Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01288

 

Д.Туяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00072 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1552 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Туяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бархүү, Д.Отгончулуун, А.Нямдорж, З.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Пийс моол” худалдааны төв нь 2013 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон. Би өмчлөгчийн төлөөлөгч байсан бөгөөд худалдааны төвийн төлбөрийг багасгах тухай ярьдаг байсан. “Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга А.Бархүү нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр надад тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллуулах тухай хүсэлтийг тавьсан.Би зөвшөөрч 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/01 тоот удирдах зөвлөлийн даргын тушаалаар гүйцэтгэх захирлаар томилогдон, мөн өдрийн 01/01 тоот хөдөлмөрийн гэрээг А.Бархүүтэй байгуулан тус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилласан.2015 оны 1 дүгээр сард удирдах зөвлөлийн дарга, гишүүд 7, нэг гүйцэтгэх захирал гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тухайн үед “Пийс моол” худалдааны төвийн 1-4 давхарт 40, 5 давхарт 20 гаруй, 6 давхарт 10 гаруй лангуу өмчлөгчид болон түрээслэгч нар худалдаа үйлчилгээ явуулж байсан. Үүнээс хойш 10 сарын дараа буюу 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэхэд “Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын ашиглалтын захиргаа нь нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ашиглалтын алба бий болсон бөгөөд нийт ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг cap бүр бүрэн төлдөг, цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь тогтмол өгдөг, санхүүгийн болон бусад бичиг баримтыг хуулийн дагуу бүрэн хөтөлж хэвшсэн.“Пийс моол” худалдааны төвийн гаднах хаяг хийснээр худалдааны төвд орж ирэх үйлчлүүлэгч нарын тоо эрс нэмэгдсэн зэрэг олон ажлуудыг хийсэн тухайгаа 2015 оны ажлын тайланд дурдаж, нийт өмчлөгч нарт танилцуулан тайлагнасан. 146 өмчлөгчийн эрх ашгийг хамгаалахын тулд ашиглалтын зардлаа хэмнэх зорилго тавьж ажилласнаар 2015 оны 5-12 дугаар cap хүртэлх 8 сарын хугацаанд төсвийн дагуу ажиллахдаа 40 000 000 төгрөг, мөн “Пийс тауэр” ХХК-иас хүлээн авсан үр дүнд 96 000 000-98 000 000 төгрөгийн хэмнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, 146 талбай өмчлөгчдөөс гарах 138 000 000 төгрөгийг хэмнэсэн юм. Би 8 000 000 төгрөгийн үндсэн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулаагүй. Уг мөнгөөр удирдах зөвлөлийн дарга А.Бархүүгийн өгсөн үүрэг даалгавраар 2 ш телевизор, камер авсан. Үүнээс гадна мөн цэвэрлэгээний болон сантехникийн материал авсан. Би өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаан, хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зориулан аливаа бэрхшээлийг даван туулж, бүх хүч бололцоогоо дайчлан ажилласан.Гэтэл тэрээр дэмжиж туслахын оронд 2015 оны 7 дугаар сараас намайг огцруулна гэх болсон. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 3-4 хүнтэй хамт орж ирээд “...таныг халлаа...” гэхэд би “халах тухай шийдвэрээ өгөх ёстой” гэж хэлсэн. Ингээд тухайн өдөр удирдах зөвлөлийн дарга А.Бархүү нь намайг ажлаас халсан тухай 01 тоот тушаал гаргаж, би ажлаа хүлээлгэж өгсөн. Түүний хууль бус үйлдлээс “Пийс моол” худалдааны төвийн 146 өмчлөгчдийн хэдэн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хайрлан хамгаалахын оронд, дөнгөж үүсэн байгуулагдан ажиллах гэж байгаа холбоогоо устгах гэсэн юм шиг хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж, зөвхөн Д.Туяа гэдэг хүнийг ямар нэгэн аргаар ажлаас халах зорилго тавьсан байна.Би сард 1 100 000 төгрөгийн цалин авч байсан. Иймд намайг ямар ч шалтгаангүйгээр ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2016 оны 03 дугаар сарын 01-нээс одоог хүртэлх хугацааны цалин 4 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай холбоо нь 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан бөгөөд “Пийс моол” худалдааны төвийн нийт талбай өмчлөгчдийн санаачлагаар сайн дурын үндсэн дээр, өөрсдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, худалдааны төвийн цаашдын хөгжил, дэвшлийг улам сайжруулж, олон улсын стандартад нийцсэн төв болгох зорилгоор гишүүдийн давуу эрхтэйгээр байгуулагдсан ашгийн бус төрийн бус байгууллага болно. Тус холбоо нь нийт 146 талбай өмчлөгчдийг гишүүнчлэлдээ багтааж нийт гишүүдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгон батламжилдаг.Манай холбоо ашиг харж ажилладаггүй бөгөөд cap бүрд ашиглалтын зардлыг талбай өмчлөгч, түрээслэгчдээс хураан авч тухайн сард гарсан ашиглалтын зардлыг төлснөөр баланс барьж явдаг санхүүгийн хувьд бэхжээгүй, үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй худалдааны төв юм. ...Худалдааны төвийн ашиглалтын захиргааны гүйцэтгэх захирал Д.Туяа нь өвлийн улиралд хаалгаар салхи нэвт үлээж, худалдааны төвийн 1-3 давхар маш хүйтэн өмчлөгч, түрээслэгч нарын эрүүл ахуй, аюулгүй байдал ноцтой зөрчигдсөөр байхад дорвитой арга хэмжээ аваагүй зэргээр ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн бөгөөд энэ талаар худалдааны төвийн 1-6 давхарын өмчлөгч, түрээслэгчдийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргасан. Мөн удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит хуралдаанаар Д.Туяаг ажлаас чөлөөлөх талаар хуралдан сануулга өгч, болзолт үүрэг даалгавар өгч ажиллуулсан боловч үүргээ хангалтгүй биелүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн удирдах зөвлөлийн хурал хуралдсан. Тус хурлаар Д.Туяа нь зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд захиран зарцуулах эрх эдлэх байтал төсөвт заагдаагүй 8 000 000 төгрөгийг удирдах зөвлөлийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр дур мэдэн зарцуулж, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэснийг үндэслэн түүнийг ажлаас нь халсан юм.Бид 146 өмчлөгчдийн хэдэн тэрбумаар тоологдох өмч хөрөнгө бүхий цогцолбор худалдааны төвийн ашиглалт хариуцсан гүйцэтгэх захирлыг зан харьцааны хувьд ёс суртахуунгүй, аливаа асуудлыг эв зүйгээр бус хүч түрэмгийлэн шийдвэрлэдэг, мөн түүнчлэн дур зоргоороо авирладаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй хүнд хариуцуулж ажиллана гэдэг нь байгууллагын нэгдмэл байх зорилгод огт нийцэхгүй....Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүний нэг сарын дундаж цалин нь 1 100 000 төгрөг мөн гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00072 дугаар шийдвэрээр Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дугаржанцан овогт Дамбын Туяагийн нэхэмжлэлтэй “Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1552 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/00072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, .69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Туяаг "Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо" Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид /85 350+70 200/ 155 550 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Худалдаа оффисын зориулалт бүхий Пийс тауэр дахь “Пийс молл” худалдааны төвийн ашиглалтын захиргааг өөрсдөө байгуулан ажиллах талаар тухайн худалдааны төвийн талбай өмчлөгч нар болох А.Бархүү, Отгонбаяр, Оюунчимэг, Даваажав, Мөнхгэрэл, Хүрэлбаатар, Батболд, Туул, Ганболд, Пүрэвсүрэн, Цолмон, Өмчлөгчдийн төлөөлөл Болормаа, Батзориг нар 2014 оны 01 дүгээр сараас эхлэн хөөцөлдөн ажиллаж эхэлсэн байдаг. Үүний үр дүнд 2015 оны 01 дүгээр сарын 17-нд “Энхтайван-Өргөө” ГҮТББ улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.Тус ТББ-ыг шинээр байгуулах үйл явцад тодорхой хэмжээгээр оролцсон 311 тоотын өмчлөгчийн эгч нь болох Д.Туяа гэгчийг өөрийнх нь гуйлт, хүсэлтийн дагуу ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр гүйцэтгэх захирлын албан тушаалд томилон ажиллуулсан юм. Д.Туяа нь 2015 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс ажиллаж эхлэх үед ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхөж гэрээ байгуулсан мөн цалинг нэг сарын 1 100 000 мянган төгрөгөөр бодож, 2015 оны 2-р сараас эхлэн олгосон нь хэдийгээр гэрээг нөхөж байгуулсан боловч Хөдөлмөрийн гэрээний 1 жилийн хугацаа 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болж дуусгавар болсон гэх үндэслэлтэй болно....Хамгаалалтын болон цэвэрлэгээний зардал гэдэг нь төсөвт анхнаасаа тусгагдсан зардал бөгөөд Хамгаалалтын зардалд гэрээт харуул хамгаалалтын ажилчдын цалин хөлсийг төсөвлөсөн бөгөөд гүйцэтгэл нь энэхүү 8 086 000 төгрөгнөөс огт тусдаа зардал бөгөөд төсвийн тайлан дээр үндсэн хөрөнгө худалдан авсан гэсэн төсөвт суугдаагүй зардал гаргаж ирсэн нь баримтаар тогтоогдсоор байхад давж заалдах шатны шүүх нь энэхүү дур мэдэн зарцуулсан 8 086 000 төгрөгийг төсөвт суугдсан зардалд шингээж шийдвэрээ гаргасан нь нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн гаргасан гэж үзэхээр байна....Д.Туяагийн ажиллаж байх хугацаанд нэг давхрын үүдний хаалганы халаалт огт ажиллагаагүй болсон болон үүдний хаалганууд эвдэрсэн боловч уг халаалт болон хаалгыг засаж сэлбэх талаар огт ажил хийгээгүйн улмаас 1, 2-р давхар өвлийн улиралд маш хүйтэн болж өмчлөгч, түрээслэгчдийн эрүүл ахуй аюулгүй байдал ноцтойгоор зөрчигдөж, энэ талаар өмчлөгч, түрээслэгчдийн гарын үсэг бүхий шаардах бичгийг хүргүүлж байсан ч “Пийс тауэр” ХХК засаж сэлбэж өгнө гэж хэрүүлийн чанартай байлгасаар өнгөрөөсөн. Уг нь тухайн үед шийдвэр гаргаж засаж сэлбэх боломж бүрэн байсан. Д.Туяа нь Удирдах Зөвлөлийн дарга А.Бархүүгийн тушаал шийдвэрээр дээрх худалдан авалтыг хийсэн гэдэг ч Удирдах Зөвлөлийн дарга А.Бархүү тухайн үед Д.Туяад шийдвэр өгөөгүй, өөрт нь огт мэдэгдэлгүйгээр худалдан авалт хийсэн гэж баталдаг. Хэрэгт хавсаргасан санхүүгийн баримт дотор 8 086 000 төгрөгийн захиран зарцуулсан болон төсвийн хүрээнээс гадуур зарцуулсныг нотлох баримт хангалттай байгаа бөгөөд төсөвт тусгагдаагүй зардлыг захиран зарцуулахдаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг бичгээр авч захиран зарцуулах эрхийг зөрчиж өөрийн дураар тавилга эд зүйлсийг худалдан авсан. Гүйцэтгэх Захирал нь зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд захиран зарцуулах эрх эдлэх атал дур мэдэн төсвийн хүрээнээс гадуурх төсвийг захиран зарцуулах эрхгүй болно....Ажлаас чөлөөлөх тухай тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг хэрэглээгүй боловч ТББ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т зааснаар “Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бусад төрийн бус байгууллагыг ойлгоно” мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар “Төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь Удирдах зөвлөл байх бөгөөд Удирдах зөвлөл гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох, байгууллагын ажлын албаны бүтэц зохион байгуулалт, түүний төсвийг батлах, дүрэмд заасан бусад эрх эдлэнэ” гэж заасан байдаг бөгөөд “Энхтайван-Өргөө ТӨХ” ГҮТББ-ын дүрмийн 7.3-т удирдах зөвлөлийн бүрэн эрхийн дагуу гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх гэсэн заалтын дагуу ажлаас чөлөөлсөн. Мөн ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д “Ажилтан албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлэх”-ийг хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд тооцдог. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил” буюу албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж Удирдах зөвлөлийн хурлаас Д.Туяаг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна....“Энхтайван-Өргөө ТӨХ” ГҮТББайгууллага нь нийт өмчлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан бөгөөд Тус холбооны гишүүд болох талбай өмчлөгчид нь өөрсдийн өмчийг Д.Туяа мэтийн увайгүй хариуцлагагүй этгээдэд биш хариуцлагатай мэргэжлийн хүн хариуцуулж ажиллуулах хүсэл зорилготой байгааг шүүх бүрэлдэхүүн хүлээн авна уу гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүйгээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Туяагийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

Хариуцагч “Энхтайван-Өргөө талбай өмчлөгчдийн холбоо” нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан “гишүүддээ үйлчилдэг” төрийн бус байгууллага болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Энэ төрлийн төрийн бус байгууллага нь өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, төрийн бус “нийгэмд үйлчилдэгээс” бусад байгууллагыг хэлдэг байна.

Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01\01 дугаартай хөдөлмөрийн нэртэй гэрээ байгуулагдсан боловч талуудын хоорондох гэрээний харилцааг хөдөлмөрийн эрх зүйн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байдаг бол гүйцэтгэх захирал  нь удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг  төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах, хууль, гэрээнд заасан бусад  бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна. Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулдаг байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ”төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлдэг бөгөөд “Энх тайван-өргөө талбай өмчлөгчдийн холбоо”-ны дүрэмд зааснаар уг төрийн бус байгууллага нь Пийс тауэр худалдаа үйлчилгээний цогцолборын 1-6 дугаар давхар өмчлөгч гишүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн үйл ажиллагаатай байлгах, засвар, үйлчилгээ, ашиглалт хамгаалалтын найдвартай байдлыг хангахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, зарцуулах, ашиглалтын захиргааны ажлыг зохион байгуулах зорилготой байгуулагджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т зааснаар эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн ажиллагчид нь хөдөлмөрийн харилцааны талаар журам тогтоогоогүй, эсхүл энэ хуулийг мөрдөхөөр тохиролцсон бол энэ хуулийн холбогдох заалтыг хэрэглэдэг байна.

Хариуцагч “Энх тайван-өргөө талбай өмчлөгчдийн холбоо” нь гүйцэтгэх захирлыг ажиллуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөхөөр тохиролцсон зүйл байхгүйгээс гадна дүрэмдээ тус байгууллагын дээд байгууллага болох удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх бүрэн эрхтэй, харин удирдах зөвлөлийн дарга нь гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулдаг ба энэхүү гэрээ нь заавал хөдөлмөрийн гэрээ байхаар заагаагүй байна. Уг гэрээнд гүйцэтгэх захирлын цалин бус харин хөлс, урамшууллыг тусгахаар хуульд тодорхойлжээ.

Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгч Д.Туяа болон хариуцагч “Энх тайван-өргөө талбай өмчлөгчдийн холбоо”-ны хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба гэрээг хөдөлмөрийн гэж нэрлэсэн байх нь тухайн харилцааг хөдөлмөрийн эрх зүйн гэж үзэх, улмаар гэрээ цуцласан эрх зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлах нь учир дутагдалтай болно. Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан дээрх зохицуулалт, хариуцагч “Энх тайван-Өргөө талбай өмчлөгчдийн холбоо”-ны дүрэм, зохигчдын хоорондох гэрээ зэрэгт тусгагдсан төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын эрх зүйн байдал, түүний бүрэн эрх, үйл ажиллагаа явуулах нөхцөл, ажлын төлөө авах хөлс, ажиллах хугацаа зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч “Энх тайван-өргөө талбай өмчлөгчдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01\01 дугаартай тушаалаар уг холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалд Д.Туяаг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай томилсон ба  2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01\01 дугаартай гэрээнд ч гэрээний хугацааг нэг жил байхаар заажээ.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4-т зааснаар гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ гэж зааснаас үзвэл гүйцэтгэх захирлын орон тоог “ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх  ажил, үүрэг” буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан “байнгын ажлын байр” гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчдын хоорондох гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусах байтал хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1 дүгээр тушаалаар гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлж, гэрээг цуцлажээ.

Хариуцагч тал гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцласан нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1.-д заасан зохицуулалтыг зөрчжээ. Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болдог болно.

Харин хариуцагч нэхэмжлэгчийг ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэдэг, эд хөрөнгө дураараа зарцуулсан гэж тайлбарласнаас дүгнэвэл тэрээр нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас гэрээг цуцласан гэж үзэхээр боловч ийнхүү гэрээ цуцласан явдал нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 221.4., 364 дүгээр зүйлийн 364.1., 365 дугаар зүйлийн 365.1.-д заасан шаардлагад нийцээгүй байна.

Иймд гэрээг хугацаанаас нь 1 сарын өмнө цуцласныг үндэслэлгүй гэж үзэж, 1 сарын ажлын хөлс болох 1 100 000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Зохигчдын хоорондох эрх зүйн харилцааг хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэж үзэх үндэслэлгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.Туяаг “Энхтайван-Өргөө талбай өмчлөгчдийн холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох,  хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1552 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 00072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Энхтайван-Өргөө талбай өмчлөгчдийн холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Туяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар хариуцагч “Энхтайван-Өргөө талбай өмчлөгчдийн холбоо” төрийн бус байгууллагаас 1 100 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Туяад олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 155 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН