Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00995

 

 

 

 

 

 

 

 

 

Ж Г Г ХХК, Б.Х- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00713 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж Г Г ХХК, Б.Х- нарын хариуцагч Х.Б-өд холбогдуулан гаргасан 223 337 828 төгрөг гаргуулах, орон сууц, гараашийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, Ж Г Г ХХК-аас 31 631 361 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Х.Б- 2014 оны 03 сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл Ж Г Г ХХК-ийн салбар компани Гранд мед эмнэлэг ХХК-д мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Ж Г Г ХХК салбар компанийнхаа ажилтныг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 2014 оны 06 сарын 13-ны өдөр 160613 дугаар Орон сууц эзэмшүүлэх гэрээ-г эмч Х.Б-тэй байгуулан, өөрийн өмчлөлийн, 248 390 700 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг 12-р хороо, Кристал таун хотхоны 801-р байр, 79,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 1-3 тоот гараашийг шилжүүлэн өгсөн. Тус гэрээнд тусгасан графикийн дагуу 2014 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн 2016 оны 08 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 2 200 000 төгрөг төлөх, 2016 оны 09 сарын 30-ны өдрөөс 2021 оны 03 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 3 500 000 төгрөгийг төлөх, 2021 оны 04 сарын 30-ны өдөр 890 700 төгрөгийг төлснөөр гэрээний нийт төлбөр бүрэн төлөгдөж дуусах байсан. Гэвч иргэн Х.Б- 2016 оны 03 сарын 24-ний өдрийг хүртэл нийт 31 631 361 төгрөгийг компанид төлөөд өнөөдрийг хүртэл дахин төлбөр төлөөгүй. Х.Б- 2015 оны 12 сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу Гранд мед эмнэлгийн захирлын 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 15/210 тоот тушаалаар түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тухайн үед эмч Х.Б-ийн хийсэн хагалгааны үр дүнгээс эмчлүүлэгч н.Ганзаяа гэх хүн гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүссэн байсан тул Х.Б- энэхүү асуудлыг бүрэн шийдэгдтэл байрны төлбөрийг төлж чадахгүй байгааг бид ойлгон хүлээж авч байсан. Гэвч тухайн асуудал 2018 онд бүрэн шийдэгдсэн боловч одоог хүртэл Ж Г Г ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байсаар байна. Х.Б- эмчийн хувьд манай салбар компанид ажиллахаа болиод 4 жил болж байгаа, өнгөрсөн хугацаанд зөвхөн орон сууцны ашиглалтын зардлуудаа л төлж ирсэн. Ж Г Г ХХК-ийн зүгээс төлөөлөх эрх бүхий ажилтнуудаа явуулж уулзуулан, удаа дараа төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгах, эсхүл байрыг компанид буцаан хүлээлгэж өгөхийг албан бичгээр шаардсан боловч биднээс өөрийн төлсөн 31 000 000 төгрөгийг нэхэж, эрх зүйн үндэслэлгүй шаардлагыг тавиад байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан шинжийг агуулж байгаа. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дах хэсэгт тус, тус заасны дагуу манай компани гэрээнээс татгалзаж, орон сууцаа гараашийн хамт буцаан авахаас гадна талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2, 2.3.8-д заасны дагуу 2016 оны 03 сарын 24-ний өдрөөс хойш 2020 оны 03 сарын 24-нийг хүртэл 4 жил 2 сарын хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 216 759 339 төгрөгөөс сарын 1 хувийн хүү тооцон төлбөл зохих 106 212 057 төгрөг.

Х.Б-өд орон сууцыг шилжүүлж өгөөгүй бол өөр хэн нэгэнд түрээсэлж, худалдах байсан. Хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээг гаргуулсан. Орон сууцыг эзэмшсэн 6 жилийн хугацаанд бусдад хөлслүүлсэн тохиолдолд олох боломжтой орлого, зах зээлийн дундаж ханш болох сарын 1 000 000 төгрөг, нийт 72 000 000 төгрөг.

Бид тодорхой шалгууртай байх үүднээс барилга байгууламжийн нийт ашиглалтын жил 40 жил, 25 жил гэсэн зааврын дагуу тооцоолж өнгөрсөн хугацааны элэгдлийг тооцсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргачлалаар Ж Г Г ХХК-ийн санхүү бүртгэлийн албанаас гаргасан тооцооллын дагуу 2014 оны 06 сарын 13-ны өдрөөс хойш эд хөрөнгийн ашиглалтаас шалтгаалсан элэгдэл 45 125 771 төгрөг, нийт 223 337 828 төгрөгийг Х.Б-өөс гаргуулж, Ж Г Г ХХК-д олгож, орон сууц болон гараашийг чөлөөлүүлэн Б.Х-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2014 онд Ж Г Г ХХК-ийн ерөнхийлөгч Д.Баттөрийн урилгыг хүлээн авч, Гранд мед эмнэлэгт мэс засал, унтуулга, сэхээн амьдруулах тасгийн эрхлэгчээр ажиллахаар 2014 оны 02 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ болон тогтвортой байдлын гэрээг байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Уг гэрээгээр үндсэн цалинг сар тутам 5000 ам.доллараар тооцож олгох, компанийн дотоод моргейжийн зээлээр дээрх орон сууцыг надад олгох, ажилтныг хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр ханган ажиллуулах үүргийг тус, тус хүлээсэн. Гранд мед эмнэлэгт 2015 оны 05 сарын 21-ний өдөр иргэн Л.Ганзаяад цөсний хүүдийг дурангийн аргаар авах мэс ажилбарын явцад өвчтөнд цөсний замын төрөлхийн гаж хөгжил болох цөсний хүүдийн суваггүй гажиг оношлогдсон. Иймд хагалгааны тактикийг өөрчлөн уг нөхцөл байдалд тохирсон техник ашиглан мэс заслыг амжилттайгаар гүйцэтгэсэн. 2015 оны 05 сарын 24-ний өдөр өвчтөн Л.Ганзаяад Гранд мед эмнэлэгт 2 дахь мэс ажилбарыг зөвлөх эмч н.Амгалан гардан гүйцэтгэсэн. Хүндрэл гарсан учир өвчтөн Л.Ганзаяа БНСУ-д 2 удаа мэс ажилбар хийлгэж эмчлүүлсэн. Тэрээр ХУД-ийн цагдаагийн газар гомдол мэдүүлснээр хуулийн дагуу асуудал шийдвэрлэгдтэл намайг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх, тогтвортой байдлын гэрээг хэсэгтээ царцаах, компаниас дотоод моргейжийн зээлээр авсан орон сууцны төлбөрийг түр түдгэлзүүлж зөвхөн ашиглалтын зардлаа төлж байх, компанийн бизнесийн нэр төрийг сэвтүүлэх ямар нэгэн мэдэгдэл, үйлдэл хийхгүй байх, Гранд мед эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих зэрэг нөхцлүүдийг тохиролцон, эр хүн шиг байцгаахыг ерөөж, гар барилцаад бүх зүйл хууль шүүхээр шийдэгдсэний дараа дахин уулзалдаж бүгдийг нэг мөр эцэслэн шийдэцгээе гэж хэлсэн. Ийнхүү Д.Баттөр ерөнхийлөгчийн санал болгосны дагуу 2015 оны 12 сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Шүүх миний гэм буруутайг нотлох үндэслэл байхгүй гэж дүгнэж уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2015 оноос уг гомдол эрүүгийн шүүхэд шилжсэнээс эцэслэн шийдэгдэх хүртэл 2 жил хагас гаруйн хугацаанд миний бие ажилгүй, орлогогүй цагдаа шүүхээр явахаас гадна тв, сошиал мэдээнүүдээр удаа дараа гүтгэгдэж, сэтгэл санаа, нэр төр, ажил мэргэжлийн карьер, болон эд материалын хохирол амссан боловч Д.Баттөртэй хийсэн дээрх аман тохиролцооны нөхцлүүдийг чандлан мөрдсөөр өдийг хүрсэн. Дашрамд дурдахад, дээрх асуудал шалгагдаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Гранд мед эмнэлгийн зүгээс надад ямар нэгэн дэмжлэг үзүүлэх нь бүү хэл, илт намайг гүтгэсэн, Х.Б- эмч алдаа гаргасан тул ажлаас чөлөөлөгдсөн гэх ташаа мэдээллийг телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгч байсан. 2019 оны 11 сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд Гранд мед эмнэлэг өвчтөн Л.Ганзаяад холбогдох хэргийн эцсийн шатны шийдвэр гарахаас өмнө өвчтөнд олгосон 23 181 892 төгрөгийн хохирлыг надаас нэхэмжилсэн байгаа. Уг нэхэмжлэлийг шүүхээс хянаж үзээд, үндэслэлгүйд тооцож хэрэгсэхгүй болгосон. 2020 оны 01 сарын 31-ний өдөр Ж Г Г ХХК-ийн борлуулалтын албаны дарга Б.Батчимэг, хуулийн зөвлөх нар манайд ирж тогтвортой байдлын гэрээгээр хийгдсэн орон сууцны асуудлыг тодруулахаар яваа тухайгаа тайлбарласан. Д.Баттөр ерөнхийлөгчтэй утсаар холбогдож, хэд хэдэн удаа уулзах хүсэлтээ илэрхийлэхэд аваагүй тул 2020 оны 02 сарын 05-ны ерөнхий захирал Б.Х-д албан бичиг, тайлбар илгээн орон сууц эзэмшүүлэх гэрээг, төлбөрийн графиктайгаар шинэчлэн байгуулах хүсэлтээ илэрхийлсэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй тул үлдэгдэл төлбөрийг бөөнөөр төлөх буюу боломжгүй гэж үзвэл орон сууцыг суллаж өгөхийг шаардсан албан хариу илгээсэн. Уг албан бичгийн дагуу миний зүгээс уг орон сууцыг эзэмшихээр төлсөн 31 631 361 төгрөгийг буцаан олгосон тохиолдолд заасан хугацаанд орон сууцыг суллаж өгөхөө мэдэгдсэн боловч уг төлбөрийг буцаан олгох боломжгүй тул асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлэх тухай мэдэгдсэн хариу илгээсэн. Орон сууц, гараашийг чөлөөлж, хүлээлгэн өгөх болно, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхлээд тогтвортой байдлын гэрээ байгуулаад, Д.Баттөр захиралтай уулзаж байсан. Ажилд авсан тушаал нь түүний дараа гарсан. Орон сууц эзэмшүүлэх гэрээг тогтвортой байдлын гэрээний хавсралтаар байгуулсан эгэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2014 оны 06 сарын 13-ны өдрийн гэрээ худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан. Ж Г Г ХХК, Гранд мед эмнэлэг ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан цаг хугацаанаас эхлэн дээрх гэрээний зүйл буюу орон сууц болон гараашийг чөлөөлж, буцаан өгөхийг шаардах болсон. Гранд мед эмнэлэг" ХХК-ийн ерөнхий захирал Д.Баттөрийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарсан өдрөөс орон сууц эзэмшүүлэх гэрээнээс татгалзсан. Гэрээний зүйл буюу орон сууц болон гараашийг харилцан буцаах тохиолдолд гэрээний үнэд төлсөн 31 631 361 төгрөгийг буцаан шаардах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Ж Г Г ХХК-д төлсөн 31 631 361 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал хариу тайлбартаа: Ж Г Г ХХК нь салбар компанийн ажилтныг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 2014 оны 06 сарын 13-ны өдөр 160613 тоот орон сууц эзэмшүүлэх гэрээг Х.Б-тэй байгуулан, захирал Б.Х-гийн өмчлөлийн 248 390 700 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц, 1-3 тоот гараашийг шилжүүлэн өгсөн. Гэвч иргэн Х.Б- тус гэрээгээр графикийн дагуу төлбөрийг хэсэгчлэн төлөх үүрэгтэй байсан хэдий ч 2016 оны 03 сарын 24-ний өдрийг хүртэл нийт 31 631 361 төгрөгийг компанид төлөөд өнөөдрийг хүртэл дахин төлбөр төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Х.Б- эмч манай Гранд мед эмнэлэгт ажиллахаа больсон хэдий ч манай удирдлагуудын зүгээс Х.Б-ийн санал хүсэлтийг харгалзан үзэж, байрны төлбөрөө графикийн дагуу төлөх, эсвэл боломжоороо хэсэгчлэн төлөхийг шаардаж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Х.Б- эмч бидэнд огт төлбөр төлөхгүй орон сууцанд амьдарсаар байсан тул эцсийн хувилбар болох орон сууцыг гараашийн хамт буцаан шаардаж, учирсан хохирол зардлын хамт нэхэмжлэн шүүхэд хандсан. Х.Б-ийн 2016 оны 03 сард төлсөн 31 631 361 төгрөгийг буцааж өгөх тохиолдолд орон сууцанд амьдарсан хугацаа буюу бүтэн 6 жилийн хугацааны элэгдэл хорогдол, тухайн эд хөрөнгийг ашиглан олох боломжтой байсан орлого, гэрээний дагуу тооцогдсон хүү зэргээс хасаж тооцох боломжтой. Компани илүү их хохирсон тул төлсөн мөнгийг буцаан өгөх боломжгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 492 дугаар зүйлийн 492.1.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Кристалл таун /13311/ Их монгол улсын гудамж 801 байр 1402 тоот хаягт байршилтай 79,56 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 байр 1 дүгээр гарааш 1-3 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус хариуцагч Х.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч Б.Х-д олгож, хариуцагч Х.Б-өөс 8 000 000 /найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж Г Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 215 337 828 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ж Г Г ХХК-иас 31,631,361 /гучин нэгэн сая зургаан зуун гучин нэгэн мянга гурван зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Х.Б-өд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 516 592.64 төгрөгөөс 1 415 039 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 101 553.64 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж Г Г ХХК-д буцаан олгох, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Х.Б-өөс төлсөн 316 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагч Х.Б-өөс 283 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж Г Г ХХК-д олгох, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ж Г Г ХХК-иас 316 107 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Х.Б-өд олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үндсэн нэхэмжлэлийн дийлэнх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь тогтвортой байдлын гэрээ, орон сууц эзэмшүүлэх нэртэй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний нөхцөлд тохирсон хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Ж Г Г ХХК нь салбар компанийнхаа ажилтныг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 2014 оны 06 сарын 13-ны өдөр эмч Х.Б-тэй 160613 тоот Орон сууц эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Тогтвортой байдлын гэрээг 2014 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан мэт байх боловч тус гэрээний 1.1-д зааснаар орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш хийсэн гэрээ болох нь нотлогддог. Орон сууц эзэмшүүлэх гэрээний 2.1-д төлбөрийг графикийн дагуу ямар хугацаанд, ямар хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг тусгаж өгсөн. Тогтвортой байдлын гэрээний 5.7 болон орон сууц эзэмшүүлэх гэрээний 2.3.2, 2.3.3, 2.3.8 дах заалт, гэрээний хавсралт графикт сарын хүү нь 1% бөгөөд нийт төлбөл зохих хүүгийн хэмжээг тодорхой зааж, талууд харилцан зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан. Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дээрх 2 гэрээний маш олон заалтуудыг бүрэн судалж дүгнэхгүйгээр ганцхан Х.Б- эмчийн ярианд үндэслэн тогтвортой байдлын гэрээний 2.2-т заасныг дурджээ. Талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасантай бүрэн нийцэж байгаа. Гэтэл хариуцагч тал орон сууцны төлбөрийг хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлэхгүй 5 жил болсон, одоо ч тус орон сууцанд амьдарч байгаа бодит нөхцөл байдалд талууд маргаагүй байхад анхан шатны шүүх үүнийг үл тоож, хэтэрхий нэг талыг барьж, хариуцагч талын хүү төлнө гэж тохироогүй гэж амаар хэлсэн ганц тайлбарыг шийдвэрийнхээ үндэс болгон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байна гэж буруу дүгнэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3, 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэг болон гэрээний 2.2, 2.3.8-д заасны дагуу 2016 оны 03 сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 сарын 24-ний өдрийг хүртэл бүтэн 4 жил, 2 сарын хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болон 216 759 339 төгрөгөөс сарын 1 хувиар тооцон Төлбөл зохих 106 212 057 төгрөгийг нэхэмжилсэн ч анхан шатны шүүх энэхүү шаардлагыг худалдах, худалдан авах гэрээний агуулга болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцээгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мөн Ж Г Г ХХК иргэн Х.Б-өөс торгууль, алданги нэхэмжлээгүй зөвхөн гэрээгээр тохирсон хүүг тооцон нэхэмжилсэн тул энэхүү шийдвэр үндэсдэлгүй байна. Х.Б- 2015 оны 12 сарын 28-ны өдөр хувийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн санаачилгаар өгсний дагуу Грандмед эмнэлгийн захирлын 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 15/210 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хариуцагчийн зүгээс Д.Баттөр захиралтай амаар тохирсоны дагуу цагдаа, шүүхийн асуудлаа 1 тийш болгоод орон сууц зээлээр худалдан авсан төлбөрөө төлж дуусгана гэж тайлбарлаж, хугацаа авсаар байсан бөгөөд эмчлүүлэгчийн гомдлоор үүссэн шүүхийн асуудал 2 жилийн өмнө шийдвэрлэгдсэн байхад компанид мэдэгдээгүй, өнгөрсөн хугацаанд зөвхөн орон сууцны ашиглалтын зардлуудаа л төлж байсан. Ж Г Г ХХК-ийн зүгээс түүний шүүхийн асуудал эцэслэн шийдэгдсэнийг мэдсэн даруй төлөөлөх эрх бүхий ажилтнуудаа явуулж уулзуулан, удаа дараа төлбөрийн үлдэгдэлийг төлж дуусгах, эсхүл байрыг компанид буцаан хүлээлгэж өгөхийг албан бичгээр шаардсан боловч дахин 6 жилийн хугацааг биднээс шаардсан тул бид хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл анхан шатны шүүх Х.Б-өд холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнэс хойш талууд хөдөлмөрийн харилцаа, орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаагаа үргэлжүүлэх талаар харилцан тохиролцоогүй, Х.Б- маргаан бүхий орон сууц гараашийг 2020 оны 05 сарын 30-ны өдрийг дуустал өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр эзэмшиж ашигласан гэж дүгнэж байгаа нь мөн л нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болсон. Бид орон сууц эзэмшүүлэх гэрээг байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл орон сууцыг үнэ төлбөргүй эзэмшиж ашиглахыг Х.Б-өд зөвшөөрөөгүй, зөвшөөрч байгаагүй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дах хэсгийг тайлбарласан тайлбарыг анхаарах ёстой байсан. Мөн зах зээлийн дундаж ханш болох сарын 1 000 000 төгрөгөөр тооцон 8 000 000 төгрөгийг ханган шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь Х.Б-ийн орон сууцанд амьдарч ашигласан хугацаа буюу бүтэн 6 жилийн хугацаанд бид орон сууцыг бусдад хөлслүүлсэн тохиолдолд нийт 72 000 000 төгрөгийн ашигт олох боломж байсан бөгөөд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дах хэсэгт зааснаар дээрх мөнгийг нэхэмжлэх эрхтэй байтал үүнийг үгүйсгэж 64 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Маргаан бүхий орон сууц нь Х.Б-өд хүлээлгэн өгөх үед Ж Г Г ХХК-ийн захирал Б.Х-гийн нэр дээр бүртгэлтэй, 2014 онд ашиглалтад орсон шинэ орон сууц бөгөөд хариуцагч тус орон сууцанд 7 жил амьдарч байна. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргачиллаар Ж Г Г ХХК-ийн санхүү бүртгэлийн албанаас гаргасан тооцооллын дагуу 2014 оны 06 сарын 13-ны өдрөөс хойш эд хөрөнгийн ашиглалтаас шалтгаалсан элэгдэл 45 125 771 төгрөг гэж тооцоолон нэхэмжилсэн. Гэвч энэхүү аргачлал ААН-д л хамааралтай гэдэг үндэслэлээр анхан шатны шүүх мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Талуудын хооронд байгуулсан Тогтвортой байдлын гэрээ-ний 2.1.B-д гэрээний хугацаа дуусахаас өмнө ажилтан ажлаас гарсан тохиолдолд компани учирсан хохирлоо нэхэмжилнэ гэж заасан. Мөн 5.7.2-т байрны ашиглалтаас үүдсэн засварын зардалыг гэрээний үнийн дүнгийн 2 хувиар тооцон ажилтнаас суутгахаар тохирсон заалт байгаа. Гэвч шүүх дээрх заалтыг харгалзаж үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлээгүй нь учир дутагдалтай. Сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх хоёр талын шаардах эрхийг харилцан тооцоогүй байх тул манай зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс орон сууц болон гараашийг Х.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэн, иргэн Б.Х-д олгох гэдгээс бусад хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, талуудын хоорондын маргаанд хамаарах хууль хэрэглээний өөрчлөлтийг уг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж Г Г ХХК нь хариуцагч Х.Б-өд холбогдуулан хохиролд 223 337 828 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б.Х- нь өөрийн өмчлөлийн орон сууц, гараашийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх1-3, 62, 67-68/ Хариуцагч нь орон сууц, гараашийг чөлөөлөх шаардлагыг сөрөг нэхэмжлэлд заасан мөнгийг түүнд буцаан олгосон тохиолдолд зөвшөөрнө гэж, харин мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч, улмаар нэхэмжлэгч компанид холбогдуулан орон сууцны үнэд төлсөн 31 631 361 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч компани бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд харилцан маргасан байна. /хх1-3, 34-37, 51-52/

 

Хэрэгт авагдсан 2014 оны 02 сарын 01-ний өдрийн Тогтвортой байдлын гэрээ /хх85-91/, уг гэрээний хавсралт болох 2014 оны 06 сарын 13-ны өдрийн Орон сууц эзэмшүүлэх гэрээ /хх12-14/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх25-26/, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлвэл, Ж Г Г ХХК нь тус компанийн Гранд мед эмнэлгийн мэс засал, мэдээгүйжүүлэлтийн салбарын эрхлэгч ажилтай Х.Б-өд группийн дотоод моргейжийн зээлээр Б.Х-гийн өмчлөлийн нийт 248 390 700 төгрөгийн үнэ бүхий Улсын бүртгэлийн Ү-2204030016 дугаарт бүртгэлтэй, 79,56 м.кв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204042024 дугаарт бүртгэлтэй, 13,5 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус олгох, ажилтан Х.Б- нь тус компанид 5-10 жилийн хугацаанд тогтвортой, тасралтгүй, өндөр бүтээмжтэйгээр ажиллаж, орон сууцны төлбөрийг нийт 10 жилийн хугацаанд буюу эхний 3 жил, сар бүрийн 30-ны өдрийн дотор 2 200 000 төгрөг, 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 3 500 000 төгрөгөөр төлөх, энэхүү хуваарийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүү нэмж төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримт дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 

Талууд дээрх тогтоогдсон үйл баримтын талаар болон ажилтан Х.Б- нь тус компанид 2014 оны 03 сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл ажилласан, Ж Г Г ХХК-тай байгуулсан 2014 оны 02 сарын 01-ний өдрийн Тогтвортой байдлын гэрээ дуусгавар болсон, 2014 оны 06 сарын 13-ны өдрийн Орон сууц эзэмшүүлэх гэрээ-ний төлбөрийн үүрэгт хариуцагчаас нэхэмжлэгч компанид 2016 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл нийт 31 631 361 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

Мөн маргаан бүхий орон сууцны өмчлөгч Б.Х- нь Ж Г Г ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь хэрэгт авагдсан тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр /хх6/ тогтоогдсон ба хариуцагч Х.Б-тэй дээрх орон сууц, гараашийг зээлээр худалдах тухай гэрээг нэхэмжлэгч компани байгуулсан нь хууль зөрчөөгүй, уг гэрээний дагуу үүрэг шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл байхгүй байна.

 

Хариуцагч нь Ж Г Г ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд нэхэмжлэгч Б.Х-гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашигласны улмаас нэхэмжлэгч компанид хохирол учирсан эсэх, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд хариуцагчийн төлсөн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Орон сууц эзэмшүүлэх гэрээ-ний хувьд, уг гэрээнд заасан талуудын тохиролцоо, харилцан хүлээх үүрэг, төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн, хүү төлөх нөхцөлтэйгээр байгуулсан зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж, мөн уг гэрээ талуудын хүсэлтээр цуцлагдсан гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, Х.Б- нь 2020 оны 04 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч талд дээрх гэрээний үлдэгдэл төлбөр 216 759 339 төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлж, орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай мэдэгдэхэд /хх23/нэхэмжлэгч талаас 2020 оны 05 сарын 01-ний өдөр 216 759 339 төгрөгийг 2020 оны 05 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, боломжгүй гэж үзвэл орон сууцыг чөлөөлөх талаар хариу хүргүүлж /хх8/, Х.Б- нь 2020 оны 05 сарын 21-ний өдөр гэрээний төлбөрт төлсөн 31 631 361 төгрөгийг өөрт буцаан олгосон тохиолдолд орон сууцыг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэсэнд /хх24/ нэхэмжлэгч тал гэрээний үлдэгдэл төлбөр 216 759 339 төгрөг, түүний хүү 107 412 560 төгрөгийн хамт 2020 оны 06 сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлөгдвөл 31 631 361 төгрөгийг буцаан шилжүүлэх боломжтой гэж мэдэгдэж байжээ. /хх7/

 

Дээрхээс үзвэл, талуудын хооронд гэрээний хэрэгжилтийн талаар болон гэрээг цуцлах талаар 2020 оны 02 сарын 05-ны өдрөөс мөн оны 06 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд харилцан санал солилцсон боловч тохиролцоонд хүрээгүй байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар цуцлагдсан байна. Ийнхүү гэрээ цуцлагдсан үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар 205.1, 205.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэнэ. Гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний талууд ямар эрх, үүрэг үүсэх талаар нарийвчлан тохиролцсон зүйл байхгүй байгаа учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэлд дурдсан орон сууц, авто гараашийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгож, түүний төлсөн мөнгөн хөрөнгийг Ж Г Г ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байх боловч талуудын маргаанд хэрэглэх ёсгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, гэрээний бус үүргийн зохицуулалт болох мөн хуулийн 492 дугаар зүйлд заасныг баримталсан байгаа нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна.

 

Хариуцагч Х.Б-өөс орон сууцыг ашигласантай холбоотой 8 000 000 төгрөгийг гаргуулсан асуудалд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 27 дугаар зүйл нь давж заалдах болон анхан шатны шүүхэд бүхэлд нь хамаарах агуулгын хүрээнд хариуцагчийн давж заалдах гомдол гаргаагүй асуудлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж Г Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон хүүгийн төлбөр, орон сууц, авто гараашийн элэгдэл, нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого зэргийг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дах хэсэгт нийцжээ. Энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

2014 оны 06 сарын 13-ны өдрөөс хойш эд хөрөнгийн ашиглалтаас шалтгаалсан элэгдэл 45 125 771 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, талууд гэрээнээс татгалзаж эсхүл цуцлагдсан тохиолдолд энэ талаар хэрхэх тухай нарийвчлан тохиролцоогүй учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөх зүйлсийн талаарх нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан тохиолдолд мөнгөн хөрөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Нэхэмжлэгчийн шаардаж буй удаан хугацаанд орон сууцыг эзэмшсэнтэй холбоотой гарч болох элэгдэл нь орон сууцны зориулалтаар эзэмшил, ашиглалтаас хэтэрсэн элэгдэл гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй тул үүнийг хохиролд тооцох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2, 2.3.8-д заасны дагуу 2016 оны 03 сарын 24-ний өдрөөс хойш 2020 оны 03 сарын 24-нийг хүртэл 4 жил 2 сарын хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 216 759 339 төгрөгөөс сарын 1 хувийн хүү тооцон төлбөл зохих 106 212 057 төгрөгийн шаардлагын тухайд, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2.3-т зааснаар зээлийн хүү нь зайлшгүй тохирох гол нөхцөл бөгөөд хүүгийн талаарх тохиролцоо гэрээний агуулгад байгаа боловч хугацаа хэтэрсэн тохиолдолд хүү тооцно гэсэн агуулгаар заасан буюу ямар хугацааг, хэрхэн зөрчсөнөөр хэдий хэмжээний хүү тооцох талаар тодорхой заагаагүй. Иймд уг гэрээний дагуу хүү шаардах эрхгүй.

 

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээний заалт тодорхой бус байвал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана. Ажил олгогчоос ажилтантай байгуулж буй уг гэрээ нь нэг талын санал болгосон нөхцлийг нөгөө тал хүлээн авч байсан гэж үзэх тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

 

Орон сууцыг эзэмшсэн 6 жилийн хугацаанд бусдад хөлслүүлж олох боломжтой байсан орлого гэх 72 000 000 төгрөгийн тухайд, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул уг гэрээний зүйлийг бусдад түрээслэснээр орлого олох байсан гэх нөхцөл байдал хамаарахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00713 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Кристалл таун /13311/ Их монгол улсын гудамж 801 байр 1402 тоот хаягт байршилтай 79,56 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 байр 1 дүгээр гарааш 1-3 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус хариуцагч Х.Б-ийн эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч Б.Х-д олгож, хариуцагч Х.Б-өөс 8 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж Г Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 215 337 828 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 392 800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР