Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0261

 

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0261

Улаанбаатар хот

Ж.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагч Л.Б нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Д-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймагийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан Ж.Д-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг даргын Тамгын газрын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Д-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох-ыг хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Ж.Д 2016 оны 10 дугаар сарын 14-нд сумын Мал эмнэлэг хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар эргүүлж томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр үүрэгт ажилд нь эгүүлж томилохыг хариуцагч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасан байна.

Иргэн Ж.Д-т өөрийнх нь хүсэлтээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 заалтыг үндэслэн захиргааны чөлөө олгосон бөгөөд өөрөөр мал эмнэлэг үржлийн тасгийн хурлаар хэлэлцээд С.Э-ийг тэтгэвэрт гаргахад нь ажилдаа орохоор тохирсон байна.

Иймээс Ж.Д нь аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын Б/57 дугаар захирамжаар баталсан сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцийн өөрчлөлтөд хамаарахгүй, захиргааны чөлөөтэй байсан тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 04 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөөрөхгүй байна.

Иймд Ж.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Ж.Д-с Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Д-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Баянзүрх сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Ж.Д нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1.5 жил хүртэл хугацаагаар чөлөө авах тухай өргөдөл бичсэн ... Иймд Засаг даргын Тамгын газрын даргын хувьд хүсэлтийн дагуу хуулийн холбогдох заалтыг үндэслэн түр чөлөө олгох тушаал гаргаж шийдвэрлэсэн. Мөн Ж.Д нь Мал эмнэлэг, үржлийн тасгийнхаа хурлыг хийж, мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн С.Э-ийн тэтгэвэрт гарах хүртэлх хугацаанд би чөлөө авъя, тэтгэвэрт гарахад оронд нь би ажилдаа эргэж орно гэсэн тохироо хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлсөн гэж тайлбарлан маргаж байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Д нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газарт ... миний бие албан ажлаасаа 1.5 жил хүртэл хугацаагаар чөлөө авах хүсэлтэй байна. Энэ хугацаанд эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчлүүлж сувилуулах шаардлагатай болсон мөн өөрийн үндсэн мэргэжлийн дагуу мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх хувийн аж ахуйн нэгжүүдийг хамруулан эрдэм шинжилгээний ажил хийх зорилготой... гэсэн өргөдөл гаргаж, чөлөө хүссэний дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 80 дугаар зүйлийн 80.1, 80.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн түүнд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1.5 жил хүртэл хугацаагаар захиргааны түр чөлөө олгосон байна.

            Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө:, 23.3.1-т хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон; гэж зааснаас үзвэл түр чөлөө авсан төрийн албан хаагч хугацааны хувьд 1 жилээс дээш хугацааны дараа ажилдаа эргэж орохоор эрх бүхий этгээдэд хандах боломжтой байна.

Гэтэл нэхэмжлэгч Ж.Д нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1.5 жилийн хугацаагаар захиргааны чөлөө авсан, тухайн үед өөрийнх нь ажиллаж байсан албан тушаал бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан болохыг мэдэж байсан, энэ асуудлыг тасгийн хэмжээнд хурлаар хэлэлцээд С.Э, З.Н нарыг үлдсэн 2 орон тоонд ажиллуулахаар, өөрөө 1.5 жилийн чөлөө авч, С.Э-ийг тэтгэвэрт гарахаар эргэж ажилдаа орох талаар харилцан тохиролцож чөлөө авсан атлаа эмчилгээ хийлгэх шаардлагагүй болсон хэмээн чөлөөний хугацаа дуусаагүй байхад ажилдаа эгүүлэн томилуулахаар шаардаж байгааг хүлээн авах боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг хууль бус гэж дүгнэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасны дагуу чөлөөний хугацаагаа 1.5 жил гэж өөрөө тодорхойлж чөлөө хүссэн, уг чөлөөний хугацаа дуусаагүй, хариуцагч чөлөөний хугацаа дуусахаас үл хамааран нэхэмжлэгчийг ажилд томилох бодит боломжгүй байсан, өөрөөр хэлбэл Ж.Д нь мал эмнэлэг, үржлийн тасгийн хурлаар Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн С.Э-ийг тэтгэвэрт гарах хүртэл хугацаанд чөлөө авч, С.Э-ийн тэтгэвэрт гарах хугацаатай зэрэгцэн чөлөөний хугацаа дуусч ажилдаа орохоор тохиролцсон нөхцөл байдал арилаагүй, энэ тухай тэмдэглэл хөтөлсөн болохоо тайлбарласан нь хэрэгт авагдсан Баянзүрх сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн хурлын тэмдэглэл, шүүхэд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Ж.Д нь төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэж заасны дагуу нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй боловч тухайн нөхцөлд хариуцагчийн нэхэмжлэгчийг одоогоор өмнөх албан тушаалд нь томилох боломжгүй, чөлөөний хугацаа дуусахад ажилд авах боломжтой, чөлөөний хугацаа дуусахад Ж.Д-ыг ажилд буцаан авахгүй гэж маргаагүй гэсэн тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа гэх хууль бус эс үйлдэхүй хариуцагчид байхгүй, түүнчлэн шүүхийн шийдвэр биелэгдэх бодит нөхцөл байдал байхгүй байхад анхан шатны шүүх үйл баримтыг зөв үнэлэлгүйгээр одоогоор түүнийг үүрэгт ажилд нь буцааж томилох орон тоо байхгүй байхад нэхэмжлэгч Ж.Д-ыг үүрэгт ажилд нь томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

            Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажилд нь буцааж томилохгүйгээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаагүй, харин түр чөлөөний хугацаа дуусаагүй талаар үндэслэлтэй тайлбар өгсөн байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д-ын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Д-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ