Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 69

 

“ЧТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ДА-ийн ОНӨГ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч            Х.Батсүрэн

Шүүгчид:                         Г.Банзрагч

                                         Б.Мөнхтуяа

                                         Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:  Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: “...ОНӨГ-аас шалгаруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын ажлын үнэлгээний хорооны Тендер шалгаруулалтын тухай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0039 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Давааням, хариуцагч Ч.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баттулга, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгончимэг, А.Ренчинханд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Нямсүрэн нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “ЧТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орон нутгийн өмчийн газарт холбогдох, Үнэлгээний хорооны 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Тендер шалгаруулалтын тухай 01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай” 02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0039 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг баримтлан “Үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” 01 дүгээр дүгнэлтийн хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай” 02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “ЧТ” ХХК-ийн өмгөөлөгч В.Давааням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0039 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т зөрчсөн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж заасныг зөрчсөн байна. Тендер шалгаруулалт хууль бус болсон тухай нэхэмжлэлийг хүлээн авсан шүүх нь тендерийн баримт бичиг, оролцогчдоос ирүүлсэн тендерийг зохих этгээдээс шаардан гаргуулж, нэг бүрчлэн хянан үзэж хэрэг шийдвэрлэх ёстой. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй.

5. Тухайлбал, Хуульд заасан чадавхийн шаардлага хангаагүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол” гэсэн шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасан бөгөөд 27.1-д “Тендер нээсний дараа Тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, х-ыг харгалзан үзэхийг шалгуур болгож, уг хуулийн 16.12-1 сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт”-ыг авч, шалгаруулалтад харгалзан үзэхээр хуульчилсан байна. Дээрхи шалгуур хэм хэмжээ нь харьцуулагдах ижил төстэй ажил нь өртөг, хугацааны хувьд ижил, төстэй байх нь тус хуулийн 6.1-д заасан “Өрсөлдөх тэгш боломжтой байх” зарчимд нийцнэ.

6. Гуравдагч этгээдийн хувьд маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотой ижил өртөг, хугацаанд хийгдэх ажил нь 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан Баян-Уул сумын 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил юм. Өртгийн хувьд анх 2 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэж, 2 жилийн дотор гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч тендер шалгаруулах хугацаанд буюу 2018 оны 08 дугаар сарын 20-нд уг ажлаа гүйцэтгэж дуусгаагүй, 6 жилийн хугацаанд санхүүжилтээ 2 дахин нэмж авсан ч гэрээт хугацаандаа дуусгаагүй, гэрээний үүргийн зөрчилтэй байхад хамгийн сайн тендер гэж үзэн шалгаруулж, чадавхийн үзүүлэлтийг харж үзээгүй. Хэрэгт авагдсан нэмэлт гэрээ, санхүүжилтийн хуваарь, гэрчийн мэдүүлгүүдээс харахад “Сүхжин” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан чадавхийн шаардлагыг хангаагүй тендерийг шалгаруулсан байхад хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд шүүхээс анхаарч үзээгүй.

7. Ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага”-ыг хангасан байх шалгуурт нийцэх ёстой. “Сүхжин” ХХК-аас ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичгийн В.ТЕНДЕР БЭЛТГЭХ гэсэн бүлгийн 13-т "Тендерийн хэл”-ийг тодорхойлсон бөгөөд тендерийг Монгол хэлээр бэлтгэнэ, гадаад хэл дээрх материалыг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ гэж заасныг зөрчсөн Ц.Өлзийбаатарын дипломыг гадаад хэл дээр ирүүлсэн дипломыг хүлээн авч, харгалзан дүгнэсэн нь ТОӨЗ-ийн шаардлагыг зөрчсөн байсан. Мөн ТОӨЗ 5.3./г/-д зааснаар “дараах хүснэгтэд үзүүлсэн голлох болон инженер техникийн ажилтанг ажиллуулна” гэсэн шаардлагын хүрээнд Ц.Өлзийбаатарыг сантехникийн инженерээр ажиллуулахаар томилсон хэдий ч түүнийг сантехникийн инженер мэргэжилтэй гэдгийг тогтоох нотлох баримт байхгүй байхад шалгаруулсан. Энэ нь ТОӨЗ-ны 5.2./В/-Д заасан шаардлагыг хангаагүй, 5.2./В/ болон 5.3.г-д заасан шаардлагыг зөрчсөн. ТОӨЗ-ны 14.1.Ж.6-д “Тендерт оролцогч нь ...өөр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтнууд, машин механизмуудыг танилцуулах бөгөөд давхацсан тохиолдолд татгалзах үндэслэл болно” гэж заасан. “Сүхжин” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Баян-Уул сумын 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан болох нь, гэрчүүдийн мэдүүлэг бусад баримтуудаар тогтоогдсон. Тиймээс тус сургуулийн барилга угсралтын ажилд ашиглагдаж байгаа машин, механизм, голлох инженер, техникийн ажилтнуудын танилцуулгыг тендерт оролцохдоо ирүүлэх үүрэгтэй байсан ч ирүүлээгүй. Дээрх материалыг аваагүй буюу ТОӨЗ-ын бүрдлийг хангалгүйгээр “Сүхжин” ХХК-ийг шалгаруулсан нь хууль зөрчиж байгаа юм. Дээрх нөхцөл байдлууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрмэгц нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа нотлох зорилгоор үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах үндэслэл бүхий хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр татгалзан шийдвэрлэж байсан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэлгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна. Мөн цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн зохицуулалтыг зөрчсөн байна.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг гомдлын хүрээнд хянан үзэхдээ гомдолд дурдсан асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тиймээс хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй .болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр “...шүүх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй..., ...нотлох баримтуудыг буруу үнэлсэн..., ...хууль буруу тайлбарласан...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

10. Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГ-аас зарласан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын ажлын нээлттэй тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 болон Сангийн яамны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5581 дүгээр албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар дүгнэлтээр тендерт санал ирүүлсэн “ЧТ” ХХК, “Сүхжин” ХХК, “Аглут” ХХК-иудын тендерээс “Сүхжин” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэн, тус компанитай гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид уламжлахаар шийдвэрлэжээ.

11. Харин “Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3/г/-д заасан “цахилгааны инженер” гэсэн шаардлагыг “ЧТ” ХХК-ийн санал болгосон ажилтан хангаагүй” гэх үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзсан, энэ шийдвэрийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй боловч, “...“Сүхжин” ХХК нь тендерт оролцох ерөнхий нөхцөлийг хангаагүй, ...2012 онд улсын төсвийн хөрөнгөөр барьж эхэлсэн сургуулийн барилгыг дуусгаагүй байгаа..., ...хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн байхад шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4-д заасан шаардлага хангаагүй...” хэмээн маргаж, дээрх маргаан бүхий Үнэлгээний хорооны 2018 оны 01, 02 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн байна.

12. “Сүхжин” ХХК-ийг тендерт шалгаруулсныг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэл нэг бүрийн тухайд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой, дэлгэрэнгүй дүгнэсэн, Үнэлгээний хорооны шийдвэр нь тендерийг хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох талаарх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дэх зүйлүүдэд заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болно. 

13. Нөгөө талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж байгаа актыг хүчингүй болгосноор түүний зөрчигдсөн гэх эрх сэргээгдэх учиртай. Гэтэл энэ маргааны тухайд нэхэмжлэгч нь өөрийнх нь тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй бөгөөд маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор дахин сонгон шалгаруулалт явуулах нөхцөл бий болж, эрх сэргэгдэнэ хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. 

14. Түүнчлэн Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг гаргаснаар 01 дүгээр дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй буюу шууд эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй болсныг давж заалдах шатны шүүх зөв дүгнэж, энэ тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулсан нь үндэслэлтэй байна.  

15. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0039 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ