан зарчмаар хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаж гараагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийг шүүхэд хандаж гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт, болон нэхэмжлэлийн үнийг тусгасан байх шаардлагатайг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5-д заасан болно.

Энэхүү заалтыг бүрэн хангаагүй нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох талаар хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заан зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гар утасны үнийн зөрүү болон торгууль нийт 804584 төгрөг гаргуулахаар шаардсан ч хариуцагч******* нь гэрээ байгуулж, гар утас /Samsung Galaxy A50/ авснаас хойш хичнээн төгрөг төлсөн, одоо хичнээн төгрөг дутуу байгаа, үүний чухам хэдэн хувьд нь торгууль төлөх үндэстэй байгаа талаар нарийвчлан тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл шаардлага бүрэн тодорхойгүй, хариуцагчид оногдуулсан торгуулийг хэдий үеэс эхлэн хэрхэн тооцсон нь мөн тодорхойгүй, гэрээ дүгнэж тохиролцсон мэдэгдсэн гэх баримтгүй байна. Үүнийг шүүх сайтар анхаарч тодруулалгүй, дүгнэлт хийлгүй, тооцоо үндэслэлийг нарийн гаргалгүй шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хурал дээр шаардлагаа тодруулахдаа гар утасны үнэ хэд болохыг тодорхойлж чадаагүй бөгөөд гар утасны үнэ хэд болох, үйлчилгээний үнэ хэд болох зэргийг зөрүүтэй тайлбарлаж байна.

Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд байгаа Харилцагчийн гүйлгээ гэсэн бичгэн баримтын доторх тооцоо нэхэмжлэгчийн тайлбартай харьцуулахад илт зөрүүтэй байгаа нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас харагдаж байгаа бөгөөд энэ тооцоо үндэстэй эсэхийг анхан шатны шүүх нягтлан шалгахгүйгээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Хэдийгээр хариуцагч талаас няцаасан нотлох баримтыг гаргаагүй боловч хуралдаан дээр торгуулийг эс зөвшөөрч байгаагаа тайлбарлаж байсан байна.

Шүүхэд ирүүлсэн нотлох баримтын хэмжээнд шүүх үнэн зөв эргэлзээгүй дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэйгээр өгөх ёстой. Энэ шаардлагыг шүүх хангаж чадаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй байх тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

Хавтаст хэрэгт байгаа зарим бичгэн баримтууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах хэлний шаардлагыг хангахгүй байгааг анхаарах нь зүйтэй. Нэхэмжлэгч тал нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцүүлж, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой байдлаар хэрэгт хавсаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 139/ШШ2021/00007 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Ш.ТӨМӨРБААТАР