Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01009

 

 

 

 

 

 

 

 

 

"С М"ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00756 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "С М"ХХК-ийн хариуцагч МОХНН УБТЗ- холбогдуулан гаргасан 2016 оны 04 сарын 18-ны өдрийн ХХ/16/046 дугаартай Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г цуцалж, 33 нэр төрлийн 35 920 ширхэг, нэмэлтээр захиалсан барааны үлдэгдэл 2 400 ширхэг бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахыг хариуцагчид даалгаж, 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүххуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Анх шүүхэд гаргасан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 63 610 800 төгрөг, түүний алданги 31 805 400 төгрөг, хохирол 26 400 000 төгрөг, нийт 121 816 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 02 сарын 13-ны өдөр гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 120 000 000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн ба үүнийг дараах байдлаар нэмэгдүүлэн тодруулж байна.

Тайлбарлавал, Монгол-Оросын ХНН УБТЗ-ын Улаанбаатар татах хэсэг нь 2016 оны 02 сарын 01-ний өдөр "С М"ХХК-д “илчит тэрэгний хос дугуйн уян элементийн 8 000 ширхэг уян элемент /цаашид уян элемент гэх/ яаралтай хийлгүүлэх захиалга” өгсөн. Үүнээс 2016 оны 02 сарын 28-ны өдрийн 28/404 тоот албан бичгийн дагуу 3 200 ширхэг, нийт 5 600 ширхгийг нийлүүлсэн. Гэтэл Улаанбаатар татах хэсэг нь ашиглалтын явцын дунд 32 ширхэг уян элемент бяцарсан гэдэг шалтгаанаар нийт нийлүүлэгдсэн уян элементийн үнийг төлөхгүй үлдэгдэл 2 400 ширхэг уян элементийг хүлээн аваагүй.

Талууд 2016 оны 04 сарын 18-ны өдөр ХХ/16/046 дугаар “Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр "С М"ХХК нь УБТЗ-ын зүтгүүрийн аж ахуйн албаны илчит тэрэгнүүдийн засварт шаардлагатай резинэн сальник, кольц, уян элемент зэрэг бүтээгдэхүүнүүдийг захиалгын дагуу үйлдвэрлэж нийлүүлэх, УБТЗ- нь гэрээний 5.2-т заасны дагуу захиалгаар нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Энэхүү гэрээний үйлчлэлийн хугацаа нь гэрээний 1.6зааснаар хүчин төгөлдөр байгаа бөгөөд Зүтгүүрийн аж ахуйн албаны харъяа УБ татах хэсэг, Дархан Сайншандын татах хэсэг өдийг хүртэл гэрээний хавсралт бүхий бараа, материалыг захиалан худалдан авсаар байгаа болно.

Хариуцагч тал нийт 46 нэр төрлийн 88 900 ширхэг бүтээгдэхүүнийг захиалж, нэхэмжлэгч үйлдвэрлэсэн. Үүний 3 нэр төрлийн бараа нь уян элемент юм. Бусад 43 нэр төрлийн бараанаас захиалагч нь 2016 онд 11 683 ширхэг, 2017 онд 9 080 ширхэг, 2018 онд 300 ширхэг бүтээгдэхүүн авсан. Одоогийн байдлаар 33 нэр төрлийн 35 920 ширхэг                           93 600 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг аваагүй. 2019 онд огт татан авалт хийгээгүй. Эдгээр бүтээгдэхүүнийг захиалагч төмөр замын байгууллагын зургийн дагуу үйлдвэрлэсэн, зөвхөн төмөр замын илчит тэрэгний эд ангиудад ашиглагддаг бүтээгдэхүүн учраас ямар ч борлуулалтгүй хадгалагдаж компанийн санхүүгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Иймд 2016 оны 02 сарын 01-ний өдрийн албан тоотоор захиалан үйлдвэрлүүлсэн              8 000 ширхэг уян элементийг аваагүй үлдсэн 2 400 ширхэг уян элементийг хүлээн авахыг хариуцагчид даалгаж, түүний үнэ 26 400 000 төгрөгийг гаргуулах, мөн УБТЗ ХНН-тэй байгуулсан 2016 оны 04 сарын 18-ны өдрийн ХХ/16/046 дугаартай “Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г цуцалж, уг гэрээний дагуу захиалан үйлдвэрлэсэн 33 нэр төрлийн 35 920 ширхэг бүтээгдэхүүнийг хүлээн авахыг хариуцагчид даалгах гэсэн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: УБТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн захиалсан 8 000 ширхэг уян элементийг "С М"ХХК-тай 2016 оны 04 сарын 18-ны өдрийн ХХ/16/046 дугаар “Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулахаас өмнө захиалсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл байгаа юм. Улаанбаатар татах хэсгийн захиалсан 8 000 ширхэг уян элементийн хувьд 2016 оны 04 сарын 20-ны өдрийн SJM 3-1 маркийн 640 ширхэг, SJM 3-2 маркийн 1 280 ширхэг, SJM 2-2 маркийн 1 280 ширхэг буюу нийт 3 200 ширхгийг Улаанбаатар татах хэсэг хүлээн аваад, нийтдээ 35 200 000 төгрөгийн бараа хүлээн авсан актыг үйлдэж, татах хэсэг өөрийн орлогодоо бүртгэсэн. Төлбөрийг УБТЗ-ын худалдан авах борлуулалтын алба 2016 оны 07 сарын 27-ны өдөр "С М"ХХК-ийн Төрийн банк” ХХК-ийн 261327849704 тоот дансанд шилжүүлсэн.

Иймд Улаанбаатар татах хэсгийн бараа материалын орлогын 08 сарын тайланд 3 нэр төрлийн 2 400 ширхэг уян элементийн орлого тайлагнан, УБТЗ-ын худалдан авалт борлуулалтын албанд 2016 оны 10 сарын 18-ны өдөр Төрийн банк” ХХК-ийн дээрх данс руу бусад бараа бүтээгдэхүүний хамт нийт 44 165 860 төгрөгийг төлж, хэлцлийн үүргийг биелүүлсэн. Нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнээс гологдол, доголдол гарч Улаанбаатар татах хэсэгт дахин 380 ширхэг, мөн 96 ширхгээр тус тус борлуулалтын албаар дамжихгүйгээр өөрсдөө худалдан авч, төлбөрийг "С М"ХХК-д шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан. Гэтэл 08 сард худалдаж авсан Улаанбаатар татах хэсэгт нийлүүлэгдсэн уян элементийг илчит тэрэгний хос дугуйд шалгаж үзэхэд чанарын шаардлага хангахгүй байсан тул 2018 оны 09, 11 саруудад гологдол гарсан тухай мэдэгдлийг 2016 оны 09 сарын 18-ны өдөр УБТЗ-ын Улаанбаатар татах хэсэгт 28/996, 2016 оны 11 сарын 02-ны өдөр 28/1128 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргаж болно гэж заасны дагуу уг хугацаандаа гаргасан. Ийнхүү мэдэгдэл өгсөөр байтал дахин нэмж тоондоо хүргэж үйлдвэрлэсэн нь бэлтгэн нийлүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан. Уян элементээс Улаанбаатар татах хэсэг тухайн үед дахин нэмээд 360 ширхэг, 96 ширхгийг худалдан авч, төлбөрийг шилжүүлсэн. Гэтэл 8 000 ширхэг уян элементийн тоонд оруулаад үлдэгдэл 2 400 ширхэг гээд байгаа нь буруу юм. Гэрээний хугацаанд захиалгын болон зургийн дагуу нийлүүлэгч чанарын доголдолгүй бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой байсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар уян элементийн үлдэгдэл төлбөрийн төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Уян элемент гэдэг нь хос дугуйны арааны гол тэнхлэгийн хөдөлгөөнийг хязгаарлах үүрэгтэй буюу гол хөшүүрэг болдог тээвэрлэлтийн хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд хамааралтай учир чанар, стандартад зохих шаардлагыг тавьдаг.

Иймд доголдолтой, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн авахаас татгалзаж байна.

2016 оны 04 сарын 18-ны өдрийн Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний 1.2-т нийлүүлэх барааны нэр төрөл, орос нэршил, зургийн дугаар, хэмжээ нэг бүрийн үнийг баталгаажуулсан байдаг ба гэрээний 5.3-т зааснаар гэрээний үйлчлэх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэсэн байна. Түүнээс биш тухайн бараа, бүтээгдэхүүнээс хэдэн тоо, ширхгийг авах талаар тохиролцоогүй байна. Худалдагч тал гэрээний 2.1-т зааснаар олон улсын чанарын ISO 9002 стандарт, ОХУ-ын ГОСТ 2.603-68 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлж, гэрээний 3.2-т зааснаар доголдол дутагдал илэрвэл доголдлыг арилгах, эсвэл ижил нэр төрлийн бүтээгдэхүүнээр сольж өгөх мөн гэрээний 3.3-т зааснаар ... тохиролцсон хугацаанд “захиалсан” бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх үүргийг хүлээсэн. Худалдан авагч тал нь гэрээний 4.1-т зааснаар ... шаардлагатай байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, тоо ширхэг... ийг Худалдагч талд албан бичиг болон биеэр ирж хүлээлгэн өгөх, 4.3-т зааснаар худалдагч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан баталгаат хугацааны дотор хүлээн авсан бүтээгдэхүүнд гэмтэл согог илэрвэл доголдлыг арилгуулах буюу ижил төрлийн бүтээгдэхүүнээр солиулах эрхтэй, бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 1.4-т баталгааны хугацаа 1 cap ба                   6.4-т зааснаар Баталгаат хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнд доголдол илэрвэл худалдагч тал өөрийн зардлаар арилгах үүргийг хүлээсэн. Гэрээний 3.3-т худалдагч нь худалдан авагч талтай тохиролцсон хугацаанд захиалсан бүтээгдэхүүнийг бэлтгэж нийлүүлэх үүрэгтэй. Гэтэл захиалга өгөөгүй байхад бүтээгдэхүүнээ ихээр үйлдвэрлэн, нөөцөлсөн нь нөгөөтэйгүүр резинэн эдлэл нь хадгалалт удаан байх тусам стандартын шаардлага хангахгүй цаашид ашиглах боломжгүй гологдол бүтээгдэхүүн болдог гэдгийг худалдагч тал өөрсдөө мэдсээр байж нөөц болгон хадгалсан нь буруу бөгөөд резинэн эдлэл нь удаан хадгалах тусам чанараа алддаг хэрэглээнд нийцдэггүй онцлогтой. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан ХХ/16/046 дугаар гэрээний дагуу үүргээ биелүүлж худалдан авалтыг хийсээр ирсэн нь тухайн компаний 2016-2019 оны дансны хуулгуудаар нотлогдож байна. 2016-2020 оны хугацаанд “Төрийн банк” ХХК-ийн 241327849704 тоот дансаар нийт 300 0042 425 төгрөгийг, “Хаан банк” ХХК-ийн 5128027885 тоот дансаар 31 977 120 төгрөгийн орлогыг хийж хамтран ажилласан байна.

Гэрээ байгуулах журамд зааснаар яаралтай засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэгийг зайлшгүй авах тохиолдолд аж ахуй нэгжтэй гэрээ байгуулахгүйгээр 5 000 000 төгрөгийн үнийн дүн хүртэл худалдан авалтыг хийж болдог. Энэ журмын дагуу худалдан авалт хийгээд байгаа болохоос 2016 оны гэрээний дагуу худалдан авалт хийгээгүй.

Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 30 нэр төрлийн барааны үнэ 93 600 000 төгрөгийн талаар бэлтгэн нийлүүлэх гэрээний 2.1-т Бэлтгэн нийлүүлэх бүтээгдэхүүний чанар, шаардлага нь Олон улсын чанарын ISO9002 стандарт, ОХУ-ын ГОСТ 2.603-68 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргийг хүлээсэн байдаг. ISO9002 стандарт нь бүтээгдэхүүний стандарт байдаг. Харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ОХУ-ын ГОСТ 2.603-68 стандартын шаардлагыг хангасан байх ёстой. Илчит тэрэгнүүд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, дотоод эд ангиуд мөн үйлдвэрээсээ гарсан байх онцлогоос шалтгаалан "С М"ХХК-тай тухайн бүтээгдэхүүний зургийн дугаарыг өгч захиалга өгдөг. Баталгааны хугацаа нэг сар байсан. Гэрээний 3.3-т заасан үүргийг хүлээсэн байтал нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар захиалсан атлаа аваагүй гэх нөхцөл гарч ирээд байна. Захиалсан гэсэн баримт байхгүй. Бид өмнөх шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж байсан "С М"ХХК-ийн ерөнхий нягтлан н.Оюунжаргал, бараа бүтээгдэхүүн захиалж авдаг байсан н.Найдансүрэн нарын гэрчийн мэдүүлгээр бараагаа хэрхэн захиалдаг байсан талаар тодорхой тайлбарласан.

Гэтэл барааг захиалсан талаар ямар ч баримт байхгүй. Агуулахын үлдэгдэл 33 нэр төрлийн бараа, ХХ/16/046 тоот гэрээний хавсралтад заагдаагүй 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч талын өгсөн баримт дээр мэргэжлийн хангамжийн инженер нарыг оролцуулаад зургийн дугааруудыг тулгуулж үзсэн. Гэтэл агуулахын үлдэгдлийн тооцоонд байгаа 4 дэх бүтээгдэхүүн буюу лягушканы резиний зургийн дугаар зөрүүтэй, уг барааг захиалаагүй байна. Мөн 5,26 клапан чиглүүлэгч гэрээний хавсралтад огт байхгүй бараа юм. Усны насосын дээд кольцоны зургийн дугаар зөрүүтэй. Складны үлдэгдэл гээд гаргаж өгсөн баримтын 4, 14, 22, 33 гэсэн бараануудыг ХХ/16/046 дугаар гэрээгээр огт захиалаагүй. 2017, 2018 онуудад УБТЗ-ын дарга болон худалдан авалт борлуулалтын албанд "С М"ХХК-аас ирүүлсэн албан бичгүүдэд 2016 онд байгуулсан гэрээний үүргийн доголдлын талаар шаардлага гаргаагүй байдаг. Харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хамтран ажиллах санал тавьсан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан "С М"ХХК, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын хооронд 2016 оны 04 сарын 18-ны өдөр байгуулагдсан ХХ/16/046 дугаартай Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ-г цуцалж, хариуцагч МОХНН УБТЗ- илчит тэрэгний хос дугуйн полиуратан материалаар хийсэн SJM2-2, SJM3-1, SJM3-2 зургийн дугаартай 2 400 ширхэг уян элементийг хүлээн авахыг даалгаж, 26 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "С М"ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 нэр төрлийн 35 920 ширхэг бүтээгдэхүүнийг хүлээн авахыг хариуцагчид даалгах, 93 600 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "С М"ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 431 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-аас 360 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: "С М"ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг 2 400 ширхэг уян элементийг хүлээн авч, үнэ 26 400 000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэхийг шаардсан ч биелүүлэхээс татгалзсан гэж хавтаст хэрэгт энэ талаар ялангуяа худалдагч талын захиалагчид шаардлага гаргасан ямар ч нотлох баримт байхгүй байхад үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар худалдагч тал үлдэгдэл бараагаа авахыг шаардсан мөн захиалагч тал татгалзсан тухай баримт авагдаагүй байдаг. Худалдах, худалдан авах гэрээний нэг онцлог зохицуулалт бол худалдагч нь биет байдлын ба эрхийн доголдолгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх юм. ХХ/16/046 дугаар гэрээний 2.1-т бэлтгэн нийлүүлэх бүтээгдэхүүний чанар, шаардлага нь ОХУ-ын ГОСТ 2,603-68 стандартын шаардлагад нийцсэн байна гэж заасан байдаг ба “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн резинэн эдлэлийн хадгалалтын журмаар резинэн жийрэг, резинэн сэлбэгийн хадгалалтын хугацаа 2 жил байдаг тухай мөн тус хадгалалтын хугацаа дууссан тохиолдолд ашиглахыг хориглодог талаарх Зүтгүүрийн аж ахуйн албаны засварын хэлтсийн дарга Л.Дагвадоржийн тайлбар, Улаанбаатар татах хэсгийн засвар хариуцсан дарга н.Гэрэлчулууны гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогддог ба эдгээрийг шүүх үнэлсэнгүй. Нөгөөтэйгүүр, Монгол улсын хэмжээнд резинэн эдлэлийн стандарт байхгүй, резинэн эдлэлийн чанарт үнэлэлт дүгнэлт өгдөг мэргэжлийн байгууллага, шинжээч байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан бараа бүтээгдэхүүний чанарын талаар дүгнэлт хийх боломжгүй талаар шүүх хуралдааны явцад яригдсан бөгөөд захиалагч талын өөрсдийн тавьсан шаардлагад нийцэхгүй хадгалалтын хугацаа хэтэрсэн, чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнийг шүүхээс хүлээн авахыг даалгаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч "С М"ХХК нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдуулан гэрээний үүрэгт 121 816 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан /1хх1-2/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 2016 оны 02 сарын 13-ны өдрийн гэрээг цуцалж,                      120 000 000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн. /1хх79/ Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2016 оны 02 сарын 01-ний өдрийн албан бичгээр захиалан үйлдвэрлүүлсэн 8 000 ширхэг уян элементээс үлдсэн 2 400 ширхгийг хүлээн авахыг даалгах, уг бүтээгдэхүүний үнэ 26 400 000 төгрөгийг гаргуулах, мөн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн ХХ/16/046 дугаартай Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ-г цуцалж, уг гэрээний дагуу захиалж, үйлдвэрлүүлсэн 33 нэр төрлийн 35 920 ширхэг бүтээгдэхүүнийг хүлээн авахыг хариуцагчид даалгаж, түүний үнэ 93 600 000 төгрөгийг тус тус гаргуулах гэжээ. /2хх94/

 

Хариуцагч байгууллагын хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг бүхэлд нь эс зөвшөөрч, “2 400 ширхэг уян элемент нь доголдолтой, чанарын шаардлага хангахгүй байсан учраас хүлээн авахгүй, үнийг төлөх үндэслэлгүй” гэх үндэслэл заан, мөн “ХХ/16/046 дугаар гэрээний дагуу хэдий хэмжээний бараа авах талаар нарийвчлан тохиролцоогүй, худалдагч нь худалдан авагчтай тохиролцсон хугацаанд захиалсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй болохоос хадгалалт удаан байх тусам стандартын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй болдог бүтээгдэхүүнийг захиалаагүй байхад ихээр үйлдвэрлэн нөөцөлсний хариуцлага хүлээхгүй” гэх агуулгаар тайлбарлажээ. /1хх57-58, 89-90, 192-194, 2хх114-116/

 

Талуудын хооронд 2016 оны 04 сарын 18-ны өдөр байгуулагдсан ХХ/16/046 дугаар “Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ, нэхэмжлэгчээс хариуцагчийн захиалгын дагуу 2016 оны 02 сард уян элемент нийлүүлсэн үйл баримт, зохигчдын тайлбараас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Түүнчлэн, 2016 оны 04 сарын 18-ны өдөр байгуулагдсан ХХ/16/046 дугаар “Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу хариуцагч буюу худалдан авагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 33 нэр төрлийн 35 920 ширхэг бүтээгдэхүүнээс хариуцагч 22 262 ширхэг бүтээгдэхүүнийг захиалсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас захиалга авахгүйгээр 13 258 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулагдсан ХХ/16/046 дугаар гэрээний 4.1-т заасан тохиролцоонд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Иймд нэхэмжлэгч "С М"ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 04 сарын 18-ны өдрийн ХХ/16/046 дугаартай Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу үйлдвэрлүүлсэн 33 нэр төрлийн 35 920 ширхэг бүтээгдэхүүнийг хүлээн авахыг хариуцагчид даалгаж, түүний үнэ 93 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцэж байна.  

 

Дээрх гэрээг байгуулагдахаас өмнө буюу 2016 оны 02 сарын 01-ний өдрийн 28/283, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 28/404 тоот албан бичгээр хариуцагч байгууллага нь "С М"ХХК-д илчит тэрэгний хос дугуйн полиуратан материалаар хийсэн SJM2-2 -3200 ширхэг, SJM3-1 -1600 ширхэг, SJM3-2 -3200 ширхэг, нийт 8000 ширхэг уян элементийн захиалга өгсөн баримт хэргийн 1 дүгээр хавтас 10, 11 дэх талд авагдсан байна. Иймд маргаан бүхий 8 000 ширхэг уян элементийг худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзнэ.

 

Түүнчлэн дээрх албан бичгээр захиалсан бүтээгдэхүүний зургийн дугаар, тоо, ширхэг зэргийг 2016 оны 04 сарын 18-ны өдөр байгуулагдсан ХХ/16/046 дугаар “Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний хавсралтын 43, 44, 45 гэсэн дугаарлалтад тусгагдсан бүтээгдэхүүний зургийн дугаар, үнэ зэргийг харьцуулан үзвэл, уг гэрээний хүрээнд дээрх уян элементийг нийлүүлэхээр нэхэмжлэгч бэлтгэсэн гэж үзэхээр байна. ХХ/16/046 дугаар гэрээний 1.6-д “...бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж дуусах, түүнийг ашиглаж дуусах хүртэлх хугацаанд гэрээ үргэлжлэх” агуулгаар гэрээний хугацааг тодорхойлсон байна. Гэрээний зүйл болох 2 400 ширхэг уян элементийг хариуцагч хүлээн авахгүй байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Уг барааг хариуцагч хүлээн аваагүй байна. Энэ тохиолдолд “эдгээр барааг ашиглаж байхад уг зүйлийг доголдолтой гэсэн шалтгаанаар цуцалсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь захиалсан бараагаа хүлээж авч, үнийг төлөх үүрэгтэй. Маргаан бүхий 2 400 ширхэг уян элементийг хүлээж авахаас татгалзсан үндэслэлээ доголдолтой холбон тайлбарласан боловч үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Мөн уг бүтээгдэхүүн нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлд хамаарна. Хариуцагч нь хүлээн аваагүй бүтээгдэхүүнтэй ижил нэр төрлийн 5 600 ширхгийг нэгэнт хүлээн авч ашигласан байх тул нэхэмжлэгчээс хариуцагчийн үйл ажиллагаанд зориулан үйлдвэрлэсэн үлдэгдэл барааг хүлээн авч, үнийг төлөх үүрэгтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдол дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй. Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу үүргээ бодитой биелүүлэхийг хариуцагчаас шаардсан атлаа гэрээг цуцлахаар шаардсан нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасныг баримтлан "С М"ХХК, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын хооронд 2016 оны 04 сарын 18-ны өдөр байгуулагдсан ХХ/16/046 дугаартай Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ-г цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00756 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МОХНН УБТЗ- илчит тэрэгний хос дугуйн полиуратан материалаар хийсэн SJM2-2, SJM3-1, SJM3-2 зургийн дугаартай 2 400 ширхэг уян элементийг хүлээн авахыг даалгаж, хариуцагчаас 26 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "С М"ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 нэр төрлийн 35 920 ширхэг бүтээгдэхүүнийг хүлээн авахыг хариуцагчид даалгах, 93 600 000 төгрөг гаргуулах болон "С М"ХХК, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын хооронд 2016 оны 04 сарын 18-ны өдөр байгуулагдсан ХХ/16/046 дугаартай Бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ-г цуцлах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 360 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ                       

                                                ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.НЯМБАЗАР